Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 000050

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Мөнхтулгад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                    Хэргийн индекс 142/2017/0049/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

               Шүүх хуралдаанд: 

 

                           Прокурор                                          Ц.Идэрмөнх

                           Ялтан                                                 Б.Мөнхтулга

               Ялтны өмгөөлөгч                            Р.Бямбажав

               Хохирогч                                           Н.Тунгалаг

                           Нарийн бичгийн дарга                   Б.Номин нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолтой Б.Мөнхтулгад холбогдох, 201714000005 дугаартай эрүүгийн хэргийг ялтан Б.Мөнхтулгын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 27-12 тоотод оршин суух, урьд нь:

 

2003 онд онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэгдсэн,

2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 6 сар баривчлах ялаар,

2009 онд эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жил 10 хоног хорих ялаар,

2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 3 жил хорих ялаар,

2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жил 8 сар хорих ялаар,

2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 5 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,  РБ-87011913 регистрийн дугаартай Тогруутан овогтой Бадарчийн Мөнхтулга.

 

Шүүгдэгч Б.Мөнхтулга нь Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хугацаа дуусч суллагдаж ялтай байх хугацаандаа 2016 оны 12 сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт байх Бүсийн оношилгоо эмчилгээний төвд үйлчлүүлж байсан Н.Тунгалагийн Самсунг Галакси Ноте-5 загварын гар утас 1 ширхэг, Эл-Жи загварын гар утас 1 ширхэг зэргийг хулгайлж 970.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Тогруутан овогт Бадарчийн Мөнхтулгыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар шүүгдэгч Б.Мөнхтулгыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.т заасныг журамлан 52.5.д зааснаар шүүгдэгч Б.Мөнхтулгад оногдуулсан 3 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч Б.Мөнхтулгын цагдан хоригдсон 81 /наян нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7.т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД.г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч Б.Мөнхтулгаас 950.000 төгрөг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-15-01 тоотод оршин суух Н.Тунгалагт /РД: ШЕ88022860/ олгож,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнхтулгад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Б.Мөнхтулга давж заалдах гомдолдоо:

 

Миний бие нь ам бүл 5 эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг. Миний бие 2016 оны 12 сарын 12-ны өдөр Бүсийн оношлогооны төвд шижилгээ хийлгэхээр явж байхдаа Н.Тунгалагийн гар утсыг авч хохирол учруулсандаа чин санаанаасаа гэмшиж байна.

              

Анхан шатны шүүх намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

Аав Бадарч грүпэд, хөдөлмөр эрхлэх чадваргүй асаргаанд, ээж Нямсүрэн мөн өндөр настан эрүүл мэндийн байдал тааруухан байгаа. Хоёр дүү сургуулийн насных. Би өөрөө хар бор ажил хийж ар гэрээ тэжээж, аав ээжээ асардаг байсан.

 

Хэрэг хийсэндээ маш их харамсаж гэмшиж байна. Н.Тунгалагт учруулсан хохирол болох 950.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулна. Миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж хорих ялаас минь хөнгөлж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Идэрмөнх дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнхтулгыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан нь түүний гэм буруу, үйлдсэн хэргийн шинж байдал, ялтны хувийн байдалд тохирсон байна.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Мөнхтулга давж заалдах гомдол гаргасны дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судалж үзвэл:

Шүүгдэгч Б.Мөнхтулга 2016 оны 12 сарын 12-ны өдөр Орхон аймгийн  Бүсийн оношилгоо эмчилгээний төвд үйлчлүүлж байсан иргэн Н.Тунгалагийн “Самсунг Галакси Ноте-5” загварын гар утас, “Эл-Жи” загварын гар утасыг тус тус хулгайлж, 970.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

Шүүгдэгч Б.Мөнхтулга мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

...Би хохирогч Тунгалагийн хоёр гар утсыг хулгайлсан нь үнэн..., нэг утсыг нь буцаан өгсөн, нэгийг нь хүнд худалдсан хохирлыг төлөөгүй байгаа..., ар гэрийнхэн төлнө гэсэн..., тухайн үед эмнэлэг дээр шинжилгээ өгөх явж байгаад гэнэт л хулгай хийсэн..., гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа..., гэсэн мэдүүлэг,  

-Хохирогч Н.Тунгалагийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

2016 оны 12 дугаар сарын 12-ны өглөө эмнэлэг дээр шинжилгээ өгөх гэж явж байгаад цүнхэнд байсан 2 утсаа хулгайд алдсан...., тэгээд эмнэлэгийн камер шүүлгэж үзэхэд энэ хүн авсан байсан.., “Эл-Жи утсаа авсан, “Самсунг Галакси Ноте-5” утасаа аваагүй..., утасны үнэ  950.000 төгрөгийг нэхэмжилж байна..., гэсэн мэдүүлэг, 

 

-Гэрч А.Ариунбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

  

...2016 оны 12 сарын 12-ны өглөө хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд явж байсан чинь хуучин таних  Б.Мөнхтулга гэж залуу таараад найз нь Хөвсгөл явах гэсэн чинь зардлын мөнгө байдаггүй..., аргаа бараад гар утаснуудаа зарах гэсэн юмаа чи авчихаач гээд “Самсунг Глакси Нөт-5” маркийн хар хөх өнгийн гар утас, мөн дэлгэц нь хагарч цуурсан “ЛЖ” брэндийн хар өнгийн хоёр утас үзүүлсэн..., би өөрөө одоо “Даниста” худалдааны төвд лангуу түрээсэлдэг, урд нь гар утас зардаг байсан болохоор Б.Мөнхтулгыг гуйгаад байхаар нь “Самсунг Глакси Нөт-5” маркийн хар хөх өнгийн гар утсыг  170.000 төгрөгөөр авсан...,  “ЛЖ” брэндийн гар утсыг нь авахгүй гэсэн чинь чи зүгээр авчих бараг эвдэрхий юм гээд өгсөн..., тэгээд би фейсбүүкээр зар тавьж байгаад “Самсунг Глакси Нөт-5 “маркийн хар хөх өнгийн гар утсыг нь танихгүй хүнд 350.000 төгрөгөөр зарсан...,”ЛЖ “брэндийн гар утас нь надад байсан гэсэн мэдүүлэг..., /хх.ийн  11.р хуудас/ болон эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх.ийн 53, 56., 57., хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдож  тогтоогджээ.

 

Шүүгдэгч Б.Мөнхтулга нь 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 5 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хугацаа дуусч суллагдсан бөгөөд ялтай байх хугацаандаа дээрх гэмт хэргийг үйлдсэн учраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна. 

 

Мөрдөн байцаалтын шатанд хийвэл зохих ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, ялтан, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авсан бөгөөд тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох нөхцөл  байдлыг шалгаж тогтоожээ.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мөнхтулгын гаргасан  “...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.., оногдуулсан ялаас хасч өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Бадарчийн Мөнхтулгын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон  тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        З.ХОСБАЯР

 

                        ШҮҮГЧИД                                                                             С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                                                        Ц.ТУЯА