Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 250

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ч.Г.С.П.И” ХХК, 

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар, 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар,

Нэхэмжлэлийн шаардлага: Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн № 431 дүгээр “бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах эрх олгох тухай” тогтоолыг хүчингүй болгуулж, уг тогтоолоор цуцлагдсан гэрээний хугацааг дахин сунгахыг даалгах, мөн Газрын тосны газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн № 162 дугаар “бүтээгдэхүүн хуваах гэрээ цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацааг сунгахыг даалгахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайхан, хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Л.Р, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Ч.А, иргэдийн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Г.С.Э.К" ХХК нь 2007 онд Ашигт малтмал, газрын тосны газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж гэрээний дагуу тариач XV талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа эрхлэх болсон. 2007 оноос хойш манай компани зохих ёсоор гэрээнд заасан үүргээ гүйцэтгэж, холбогдох төлбөр хураамжийг цаг тухайд нь төлж байсан. Гэтэл хариуцагчийн зүгээс Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 0431 дүгээр тогтоол Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 0162 дугаар тушаалаар бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцалсан байсан. Хариуцагч байгууллага бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах тухайгаа гэрээнд заасны дагуу мэдэгдэх үүрэгтэй байсан ч энэ үүргээ биелүүлээгүй. 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний 21 дүгээр зүйлийн 21.4-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газар нь 21 дүгээр зүйлийн 21.3-т заасныг удирдлага болгон гэрээ цуцлах эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн төлөөлөгчөөр дамжуулан гэрээлэгчид бичгээр мэдэгдэх тухай зохицуулсан байна. Мөн 21 дүгээр зүйлийн 21.4-т заасны дагуу мэдэгдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгч гэрээг цуцлах талаар зохицуулсан байдаг. Гэрээний 23 дугаар зүйлийн 23.1-д хэрэглэгч мэдэгдлийг бичгээр өгөх үед хүчин төгөлдөр болох 2 тохиолдлыг зохицуулсан байх бөгөөд төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа төлөөлөгчид бичгээр хүргүүлэх, биечлэн хүргэхэд түүнийг хүлээн авсан хариу авсан байх, хэрэглэгчийн удирдах төвд факсаар явуулсан байх ёстой. Хариуцагч байгууллагаас хэрэглэгчийн төлөөлөгч, удирдах төвийн факсын алинд ч мэдэгдээгүй. Гэрээг зөрчсөн нь дээрх байдлаас тодорхой харагдаж байна. Ашигт малтмал газрын тосны газраас бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцалсан талаар дурдсан боловч гэрээний аль зүйл, заалтыг зөрчсөн, гэрээг цуцлахаас өмнө гэрээний зөрчил арилгах талаар мэдэгдэх боломж олгоогүй нь харагдаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн 09 дүгээр тогтоолд тухайн байгууллагын эрх бүхий шийдвэрийг тухайн компанийн удирдах төвд бичгээр мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно, мэдэгдэнэ гэдэг нь төрийн захиргааны байгууллагын эрх бүхий тушаалтны шийдвэр эсвэл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид гардуулах буюу түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно гэж тайлбарласан. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдөр бүтээгдэхүүн хуваах гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж, 2012 онд гэрээний хугацааг 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаагаар сунгасан. Нэгэнт бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацааг дахин сунгасан учраас холбогдох үүргээ биелүүлж, бүтээгдэхүүн хуваах гэрээний сунгалтын төлбөрийг Ашигт малтмал, газрын тосны газарт шилжүүлсэн. Бүтээгдэхүүн хуваах гэрээний 21 дүгээр зүйлийн 21.3-т заасны дагуу хэрэглэгч гэрээг санаатай зөрчсөн, уг зөрчлийг Монгол Улсын Засгийн газраас тогтоосон хугацаанд арилгаагүй, хөтөлбөрт болон төсөвт ажлаа эхлээгүй гэсэн нөхцөлүүдэд гэрээг цуцлах талаар заасан. Бүтээгдэхүүн хуваах гэрээг санаатайгаар зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гаргаагүй бөгөөд хэрвээ зөрчсөн гэж үзсэн бол хариуцагч нэмэлт хугацаа тогтоохгүйгээр гэрээг цуцалсан нь үндэслэлгүй. Гэрээний нэг тал нь нөгөө талдаа гэрээний зөрчлийг арилгах нэмэлт хугацаа тогтоох гэрээний үүргээ шударгаар биелүүлэх боломж олгоход чухал ач холбогдолтой. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн үүргийг зөвхөн тодорхой хугацаагаар биелүүлэх бус, нөхөн гүйцэтгэх боломжтой бөгөөд хариуцагч нь нэмэлт хугацаа тогтоох үүргээ биелүүлээгүй байна. Хэрвээ хариуцагч тал нэмэлт хугацаа тогтоох үүргээ биелүүлсэн бол бүтээгдэхүүн хуваах гэрээний харилцаа хэвийн үргэлжилж, гэрээний хугацаа сунгах асуудал яригдах байсан. Тиймээс бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацаа сунгахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 47 дугаар тогтоолоор зөвлөмж гарсны дагуу “Ч.Г.С.Э.К" ХХК-тай 2007 онд бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан юм. 1991 оны Газрын тосны тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нь 5 жил байсан. Тэгээд 5 жилийн хугацаа нь дуусаад хэрэглэгч компаниас гаргасан хүсэлтийн дагуу 2012 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаагаар сунгасан. 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацаа дууссан. Гэрээний хугацаанд холбогдох төлбөр, хураамжийг бүрэн төлж, хайгуул судалгааг хийж байсан гэдгийг бид үгүйсгэхгүй. Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээний хяналтыг Ашигт малтмал, газрын тосны газар тавьдаг байсан учраас жил бүр хөтөлбөр, төслөө батлуулж, гэрээний үүргээ биелүүлж, төлбөр, хураамжийг хураадаг байсан. 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Газрын тосны тухай хууль шинэчлэн батлагдсан. Энэ хуулиар өмнө нь 5 жил байсан хайгуулын хугацаа нь 8 жил болж, хэрвээ хүсэлт гаргавал автоматаар 2 жилээр сунгадаг болсон. Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан 20 хүрэхгүй компани байгаа. Газрын тосны тухай хууль шинэчлэн батлагдсаны дараа бүх компаниуд руу албан бичиг явуулж гэрээний хугацаа автоматаар нэмэгдэж байгаа учраас бүгд ирж гэрээний хугацаанд нэмэлт санамж бичиг байгуулах шаардлагатай байна гэж мэдэгдсэн. Тэр үеэс эхлээд “Ч.Г.С.П.И" ХХК байхгүй, алга болчихсон. Монгол талын гүйцэтгэх захирал н.Оюунбилэг нь утсаа авахгүй, холбогдох боломжгүй болсон. Холбогдох утас болон мэйл хаягаар холбогдох мэдэгдлийг хүргүүлж байсан. 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 14/01 тоот албан бичгээр хайгуулын хугацааг дахин сунгах тухай хүсэлт ирсэн. Хүсэлтийг нь манай хайгуул, судалгааны хэлтэс хэлэлцээд “Ч.Г.С.П.И" ХХК нь гэрээний үүргээ хангалгүй биелүүлсэн, талбай дээр хог хаягдлаа ил задгай хаяж 

