Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2016/0104/З |
Дугаар | 354 |
Огноо | 2017-05-10 |
Маргааны төрөл | Татвар, Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 354
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “П.Ч.Д.Т.М” ХХК,
Хариуцагч: Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчЦ.О, П.Б,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн № 06 дугаар актийг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, хариуцагчЦ.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, иргэдийн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Маргаан бүхий акт дээр барьж байгаа хуулийн заалт нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар бүлгийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан зөрчлийг нэхэмжлэгч тал гаргасан байна гэсэн үндэслэлээр акт тогтоосон байдаг. Энэхүү хуулийн заалтыг авч үзэхэд “ажил олгогч шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан буюу бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна” гэсэн хуулийн заалтын дагуу нэхэмжлэгч байгууллагад 979.130.424 төгрөг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс 489.565.000 төгрөг нийт 1.468.695.636 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоогоод, энэхүү акт биелэгдэж уг төлбөр улсын төсөвт орсон байгаа.
Бид Нийгмийн даатгалын тухай 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан “хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан” энэхүү зөрчлийг гаргаагүй. Яагаад гэвэл 1995 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн Засгийн газраас эрх олгосны дагуу Газрын тосны хэрэг эрхлэх газар болон Австрали улсын Комон петролум болон “П.Ч.Д.Т” ХХК-ийг үүсгэн байгуулагч компани 2 бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Энэ гэрээний холбогдох заалт дээр Нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөх тухай зохицуулалт уг гэрээнд орсон байсан. Тийм учраас 1995 оны уг гэрээ байгуулагдсанаас хойш акт тогтоосон 2013 оноос 2014 оныг хүртэлх хугацаанд ямар нэгэн байдлаар гадаадаас ажиллах хүч оруулж ирж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн зүйл байгаагүй. Тэгтэл хариуцагч байцаагч нар хүндэтгэн үзэх уг зүйлийг шалгаагүй. Яагаад гэвэл Нийгмийн даатгалын тухай 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасныг хархад ажил олгогч нь өөрөө хөдөлмөр эрхлэгч этгээдийн нийгмийн даатгал, орлогыг нуусан, санаатайгаар бууруулсан гэх тохиолдол нэхэмжлэгч байгууллагад байхгүй.
Засгийн газраас эрх олгосон. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх зохицуулалт орсон үүний дагуу олон жил үйл ажиллагаагаа явуулж төлбөрөө хэрэгжүүлж байгаа байгууллага юм. Энэ талаар шалгалт хийх явцад тайлбарласан байдаг боловч нийт 3979 ажилтныг гадаадаас 2013-2014 оны хооронд оруулж ирсэн байгаа. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг утгаар нийт ийм хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлсэн байгаа. Энэ нь Нийгмийн даатгалын тухай хуулийн зорилго, агуулга, шимтгэл төлүүлж байгаа хүсэл зорилгод нь нийцээгүй асуудал үүссэн байгаа юм. Эдгээр иргэд нь 2013 онд 1813 хүн орж ирсэн үүний 3 сард ажилласан 35, 4 сард ажилласан 11, 5 сард ажилласан 620, 6 сар ажилласан 214, 7 сар ажилласан 600 гэх мэт тухайн ажилласан хугацаа нь богино хэмжээтэй 1, 2 жил ажилласан нэг ч хүн байхгүй. Тэгтэл үүнийг хариуцагч байгууллага ялгамжтайгаар тогтоогоогүй асуудал байгаа юм. Энэ нь Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн агуулгыг авч үзэхэд нийгмийн даатгалын шимтгэлийг тооцох үүнээс үүсэж ирээдүйд үүсэж байгаа тэтгэвэр, тэтгэмжийг олгох зүйлс нь байнгын шинжтэй, байнгын орлого болж байгаа тэр этгээдүүдийг даатгах зорилготой тэрнээс үүдэж нөхцөл байдал журмыг хангасан бол Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу 5 төрлийн тэтгэмж олгогдох журмаараа болзлыг хангаж байх ёстой. Тийм
тохиолдлын ажлын байран дээр нийгмийн даатгалын шимтгэлийг албан журмаар гаргуулах ёстой гэсэн зүйлийг хуулиар зохицуулсан агуулга байгаа. Энэ үүднээс бидний зүгээс тайлбарлаж байгаа юм.
