| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 148/2023/00017/и |
| Дугаар | 209/МА2024/00090 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 209/МА2024/00090
"*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 148/ШШ2024/00331 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч "*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч "*******" ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “1,192,030,216.01 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
"*******" ХХК-ийн 2021 оны 9-11 дүгээр саруудад нийлүүлсэн 1,137,461,000 төгрөгийн 1,749,940 тн улаан буудайг буцаан гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай,
Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нар /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нар /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:
1.а. ..."*******" ХХК нь "*******" ХХК-тай 2021 онд хамтын ажиллагааны хэлбэрийг хэлэлцээд, тариалалтын үйл ажиллагаанд нь шаардлагатай байгаа бараа бүтээгдэхүүнийг зээлээр урьдчилан шилжүүлж нийлүүлэх, "*******" ХХК нь манай компанид 2021 онд тариалсан чанарын стандартад тэнцэх хүнсний улаан буудай нийлүүлэх, харилцан нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийн тооцоог нийлэх, төлбөрийг харилцан барагдуулах нөхцөлүүдийг тус тус тохиролцсон.
Дээрх тохиролцооны дагуу "*******" ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрүүдэд нийт 765,138,950 төгрөгийн нийлмэл бордоо, тэжээлийн хивэг, үрийн буудай, түлш, хүнс зэрэг бараа материал, бүтээгдэхүүн шилжүүлэн өгсөн бөгөөд "*******" ХХК нь 2021 оны 09-11 дүгээр саруудад нийт дүнгээрээ 1,749,940 тонн үр тариа нийлүүлсэн болно.
"*******" ХХК-ийн 1-4 дүгээр ангилалд тэнцэнэ гэж нийлүүлсэн 1,749,940 тонн улаан буудайг лабораторийн шинжилгээнд оруулж тоо хэмжээ, төрөл чанар стандартыг тогтооход 2-4 дүгээр ангилалд тэнцэх буудай 493,680 кг, овьёос 238,820 кг, тэжээлийн ангилалд тэнцэх буудай 1,017,440 кг болсон.
"Ургац Хүдэр" ХХК-ийн нийлүүлсэн улаан буудайны зарим хэсэг нь хүнсний чанарын стандартыг хангахгүй байгаагаас шалтгаалан талуудын хооронд маргаан үүссэн. Манай компанийн зүгээс маргааныг эвийн журмаар харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэх зорилгоор удаа дараа санал тавьсан боловч "*******" ХХК нь нийлүүлсэн үр тарианыхаа чанар, үнэлгээний талаар тохиролцохгүй, харин нийлүүлсэн улаан буудайгаа биетээр нь буцаан авна гэдэг санал гаргасан атлаа манай компаниас гэрээний үндсэн дээр хүлээн авсан бараа бүтээгдэхүүний үнийг төлөхөөс татгалзсан тул манай компанийн зүгээс урьдчилан төлсөн бараа, бүтээгдэхүүнийхээ үнэ болох нийт 765,138,950 төгрөгийг "*******" ХХК-ийн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, чанарын шаардлагад тэнцэхгүй буудай нийлүүлснээс шууд шалтгаалан манай компанид учруулсан эд хөрөнгийн алдагдал буюу хохиролд 150,661,339 төгрөгийн төлбөр, бүгд 916,266,212 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан.
Шилжүүлж авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг барагдуулаагүй тул дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:
а. "*******" ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрүүдэд шилжүүлэн өгсөн нийлмэл бордоо, тэжээлийн хивэг, үрийн буудай, түлш, хүнс зэрэг бараа, материал, бүтээгдэхүүний үнэ 765,138,950 төгрөг,
б."*******" ХХК-ийн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй чанарын шаардлагад тэнцэхгүй буудайны ачилт буулгалт, хатаалгын зардалд 157,414,802.74 төгрөг,
в. Монгол Улсын Иргэний хуулийн 222 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгчээс хугацаа хэтрүүлсэн нөхцөлд хүлээх хариуцлагыг хуульчлан тогтоосон бөгөөд мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч нь, хариуцагчаас авах мөнгөн төлбөрөө хугацаанд авч чадалгүй өнөөдрийг хүрсэн тул хэтэрсэн хугацааны хүүг арилжааны банкны зээл, хадгаламжийн дундаж хүүгийн хэмжээгээр нэхэмжлэх эрхтэй байна.
