Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2022/0975/З |
Дугаар | 001/ХТ2024/0037 |
Огноо | 2024-04-08 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2024/0037
“Э Т Э Э Д м г” ХХК-ийн йнэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын
хэлтсийн татварын улсын байцаагч нарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2023/0766 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2024/36 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Б.О, Д.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О, Д.А нарын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах,
1.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “Актын 1, 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан.
Хэргийн нөхцөл байдал:
2.Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О, Д.А нараас 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар нөхөн ногдуулалтын актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1, 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгийг үндэслэн 249,996,863.49 төгрөгийн нөхөн татвар, 75,181,207.78 төгрөгийн торгууль, 49,173,400.61 төгрөгийн алданги, нийт 374,351,471.88 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.
2.1.Актын тэмдэглэх нь хэсгийн 1-т 2019 онд 595,095,000.00 төгрөгийн эрх борлуулсны орлогод татвар ногдуулан суутгаж тайлагнаагүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 он/ хуулийн 8 дугаар зүйл “Үйл ажиллагааны орлого”, 8.2 “Эрх борлуулсны орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад төлбөртэй шилжүүлснээс орсон орлогыг хамааруулна” гэж заасныг, 2-т 2019 онд 595,095,000.00 төгрөгийн эрх борлуулсны орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд тусгаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2005 он/ 7 дугаар зүйл “Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ”, 7.1 “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.2 “Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-т нэгэн адил хамааруулна”, 7.2.1 “эрх борлуулах” гэж заасныг тус тус зөрчсөн гэжээ.
3.Нэхэмжлэгчээс “... Татварын байцаагч нар гэрээний тал суутган төсөвт төлөх үүрэг бүхий этгээдийн зөв тодорхойлж чадаагүй” гэж,
4.Хариуцагчаас “... нэхэмжлэгч 2019 онд эрх борлуулсны орлогод татвар ногдуулан суутгаж, тайлагнаагүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 8 дугаар зүйлийн 8.2, 17 дугаар зүйлийн 17.2.7, 21 дүгээр зүйлийн 21.5-д заасныг зөрчсөн гэж хариуцлага ногдуулсан ” гэж маргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2023/0766 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 29 дүгээр зүйлийн 29.1.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 8 дугаар зүйлийн 8.2, 15 дугаар зүйлийн 15.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1, 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2024/36 дугаар магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2023/0766 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
7.1.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах: Маргаан бүхий захиргааны актын тэмдэглэх хэсгийн 1, 2 дахь заалтаас харахад хариуцагч нар нь нэхэмжлэгчийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай 2006 оны хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад шилжүүлснээс олсон орлого” гэж заасны дагуу “эрх борлуулж” орлого олсон боловч тайлагнаагүй гэж буруутгасан. Ийнхүү буруутгахдаа маргаан бүхий захиргааны актад “суутгагч” хэмээх ойлголтын холбогдох хуулийн зохицуулалтыг огт ишлээгүй. Гэтэл хариуцагч нар анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийг “эрх борлуулж орлого олсон этгээд” бус харин эрх борлуулж орлого олсон этгээд болох С.О-д орлого оруулахдаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай 2006 оны хуулийн дагуу “суутгагч”-ийн үүргийг биелүүлж, татварыг суутган төсөвт төлөөгүй гэж буруутгаж, тайлбар хэлж мэтгэлцсэн болно.
7.2.Шүүх “Э Т Э Э Д м г” ХХК-ийг суутган төлөгч гэж үзэж байгаа бол “Э Т Э Э Д м г” ХХК-аас орлого олсон этгээдийг аж ахуйн нэгж гэж тогтоосон тохиолдолд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай 2006 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “суутгагч” гэж үзэж хуулийг хэрэглэх нь үндэслэлтэй юм.