явсан учраас орон нутгаас эсэргүүцэл, хэл ам гараад байгаа учраас шаардлагатай ажлуудыг гүйцэтгээд, асуудалгүй болчих, мөн төлбөр хураамжаа төлж, гэрээний үүргийн хангалтгүй байдлыг арилга гэсэн бичгийг бид явуулсан. Бүтээгдэхүүн хуваах гэрээний 25 дугаар зүйлд сайн санааны зарчим буюу эв зүйгээр талууд ашигт малтмалын тухай хуулийн  асуудлыг шийдвэрлэх талаар заасан байдаг. Үүний дагуу мэдэгдлийг 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2173 дугаар албан тоотоор хүргүүлсэн боловч хэрэглэгч компани шаардлагыг биелүүлээгүй. Тэгээд танай компани ажлаа хийхгүй байгаа учраас талбайг Монгол Улсын Засгийн газарт буцаан өгнө үү гэсэн мэдэгдлийг 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1/795 дугаар албан тоотоор хүргүүлсэн. Хүргүүлсэн гэдэг нь яг гардуулах эсвэл гэрээний дагуу факсаар мэдэгдэх ёстой байсан гэж нэхэмжлэгч тал сая тайлбарласан. Тухай үед холбоо барьж байсан утас, мэйл хаягаар мэдэгдлүүдээ хүргүүлж байсан. Улмаар хөдөө орон нутгаас яриад байсан учраас 2014 оны 12 дугаар сард химийн бодисын хадгалалт, хамгаалалт, хуримтлалын сангийн нөхөн сэргээлтийн байдлаар хамтарсан комисс гарч, газар дээр нь очиж шалгасан шалгалтаар нөхөн сэргээлтийн ажил хийгдээгүй, хангалтгүй байсан. Тэгээд гэрээний биелэлтэд хяналт тавьж байгаа агентлагийн хувьд дээрх шалгалтын дүнг танилцуулж, бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах талаарх саналаа Уул уурхайн яамаар дамжуулж Монгол Улсын Засгийн газарт уламжилсан. Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0431 дүгээр тогтоолоор бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах эрхийг олгосон. Хариуцагч байгууллагаас холбогдох хууль тогтоомжийн дагуу бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцалсан. Гэрээг цуцалсан тухай мэдэгдлээ мөн хүргүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Г.С.П.И" ХХК-тай холбоотой Ашигт малтмал, газрын тосны газраас хийсэн шалгалт, удаа дараагийн мэдэгдэл, хууль зөрчсөн байдлын талаар 2015 оны 05 дугаар сард мэдэгдсэн. Хэрэглэгч компани нь алга болчихлоо, хайгуул хийж байгаад химийн бодисоо ил задгай орхиж, сунгасан 2 жилийн хугацаанд ямар нэгэн ажил хийхгүй, үүрэг даалгавраа биелүүлэхгүй, байгаль орчин болон нийгэмд аюултай байдлаар талбайг орхиод, олдохгүй байгаа учраас бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлуулах тухай мэдэгдлийг 2015 оны 05 дугаар сард хүргүүлсэн байдаг. 2015 оны 05 дугаар 08-ны өдрийн тариач XV талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах тухай 151 албан тоотыг явуулсан. Энэ талаар хэрэглэгч компанид удаа дараа шаардлага хүргүүлж байсан. 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Газрын тосны тухай хуулийн дагуу дүгнэлт хийж, гэрээг цуцлах нь зүйтэй байна гэсэн. Үүний дагуу Уул уурхайн яам болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дагуу тогтоолын төсөл боловсруулж, яамдуудаас санал авч, Монгол Улсын Засгийн газраас хэлэлцүүлж гэрээ цуцлах эрхийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад олгосон. Гэрээг цуцлах болсон хэд, хэдэн үндэслэл байгаа. Тухайлбал бүтээгдэхүүн хуваах гэрээний 21 дүгээр зүйлийн 21.3-т хэрэглэгч