Хариуцагч тал нийт 765,138,950 төгрөгийг төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй өнөөдрийг хүрсэн тул 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 357-660 хоног хугацаа хэтрүүлсэн байна.
Энэхүү хугацааны хүүг хадгаламжийн хүүгээр тооцох боломжтой тул манай компанийн хүсэлтийн дагуу Монгол банкнаас ирүүлсэн төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгийн нөхцөлөөр тооцвол нийт 110,354,426.07 төгрөгийн хүү төлөхөөр байна. Иймд "*******" ХХК-иас бүгд 1,143,262,604.88 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. /1 хх 1-3-р тал/
1.б.Нэхэмжлэгч "*******" ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тус шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:
"*******" ХХК-аас "*******" ХХК-д нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүн, түүнтэй холбогдсон төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлүүлсэн нөхцөлд "*******" ХХК-иас ирүүлсэн буудай болон бусад бүтээгдэхүүнийг буцааж өгөх боломжтой.
"*******" ХХК нь 2021 онд авсан бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг барагдуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
а."******* ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрүүдэд шилжүүлэн өгсөн нийлмэл бордоо, тэжээлийн хивэг, үрийн буудай, түлш, хүнс зэргийн үнэ 765,138,950 төгрөг,
б."*******" ХХК-ийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, чанарын шаардлагад тэнцээгүй буудайны ачилт буулгалт, хатаалга, хадгалалтын зардал 316,536,839.94 төгрөг,
в.Иргэний хуулийн 222 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгчээс хугацаа хэтрүүлсэн нөхцөлд хүлээх хариуцлагын хүрээнд 110,354,436.07 төгрөгийн хүү, бүгд 1,192,030,216.01 төгрөг гаргуулах.
"*******" ХХК нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эд хөрөнгийн алдагдал буюу 48,767,611.13 төгрөг төлбөр нэмж гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэгдүүлж байна гэжээ. /2 хх 217-218, 221-222-р тал/
1.в. Нэхэмжлэгч "*******" ХХК нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд гаргасан ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
..."*******" ХХК-ийн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, чанарын шаардлагад тэнцэхгүй буудайны ачилт, буулгалт, хатаалга, хадгалалтын зардал нь 2024.03.31-ний өдрөөс 2024.06.07-ны өдрийг хүртэл 23,168,510.62 төгрөгөөр нэмэгдсэн. "******* ХХК нь маргааныг шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлүүлэх үүднээс "*******" ХХК-ийн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, чанарын шаардлага тэнцэхгүй буудай нийлүүлснээс шууд шалтгаалан манай компанид учирсан эд хөрөнгийн алдагдал буюу хохиролд 23,168,510.62 төгрөгийн төлбөр нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг дараах байдлаар нэмэгдүүлэн өөрчилж байна.
а."******* ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрүүдэд шилжүүлэн өгсөн нийлмэл бордоо, тэжээлийн хивэг, үрийн буудай, түлш, хүнс зэрэг бараа материал, бүтээгдэхүүний үнэ 765,138,950 төгрөг,
б."*******" ХХК-ийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, чанарын шаардлагад тэнцээгүй буудайны ачилт буулгалт, хатаалга, хадгалалтын зардал 339,705,345.56 төгрөг,
в.Иргэний хуулийн 222 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгчээс хугацаа хэтрүүлсэн нөхцөлд хүлээх хариуцлагын хүрээнд 110,354,436.07 төгрөгийн хүү, бүгд 1,215,198,726.63 төгрөг гаргуулах.