7.3.Гэтэл анхан шатны шүүх “эрх шилжүүлсэн хувьцаа худалдсан гэрээний төлбөр нь “Э Т Э Э Д м г” ХХК-ийн дансанд хийгдэж, уг данснаас С.О-ийн данс руу шилжсэн нь Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар нотлогддог бөгөөд хэргийн оролцогч нар энэ үйл баримтгай маргаагүй” гэж дүгнэж нэхэмжлэгчийг эрх борлуулагч биш, харин эрхээ борлуулсан С.О-д орлого оруулж, зардал гаргасан этгээд гэж үзсэн атлаа ямар үндэслэлээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.1, 5.2.2, 5.2.3, 7 дугаар зүйлийн 7.2, 7.2.1, 7.3, 7.3.1, 7.3.2-т заасныг тус тус үгүйсгэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу эрх борлуулсан гэсэн зохицуулалтад хамаарах С.О-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар суутгаж төсөвт төлөх үүргийг “Э Т Э Э Д м г” ХХК хариуцах ёстой гэж шийдвэрлээд байгаа нь ойлгомжгүй байна.
7.4.Анхан шатны шүүх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай 2006 оны хуулиар “Э Т Э Э Д м г” ХХК-ийг "суутгагч" гэж үзсэн бол орлого олж буй этгээд нь бараа, ажил, үйлчилгээний борлуулалтаасаа нэмэгдсэн өртгийн албан татвар суутгаж төсөвт төлөх үүрэгтэй гэснийг анхаарсангүй.
7.5.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг эрх борлуулсан этгээд бус харин эрх борлуулсан этгээдэд орлого оруулсан этгээд гэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай 2006 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6. “суутгагч” мөн хэмээн үзсэн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэсэн боловч шийдвэрээс нь тэс өөрөөр буюу нэхэмжлэгчийг “эрх борлуулсан этгээд” буюу хувьцаагаа бусдад худалдах журмаар эрх борлуулсан этгээд гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн дүгнэлт хийв. Хэдийгээр анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нэг шийдэлтэй боловч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 он/ хууль хэрэглээний зөрүү нь тэнгэр, газар шиг ялгаатай болов.
7.6.Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг ямар үндэслэлээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг, 4.1.2-т “бараа” гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн хөрөнгийг гэж заасан зохицуулалтад хамаарч эрхээ бусдын өмчлөлд шилжүүлсэн талаарх дүгнэлт өгсөнгүй.
7.7.Магадлалын хянавал хэсгийн 2.11-т “Иймээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 8.2.1 эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад шилжүүлэх замаар эрх борлуулсан байгаа энэ тохиолдолд мөн хуулийн 8.2.2-т “хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлогод татвар ногдуулна” гэж заасантай адилтган үзэж эрх эзэмшигч нэхэмжлэгч компанид татвар ногдуулсныг буруутгах боломжгүй” гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хуулийг адилтган хэрэглэх зарчим байхгүй, харин төсөөтэй хэрэглэнэ гэсэн зарчим байдаг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 8.2.2-т “хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлогод татвар ногдуулна” гэх газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой тусгай харилцааг зохицуулсан хэм хэмжээг төсөөтэй байдлаар бусад хэм хэмжээнд адилтган хэрэглэхгүй.
7.8.Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн: Татварын эрх зүйн харилцаа ямар субъектуудын хооронд үүсэж, харилцаанд юу өртөөд байгаа юм, энэхүү субъектүүд юуг өгч, аваад, хэн /юу/ хэрхэн орлого олсон юм. Өөрөөр хэлбэл, хэн орлого олоод, хэнээс зардал гараад байгаа юм, орлого, зардал гарсантай холбоотой татварын хууль тогтоомжоор талуудын эдлэх эрх, үүргийг зайлшгүй зөв, эргэлзээгүй тодорхойлох ёстой.
7.9.Хариуцагч нар нь “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-г татан авч анхан шатны баримтаар үнэлсэн боловч гэрээний тал болон суутган төсөвт төлөх үүрэг бүхий этгээдийг зөв тодорхойлж чадаагүй, эрх зүйн онол, /эрүүгийн эрх зүй/ сургаалд байдаг гэм буруугийн андуурал хэмээх ойлголтод хамаардаг “объектын андуурал” гаргаж, татвар суутган төлөх үүрэггүй этгээдээр суутган төлүүлэхийг шаардсан байна. Хариуцагч болон шүүхүүдийн татварын эрх зүйн харилцааны бүтэц болох субъект, объект, агуулгыг зөв тодорхойлж чадахгүй байгаад тодорхой хариулт болсон тогтоолыг Монгол Улсын дээд шүүх гаргасан байдаг.