Гэтэл хариуцагч байгууллага энэ тохиолдолд шалгаж тогтоогоогүй. Ер нь гадаадаас ажиллах хүч орж ирсэн л бол Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу заавал албан журмаар даатгуулах ёстой гэдэг байдлаар асуудлыг шийдэж ийм акт тогтоож байгаа нь Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан эдгээр хуулийн зорилго зорилттой нийцээгүй зүйл болсон юм. Тиймээс хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Уг улсын байцаагчийн акт нь бол 2015 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн “ажил олгогчид нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, шалгах” удирдамжийн дагуу Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгаж илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилготой ажилласан. Ингээд шалгалтаар “П.Ч.Д.Т” ХХК-д Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1, 42 дугаар зүйлийн 42.1.1, 42.1.2-т заасныг зөрчсөн байна гэж 2013, 2014 онд гадаадаас олгосон 4.256.088.800 төгрөгийн төлбөрийг, түүнтэй адилтгах орлогоос 979.130.424 төгрөгийн шимтгэл төлөөгүй зөрчил илэрсэн. Энэ зөрчилд байцаагч нар 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 06 тоот актаар төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл болох 979.130.424 төгрөгийг нөхөн төлүүлж шимтгэлийн дүнгээс 489.565.212 төгрөгийн алданги ноогдуулсан. Дараа нь улсын байцаагч нар Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 39390 тоот захирамжаар улсын байцаагчийн актыг баталгаажуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн байгаа.
Бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар ярьж байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээг холбогдох эрх бүхий байгууллагуудаас тодруулсан. Гадаад хэргийн яамнаас шүүхийн журмаар тодруулга авахад Бүтээгдэхүүн хуваах гэрээний талууд гэрээгээр зохицуулагдаж буй асуудлаас шалтгаалж Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь олон улсын гэрээ биш гэж үзсэн байдаг. Мөн Хятад улс болон Монгол Улсын хооронд нийгмийн даатгалын асуудлыг зохицуулсан олон улсын гэрээ байгуулагдаагүй байна гэж үзсэн нь хавтаст хэрэгт нотлох баримтаар /64 дүгээр хуудсанд/ авагдсан байгаа.
Мөн Монгол Улсын газрын тосны газраас шүүхэд өгсөн албан бичигт Бүтээгдэхүүн хуваах гэрээний 10 дугаар зүйлийн 10.4ж-д татвар, нийгмийн даатгал улс төрийн татвар хураамжаас чөлөөлөгдөнө гэж зааж байгаа болохоор Монгол Улсын хуулийг зөрчиж байна гэж үзсэн нотлох баримт хэрэгт /81 дүгээр хуудсанд/ байгаа. Мөн Уул уурхайн яамнаас шүүхэд өгсөн нотлох баримт нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх ёстой гэж бичсэн түүнээс нийгмийн даатгалын шимтгэлийн талаар бичээгүй гэдгийг нотлох баримт хавтаст хэргийн /92 дугаар хуудсанд/ байгаа. Мөн хяналтын шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 391 тоот тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас “П.Ч.Д.Т” ХХК-тай Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь нийтийн эрх зүйд хамаарахгүй, хувийн эрх зүйд хамаарах гэрээ тул нийтийн эрх зүйн эх сурвалж болж болохгүй гэж дүгнэсэн байгаа.
Мөн Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасны дагуу хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг олгож байгаа. Хөдөлмөр халамж үйлчилгээний газар шүүхэд ирүүлсэн баримтын хөдөлмөрийн гэрээний хуулбараас хархад хятад ажилчдын хөдөлмөрийн харилцаа бол Монгол Улсад бий болохоор заасан байгаа. Тэгэхээр Монгол улсад бий болж байгаа хөдөлмөрийн харилцааг Монгол Улсын хууль тогтоомжоор л зохицуулагдана.
