Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2024/0035

 

  2024           03          25                                       001/ХТ2024/0035

 

     “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль

орчин, аялал жуулчлалын сайд, Богдхан уулын

дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд

тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                     Г.Банзрагч

Шүүгчид: Танхимын тэргүүн    Д.Мөнхтуяа           

                              Х.Батсүрэн            

                                                   Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                          М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0673 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2024/0018 дугаар магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 81 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, гуравдагч этгээд “Т р м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч нарыг оролцуулан хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.“Г” ХХК-аас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан “... тус компанийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хуульд заасан хугацаанд хүргүүлэх боломжтой байсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох”;

1.1.Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1957 дугаар албан бичгээр уламжилсан санал болон 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/189 дүгээр албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн хамгаалалтын бүс нутгийн удирдлагын газар хүргүүлсэн хүсэлтийн дагуу “Г” ХХК-д  газар эрх олгохоос татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох”;

1.2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дүгээр “Газар ашиглах эрх олгох тухай” тушаалын “Т р м” ХХК болон “Э э Э Э” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, “Г” ХХК-д газар ашиглах эрх олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.“Г” ХХК-аас анх 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/106 дугаар албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын *** амны хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий түр буудаллах, отоглох зориулалтаар газар ашиглах хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргаж, мөн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дахин хүсэлт гаргажээ.

2.1.“Э э Э Э” ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 15, “Т р м” ХХК-аас мөн оны 12 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгүүдээр “Г” ХХК-аас хүсэлт гаргасан байршилд мөн хүсэлтүүд гаргасныг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 12 дугаар сарын 23, 26-ны өдрийн 1895, 1922 дугаар албан бичгээр саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт уламжилжээ. 

2.2.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1957 дугаар албан бичгээр “Г” ХХК-аас газар ашиглах хүсэлтийн талаарх саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт уламжилсан байна.

2.3.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/649 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын *** аманд байрлах газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг тус тус “Т р м” ХХК, “Э э Э Э” ХХК-д олгожээ.

3.Нэхэмжлэгчээс “... “Г” ХХК-ийн зүгээс 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлтээ гаргасан, тус газар шийдвэрлэхдээ хуульд заасан хугацаа хэтрүүлсэн. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6, 16 дугаар зүйлийн 16.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг тус тус зөрчсөн. Төрийн байгууллага нь өөрийн эрх хэмжээний хүрээнд хүсэлтийг шийдвэрлэх байтал бидний өргөдөл хүсэлтийг нуун дарагдуулсан, зохих ёсоор шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй нь бидний эрх, ашгийг ноцтой зөрчсөн. Хүсэлтийг зохих журмаар шийдвэрлээгүй уг эс үйлдэхүйг хангуулахаар 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/108 дугаар албан бичгээр хүсэлтийг дахин хүргүүлсэн. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1957 дугаартай саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу хүргүүлсэн. Улмаар “Г” ХХК-ийн зүгээс  2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газар ашиглах хүсэлттэй байгаа талаараа илэрхийлж, хүсэлтээ холбогдох баримтын хамт хавсаргаж хүргүүлсэн. Гэтэл бидний хүсэлтэд 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09/451 дүгээр албан бичгээр ашиглахыг хүсэж байгаа газар тань бусад газар ашиглагчийн нэг салбартай давхцалтай, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн татгалзсан хариу өгсөн. Тус татгалзсан үйлдлийг хууль бусаар татгалзсан үйлдэл гэж байна. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуульд иргэдээс гаргаж байгаа өргөдөл гомдлыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа шийдвэрлэх нарийвчилсан хугацаа заасан зохицуулалт байхгүй. Иймд ерөнхий зохицуулсан хууль болох Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хуульд зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 02-ны дотор шийдвэрлэх ёстой байсан. Хүсэлтийг мөн өдрийн дотор шийдвэрлэсэн байсан бол бидний зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тухайн өдөр хүсэлт гаргаж газар ашиглах эрх үүсгүүлэх боломжтой нөхцөл байсан. Гуравдагч этгээд  “Э э Э Э” ХХК-ийн хувьд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргаж 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлт гаргасан бол “Т р м” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлтээ гаргасан эсэх нь тодорхойгүй байдаг. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүсэлт буюу албан ёсны бүртгэлгүйгээр дэмжих тухай санал гаргасныг үндэслэж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлтээ гаргаж тухайн компанийн газар ашиглах эрх үүссэн. Хэрвээ манай компанийн хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэж яам руу хүргүүлсэн тохиолдолд гуравдагч этгээдүүдэд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа гэдэг газар хүсэлт гаргахаас өмнө манайд газар ашиглах эрх үүсэх боломж нээлттэй байсан. Хугацааны хувьд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүсэлт гаргасан боловч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дансны бүртгэлээр 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэж бүртгэгдсэн. Гуравдагч этгээд “Э э Э Э” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгууллагад хүсэлт гаргахаас өмнө буюу 5 хоногийн өмнө асуудлыг шийдэх бүрэн боломжтой байсан. Иймд хуулийн хугацаанд хүсэлтийг шийдвэрлээгүй тул хууль бус болохыг тогтоолгох үүднээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгууллагад холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дүгээр тушаалаар гуравдагч этгээдүүдэд газар ашиглах эрх олгосон, үүнийг олгох үндэслэлгүй. Тухайн компанийн газар ашиглах хүсэлт түүндээ хавсаргасан баримтууд нь Тусгай хамгаалалтай  газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийг зөрчсөн. Хуульд заасан шаардлага хангаагүй холбогдох баримтуудын бүрдэл дутуу байсан. Сайд эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах эрхтэй ч тухайн тушаал хуульд нийцэх буюу хуульд үндэслэхийн зэрэгцээ бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг огт хөндөж болохгүй, үндсэн үүрэг, зарчмын хүрээнд шийдэх ёстой. Иймд сайдын тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй. Хугацааны хувьд манайх 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр газар ашиглах хүсэлтээ гаргаж байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тушаал гараагүй байсан. Өөрөөр хэлбэл бидний ашиглахыг хүссэн тухайн газар хэн нэгэн этгээдийн эзэмшил, ашиглалтад огт байгаагүй. Гэтэл бидэнд хариу өгөхдөө аль хэдийн өөр этгээдийн ашиглаж байгаа газартай давхцалтай байна гэдэг агуулгаар татгалзсан хариу өгч байгаа нь хууль бус юм. Иймд хариу өгснөөр манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж байна. Гуравдагч этгээдийн газар ашиглах хүсэлт, түүнд хавсаргасан баримтууд хуульд заасан шаардлага хангаагүй бөгөөд “Г” ХХК-ийн гаргасан хүсэлтэд татгалзсан хариу өгөх үндэслэл бүрдээгүй. Хуульд заасан бүхий л шаардлагыг хангасан байсан учир энэхүү газар ашиглах эрх олгохыг даалгаж өгөөч гэсэн шаардлага гаргасан. Иймд манай талаас гаргасан 5 шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй тул тус шаардлагуудыг бүхэлд нь хангаж өгнө үү ...” гэж;