7.10.Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 61 дүгээр тогтоолд оруулсан “... Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар “орлого олсон тохиолдолд татвар төлөх үүрэг үүсэх” бөгөөд бусдад орлого шилжүүлж буй этгээд нь орлого олж буй этгээдийн төлбөл зохих татварыг суутган авч төсөвт төлөх үүрэгтэй байна. Энэ тохиолдолд, “ИГЦ” ХХК нь өөрөө ямар нэг орлого олоогүй, бусдад ямар нэг орлого шилжүүлээгүй, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний оролцогч биш байх тул татвар суутган төлөх үүрэг үүсээгүй буюу татвар суутган төлөгч биш байна. Өөрөөр хэлбэл, хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр “ИГЦ” ХХК-ийн 100 хувийн хувьцааг зарж орлого олсон тал нь иргэн С, Ч нар, худалдан авсан тал буюу тэдэнд орлого шилжүүлсэн этгээд нь иргэн Б болох нь тодорхой байхад “ИГЦ” ХХК-ийг татвар суутган төлөх үүрэгтэй гэж үзэхгүй, шүүхүүд энэ талаар буруу дүгнэлт хийсэн гэж дүгнэж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав” гэсэн байна.
7.11.Бидний маргаад байгаа гол зүйл ердөө л энэ гэрээний тал биш, орлого олсон этгээд биш байхад татварын суутган төлөгчийн үүрэг үүсэхгүй хэмээн маргасан.
7.12.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсгийн 2.13-т “... тус хуулийн өөрчлөлтөөс өмнөх үйл баримтыг дүгнэсэн шүүхийн шийдвэрийг энэ хэрэгтэй адилтган тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй” гэснийг эс зөвшөөрч байна. Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 61 дүгээр тогтоол нь манай тохиолдлоос өмнөх харилцаанд хамаарах хэдий ч татварын эрх зүйн харилцааг зөв тодорхойлох /субъект, объект болон агуулгыг/ талаар түлхүүр, жишиг болсон шийдвэр байна гэж ойлгож байна.
7.13.“Х” ХХК, “С” ХХК нь хувь хүн С.О-д олгосон орлого шилжүүлэхдээ суутгагчийн үүргээ биелүүлж, татвар суутгасан дүнгээр буюу 484,000,000 төгрөгийг шилжүүлснийг шүүх анхаарч үзэлгүй, татварыг давхардуулан ногдуулах гэж байна.
Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
9.Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
10.Нэхэмжлэгч “Э Т Э Э Д м г” ХХК нь *** дугаар Арилжааны телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг эзэмшдэг.
11.Нэхэмжлэгч “Э Т Э Э Д м г” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч С.О нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Х” ХХК-тай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулан өөрийн эзэмшлийн 51 хувийн хувьцааг 400,095,000 төгрөгөөр, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “С” ХХК-тай “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулан өөрийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг 195,000,000 төгрөгөөр тус тус худалджээ.
12.Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нар “Э Т Э Э Д м г” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар нөхөн ногдуулалтын актыг ногдуулсан байна.
13.Тус татварын нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх 1, 2 дахь хэсгээр “Э Т Э Э Д м г” ХХК дээр дурдсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-ний үнийн дүн болох нийт 595,000,000 төгрөгийн эрх борлуулсны орлогод татвар ногдуулан суутгаж тайлагнаагүйг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (2006)-ийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь “Эрх борлуулсны орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад төлбөртэй шилжүүлснээс олсон орлогыг хамааруулна”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1 дэх “эрх борлуулах” заалтыг зөрчсөн зөрчилд тооцжээ.