"*******" ХХК нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эд хөрөнгийн алдагдал буюу 48,767,611.13 төгрөг төлбөр нэмж гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэгдүүлж байна гэжээ. /3 хх-ийн 122-123-р тал/
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн, ихэсгэсэн шаардлагын хариу тайлбартаа:
2.а. ...Тус шүүхэд "******* ХХК-ийн нэхэмжлэлтэй "*******" ХХК-д холбогдох 765,604,879 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэрэг хянагдаж байна. "*******" ХХК нь газар тариалан тэр дундаа улаан буудай тариалах үйл ажиллагааг эрхлэн явуулдаг бөгөөд 2021 онд "*******" ХХК-тай хамтран ажиллаж тодорхой нэр төрлийн бараа материалыг авсан энэ талаар хоёр талаас тооцоо нийлсэн зүйл байхгүй. "*******" ХХК-аас үрийн буудай өгсөн гэж байгаа боловч тэр буудай нь шаардлага хангаагүй учраас буцаан хүргүүлсэн. "*******" ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 1,749.940 тонн хүнсний улаан буудайг "*******" ХХК-д нийлүүлсэн.
"*******" ХХК хүлээж авахдаа хүнсний улаан буудай гэж хүлээн авсан мөртлөө өглөг авлагын тооцоо нийлэх болохоор зах зээл дэх давамгай буюу монополь байдлаа ашиглан хүнсний буудайг тэжээлийн буудайн ангилалд оруулан тооцно гэх үйлдэл нь гэрээний үүрэгт нийцэхгүй байна.
"******* ХХК нь "*******" ХХК-ийн нийлүүлсэн 1,749,940 тонн буудайнаас 1,017.440 тонн буудайг нь тэжээлийн буудайд оруулснаас үүдэн Хөдөө аж ахуйг дэмжих сан, Улсын нөөц болон дотоодын гурилын үйлдвэрүүдэд хүнсний улаан буудай нийлүүлсэн иргэн хуулийн этгээдэд олгогдох мөнгөн урамшууллыг авч чадаагүй "*******" ХХК хохироод байна.
"*******" ХХК-ийн зүгээс "*******" ХХК-д нийлүүлсэн бүх хүнсний улаан буудайг буцаан авах хүсэлтэй байна. "*******" ХХК-д төлөх төлбөрийг хоёр талаас тооцоо нийлсний үндсэн дээр төлж барагдуулахад татгалзах зүйлгүй болно гэжээ. /1 хх-ийн 186-р тал/
2.б.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
...Манай компани нь "*******" ХХК-д буудайгаа хадгалуулахаар өгөөгүй бөгөөд хадгалалтын хөлс төлөх үүрэггүй. Хүү болон алданги 110,354,426.07 төгрөг нэхсэн нь үндэслэлгүй, гэрээгээр үүрэг хүлээгээгүй.
"*******" ХХК нь буудайн ангиллыг зориудаар бууруулж, төлбөр тооцоо хийх гэснээс хохирч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. /2 хх-ийн 241-р тал, 3 хх-ийн 18-р тал/
3.Хариуцагч "*******" ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
3.а. ..."*******" ХХК нь ******* ХХК-тай харилцан тохиролцож 2021 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд 1-4 дүгээр ангиллын 1,749,940 тонн хүнсний улаан буудайг манай компани өөрийн тээврээр тээвэрлэж "*******" ХХК-д нийлүүлсэн болно.