Мөн гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн баримтаар бол “П.Ч.Д.Т” ХХК-ийн хятад ажилчдын Монгол Улсад оршин суух визний зөвшөөрлийг авахдаа “НG" ангиллын зөвшөөрлийн виз авсан байдаг. “НG" ангиллын зөвшөөрлийн виз нь ямар ангилалд хамаарч байгаа гэхээр Гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-т зааснаар “НG" ангиллын виз нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллах, гадаадын иргэн болох тухай хуульчилсан байгаа. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээгээр Монгол Улсад ажиллана гэж Хятад ажилчдыг Монголд авчирсан болох нь харагдаж байна. Гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх зорилгоор Монгол Улсад ирсэн гадаадын иргэнд хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлт, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон тэдгээрийн эрх олгосон байгууллагын хүсэлтийг үндэслэн гадаадын
иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага оршин суух зөвшөөрөл олгоно” гэж заасан байна. Визний талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хархад эдгээр Хятад ажилчид бүгд “НG" ангиллын визний зөвшөөрөлтэй. Энэ нь Монгол Улсад оршин суух зөвшөөрөл нь хөдөлмөрийн гэрээгээр Монгол Улсад ирж ажиллах гэж байгаа гэдэг нь нотлогдож байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т зааснаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа, гадаадын аж ахуй нэгж байгууллагад ажиллаж байгаа гадаадын иргэн нийгмийн даатгал албан журмаар даатгуулахыг үүрэг болгож хуульчилсан байгаа. Иймээс улсын байцаагчийн акт нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...2015 оны 04 дүгээр сард удирдамж гарч, удирдамжийн дагуу улсын байцаагч н.Б шалгалт явуулсан. Бүтээгдэхүүн хуваах гэрээг судалж үзээгүй гэдэг асуудал ярьж байна. 2015 оны 04 дүгээр сарын 21-ны өдрөөс хойш Нийслэлийн Нийгмийн даатгалын даргад удирдамжаа танилцуулж бүтээгдэхүүн хуваах гэрээний асуудлыг судлах хэрэгтэй гэж 04 дүгээр сарын сүүлээр “П.Ч.Д.Т” ХХК-аас гэрээг эхээр нь авах гээд өгөөгүй. Түүнийг авахын тулд газрын тосны газарт албан бичиг өгч, Газрын тосны газраас манайд хариу өгч эхээр нь авч уг гэрээний үндэслэлийг олон улсын гэрээ мөн эсэх талаар Гадаад хэргийн яамны гэрээ эрх зүйн газарт хандсан. Гэрээ эрх зүйн газраас хариу “энэ бүтээгдэхүүн хуваах гэрээ нь олон улсын гэрээ биш юм” гэсэн хариу ирсэн. Үүний дагуу Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар “олон улсын гэрээнд л заагаагүй бол Нийгмийн даатгалын хуулийг дагна” гэсэн үндэслэлээр улсын байцаагчийн актыг тавьсан. Улсын байцаагчийн актыг тавих хөдөлмөрийн хөлсийг яаж тодорхойлсон гэдэг асуудал хүнд байсан. Яагаад гэвэл бол “П.Ч.Д.Т” ХХК нь энэ талаарх баримтуудыг бид нарт “үзүүлэх шаардлагагүй” гээд үзүүлээгүй. Тиймээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүйгээс хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлох боломжгүй болсон ажил олгогчид түүнтэй адилтгах үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа ажил олгогчийн жишгээр шимтгэл оногдуулах" гэж заасны дагуу удирдлагуудад танилцуулсан. Тэгээд Газрын зөвлөлийн хурлаар орж энэ асуудлыг өнөөдрийн байдлаар тооцох юм бол тухайн компанийн төлөх нийгмийн даатгалыг төлөх асуудал хүндрэлтэй байх учраас тухайн үед мөрдөж байсан
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийт ажилчдад акт тавьсан. Энэ хүмүүс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа учраас Монгол Улсын хууль тогтоомжийг дагна гэсний дагуу тавигдсан. Эдгээр хүмүүс буцаагаад нийгмийн даатгалын сангаас ямар нэгэн тусламж, үйлчилгээ авах асуудал нь хуулиар нээлттэй, олгохгүй гэсэн зүйл байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн № 06 дугаар акт -аар нэхэмжлэгч компанид төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл болох 979,130,424 төгрөгийн нөхөн төлбөр, шимтгэлийн дүнгээс 489,565,212 төгрөгийн алданги, нийт 1,468,695,636 төгрөгийн акт тогтоожээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх эсэхтэй маргахгүй, учир нь энэ талаар Улсын Дээд Шүүхээс дүгнэсэн байгаа, харин нэхэмжлэгчээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан ажил олгогч шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан үйлдэл гаргаагүй байхад хариуцагч нар маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хуульд нийцээгүй” гэж тайлбарлажээ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “ажил олгогч шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол нуусан буюу бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, мөн орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан байна.