Энэхүү хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:
-Хувьцаа худалдах худалдан авах, эрх шилжүүлэх гэрээгээр компанийн хувьцаа шилжиж буй тохиолдолд тухайн компанийг өөрийг нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (2006)-д заасан эрх борлуулсны орлогын албан татвар болон Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр тодорхойлох үндэслэлтэй эсэх тухай байна.
Хууль хэрэглээний хувьд:
14.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (2006)-ийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т зааснаар “эрх борлуулсны орлого”-д албан татвар ногдуулах бөгөөд 8 дугаар зүйлийн 8.2.1-д “эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад шилжүүлснээс олсон орлого”-ыг, 8 дугаар зүйлийн 8.2.2-т “хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлого”-ыг эрх борлуулсны орлогод хамааруулахаар хуульчилжээ.
15.Хувьцаа худалдах худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг дээрх зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд буюу 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тус тус байгуулсан байна.
16.Маргаан бүхий татварын актад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (2006)-ийн 8 дугаар зүйлийн 8.2.1 дэх заалтын хүрээнд арилжааны телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлснээс олсон орлого эсхүл мөн зүйлийн 8.2.2 дахь заалтын хүрээнд хувьцааг бусдад шилжүүлснээс олсон орлогын алинд албан татвар ногдуулсан эсэх нь тодорхойгүй байгаагаас үүдэн орлого олсон этгээдийг буруу тодорхойлжээ. Энэ хүрээнд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.
17.Хэдийгээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (2006)-д заасан “эрх борлуулсны орлого”-ын татварын зохицуулалтад нэмэлт, өөрчлөлт орсон боловч өмнөх 8 дугаар зүйлийн 8.2-т байсан агуулга шинээр 8.2.2 дахь заалтад хуульчлагдсан байна.
18.Үүнээс үзвэл, хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ нь шууд бус аргаар Арилжааны телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн агуулгатай байх тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-ийн “хуульд заасан хэлбэрээр бусдад шилжүүлснээс олсон орлого” гэх урьдчилсан нөхцөлд хамаарна гэж үзэх боломжтой хэдий ч татварын улсын байцаагч нар тухайн орлого олсон этгээдийг буруу тодорхойлж зөрчил үйлдэгдсэн цаг хугацаанд үйлчилж байсан хуулийг зөв хэрэглээгүй учраас шүүх энэхүү ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй.
19.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 61 дүгээр тогтоолд “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, эсхүл Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн аль нь хэрэглэгдэхийг тодорхой болгох, орлого олсон этгээдийг татварын хяналт шалгалтын ажиллагаанд холбогдогчоор татан оролцуулж, татварыг давхардуулахгүйгээр, олсон орлогод нэг удаа татвар төлөх зарчмыг хэрэгжүүлж, актыг дахин үйлдэх шаардлагатай” гэж дүгнэсэн нь энэ маргаанд нэгэн адил хамааралтай байна. Энэхүү маргааны ач холбогдол бүхий үйл баримт нь дээрх Улсын дээд шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 61 дүгээр тогтоолтой төсөөтэй байхад давж заалдах шатны шүүх “тус хуулийн өөрчлөлтөөс өмнөх үйл баримтын дүгнэсэн шүүхийн шийдвэрийг энэ хэрэгтэй адилтган тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй” гэх үндэслэлээр Улсын дээд шүүхийн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоосон тогтоолыг адилтган хэрэглэхээс татгалзсан нь үндэслэл муутай болжээ.
20.Иймд, хувьцаа худалдах худалдан авах, эрх шилжүүлэх гэрээний дагуу төлсөн орлогын татварыг үнэн зөв тооцож, холбогдох хуулийн хүрээнд тухайн албан татвар ногдох орлого олсон этгээдийг дахин тодруулах ажиллагаа явуулах нь зүйтэй байх тул маргаан бүхий актыг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2023/0766 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2024/36 дугаар магадлалын Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (2006)-ийн 8 дугаар зүйлийн 8.2.1-т заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх нь хэсгийн 1, 2 дахь заалтыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, Тогтоох хэсэгт “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол уг акт хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
М.БАТСУУРЬ
Ц.ЦОГТ