4.Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан шаардлагатай холбоотойгоор нэхэмжлэгч “Г”  ХХК-ийн зүгээс 10 сард хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтийг хуульд заасны дагуу 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой үүрэг нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд байгаа. Нэхэмжлэгч эс үйлдэхүйг шийдвэрлэхгүй байгаа талаар захиргааны байгууллага болон шүүхэд хандаагүй байж дахин хүсэлт гаргасан. Хариуцагчаар оролцож байгаа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа өөрсдөө эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрч гомдол гаргахгүйгээр дахин хүсэлт гаргуулж шийдвэрлүүлсэн. Албан бичгээр дараагийн захиргааны байгууллагад хандаж байгаа нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэх тул хууль бус гэж үзэхгүй. Маргаан бүхий захиргааны акт буюу 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дүгээр тушаалын холбогдох 2 хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нөхцөл байдлыг бодитоор тайлбарлах нь зүйтэй. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тухайн оны сүүлийн ажлын өдөр байсан. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуульд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өөрчлөлт орсон. Зөвшөөрлийн тухай хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тусгай хамгаалалттай газарт газар ашиглах этгээдүүд өөрсдөө солбицол, байршлаа олж тогтоож захиргаанд хүсэлтээ бичиж, бүрдлийн шаардлага хангасан тохиолдолд тухайн байршилд давхцал байхгүй байгаа талаар санал уламжлах ёстой. Хүсэлттэйгээ хамт холбогдох материалыг шаардлага хангуулж яаманд өгснөөр тус материал, хүсэлттэй холбоотой газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд шийдвэрлэдэг. Хуульд өөрчлөлт орсноор ямар нөхцөл бадал үүсэх байсан бэ гэхээр Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж тусгай хамгаалалттай газарт газар ашиглах гэрээ нь тусгай зөвшөөрлийн жагсаалтад орж байгаа. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.18-д тусгай хамгаалалттай газар газар ашиглах тусгай зөвшөөрлийг олгосон. Монгол Улсад Зөвшөөрлийн тухай хуульд заасан зөвшөөрлийг эрхэлж болно, түүнээс бусад зөвшөөрлийг тооцохгүй гэсэн үндэслэлээр хэрэгжиж эхэлсэн. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.18-д заасан нь зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгохоор хуульчилсан. Энэ удаа газар ашиглагч нарын гаргаж байгаа хүсэлтээр газар ашиглах эрх олгох боломжгүй гэдгийг төрийн захиргааны байгууллага мэдэж байсан. Гуравдагч этгээдээр оролцож байгаа “Э э Э Э” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүсэлтээ гаргасан. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн санал байгаа. “Т р м” ХХК 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүсэлтээ гаргаж байсан. Бичгийг хүлээн авч тушаал боловсруулах эрхтэй мэргэжилтэн ирүүлсэн санал, төсөл, материалтай танилцан, гуравдагч этгээдүүдээс ирүүлсэн солбицол давхцаж байгаа эсэхийг хянан шалгадаг. Тус 2 компанийн хүсэлт 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бүртгэгдэж 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гарах тушаалын төсөлд орсон, уг тушаалын төсөл 27, 28-ны өдрүүдэд боловсруулагдсан. Гэтэл нэхэмжлэгч “Г”  ХХК 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр саналаа гаргаж, бүртгүүлсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд тухайн газрыг 2 буюу түүнээс дээш этгээд хүсэлт гаргавал байгаль орчинд нөлөөлөх, байгаль орчныг хамгаалах арга хэмжээний зардал зэргийг хянаж гаргадаг. Тушаалын төсөл боловсруулагдаад хяналт шалгалт хийгдээд явж байхад  2 гуравдагч этгээдийн хүсэлт хооронд давхцал байгаагүй. Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн хүсэлт гуравдагч этгээдүүдийн газартай давхцалтай байсныг тогтоох нөхцөл байгаагүй. Тухайн байршилд “Т р м” ХХК болон “Э э Э Э” ХХК нар газар олгох тусгай зөвшөөрлөө сайдын тушаалаар авсан байсан тул Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар тухайн байршилд газар ашиглаж байгаа тул бусдын ашиглаж байгаа газартай давхцалгүй байх ёстой. Газар эзэмших эрх олгох хуулийн зохицуулалт байгаа тул тухайн газрыг эзэмшүүлэх, олгох боломжгүй талаар хариуг 30 хоногийн дотор буюу 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүргүүлж шийдвэрлэсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалыг хүчингүй болгуулах боломжгүй тул гуравдагч этгээдүүдийн газар ашиглах тушаалыг хүчингүй болгуулах үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч талаас 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1957 дугаар саналыг татгалзсан нь хууль бус гэж маргаж байгаа. Тус саналыг татгалзсан үндэслэл хууль бус биш. Нэгэнт газар ашиглах хүсэлт өгсөн газар дээр давхцал үүссэн тул учир ийм хариу өгсөн. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан хүсэлттэй оны дараа танилцсан. Хуулийг буцаан хэрэглэх боломжгүй. Тусгай хамгаалалтай газрыг зөвхөн сонгон шалгаруулалтын хүрээнд олгох боломжтой. Сонгон шалгаруулалтыг тусгай хамгаалалтай газар нутгийн ерөнхий төлөвлөгөө баталсны дараа жил, жилийн төлөвлөгөө баталж, тухайн жилд аль байршилд ямар зориулалтаар газар олгох гэдгийг нийтэд мэдээлэл гаргасны үндсэн дээр аж ахуй нэгж хүсэлтээ өгснөөр сонгон шалгаруулалт зарлах нөхцөл боломж үүсдэг. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах тохиолдолд биелэгдэх боломжгүй. Эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн этгээд гэж хариуцагчийн зүгээс үзэхгүй байна. Нэхэмжлэгч 2022 оны 10 сард гаргасан хүсэлтээ дэмжихгүй, шинээр гаргасан. Тус хүсэлтээ шийдвэрлүүлэх талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гомдол саналаа өгөх боломжтой байсан. Одоо эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгохоор маргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү ...” гэж;