нь гэрээг санаатайгаар зөрчсөн, уг зөрчлийг арилгах талаар Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчийн тогтоосон хугацаанд арилгаагүй буюу арилгаж эхлээгүй, гэрээнд хэрэгжүүлэх үүрэг, хөтөлбөрт болон төсөвт ажлаа эхлээгүй бол Монгол Улсын Засгийн газрын өөрийн төлөөлөгчийн саналын дагуу гэрээг цуцлах эрхтэй болно гэж заасан. Гэрээний үүргээ биелүүлээгүй гэх заалт нь бүтээгдэхүүн хуваах гэрээний 7 дугаар зүйлийн 7.1в-д заасны дагуу сунгасан 2 жилийн хугацаа нь дууссан байхад хайгуулын нийт хугацаа дуусахад үнэлгээний болон олборлолтын талбайгаас бусад бүх талбайг буцааж өгнө, хэрэглэгч нь анхдагч гэрээний талбайг бүхэлд нь болон аль ч хэсгийг буцааж өгөхийн өмнө түүний гадаргууг  анх байсан байдалд сэргээх арга хэмжээ авсан байх ёстой гэж заасан. Гэтэл анх байсан байдалд оруулах талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Тухайн үед хэрэглэгч компани нь Монгол улсад байсан оффисоо хааж алга болсон, албан бичиг, мэдэгдэл хүргүүлэхээр хариу ирдэггүй гэж Ашигт малтмал, газрын тосны газраас тайлбарласан. Монгол Улсын Засгийн газар нь албан бичиг, гэрээний хүрээнд гэрээнд заасан үндсэн үүргээ хэрэгжүүлээгүй, хайгуул огт хийдэггүй, байгаль орчинд учруулсан хохирол, байгалийн төрхийг хэвийн нөхцөлд нь буцаан оруулах үүргийг биелүүлээгүй. Энэ асуудлыг Ашигт малтмал, газрын тосны газар өөрсдөө хийсэн байх жишээтэй. Монгол Улсын Засгийн газрын шийдвэр Монгол Улсын хуулийн дагуу хууль зүйн үндэслэлтэй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Байгаль орчинд учруулсан хохирол гэж Монгол Улсын Засгийн газар болон орон нутгийн иргэдээс нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэслэл байгаа боловч одоохондоо сөрөг нэхэмжлэл гаргах бодолгүй байна. Газрын тосны гэрээний хувьд зарим тайлбарыг хэрэгт холбоотойгоор хэлье. Монгол улсад 1991 онд анх газрын тосны тухай хуулийг баталж 1993 оноос анх энэ салбарт гаднын хөрөнгө оруулалтыг оруулж эхэлсэн. Монгол Улсад ердөө 2 компани л ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа. Бусад 20 орчим компаниуд зөвхөн хайгуулын үйл ажиллагааг явуулдаг, олборлолт хийдэггүй, эдийн засгийн үр ашигтай нөхцөл байна гэж олсон газрын тосны компани байхгүй. Гэрээг цуцлах хүртэлх бараг 2 жилийн хугацаанд энэ компанийн асуудлыг тавьж байсан боловч олдоогүй, дараа нь янз бүрийн бичиг олж авчирсан. Дараа нь шалгалт хийгээд үзэхэд байгаль орчныг нөхөн сэргээх, өмнөх төрхөнд нь оруулсан зүйл байхгүй нь илэрсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөр дуусгавар болж байгаа бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болох үед 1991 оны Газрын тосны тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хэдий ч гэрээний биелэлтийг дүгнэх үйл явц болон маргаан бүхий захиргааны актууд нь 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Газрын тосны тухай хуулийн дагуу гарсан байх тул шүүх уг хуулийг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хэргийн харъяаллын талаар оролцогч нараас тодруулахад “захиргааны акттай холбоотойгоор маргаж байгаа тул тус шүүхээр маргаанаа шийдвэрлүүлнэ. Хэргийн харъяаллын талаар маргахгүй” гэснийг дурдах нь зүйтэй байна.

1. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн № 431 дүгээр “бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах эрх олгох тухай” тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж , Засгийн газрын 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаар тогтоол -оор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Ч.Г.С.П.Э.К” ХХК-тай 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г байгуулж , улмаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хугацааг сунгах тухай нэмэлт гэрээг  байгуулан гэрээний хугацааг 2012 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл сунгажээ.

Нэхэмжлэгчээс 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн № 14/01 , 2014 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн № 2014/10 тоот албан бичиг -үүдээр гэрээний хугацааг сунгуулах хүсэлтийг дахин Газрын тосны газарт хүргүүлжээ.

Хариуцагч Газрын тосны газраас /хуучнаар/ дээрх хүсэлтэд 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн № 1-273 тоот албан бичиг -ээр “бүтээгдэхүүн хуваах гэрээний сунгасан хугацааны хэрэгжилт хангалтгүй, хайгуулын 2 цооног өрөмдсөнөөс өөр хийсэн ажил байхгүй тул хайгуулын хугацааг дахин сунгах боломжгүй, ...........гэсэн хэдий ч уг албан бичигт дурдсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн, эсхүл төлөвлөсөн тохиолдолд гэрээний хугацааг сунгах асуудлыг дахин авч хэлэлцэж болох юм” гэсэн хариуг, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн № 1-795 тоот албан бичиг -ээр мэдэгдэл, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн № 1-1177 тоот албан бичиг -ээр шаардлага зэргийг тус тус хүргүүлсэн нь хуульд нийцээгүй байна.

