Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2019/0662

 

 

Д.С-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Г.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0648 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Д.С-ны нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0648 дугаар шийдвэрээр: Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, 22 дугаар зүйлийн 22.1.5 дахь заалтыг баримтлан “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/182 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилуулах, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” тухай нэхэмжлэгч Д.С-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Д.С-ныг төрийн албан хаагчаар үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байсан төрийн албан хаагч гэдэг талаас нь анхаарч үзэлгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Онцгой байдлын ерөнхий газар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө төрийн албанаас чөлөөлсүгэй гэж эрх зүйн актад заасан байгаа тул төрийн албан хаагчийн хувьд нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулж ажлаас чөлөөлсөн эсэх, Төрийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд шүүх юу гэж дүгнэж байгаа нь тодорхойгүй байна. Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д зааснаар цэргийн алба хаах насны дээд язгаарт хүрсэн албан хаагчийг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 5 жил хүртэл хугацаагаар нэг удаа сунган ажиллуулж болох тухай заалтыг онцгой байдлын ерөнхий газраас хэрэгжүүлээгүй урсгалаар явсан байхад шүүх эрх зүйн акт гарсан гэж үзэн дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-д заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тохиолдолд ажлаас чөлөөлөх тухай заасан заалтыг Онцгой байдлын ерөнхий газар зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн болон Онцгой байдлын газрын ажилтны үүргийг нэр төртэй биелүүлж байсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд албан хаагчийнхаа эрх ашгийг дордуулж хүнлэг сэтгэлээр хандахгүй тэтгэвэр тогтоолгох хугацааг анхаарч үзэн Цэргийн албаны тэтгэвэр тэтгэмжийн хуульд хамрагдаж, тэтгэврийг хувь тэнцүүлэн авах тал дээр туслахыг байгууллага огт хүсээгүй болох нь харагдаж байсан болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж /нэн ялангуяа хувь тэнцүүлэн тэтгэвэр авах боломж шүүхээр хянагдах хугацаанд хүрч байгаа болохыг анхаарч үзэх/ шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Д.С-с “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/182 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилуулах, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Д.С нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 288 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарт нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байжээ.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 601 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарт нягтлан бодогч Д.С-ныг шинээр офицеруудын бүрэлдэхүүнд оруулж, шадар дэслэгч цол олгосон байна.

Улмаар маргаан бүхий 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/182 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5, Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 22 дугаар зүйлийн 22.1.5-д заасныг үндэслэл болгон нэхэмжлэгчийг “цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн” гэсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөлж шийдвэрлэжээ.

Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Эмэгтэйчүүд офицерын албыг цэргийн цол харгалзахгүйгээр 47 нас хүртэл хаана”, 11.6-д “Алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлагатай офицерын цэргийн жинхэнэ алба хаах хугацааг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тав хүртэл жилээр нэг удаа сунгаж болно” гэж, мөн 22 дугаар зүйлийн 22.1-д “Цэргийн алба хаагчийг дараахь үндэслэлээр албан тушаалаас чөлөөлнө”, 22.1.5-д “алба хаах насны дээд хязгаарт хүрсэн” тохиолдолд цэргийн алба хаагчийг албан тушаалаас чөлөөлөхөөр заасан бөгөөд нэхэмжлэгч нь 52 нас хүрч офицерын алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул түүнийг төрийн албанаас чөлөөлж шийдвэрлэсэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/182 дугаар тушаал нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Харин энэ тохиолдолд хариуцагч хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэгч Д.С-ныг төрийн албанаас чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох...” эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0648 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН