Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2024/0038

 

 

“Х м”  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

   Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад

   холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:    Д.Батбаатар    

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа  

Шүүгчид:                      Х.Батсүрэн                               

                                         П.Соёл-Эрдэнэ                            

Илтгэгч шүүгч:         Г.Банзрагч               

Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа               

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0861 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2024/0052 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э-О, өмгөөлөгч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 001/ШХТ2024/0086 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:                                                              

Нэхэмжлэгч “Х м”  ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/277 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, “Х м”  ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 22/26 дугаар хүсэлтийн дагуу шийдвэр гаргахаас татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 08/2786 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийн дагуу шаардагдах захиргааны акт гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаар тушаалаар “Х м”  ХХК-д  ......  .... дархан цаазат газрын хязгаарлалтын бүс ....... ....... ....... 1.18 га газар ашиглах эрхийг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар, үүнийг үндэслэн газар ашиглах 2015/.... дугаартай гэрчилгээг тус тус олгожээ.

2.2.“Н т” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 0719 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 788 дугаар магадлалаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-222 дугаар тушаалын “Х м”  ХХК-д холбогдох хэсэг, 2015/.... дугаар гэрчилгээг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэр, магадлалыг гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаар тогтоолоор гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

2.3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул “Х м”  ХХК-аас 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 22/26 дугаар албан бичгээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалын дагуу шинээр захиргааны акт гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 08/2786 дугаар албан бичгээр “газрын маргааныг шүүх шийдвэрлэсэн тул яамнаас аливаа шийдвэр гаргах боломжгүй ...” гэх хариу өгсөн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/277 дугаар тушаалаар “Х м” ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаар тушаалын “Х м”  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон байна.

3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

3.1.“... Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 22/26 дугаар албан бичгээр шүүхийн шийдвэр, магадлалыг хэрэгжүүлж талуудын газар ашиглах эрхийн давхцалын асуудлыг шийдвэрлэн шинээр захиргааны акт гаргаж өгөхийг хүссэн боловч шүүхийн шийдвэрийг сайн дураараа хэрэгжүүлэх ажиллагаа хийгээгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газраас 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 08/2786 дугаар албан бичгээр “шүүхийн шийдвэрээр газрын маргааныг шийдвэрлэсэн тул яамнаас аливаа шийдвэр гаргах боломжгүй” гэж татгалзсан хариу өгсөн. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/277 дугаар тушаалаар 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаар тушаалын “Х м”  ХХК-д холбогдох хэсгийг шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсонд тооцсон. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар шүүхээс гаргаж буй шийдвэрийн онцлог нь хариуцагчийг захиргааны акт гаргахдаа бий болгосон мэргэжлийн алдаа, зөрчлийг шүүхээс маргаан шийдвэрлэх явцад шинжлэн судлах боломжгүй тул шийдвэрт заасан хугацаанд засах үүргийг ногдуулж буй онцлогтой.

3.2.Тухайн тохиолдолд шүүх хариуцагч байгууллагыг “Х м” ХХК болон “Н т” ХХК-ийн кадастрын зураглал, байршлын мэдээллийг тус бүрт нь дахин нягталж, хэсэгчилсэн давхцалын асуудал байвал түүнийг шийдвэрлэж шинээр захиргааны акт гаргахыг даалгасан байхад хариуцагч шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулж тус газар ашиглах эрхийн маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэсэн мэтээр хариу өгсөн. Уг маргааныг шүүх эцэслэн шийдвэрлээгүй бөгөөд харин захиргааны байгууллагын шийдвэрийг шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул тухайн захиргааны байгууллагад шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг дахин явуулж мөн хуулийн 42 дугаар зүйлд заасан сонгох боломжийн хүрээнд шийдвэр гаргах боломжийг олгож байгаа шийдвэр байхад хариуцагч байгууллагаас шүүхийн шийдвэрийг анхнаасаа мушгин гуйвуулж тайлбарлан дээрх ажиллагаа явуулахаас үндэслэлгүйгээр татгалзаж, хэрэгжүүлэлгүйгээр “Х м” ХХК-ийн газар ашиглах эрхийг бүхэлд нь хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг зөрчиж, хэт нэг талыг барьж “Н т” ХХК-д үйлчилж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргажээ. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү ...” гэжээ.

4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:

4.1.“... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/277 дугаар тушаалыг бие даасан, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захиргааны акт гэж үзэх боломжгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхийн шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаар тушаалын “Х м” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болсныг хариуцагч нь тушаал гарган албажуулсан. Иймд нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, мөн “Х м” ХХК-аас 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 22/26 дугаар хүсэлт гаргасныг шийдвэрлэж манайхаас 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 08/2786 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн бөгөөд хариуг авснаас хойш Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлэн нэхэмжлэлээ нэмэгдүүлсэн байх тул дээрх хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4.2.Шүүхийн шийдвэрт заасан кадастрын зураг, эргэлтийн цэгүүдийг тодруулж, баримт бичгүүдийг дахин нягтлан шалгах ажиллагааг хийгээгүй... Шүүхээс тогтоосон 6 сарын хугацааг магадлал гарсан өдрөөс тооцсон, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газарт очиж судалгаа хийхээр 6 сарын хугацаанд багтах боломжгүй байсан. Хүсэлт гаргаж, энэ бичгээр болон уг агуулгаар хариу өгсөн талаар маргаагүй. Дахин шинэ акт гаргахаар судалж үзнэ үү гэх агуулгаар хүсэлт гаргасан, манайхаас шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн, энэ татгалзалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг шийдвэрлэхэд гуравдагч этгээдийг татан оролцуулах шаардлагагүй” гэжээ

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0861 дүгээр шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 107 дугаар зүйлийн 107.5, 107.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан “Х м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/277 дугаар тушаалыг хүчингүй болгож, “Х м” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 22/26 дугаар хүсэлтийн дагуу шийдвэр гаргахаас татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 08/2786 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд: 

5.1... Шүүхийн шийдвэрээр түдгэлзсэн захиргааны акт хүчингүй болох үр дагавар 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш үүсэхээр байхад хариуцагч захиргааны байгууллага шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд шийдвэрт заасан ажиллагааг огт хийлгүйгээр, түдгэлзсэн захиргааны акт хүчингүй болох үр дагавар үүсэхээс ч өмнө 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/277 дугаар тушаалаар “Х м”  ХХК-д газар ашиглах эрх олгосон тушаалаа шүүхийн шийдвэр биелүүлж гэх үндэслэлээр хүчингүй болсонд тооцсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, 107.6 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэснээр хууль бус, “Х м”  ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль бусаар халдсан ажиллагаа болсон байна.

5.2.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч захиргааны байгууллагын шинжлэн судалж тогтоох нөхцөл байдлыг тодорхой зааж, эдгээр ажиллагааг хийж, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоосны эцэст хуулийн этгээдүүдийн хэн алиных нь газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргах замаар маргааныг нэг мөр шийдвэрлэх үүргийг хариуцагчид хүлээлгэсэн, өөрөөр хэлбэл “Х м”  ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлах байдлаар газрын маргааныг шүүх шийдвэрлээгүй. Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь “Х м”  ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 22/26 дугаар “шүүхийн шийдвэрт заасан шаардагдах захиргааны акт гаргуулах” хүсэлтэд шүүх маргааныг шийдвэрлэсэн гэж татгалзсан нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй. Хариуцагчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаа тогтоосон мэдэгдэл хүргүүлсээр байхад шүүхийн шийдвэрт заасан нөхцөл байдлыг шинжлэн тогтоох ажиллагааг огт хийгээгүй, шаардагдах захиргааны актыг гаргаагүй нь мөн хууль бус, шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх зарчмыг зөрчсөн байх тул маргааныг шүүх шийдвэрлэсэн гэх үндэслэлгүй татгалзлыг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

5.3.Маргаан бүхий 2023 оны А/277 дугаар тушаал өөр иргэн, хуулийн этгээдэд сөрөг болон эерэг үйлчлэл үзүүлээгүй, өөр этгээдэд хаяглагдаагүй, түүнчлэн нэхэмжлэгч компанийн гаргасан шүүхийн шийдвэрт заагдсан захиргааны акт гаргах ажиллагааг хийлгэх хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан хариуг хууль бус гэж маргаж, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах шаардлагын хувьд шууд эрх нь хөндөгдөх этгээд байхгүй, энэ хэрэгт “Н т” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагагүй ...” гэх зэргээр дүгнэжээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2024/0052 дугаар магадлалаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “Х м”  ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/277 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, “Х м”  ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 22/26 дугаар хүсэлтийн дагуу шийдвэр гаргахаас татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 08/2786 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийн дагуу шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн байна. Үүнд:

6.1.”Х м”  ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэр нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 0719 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 788 дугаар магадлалыг биелүүлэх үүргийг хариуцагчид хүлээлгэхээс бус хэргийн үйл баримтын хүрээнд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх 1.18 га газар ашиглах эрхийг шууд сэргээх үр дагаврыг үүсгэхгүй тул нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар маргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/277 дугаар тушаал нь захиргааны актын тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан байх шинжийг агуулаагүй гэж үзнэ.

6.2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаар тушаалын “Х м” ХХК-д холбогдох хэсэг нэгэнт хүчингүй болсон эрх зүйн үр дагавар үүссэн нөхцөлд шүүхээс үйлчлэлийг нь зогсоох, эсхүл өмнө шийдвэрлэсэн тухайн актад чиглэсэн шийдвэрийг дахин гаргах үндэслэлгүй. “Х м” ХХК нь ... хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлсэнгүй, газар ашиглах эрхийг хүчингүй болгож, манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан гэх зэргээр шаардлагын үндэслэлийг тайлбарлаж буй энэ тохиолдолд хариуцагч шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг явуулах үүргээ хэрэгжүүлэхгүйгээр, захиргааны актыг шинээр гаргахгүй гэдгээ албан бичгээр илэрхийлж, улмаар шүүхээс тогтоосон хугацаа дуусахаас өмнө 2015 оны А-222 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсон шийдвэр гаргасан нь тодорхой нэг тохиолдлыг тухайлан зохицуулсан агуулгагүй, харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар захиргааны акт хүчингүй болсонтой адил агуулгатай байхад анхан шатны шүүхээс “Х м” ХХК-ийн газар ашиглах эрхийг хөндсөн, шинэ захиргааны акт гэж үзсэн нь буруу.

6.3.Мөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй буюу түүний дагуу аливаа шийдвэр гаргах боломжгүй гэх хариуцагчийн албан бичиг, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй эс үйлдэхүй нь бие даасан захиргааны актын шинжийг агуулахгүй. Энэ тохиолдолд “Х м”  ХХК-ийн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр байтал нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ...” гэжээ.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э-О, өмгөөлөгч Ш.А нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хяналтын гомдол гаргаж байна.

7.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэлээр:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 861 дүгээр шийдвэр

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 52 дугаар магадлал

 

 

 

 

 

 

 

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-ийг тайлбарлан хэрэглэхэд гарсан зөрүүний талаар

-Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсгийн 2-т “Дээр дүгнэснээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч захиргааны байгууллагын шинжлэн судалж тогтоох нөхцөл байдлыг тодорхой зааж, эдгээр ажиллагааг хийж, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоосны эцэст хуулийн этгээдүүдийн хэн алиных нь газар ашиглах эрх болон хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр хуульд нийцүүлж дахин шинэ акт гаргах замаар маргааныг нэг мөр шийдвэрлэх үүргийг хариуцагчид хүлээлгэсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлах байдлаар газрын маргааныг шүүх шийдвэрлээгүй.

Гэтэл   хариуцагч    захиргааны байгууллага нь “Х м” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “шүүхийн шийдвэрт заасан шаардагдах захиргааны акт гаргуулах” хүсэлтэд “шүүх маргааныг шийдвэрлэсэн” гэж татгалзсан нь үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байна.

-Давж заалдах шатны шүүхийн магадлалын  Хянавал хэсгийн 3-т “Энэ шийдвэрийн агуулга нь хариуцагчид боломж олгож, дахин акт гаргах хугацаа хэтэрвэл захиргааны акт хүчингүй болох үр дагавартайг илэрхийлнэ”

-Мөн 6-д “дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэр нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0719 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 788 дугаар магадлалыг биелүүлэх үүргийг хариуцагчид хүлээлгэхээс бус хэргийн үйл баримтын хүрээнд “Х м” ХХК-ийн зөрчигдсөн гэх 1.18 га газар ашиглах эрхийг шууд сэргээх үр дагаврыг үүсгэхгүй.