Учир нь Газрын тосны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Гэрээний хугацаа дуусгавар болсон, эсхүл энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гэрээг цуцлах тохиолдолд төрийн захиргааны байгууллага гэрээний биелэлтийг дараахь үзүүлэлтээр дүгнэнэ” гээд хуулийн 13.1.1-13.1.6-д гэрээг дүгнэх үзүүлэлтүүдийг тодорхойлсны дээр мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Бүтээгдэхүүн хуваах гэрээг доор дурдсан үндэслэлээр Засгийн газрын шийдвэрээр цуцална”, гээд хуулийн 12.1.5-д “гэрээлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу удаа дараа ноцтой зөрчсөн” гэж тус тус заажээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөр дуусгавар болж байгаа бөгөөд уг гэрээний биелэлтийг хариуцагчаас 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр /хуульд заасан хугацаанаас 17 сарын дараа/ дүгнэхдээ  гэрээний нэг талыг байлцуулалгүй, мөн Газрын тосны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан холбогдох төрийн байгууллагын төлөөллийг оролцуулалгүйгээр гэрээний нэг тал дангаар дүгнэсэн нь буруу байна.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан гэрээгээр тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах бөгөөд бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах тохиолдолд уг гэрээний биелэлтийг заавал дүгнэхийг хуульчилжээ. Гэтэл хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас гэрээний биелэлтийг дүгнэхдээ нэхэмжлэгчийг оролцуулаагүй нь уг гэрээний 25 дугаар зүйлийн 25.3-д “талууд энэхүү гэрээний дагуу харилцаагаа сайн санааны зарчимд үндэслэж, нэгдмэл зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж, гарч болох аливаа үл ойлголцол, маргааныг эв зүйгээр зохицуулан шийдвэрлэхийг эрмэлзэнэ” гэж заасантай нийцэхгүй байна.

Нөгөөтэйгүүр гэрээний биелэлт дүгнэгдээгүй байхад хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас “гэрээний хэрэгжилт хангалтгүй” мэтээр дүгнэлт хийж дээрх албан бичгүүдийг нэхэмжлэгчид хүргүүлж, уг албан бичигт дурдсан шаардлагыг биелүүлээгүй үндэслэлээр гэрээг цуцлах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлсэн нь хуульд нийцээгүй байна.

Хариуцагч Монгол Улсын Засгийн газраас маргаан бүхий захиргааны акт болох 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн № 431 дүгээр тогтоол -ыг гаргахдаа дээрх нөхцөл байдлыг нарийвчлан тогтоолгүйгээр нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д заасан “,,,,,,,,, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу удаа дараа ноцтой зөрчсөн,,,” гэж үзэн “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г цуцлах эрхийг олгосон нь хуульд нийцээгүй байх тул уг тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн гэрээний хугацаа дуусахаас нэг жилийн өмнө буюу гэрээний эхний сунгалттай холбоотойгоор 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийг 12 /хүснэгтэлсэн байдлаар/ үзүүлэлтээр дүгнэсэн  байх бөгөөд уг дүгнэлтийн /хүснэгтэд тэмдэглэснээр/ “БХГ-ний 5.3б, БХГ-ний 5.4а, БХГ-ний 10.3/4/” зааснаас бусад хэрэгжилтийг хангалттай гэж үзэн талуудад танилцуулж, түүнд эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурсан болохыг дурдах нь зүйтэй байна.

2. Газрын тосны газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн № 162 дугаар “бүтээгдэхүүн хуваах гэрээ цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Ч.Г.С.П.Э.К” ХХК-тай 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн № 431 дүгээр тогтоолыг үндэслэн Газрын тосны газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн № 162 дугаар тушаал -аар цуцалжээ.

Хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлээ “Тариач XV” талбай дахь химийн бодисын хадгалалт, хамгаалалт муу байснаас үнэг галзуурч байсан. Мөн 2014 оны 12 дугаар сард Дорноговь аймгийн Байгаль орчны газартай хамтран газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцан холбогдох шалгалтуудыг хийж, байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг “хангалтгүй” гэж дүгнэсэн тул гэрээг цуцлах тухай саналыг Уул уурхайн яамаар дамжуулан Засгийн газарт уламжилсан, Засгийн газраас эрх олгосны дагуу “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г цуцалсан гэж тайлбарлажээ.

Бүтээгдэхүүн хуваах гэрээг дүгнэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүйгээс гадна мэдэгдэх ажиллагаа ч гэрээнд зааснаар явагдаагүй байна. 

Тухайлбал бүтээгдэхүүн хуваах гэрээний 21 дүгээр зүйлийн 21.4-д “Хэрэв Монгол Улсын Засгийн газар 21.2, 21.3 дугаар зүйлийн дагуу эрхээ хэрэгжүүлэхээр шийдвэрлэвэл Засгийн газрын төлөөлөгч гэрээлэгчид бичгээр мэдэгдэл өгнө. Мэдэгдэл өгснөөс хойш 30 хоногийн дотор гэрээлэгч нь дээрх зөрчлийг арилгаагүй буюу арилгаж эхлээгүй ба зөрчлийг арилгахад нь давагдашгүй хүчин зүйл саад болоогүй, тасалдуулаагүй бол энэ гэрээг цуцлах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгч гаргана...” гэжээ.