5.Хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “... Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар өргөдөл гомдол гаргагч, өргөдөл гомдлын талаарх шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах эрхтэй. Гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллага, албан тушаалтан, дээд захиргааны байгууллага гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гэсний дагуу тухайн гомдлоо Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт гаргах боломжтой байсан. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан хүсэлт дээрээ шинээр газар ашиглах хүсэлт гаргасан байдлаар өгсөн байсан. Түүний дагуу хуульд заасан хугацаанд хариу өгсөн, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэж;

6.Гуравдагч этгээд “Э э Э Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Нэхэмжлэгчийн гаргасан 5 шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүсэлтээ хуулийн хүрээнд шийдвэрлээгүй үйлдэл, эс үйлдэхүйг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэгч талаас хүсэлтийг шийдвэрлэхгүй талаар тухайн үед гомдол гаргаж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Мөн нэхэмжлэгчийн сүүлд гаргасан хүсэлтийг захиргааны байгууллагаас 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09/451 дүгээр албан бичгээр шийдвэрлэж хариу өгсөн. Энэ хүсэлтийг шийдвэрлээгүй үйлдэл, эс үйлдэхүй байхгүй. Нэхэмжлэгч талаас эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасан. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар тусгай хамгаалалтай газрын зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгохоор өөрчлөгдсөн нөхцөл байдал байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-т заасан нөхцөл байдал хангагдах боломжгүй. Эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд нөлөө үүсэхгүй нөхцөл байдал байна. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өгсөн бичиг, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өгсөн санал зэргийн дагуу яамнаас 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дүгээр тушаалаар нэхэмжлэгч компанийн гаргасан хүсэлтээр шийдвэрлэж, тушаалын төсөлд оруулах боломжгүй байсан талаар тодорхой тайлбар хэлсэн. Тус саналын дагуу газар ашиглах эрх олгохоос татгалзсан, хууль бус зүйл байгаагүй. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт орж, газар ашиглах эрх олгох өргөдлийг хүлээн аваад саналын дагуу шийдвэрлэдэг нөхцөл байдал байхгүй болсон. Учир нь сонгон шалгаруулалтаар газар олгохоор хуульд өөрчлөлт орсон бөгөөд шүүхээс даалгаж шийдвэрлэсэн ч шууд олгох боломжгүй. “Э э Э Э” ХХК 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлтээ холбогдох баримтын хамт, хуульд заасан журмын дагуу баримт материалаа бүрдүүлж өгсөн. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр маргаан бүхий тушаалын дагуу газар ашиглах эрх олгосон. Тус харилцаа Газрын тухай хууль, Тусгай хамгаалалтай газрын тухай хуулийг зөрчиж гараагүй, хуулийн дагуу газар ашиглах эрхтэй болсон. Хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүсэлт гаргасан компанийн нэхэмжлэлийн дагуу хүчингүй болгож газар ашиглах эрхийг цуцлах үндэслэлгүй. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдад холбогдуулж гаргасан “Э э Э Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэж;

7.Гуравдагч этгээд “Т р м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... “Т р м” ХХК-ийн гаргасан хүсэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хянан шийдвэрлэсэн. Тухайн хүсэлтийг хянан шийдвэрлээгүйтэй холбоотой тухайн үед гомдол гаргах боломжтой байсан. Анх өгсөн хүсэлттэйгээ холбоотой гомдол гаргаагүй, дахин шинээр өгсөн хүсэлттэй холбоотой гомдол гаргаж  байгаа нь үндэслэлгүй. Албан бичгийг бүгдийг хүлээн авч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн, энэ нь үндэслэлтэй тул хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. Газар ашиглах хүсэлтүүдийг хуулийн дагуу шийдвэрлэж, холбогдох ажиллагаа хууль ёсны дагуу хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэж тус тус тайлбарлан маргажээ.

8.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Г” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны “Г” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хуульд заасан хугацаанд хүргүүлэх боломжтой байсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1957 дугаар албан бичгээр уламжилсан санал болон 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/189 дүгээр албан бичгээр Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар хүргүүлсэн хүсэлтийн дагуу “Г” ХХК-д газар ашиглах эрх олгохоос татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дүгээр “Газар ашиглах эрх олгох тухай” тушаалын  “Э э Э Э” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь, “Т р м” ХХК-ийн газартай давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгож, 2 дахь заалтаар:  Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дүгээр “Газар ашиглах эрх олгох тухай” тушаалын “Т р м” ХХК-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчтэй давхцаагүй хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

9.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 673 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Э э Э Э” ХХК-ийн төлөөлөгч, “Т р м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

10.Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагч Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, гуравдагч этгээд “Э э Э Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, гуравдагч этгээд “Т р м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгахэсэх үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

11.Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж-оос Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2, 123.2.3-т заасан үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:

11.1.“... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгохыг даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд газар ашиглах тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгохоор заасан. Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг буруу тайлбарлаж, БУТХГНУЗ-д түрүүлж хандсанаар тайлбарласан, ... шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн хуулиар олгосон бүрэн эрхэд хэт орж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналтай л бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тус газрыг олгох ёстой мэтээр хариуцагчийг буруутгасан.

11.2.“Г” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2022 оны 12 дугаар сарын 28-нд гаргасан хүсэлт нь цахим бүртгэлд бүртгэгдэж, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1555 цагт газрын асуудал хариуцсан албан хаагчид очсон, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дүгээр тушаал нь тус өдрийн өглөө албажиж гарсан. Нэхэмжлэгч “Г” ХХК анх 2022 оны 10 дугаар сарын 03, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр БУТХГУЗ-нд үйл ажиллагааг дэмжиж, уг газрыг ашиглах боломжоор хангаж, давхцалгүйг тодорхойлж өгнө үү” гэх агуулгатай “Тодорхойлолт хүсэх тухай” тэргүүтэй албан бичгээр хандсан, 2022 оны 10 сард гаргасан хүсэлтээс 1 сар 27 хоногийн дараа дахин яг нэг ижил агуулга бүхий хүсэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргасныг захиргааны зүгээс 2022 оны 12 дугаар сарын 27-нд хуулийн хугацаанд хариуг өгсөн.

11.3.Нэхэмжлэгч 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа захиргаатай огт маргаагүй учраас хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. 10 сард гаргасан хүсэлтээ шийдвэрлээгүй гэдгийг нэхэмжлэгч тухайн үед мэдээгүй байх ямар ч боломжгүй. Нэхэмжлэгч “газар ашиглах” хүсэлтийг өмнө нь гаргаж байгаагүй, харин цаг хугацааны хувьд хожим буюу 2022 оны 12 дугаар сарын 28-нд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандахдаа газар ашиглах эрх олгож өгөхийг хүссэн.

11.4.Харин гуравдагч этгээд “Э э Э Э” ХХК 2022 оны 12 дугаар сарын 15-нд, “Т р м” ХХК 2022 оны 12 дугаар сарын 19-нд газар ашиглах зөвшөөрөл олгохыг хүсч хандсан. Нэхэмжлэгчээс (2023 оны 02 сард) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгохтой холбоотой шаардлагыг нэмэгдүүлэх замаар гаргасан, үүнийг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг нягтлан шалгалгүйгээр хүлээн авч, шийдвэр гаргах гол үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн нь ноцтой алдаа болсон.

11.5.Давж заалдах шатны шүүх БУДЦГХЗ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэтгэлцэх, тайлбар хэлэх зэрэг эрхийг хангалгүй, шүүх хуралдааны явцад нэг ч үг хэлүүлэлгүй шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т заасныг зөрчсөн. 

11.6.Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 37 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт заасан “Хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “... хөөн хэлэлцэх хугацаа ...” нь мөн зүйлийн 6.1-д заасан “холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоног” гэсэн хугацаагаар тодорхойлогдоно. Энэ хугацаанд гомдлоо хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гаргаж чадаагүй иргэн, хуулийн этгээд, байгууллага нь зөвхөн “хөөн хэлэлцэх хугацаа”-г сэргээлгэхээр урьдчилан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтанд хандана.

11.7.Хуулийн 12 дугаар зүйлд заасан захиргааны хэргийн шүүхэд шууд гаргах нэхэмжлэлийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаанд нь гаргаж чадаагүй бол иргэн, хуулийн этгээд, байгууллага нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай гомдлоо шүүхэд гаргах бөгөөд шүүх уг гомдлыг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ гэснийг зөрчиж Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан “Г” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хуульд заасан хугацаанд хүргүүлэх боломжтой байсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн.

11.8.Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0673 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 18 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

12.Гуравдагч этгээд “Э э Э Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасан үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:

12.1. ... Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргаанд хамаарах Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнтэй холбоотойгоор шүүхийн шийдвэрийг бодит байдалд биелүүлэх боломжгүй.

12.2.Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтад хамааралтай байдлыг үнэлэхгүйгээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүсэлт гаргасан боловч тухайн хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, хариу өгөөгүй хэмээн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан гомдлыг гаргаагүй, тухайн хүсэлтийг гаргаснаас хойш 57 хоногийн дараа буюу 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дахин шинэ хүсэлт гаргасныг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй захиргааны байгууллагын үйлдлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

12.3.Аливаа хуулийн этгээдийн өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаанаас бий болсон үр дагаврыг захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа мэтээр тайлбарлаж, улмаар хуульд заасан журмын дагуу газар ашиглах эрхтэй болсон этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтойгоор халдсан.