Гэтэл "*******" ХХК нь өөрийн лабораторийн шинжилгээгээр 2-4 дүгээр ангилалд тэнцэх буудай 493,680кг, овьёос 238,820 кг, тэжээлийн ангилалд тэнцэх буудай 1,017,440 кг болсон гэж манай компаниас нийлүүлсэн улаан буудайны ихэнх хэсгийг хүнсний чанарын стандартыг хангахгүй гэсэн шалтгаанаар тэжээлийн буудайн ангилалд оруулж өнөөдрийг хүртэл улаан буудайн үнийг төлөөгүй байна. Иймд 1,749,940 тонн улаан буудайг буцаан гаргуулж өгнө үү гэжээ. /1 хх-ийн 65-р тал/
3.б.Хариуцагч "*******" ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн өөрчилсөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
..."*******" ХХК нь "*******" ХХК-аас 765,198,950 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан бөгөөд төлбөрийг буудайгаар төлөхөөр тохиролцсон байсан учир буудайн төлбөр 1,137,461,000 төгрөгөөс 765,138,950 төгрөгийг хасах үлдэх 372,322,050 төгрөгийг нэхэмжлэгч "*******" ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ. / 2 хх-ийн 201,232-р тал/
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиун сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
..."*******" ХХК нь манай компанийн нэхэмжилж байгаа 1,143,262,604.88 төгрөгийн төлбөрийг төлсөн тохиолдолд тус компанийн нийлүүлсэн буудайг буцаан гарган өгөх боломжтой. Төлбөрийг төлөөгүй бол буцаан гарган өгөх боломжгүй. Шүүх хуралдаанаас өмнө нэмэлт тайлбар нотлох баримт гарган өгнө гэжээ. /1 хх 83-р тал/
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.7, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан "*******" ХХК-аас 195,236,961 төгрөгийг гаргуулан "*******" ХХК-нд олгож, үлдэх 254,822,815 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, "Ургац Хүдэр" ХХК-ийн 372,322,050 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн "*******" ХХК-ийн 6,149,257 төгрөг, "Ургац Хүдэр" ХХК-ийн 6,500,193 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, "*******" ХХК-аас 1,134,135 төгрөг гаргуулан "*******" ХХК-нд олгож шийдвэрлэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч ******* нар давж заалдах гомдолдоо:
6.1....Нэхэмжлэлийн шаардлагуудаас үзэхэд эхний нэхэмжлэлийн шаардлагадаа хадгалалтын зардал гэж шаардлага гаргаагүй.
Хавтас хэрэгт болон шүүх хурал дээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдсон.
тээвэрлэлт, ачилт, буулгалтад зардал гаргаагүй, хатаалт, хадгалалтын зардал, ачилт, буулгалт, хатаалга, хадгалалтад гаргасан гэх зардлаа баримтаар нотолж чадаагүй.
Тухайлбал 339,705,345.56 төгрөгийн хэд нь хадгалалт ачилт, буулгалт, хатаалтын зардал гэдгийг баримтаар нотолж чадаагүй. Баримтаар нотлогдохгүй, бодит үндэслэлгүй мөнгөнд хүү төлөх хуулийн үндэслэлгүй, “*******” ХХК нь ямар нэг гэрээ, хэлцлээр “*******” ХХК-ийн өмнө хүү төлөх үүрэг хүлээгээгүй.
Талууд 765,138,950 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн авч, өгсөнтэй холбоотой маргаан байхгүй.
...“*******" ХХК нь лабораторийн шинжилгээ хийсэн гэж хуудас үзүүлдэг ч тэр нь хөндлөнгийн хяналтгүй, зөвхөн өөрсдийнх үзэмж, хүсэл зорилгоор тавигдсан тоо төдий учир нотлох баримтын шаардлага хангаагүй. Бусад бүх нотлох баримт, бодит нөхцөлөөр үгүйсгэгддэг.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-д гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэх тухай заажээ.
...“*******” ХХК нь буудай худалдан авах үнийг зах зээлийн үнээс дунджаар, тонн тутамд 100,000 төгрөгөөр /багаар/ тогтоогоод зогсохгүй зэрэглэл бууруулан хүнсний буудайг тэжээлийн буудай болгон ангилж тонныг нь 420,000 төгрөгөөр тооцоо хийх гэсэн нь өөрсдийн тогтоосон хүнсний буудайн үнээс тонн тутамд 210,0-270,000 төгрөгөөр, зах зээлийн үнээс 280,000-380.000 төгрөгөөр тус тус бууруулан авч ургацын компаниудыг хохироон бүтээгдэхүүн үйлдвэрлэн өндөр үнээр борлуулдаг нь илэрхий шударга бус үйлдэл юм.