Мөн гэрээний 23 дугаар зүйлийн 23.1-д “гэрээлэгчид бичгээр өгөх мэдэгдэл нь дараах тохиолдолд хүчин төгөлдөр байна” гээд гэрээний 23.1.а-д “Тухайн төлөөлөгчийн газарт ажиллаж буй Гэрээлэгчийн төлөөлөгч болон 23.3 дугаар зүйлд заасан Гэрээлэгчийн удирдах төвд факсаар явуулсан”, 23.1.б-д “Тухайн төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа Гэрээлэгчийн төлөөлөгчид хүргүүлж, түүнийг хүлээн авсан нотолгоог авсан байх, эсвэл тийм мэдэгдлийг биечлэн хүргэх ба аль ч тохиолдолд Гэрээлэгчийн төлөөлөгч буюу түүний эрх мэдэл бүхий төлөөлөгчдийн нэгнээс нь хүлээн авсан тухай хариу авсан, мөн мэдэгдлийн хувийг 23.3 дугаар зүйлд заасан Гэрээлэгчийн удирдах төвд факсаар явуулсан байх” гэжээ.

 Хариуцагчаас гэрээлэгчийг төлөөлж байгаа этгээдэд мэдэгдлийг өгөөгүй, удирдах төвд факсаар хүргүүлээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “гэрээлэгч компани нь 2014 оны 4 сараас алга болчихсон, холбоо барих боломжгүй байсан” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Гэрээлэгчийн удирдах төвд мэдэгдлийг факсаар явуулсан, мэдэгдлийг хүлээн авсан нотолгоог хариуцагч авснаар мэдэгдэх үүрэг хангагдах талаар гэрээнд нарийвчлан зохицуулжээ.

Хариуцагчаас уг үүргийг зохих журмын дагуу биелүүлээгүй байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

3. 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацааг дахин сунгахыг хариуцагч нарт даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагчаас “Тариач XV” талбайд 2014 оны 12 дугаар сард Дорноговь аймгийн Байгаль орчны газартай хамтран холбогдох шалгалтуудыг хийж уг шалгалтын илтгэх хуудсанд тухайн талбайн техникийн болон биологийн нөхөн сэргээлт хангалтгүй хийгдсэн талаар дурджээ.

Нэхэмжлэгч нь 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргын тамгын газартай “нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх” гэрээг байгуулсан байх бөгөөд энэ талаар хариуцагч нар маргахгүй байна.

SH-2, ESH-3, SH-3 цооногуудын нөхөн сэргээлт хангалтгүй байгааг гүйцэтгэгч тал өвлийн улирал эхэлсэн, шороон овоолгыг малчдын хүсэлтээр тэгшилж, тараагаагүй гэж тайлбарласан /2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн илтгэх хуудсанд дурдсанаар/ байх бөгөөд эдгээр цооногуудын нөхөн сэргээлтийн ажил хангалтгүй байгаад нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

Харин бусад цооногуудын нөхөн сэргээлтийн ажил дутуу хийгдсэн талаар талууд маргаагүй бөгөөд үүний улмаас Газрын тосны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан “хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд ноцтой хохирол учруулсан” эсэхийг эрх бүхий төрийн байгууллагаар тогтоож, мөн Газрын тосны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу бүтээгдэхүүн хуваах гэрээг зохих журмын дагуу дүгнэсний үндсэн дээр гэрээг цуцлах, эсхүл гэрээний хугацааг дахин сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацааг дахин сунгахыг хариуцагч нарт даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

               Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тосны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1, 12.1.5, 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 заасныг баримтлан нэхэмжлэгч “Ч.Г.С.П.И” ХХК  нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газар холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн № 431 дүгээр “бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах эрх олгох тухай” тогтоол, Газрын тосны газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн № 162 дугаар “бүтээгдэхүүн хуваах гэрээ цуцлах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 48.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                  ШҮҮГЧ                                       Н.ДУЛАМСҮРЭН 

                                  ШҮҮГЧ                                       Д.ОЮУМАА