12.4.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж газар ашиглах эрхийг Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгодог хууль тогтоомжийн зохицуулалт үйлчилж байна. Гэтэл шүүхээс энэ байдлыг огт харгалзан үзэхгүйгээр нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрээр газар ашиглах эрхтэй болох үндэслэлийг бий болгож байгаа нь захиргааны байгууллагад хуулиар олгосон эрхэд халдаж байгааг илтгэж байна. Түүнчлэн ийнхүү шийдвэрлэснээр ялгавар бий болгож байгаа буюу хуулийн дагуу газар ашиглах эрхтэй этгээдийг хууль бусаар газар ашиглах эрхтэй болсон мэтээр дүгнэсэн атлаа, нэхэмжлэгчийн өөрсдийнх нь буруутай үйл ажиллагааг захиргааны байгууллагын буруу үйл ажиллагаа болгож, улмаар шүүхийн шийдвэрээр далимдуулан газар ашиглах эрхтэй болох боломжийг бий болголоо.

12.5.Анхан болон давж заалдах шатны шүүхээс хүчин төгөлдөр хуулийн огт үндэслэхгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно” гэж заасан. Тус хэсгийн зохицуулалт нь захиргааны байгууллагын газар ашиглах эрх олгодог зохицуулалт биш юм.

12.6.Эдгээрээс анхан болон давж заалдах шатны шүүх нь хуулийг зөрүүтэй тайлбарлаж, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмыг зөрчсөн шийдвэр гаргасан тул  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0673 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 18 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

13.Гуравдагч этгээд “Т р м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч-ээс магадлалыг эс зөвшөөрч, дараах гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:

13.1.Нэхэмжлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан хүсэлтийг захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй боловч дээрх хүсэлтийг шийдвэрлээгүй тухай Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу гомдол гаргаж хүсэлтийг шийдвэрлүүлэх цаашлаад гомдол шийдвэрлэгдээгүй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу шийдвэрлүүлээгүй нь нэхэмжлэгчийн тухайн хүсэлтийг шийдвэрлүүлэх боломж дуусгавар болсон. Энэ талаар давж заалдах гомдолд дурдсан боловч шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

13.2.“Г” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хүсэлтийг  Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу 30 хоногт багтаан 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шийдвэрлэсэн. Мөн “Г” ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар ашиглахыг хүссэн хүсэлт гаргасан байх ба энэ хүсэлтийг очих үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/649 дүгээр тушаал гараагүй буюу гуравдагч этгээд компаниудад газар ашиглах эрх олгогдоогүй байсан гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь бодит үнэнд нийцэхгүй. Учир нь “Г” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргасан хүсэлтийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09/451 дүгээр албан бичгээр “Газрын  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй буюу давхцалтай байгаа тухай мэдэгдсэн шийдвэрлэсэн.

13.3.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хариу өгсөн үйлдэл нь хуулийн хугацаанд хүсэлтийг шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх хүсэлтийг шийдвэрлэх үед буюу 2023 оны 01 дүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өрийн А/649 дүгээр тушаал гарсан байсан учир давхцалгүй гэж хариу өгөх буюу хүсэлтийг шийдвэрлэх ямар ч боломжгүй байсан. Захиргааны байгууллагад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д заасан хүсэлтүүдийг сонгох шийдвэрлэх эрх хуульд зааснаар олгогдсон байх бөгөөд дээрх эрхийн хүрээнд хуульд заасан хугацаанд хүсэлтийг шийдвэрлэсэн.  

13.4.Нэхэмжлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 03, 11 дүгээр сарын 30-ны өдрийн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан хүсэлтүүд нь газар ашиглах эрх хүссэн биш тодорхойлолт хүссэн хүсэлт гаргасан. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/189 дүгээр албан бичгээр газар ашиглах хүсэлт гаргасан. Харин гуравдагч этгээд “Э э Э Э” ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 22/26 дугаар албан бичгээр, “Т р м” ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 22/02 дугаар албан бичгээр тус тус газар ашиглах хүсэлт гаргасан. Гуравдагч этгээдүүд нэхэмжлэгчээс өмнө газар ашиглахыг хүссэн хүсэлтээ гаргасан. Энэ нь давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдээс түрүүлж газар ашиглах тухай хүсэлтээ гаргасан гэсэн дүгнэлттэй нийцэхгүй байгаа тул шүүхүүд хэргийн нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж, үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

13.5.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дээрх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэлүүд байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

14.Хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х-аас магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2, 123.2.3-т заасан үндэслэлээр дараах гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:

14.1.... Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч тал “Тодорхойлолт хүсэх тухай” албан бичгээр хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйтэй холбогдуулан дээд шатны байгууллага, албан тушаалтанд хандан гомдол гаргаагүй.

14.2.Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тухайн хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ... нэмэгдүүлсэн шаардлага гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.

14.3.Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэл байгаа эсэхийг тогтоолгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж ноцтой алдаа гаргасан.

14.4.Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 37 дугаар тогтоолын 3-т заасан “Хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “... хөөн хэлэлцэх хугацаа ...” -аас өөрөөр хэрэглэсэн гэжээ.

15.Нэхэмжлэгч талаас хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

16.Нэг.Нэхэмжлэгчээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан гаргасан ““Г” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хуульд заасан хугацаанд хүргүүлэх боломжтой байсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн шүүхүүдийн шийдэл буруу болжээ.