Түүнчлэн Улсын Дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн № 47 дугаар “нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.9-д “Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогод ногдох шимтгэлийг төлөх үүргээ шимтгэл ногдох орлогоо нуух хэлбэрээр гүйцэтгээгүй, эсхүл бууруулах хэлбэрээр зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна” гэснийг Иргэний
хуулийн 232 дугаар зүйлийн 232.5.-д заасан анзын агуулгаар нуусан буюу бууруулсан орлогод ногдох шимтгэлтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулна гэж ойлгоно” гэж тайлбарлажээ.
Монгол Улсын Засгийн газраас нэхэмжлэгч компанид ажиллах гадаадын иргэдэд дараах байдлаар хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг олгожээ.
Үүнд: 1. 2013 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн № 184 дүгээр тогтоолоор 1369 ажилтан,
2. 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн № 337 дугаар тогтоолоор 40 ажилтан,
3. 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн № 53 дугаар тогтоолоор 1000 ажилтан,
4. 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн № 171 дүгээр тогтоолоор 841 ажилтан,
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Тухайн гадаадын иргэний хилээр нэвтрэх зорилгыг үндэслэн дараахь ангиллын виз олгоно”, 15.1.8-д “HG ангиллын визийг тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах гадаадын иргэнд паспортын төрлийг үл харгалзан” олгохоор заажээ.
Дээрх иргэд нь Монгол Улсад хөдөлмөр эрхлэж байсан болох нь Гадаадын иргэн, харъяатын газрын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн № 02/538 дугаар албан бичиг , түүний хавсралт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн № 10/17 дугаар албан бичиг зэргээр тус тус нотлогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “нийгмийн даатгалд дор дурьдсан ажилтан албан журмаар даатгуулна” гээд мөн уг хэсгийн 2-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгуулага, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгж, гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэжээ.
Хуулийн дээрхи зохицуулалтаас үзвэл Монгол Улсад хөдөлмөр эрхэлсэн л бол албан журмаар даатгуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр хуульчилсан байх тул уг үүргээ биелүүлээгүй хариуцагчийн үйлдлийг Ниймгийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “......шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан” зөрчил гаргасан гэж үзэж улсын байцаагчийн актаар төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна.
Нөгөөтэйгүүр Монгол Улсын Засгийн газраас эрх олгосны дагуу 1995 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Газрын тосны хэрэг эрхлэх байгууллага болон Австрали Улсын “К П” Лтд, Монгол Улсын Ц.ш.О корпораци, С.т. М Инк ХХК-иудын нарын хооронд МАТАД-ХХ, Тамсаг-ХХI талбайд газрын тос олборлох тухай “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” байгуулж, Монгол Улсын Засгийн газар 1996 оны 8 дугаар сарын 09-ний өдөр батламжилж, уг гэрээ 1997 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор баталсан нь үйл баримтаар тогтоогдож байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө”, мөн Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Чөлөөт бүсийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэжээ.
“Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний Аравдугаар зүйлийн 10.4 /i/-д “Гэрээлэгч болон оролцон гүйцэтгэгчийн гадаадын ажиллагсад нь Монгол Улсын Засгийн газраас ногдуулах орлогын татвар, аливаа нийгмийн даатгал болон аливаа улс төрийн байгууллагын татвар, хураамжаас чөлөөлөгдөнө” гэж заасан хэдий ч уг гэрээ нь Олон улсын гэрээ биш болох нь Гадаад хэргийн яамны 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн № 09/2747 дугаар албан бичиг -ээр нотлогдож байна.
Мөн БНХАУ-тай нийгмийн даатгалын асуудлаар ямар нэгэн хэлэлцээр, санамж бичиг байгуулагдаагүй болох нь Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамны 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн № 7/262 тоот албан бичиг -ээр нотлогдож байх тул Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэглэж маргаан бүхий захиргааны актаар төлбөр ногдуулсан хариуцагчийн үйлдлийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасныг тус тус баримтлан “П.Ч.Д.Т.М” ХХК-ний нэхэмжлэлтэй Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчЦ.О, П.Б нарт холбогдох Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн № 06 дугаар актийг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Н.ДУЛАМСҮРЭН
Д.ОЮУМАА