-12-т “Захиргааны хэргийн шүүхээс шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой ажиллагаа нь дээрх хэлбэрээр тодорхойлогдохоос бус Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/222 дугаар тушаалын “Х м”  ХХК-д холбогдох хэсэг нэгэнт хүчингүй болсон эрх зүйн үр дагавар үүссэн нөхцөлд шүүхээс үйлчлэлийг нь зогсоох, эсхүл өмнө шийдвэрлэсэн тухайн актад чиглэсэн шийдвэрийг дахин гаргах үндэслэлгүй” ...

 

Дээрх дүгнэлтээр шүүхүүдийн хуулийг тайлбарлаж буй байр суурь

-Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 нь шүүхээс тогтоосон хугацааны дотор бодит нөхцөл байдлыг тогтоох дахин ажиллагаа хийх үр дагавартай гэж тайлбарласан.

-Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 нь хариуцагч байгууллагад ямар нэгэн үүрэг, үр дагавар хүлээлгэхгүй бөгөөд хугацаа хэтэрснээр түдгэлзсэн акт хүчингүй болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 болон 37.2-т заасныг тайлбарласан талаар

-Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсгийн 3-т “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтаар шаардагдах захиргааны акт гаргах шүүхээс тогтоосон хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тооцох бөгөөд шийдвэр, магадлалыг хяналтын журмаар хянан хэлэлцэхээс татгалзсан Улсын дээд шүүхийн тогтоол 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гарсан байх тул энэ хугацаанаас 6 сарын дотор захиргааны байгууллага шүүхийн шийдвэрт заасан нөхцөл байдлыг шинжлэн судалж тогтоох ажиллагааг дахин хийж, шаардагдах захиргааны актыг гаргах үүрэг хүлээсэн, өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасан шүүхийн шийдвэрээр түдгэлзсэн захиргааны акт хүчингүй болох үр дагавар 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш үүсэхээр байна.

-Гэтэл хариуцагч захиргааны байгууллага шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд шийдвэрт заасан ажиллагааг огт хийлгүйгээр, түдгэлзсэн захиргааны акт хүчингүй болох үр дагавар үүсэхээс ч өмнө 2023 оны А/277 дугаар тушаалаар “Х м” ХХК-д газар ашиглах эрх олгосон тушаалаа “шүүхийн шийдвэр биелүүлж” гэх үндэслэлээр хүчингүй болсонд тооцсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь хууль бус, “Х м” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль бусаар халдсан ажиллагаа болжээ.

-Магадлалын Хянавал хэсгийн 8-д “Иймд “X м” ХХК-аас хүчингүй болгуулахаар маргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны  А/277 дугаар тушаал нь захиргааны актын тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан байх шинжийг агуулаагүй гэж үзнэ”.

-9-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан гаргах шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь үндсэндээ тогтоогдсон байх ч шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн буюу шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байгаа тохиолдолд маргааны үйл баримтад голлох ач холбогдолтой нөхцөл байдлыг зайлшгүй тодруулах боломжийг хариуцагчид олгосон ба тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүйн улмаас (түдгэлзүүлсэн) маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох эрх зүйн үр дагавартай болохыг тодорхойлсон,завсрын шинжтэй шийдэл байдаг гэжээ.

 

Шүүхүүдийн хуулийг тайлбарлаж буй байр суурь

 

-Шүүхээс тогтоосон 6 сарын дотор татгалзсан болон хүчингүй болгох шинэ шийдвэр гаргавал тус шийдвэрүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 болон 37.2-т заасан захиргааны акт мөн.

 

-Шүүхээс тогтоосон 6 сарын дотор татгалзсан, хүчингүй болгох шинэ шийдвэр гаргавал тус шийдвэрүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 болон 37.2-т заасан захиргааны акт биш.

 

7.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т заасан “Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 52 дугаар магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг хэрэглэн шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн 2006 оны 37 дугаар тогтоолын 20-д “Хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д заасан “... хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлэх” ажиллагааг хариуцагч өөрөө маргаан бүхий захиргааны актыг алдаатай гарсныг хүлээн зөвшөөрч, нөхцөл байдлыг шалган тогтоож, шинээр захиргааны акт гаргах боломжтой гэж үзсэн тохиолдолд хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд шүүх маргаан бүхий захиргааны актын хэрэгжилтийг түдгэлзүүлэх бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтнаас “... шинээр гаргасан захиргааны актад хуульд заасан ердийн журмаар гомдол гаргаж болно” гэж тайлбарласнаас зөрүүтэй хэрэглэсэн ...

7.3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан “Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлээр: “... Тогтоосон хугацаа дотор нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож, эрхийг зөрчсөн захиргааны акттай нэхэмжлэгч маргах эрхгүй хэмээн дүгнэж нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан нь захиргааны хэргийн шүүх өөрийн шийдвэрийн зорилго үр нөлөөг үгүйсгээд зогсохгүй цаашлаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан шүүхийнхээ зорилгоос урвасан шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс гаргасан. “Х м” ХХК-ийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн зөрүүтэй байдлаар зогсохгүй захиргааны хэргийн шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар гаргасан шийдвэр, эс үйлдэхүйн талаар янз бүрийн үл ойлгогдом эсрэг тэсрэг шийдвэрүүд гарч байгаа нь шүүхэд итгэх иргэдийн итгэлд хор хохиролтой юм. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т заасан чиг үүргийн дагуу тус асуудлаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор гомдлыг хүлээн авч эрх зүйн тайлбар хийсэн жишиг тогтоож өгнө үү” гэжээ.

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүх хуралдаанд “нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбарыг өгөв.

ХЯНАВАЛ:

9.Нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

10.Давж заалдах шатны шүүх маргаан бүхий актын үндсэн шинжийн талаар буруу дүгнэлт хийж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

11.Хэргийн үйл баримтаас үзвэл, “Н т” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0719 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 788 дугаар магадлалаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаар тушаалын “Х м” ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэснийг хэргийн оролцогчоос эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 80 дугаар тогтоолоор шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. Эдгээр шүүхийн шийдвэрээр ““Н т” ХХК болон “Х м” ХХК-д газар ашиглах эрх олгосон газрын байршил, хэмжээ, хил зааг, тэдгээр нь хэрхэн өөрчлөгдсөн талаарх нөхцөл байдлыг шинжлэн судалж тогтоон хуулийн этгээдүүдийн хэн алиных нь эрх, ашиг сонирхлыг хөндөхгүйгээр хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргах замаар маргааныг нэг мөр шийдвэрлэх нь” зүйтэй гэж дүгнэсэн байна. Гэвч хариуцагч энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул нэхэмжлэгч “Х м” ХХК-аас “шүүхийн шийдвэрийн дагуу шинэ захиргааны акт гаргуулах”-аар хүсэлт гаргахад, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 08/2786 дугаар албан бичгээр “газрын маргааныг шүүх шийдвэрлэсэн тул яамнаас аливаа шийдвэр гаргах боломжгүй ...” гэсэн хариу өгсөн, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/277 дугаар тушаалаар “Х м”  ХХК-д газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-222 дугаар тушаалын “Х м”  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцжээ.

12.Дээрх захиргааны шийдвэрүүдийн талаар давж заалдах шатны шүүх “... Шүүхийн шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-222 дугаар тушаалын “Х м” ХХК-д холбогдох хэсэг нэгэнт хүчингүй болсон эрх зүйн үр дагавар үүссэн нөхцөлд шүүхээс үйлчлэлийг нь зогсоох, эсхүл өмнө шийдвэрлэсэн тухайн актад чиглэсэн шийдвэрийг дахин гаргах үндэслэлгүй. “Х м” ХХК нь ... хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлсэнгүй, газар ашиглах эрхийг хүчингүй болгож, манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан гэх зэргээр тайлбарлаж буй энэ тохиолдолд хариуцагч шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг явуулах үүргээ хэрэгжүүлэхгүйгээр, захиргааны актыг шинээр гаргахгүй гэдгээ албан бичгээр илэрхийлж, улмаар шүүхээс тогтоосон хугацаа дуусахаас өмнө 2015 оны А-222 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсон шийдвэр гаргасан нь тодорхой нэг тохиолдлыг тухайлан зохицуулсан агуулгагүй, харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар захиргааны акт хүчингүй болсонтой адил агуулгатай байхад анхан шатны шүүхээс “Х м” ХХК-ийн газар ашиглах эрхийг хөндсөн, шинэ захиргааны акт гэж үзсэн нь буруу. Мөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй буюу түүний дагуу аливаа шийдвэр гаргах боломжгүй гэх хариуцагчийн албан бичиг, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй эс үйлдэхүй нь бие даасан захиргааны актын шинжийг агуулахгүй ...” гэж дүгнэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

13.Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсгийн 9-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан гаргах шийдвэр нь ... тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүйн улмаас (түдгэлзүүлсэн) маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох эрх зүйн үр дагавартай болохыг тодорхойлсон, завсрын шинжтэй шийдэл байдаг” гэсэн дүгнэлт үндэслэлтэй хэдий ч, энэ нь захиргаанаас шүүхийн шийдвэрийн дагуу дахин акт гаргасныг, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүйг “захиргааны акт биш” гэж дүгнэх үндэслэл болохгүй юм. Учир нь шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлсэн захиргааны актыг хариуцагч дахин гаргаагүй тохиолдолд маргаан бүхий актын эрх зүйн үйлчлэл дуусгавар болсноор буюу хүчингүй болсноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хангагдах хэдий ч, магадгүй захиргаанаас шүүхийн шийдвэрт заасан хугацаанд, эсхүл түүнээс хойш, шийдвэрт заасан ажиллагааг хэрэгжүүлэн дахин нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн буюу хүчингүй болгосон шийдвэр гаргах тохиолдолд энэ нь шинэ захиргааны актад тооцогдох бөгөөд энэ талаар нэхэмжлэгч дахин маргах эрхтэй. Үүний нэгэн адил захиргаа шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлсэн актыг дахин гаргаагүй, эсхүл гаргасны улмаас нэхэмжлэгчийн нэгэн адил хэргийн оролцогч болох гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн тохиолдолд маргах эрхтэй, өөрөөр хэлбэл тухайн захиргааны үйлдэл, эс үйлдэхүй нь эрх зүйн үр дагавар бүхий захиргааны акт болно.

14.Иймд “... Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч захиргааны байгууллагын шинжлэн судалж тогтоох нөхцөл байдлыг тодорхой зааж, эдгээр ажиллагааг хийж, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоосны эцэст хуулийн этгээдүүдийн хэн алиных нь газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргах замаар маргааныг нэг мөр шийдвэрлэх үүргийг хариуцагчид хүлээлгэсэн, өөрөөр хэлбэл “Х м” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлах байдлаар газрын маргааныг шүүх шийдвэрлээгүй. Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь “Х м” ХХК-ийн ... хүсэлтэд шүүх маргааныг шийдвэрлэсэн гэж татгалзсан нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй. Хариуцагчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаа тогтоосон мэдэгдэл хүргүүлсээр байхад шүүхийн шийдвэрт заасан нөхцөл байдлыг шинжлэн тогтоох ажиллагааг огт хийгээгүй, шаардагдах захиргааны актыг гаргаагүй нь хууль бус, шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх зарчмыг зөрчсөн байх тул “маргааныг шүүх шийдвэрлэсэн” гэх хариуцагчийн үндэслэлгүй татгалзлыг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй ...” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

15.Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” гэх 2023 оны А/277 дугаар тушаалаар мөн сайдын 2015 оны А-222 дугаар тушаалын “Х м” ХХК-д холбогдох хэсгийг “шүүхийн шийдвэрийн дагуу” хүчингүй болсонд тооцсон тушаал нь холбогдох шүүхийн шийдвэрийг биелүүлэх биш, харин зөрчсөн агуулгатай, үүний улмаас тухайн хэргийн гуравдагч этгээд буюу энэ хэргийн нэхэмжлэгч “Х м” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хууль бус захиргааны акт гэж дүгнэн, хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв юм. Давж заалдах шатны шүүх уг тушаалыг “бие даасан эрх зүйн шууд үр дагаваргүй тул захиргааны акт биш” гэж дүгнэсэн нь буруу болжээ. 

16.Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэлээр гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 221/МА2024/0052 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0861 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

          

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.БАТБААТАР

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Д.МӨНХТУЯА

          ШҮҮГЧИД                                                         Х.БАТСҮРЭН

                                                                                                 П.СОЁЛ-ЭРДЭНЭ  

                                                                                                                Г.БАНЗРАГЧ