17.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-т “нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг;”, 106 дугаар зүйлийн 106.3.5-д “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх;” гэж тус тус “нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох”-той холбоотой нэхэмжлэлийн шаардлагын төрөл болон шүүхээс гарах шийдвэрийн төрлийг хууль тогтоогч заасан бөгөөд хуулийн энэхүү зохицуулалтыг хэрхэн зөв ойлгож, хэрэглэх талаар Улсын дээд шүүх албан ёсны тайлбар гаргажээ.

18.Тодруулбал, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолын 5.4.2-т “... Нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэл гаргахад баримтлах “субсидиар зарчим” нь нэг талаар нэхэмжлэгч хүчингүй болгох болон даалгах нэхэмжлэлийн тусгай урьдчилсан нөхцөлийг тойрч гарах арга замыг үгүйсгэх, нөгөө талаар нэхэмжлэгчийн хувьд илүү үр дүнтэй процессын эрх зүйн хамгаалалт үзүүлэхэд чиглэгддэг. Хүчингүй болгох, даалгах зэрэг үндсэн нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр нь тогтоох нэхэмжлэлийг бодвол шууд биелэх боломжтой тул нэхэмжлэгчийн эрхийг илүү хамгаалдаг. Өөрөөр хэлбэл, “нэхэмжлэгч нэхэмжлэлийн бусад төрлөөр эрхээ хангуулах боломжгүй тохиолдолд л тогтоох нэхэмжлэлийг гаргах боломжтой” буюу тухайн этгээдийн хувьд нэхэмжлэлийн өөр бусад үндсэн төрлүүдээс (хүчингүй болгох, даалгах гэх мэт) аль нэгийг нь сонгож нэхэмжлэл гаргах боломжгүй, хүчингүй болгох, даалгах нэхэмжлэлийн шаардлагаар эрхээ хангуулах оролдлого хийсэн боловч амжилтад хүрээгүй, эсхүл ийм нэхэмжлэл гаргасан ч үр дүнд хүрэхээргүй буюу эрх ашиг нь хамгаалагдахааргүй байгаа, ерөөс эдгээр шаардлагыг гаргах боломжгүй буюу бусад нэхэмжлэлийн зүйл, урьдчилсан нөхцөлд хамаарахгүй байх тохиолдлыг ойлгоно ...”[1] гэж энэ төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргах, хүлээн авах урьдач нөхцөлийг тодорхойлон тайлбарлажээ.

19.Энэхүү хэргийн хувьд, нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын зэрэгцээ Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон сайдад холбогдуулан “Г ХХК-д газар ашиглах эрх олгохоос татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, газар ашиглах эрх олгохыг даалгах, маргаан бүхий газарт бусдад газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгох” зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул дээрх “нэхэмжлэлийн шаардлага” гэж тодорхойлсон асуудлыг “эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, даалгах, хүчингүй болгох” шаардлагын хүрээнд дүгнэх боломжтой буюу дангаараа бие даасан нэхэмжлэлийн шаардлагын төрөл гэж үзэхээргүй байна.

20.Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх “... хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэж хариу өгөөгүй байгаа нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон ... хүсэлтийг хуульд  заасан хугацаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар хүргүүлэх боломжтой байсан эрх зүйн харилцаа байгааг тогтоож шийдвэрлэлээ (зүйтэй) ...” гэсэн ерөнхий үндэслэлээр “эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох” шаардлагыг хүлээн авч, холбогдох хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас зөрүүтэй хэрэглэж, шийдвэрлэсэн нь буруу болжээ.

21.Тиймээс, шүүхийн шийдвэр, магадлалд энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

22.Хоёр.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дүгээр “Газар ашиглах эрх олгох тухай” тушаалын “Т р м” ХХК-ийн давхцалтай хэсэг болон “Э э Э Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхүүдийн шийдэл зөв болжээ.

23.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, шүүхүүдийн дүгнэсэнчлэн “... “Т р м” ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 22/01 дүгээр албан бичгээр газар ашиглах хүсэлт гаргасныг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1922 албан бичгээр газар ашиглуулах санал; харин “Э э Э Э” ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12/15 дугаар албан бичгээр газар ашиглах хүсэлт гаргасныг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1895 дугаар албан бичгээр газар ашиглуулах санал тус тус хүргүүлснийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дүгээр тушаалаар Улаанбаатар хотын Б дүүрэгт орших Богдхан уулын дархан цаазат газрын ... аманд 40041 м.кв газрыг “Т р м” ХХК-д, 38956 м.кв газрыг “Э э Э Э” ХХК-д ашиглах эрх олгохоор тус тус шийдвэрлэжээ.

24.Гэтэл нэхэмжлэгч “Г” ХХК-иас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 1/106 дугаар албан бичгээр *** дүүргийн *** дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын *** амны хязгаарлалтын бүсэд 5.7 га газрыг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар ашиглах хүсэлт; 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1/108 дугаар албан бичгээр “... тус байршилд үйл ажиллагаа явуулах хүсэлттэй байна. ... уг газрыг ашиглах боломжоор хангаж, давхцалгүйг тодорхойлж өгнө үү” гэх хүсэлт тус тус гаргасан байх бөгөөд эхний хүсэлтийг хүлээн авсан мэргэжилтэн Т.Т-О “... Маш их ачаалалтай ажилладаг. Тухайн үед манай байгууллага нүүхэд албан бичгүүд дээш, доош орох мөн манай нөгөө мэргэжилтэнд адилхан хүсэлт ирсэн байсан ...” гэх үндэслэлээр хуулийн хугацаанд шийдвэрлэж чадаагүйгээ гэрчийн мэдүүлэгтээ тайлбарласан бол удаах хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1957 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт уламжлахдаа “Г ХХК-ийн хүсэлт гаргасан солбицол бүхий газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/79 дүгээр тушаалаар газар ашиглах эрх нь цуцлагдсан хуулийн этгээдийн газартай давхцаж байгаа ... газар ашиглах эрх цуцлагдсан байршилд тус компани газар ашиглах хүсэлт ирүүлсэн ...” талаар дурджээ.

25.Мөн нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтай бүс нутгийн удирдлагын газарт 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/189 дүгээр албан бичгээр гаргасан хүсэлтийн хариуд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09/451 дүгээр албан бичгээр “Богдхан уулын хамгаалалтын захиргааны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1957 дугаар саналд тусгагдсан төсөл хэрэгжүүлэх 57588.6 м.кв газрын байршил нь бусад газар ашиглагчийн нэгж талбартай давхцаж байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчиж байх тул газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна ...” гэх хариуг өгсөн; нэхэмжлэгчийн хүсэлт  гаргасан  газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дүгээр тушаалаар гуравдагч этгээд “Э э Э Э” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн газартай бүхэлдээ, “Т р м” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн газартай хэсэгчлэн давхцалтай нь тогтоогджээ.

26.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн (тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан) 33 дугаар зүйлийн 1-д  “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээгээр ашиглуулж болно”, 35 дугаар зүйлийн 2-т “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна”, 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц болон дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана”, 2-т “Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан Төрийн захиргааны төв байгууллага сонголт хийнэ” гэж тус тус заажээ.

27.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэр гаргах бүрэн эрхтэй ч хэрэв тухайн газарт хоёр буюу түүнээс дээш этгээд газар ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал гэсэн гурван үндсэн шалгуур үзүүлэлтийг харгалзан сонгон шалгаруулж, газар ашиглуулах шийдвэр гаргах журам үйлчилж байжээ.

28.Гэтэл хариуцагч маргаан бүхий тушаалаар гуравдагч этгээд “Т р м” ХХК болон “Э э Э Э” ХХК нарт газар ашиглах эрх олгохоос өмнө нэхэмжлэгчээс тухайн газарт газар ашиглах хүсэлтээ гаргасан байхад уг хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа гуравдагч этгээдүүдэд шууд газар ашиглах эрх олгосон нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн; энэ талаар анхан шатны шүүх “... хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны зүгээс нэхэмжлэгчийн газар ашиглах талаар гаргасан хүсэлтийг нягталсны үндсэн дээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн алинд ямар хэмжээгээр ашиглуулах талаар шийдвэрлээгүй болох нь гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна ... Гэтэл хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон сайдын зүгээс газар ашиглахаар ирүүлсэн хүсэлт, түүнд хавсаргасан саналыг нягтлан шалгалгүйгээр газар ашиглах эрхийг олгосон нь буруу бөгөөд “... Зөвшөөрлийн тухай хууль батлагдахаас өмнө амжиж шийдвэрлэх шаардлагатай, ачаалал их байсан ...” гэх хариуцагчийн тайлбарыг зөвтгөх үндэслэлгүй ...” хэмээн зөв дүгнэжээ.

29.Мөн гуравдагч этгээд “Террам сесурсез майнинг” ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 22/01 дүгээр албан бичгээр гаргасан газар ашиглах хүсэлтдээ кадастрын  зураг, төслийн танилцуулга зэрэг баримтуудыг хавсаргасан гэх боловч аль солбицолд ямар хэмжээтэй газар ашиглах хүсэлт гаргаж байгаа нь тодорхойгүй, кадастрын зураг ирүүлээгүй, мөн маргаан бүхий байршлаас өөр байршил буюу Богдхан уулын дархан цаазат газрын Чулуутын амны хязгаарлалтын бүсэд газар ашиглах хүсэлт гаргасан зэргээс үзэхэд хуулийн шаардлага хангаагүй хүсэлтийг шийдвэрлэсэн тушаал хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй, анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

30.Тиймээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан, давж заалдах шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээхээр тогтов.

31.Гурав.Нэхэмжлэгчийн “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1957 дугаар албан бичгээр уламжилсан санал болон 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/189 дүгээр албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар хүргүүлсэн хүсэлтийн дагуу “Г” ХХК-д газар ашиглах эрх олгохоос татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, “Г” ХХК-д газар ашиглах эрх олгохыг даалгах” шаардлагын тухайд:

32.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-нд гаргасан хүсэлтэд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 12 дугаар сарын 27-нд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт газар ашиглуулах саналыг хүргүүлсэн тул нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1/189 дүгээр албан бичгээр  тус газарт “*** дүүргийн *** дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын ... амны хязгаарлалтын бүс дэх 57588 м.кв газрыг олгож өгнө үү” гэх хүсэлтийг яаманд хүргүүлсэн; Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09/451 дүгээр албан бичгээр “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1957 дугаар саналд тусгагдсан төсөл хэрэгжүүлэх 57588 м.кв газрын байршил нь бусад газар ашиглагчийн нэгж талбартай давхцалтай байгаа нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь  заалтыг зөрчиж байх тул газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг хүргүүлжээ.

33.Өмнө дурдсанчлан, нэхэмжлэгч “Г” ХХК-иас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2022 оны 10 дугаар сарын 03-ны болон 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр удаа дараа газар ашиглах хүсэлтээ илэрхийлсэн байтал хамгаалалтын захиргааны ажилтнуудын буруутай үйл ажиллагаа болон дотоод зохион байгуулалт, уялдаа холбоогүйгээс нэхэмжлэгчийн түрүүлж гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэлгүй орхигдуулсан; улмаар хамгаалалтын захиргаанаас уламжилсан саналыг үндэслэн төрийн захиргааны байгууллагад зохих журмын дагуу хүсэлтээ гаргасан байхад цаг хугацааны хувьд сүүлд гаргасан этгээдүүд газар ашиглах эрх олгосон үндэслэлээр олгохоос татгалзсан хариуцагчийн үйлдэл Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх”, 6 дахь хэсэгт “өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх” мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж тус тус заасныг болон Захиргааны ерөнхий хуулийн 22, 24, 25, 26, 27 дугаар зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн, энэ талаар шүүхүүдийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

34.Тиймээс “... нэхэмжлэгч нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2022.10.03-ны өдөр хүсэлт гаргасан боловч тухайн хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, хариу өгөөгүй хэмээн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1.1-д заасан гомдлыг гаргаагүй, тухайн хүсэлтийг гаргаснаас хойш 57 хоногийн дараа буюу 2022.11.30-ны өдөр дахин шинэ хүсэлт гаргасныг 2022.10.03-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй захиргааны байгууллагын үйлдлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ ...”, “... Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 17.1-д заасны дагуу гомдол гаргаж хүсэлтийг шийдвэрлүүлэх цаашлаад гомдол шийдвэрлэгдээгүй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2-т заасны дагуу шийдвэрлүүлээгүй нь нэхэмжлэгчийн тухайн хүсэлтийг шийдвэрлүүлэх боломж дуусгавар болсон ...”, “... Нэхэмжлэгч 2022.10.03-ны хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа захиргаатай огт маргаагүй учраас хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. 10 сард гаргасан хүсэлтээ шийдвэрлээгүй гэдгийг нэхэмжлэгч тухайн үед мэдээгүй байх ямар ч боломжгүй ....” гэх үндэслэлээр гаргасан хариуцагч болон гуравдагч этгээд нарын төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

35.Хэдийгээр түрүүлж газар ашиглах хүсэлт гаргасан нэхэмжлэгчийн өргөдлийг татгалзсан хариуцагчийн үйлдэл дээрх байдлаар хууль бус болох нь тогтоогдож байгаа ч газар ашиглах эрх олгохыг даалгах нэхэмжлэлийг шууд хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

36.Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хүсэлт нь цаг хугацааны хувьд ойролцоо (Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө) байхын зэрэгцээ ашиглах сонирхол бүхий газар нь давхцалтай нь тогтоогдсон энэ тохиолдолд нэхэмжлэгчид шууд газар ашиглах эрх олгохыг даалгах хууль зүйн боломжгүй, өөрөөр хэлбэл, дээрх гурван аж ахуйн нэгжийн гаргасан хүсэлтийг газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргээр харьцуулан үзсэний үндсэн дээр газар ашиглах эрх олгох асуудлыг шийдвэрлэхээр байна.

37.Гэтэл анхан шатны шүүх “... “Г” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны эс үйлдэхүйг шүүхээс хууль бус болохыг тогтоож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/649 дүгээр тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул “Г “ХХК-д хүсэлт гаргасан газарт ашиглах эрх олгохыг даалгах нь зүйтэй ...” гэснээс өөрөөр даалгах шаардлагыг хангаж буй үндэслэлээ тайлбарлаагүй; давж заалдах шатны шүүх “... Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлага тавьсан. Иймд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагаа явуулж болно: аялагч зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, тоглох, ашиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар орон байр барих, ашиглах” гэж заасны дагуу газар ашиглуулах боломжтой газрын хувьд түрүүлж хүсэлтээ гаргасан этгээдийн эрхэд хамгаалалт үүсгэнэ ... нэхэмжлэгч “Г” ХХК-ийн тухайн газрыг ашиглах хүсэлтээ түрүүлж илэрхийлсэн байдал энэ зохицуулалтад хамаарна ...” хэмээн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “түрүүлж үүссэн ашиг сонирхлыг хамгаалах” зарчмыг маргааны үйл баримтад буруу тайлбарлан хэрэглэжээ.

38.Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн хуулиар олгосон бүрэн эрхэд хэт орж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналтай л бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тус газрыг олгох ёстой мэтээр хариуцагчийг буруутгасан ...” гэх гомдлын зарим хэсгийг хүлээн авч, нэхэмжлэгчийн газар ашиглах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу буюу дээрх гурван этгээдийн дунд сонгон шалгаруулалт явуулах замаар шийдвэрлэхийг даалгах болгон тодруулах нь зүйтэй гэж үзлээ.

39.Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, зарим шаардлагыг хуульд нийцүүлэн тодруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0673 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2024/0018 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн “2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хуульд заасан хугацаанд хүргүүлэх боломжтой байсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж;

2.Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, (тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан) 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, 2, Захиргааны ерөнхий хуулийн 22, 24, 25, 26, 27 дугаар зүйл, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/649 дугаартай “Газар ашиглах эрх олгох тухай” тушаалын “Э э Э Э” ХХК-ийн холбогдох хэсгийг бүхэлд нь, “Т р м” ХХК-ийн газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1957 дугаар албан бичгээр уламжилсан санал болон 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/189 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар хүргүүлсэн хүсэлтийн дагуу “Г” ХХК-д газар ашиглах эрх олгохоос татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйлдлийг хууль бус болохыг тогтоож, “Г” ХХК-ийн газар ашиглах эрх олгох хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” гэж тус тус өөрчилж, Тогтоох хэсгийн 2, 3 дугаарыг 3,4 болгож, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар гуравдагч этгээдүүдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Д.МӨНХТУЯА

       ШҮҮГЧИД                                                       Х.БАТСҮРЭН

   Ц.ЦОГТ

   М.БАТСУУРЬ

 

[1] Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоол, 25 дахь тал