...“*******" ХХК-ийн нийлүүлсэн буудайг “*******" ХХК дараах байдлаар ангилсан.
Тэжээлийн буудай 1017.44*420,000=427,324,800 төгрөг,
Овьёос 238.82*600,000=143,292,000 /зах зээлийн үнэ/ Нийт 901,382,400 төгрөг байхаар байгаа юм.
Овьёос бол улаан буудайнаас өөр, тустай үрээр тарьж ургуулдаг бөгөөд тухайн үед овьёосны зах зээлийн үнэ нь тонн тутамд 600,000 төгрөгөөр борлуулагдаж байсан байтал 238,820 кг овьёосыг “*******” ХХК-ийн тэжээлийн буудай худалдан авах үнэ 420,000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй.
6.2.Сөрөг нэхэмжлэлийн тухайд: “*******” ХХК нь анх нийлүүлсэн буудайгаа буцааж авахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “*******” ХХК-ийн нийлүүлсэн буудайгаар “*******” ХХК нь бүтээгдэхүүн үйлдвэрлээд борлуулсан, буудай байхгүй нь баримтаар тогтоогдсон тул сөрөг нэхэмжлэлээ үнийн дүнгийн зөрүү буюу 372,322,050 төгрөгийг Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар үүргээ харилцан тооцож “*******” ХХК-иас гаргуулах болгон өөрчилснийг шүүх хүлээн авч анхан шатны шүүх хурлаар хэлэлцсэн.
Сөрөг нэхэмжлэл нь “*******” ХХК-ий нийлүүлсэн, “*******”ХХК-ийн хүлээн авч бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн буудай, бараа материалын тоо, үнийн дүнгээр нотлогдсон.
“*******” ХХК нь нийлүүлсэн буудайнхаа үнийг өөрөө тогтоогоогүй. Харин “*******" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын .... оны ... сарын ... өдрийн ... тоот тушаалаар /XX 1-ийн 106 хуудас/ батлагдсан үнийн дагуу тооцож нэхэмжлэл гаргасан. “*******” ХХК үнийн тооцоонд тодорхой тайлбар гаргадаггүй нь түүний нотолгоо юм.
6.3. Шүүх нотлох баримт, хэргийн бодит нөхцөлийг үнэлээгүй тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.2 -т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэжээ.
Анхан шатны шүүх энэ үүргээ биелүүлсэнгүй. "*******" ХХК-иас нийлүүлсэн хүнсний улаан буудайг “*******” ХХК хүлээн авч бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь “*******" ХХК-ийн өөрийнх нь шүүхэд гаргаж өгсөн санхүүгийн тайлан, орлого, бүтээгдэхүүн борлуулалтын тайлангаар нотлогдсон. Энэхүү баримтыг шүүх үнэлээгүй.
“*******" ХХК-ийн лабораторийн шинжилгээний хуудас гэх баримт нь хавтас хэрэгт авагдсан тус компани өөрийнх нь гаргаж өгсөн баримтуудтай зөрчилдсөн, ямар нэг хөндлөнгийн хяналтгүй, “*******” ХХК-ийн төлөөллийг оролцуулалгүй шинжилгээ хийсэн гэсэн нь буудайн ангиллыг үнэн зөв тогтоосон эсэхэд бодит эргэлзээг бий болгож байна.
Анхан шатны шүүх “*******” ХХК-ий Сэлэнгэ аймаг дахь үйлдвэрийг газар дээр нь үзэж тэмдэглэл, дүрс бичлэг хийн хавтас хэрэгт баримтжуулсан. Тэрхүү нотлох баримтаар тус компани бүх компани буудайг ганцхан жин, амаар хүлээн авч, нэг туузан хоолойгоор үйлдвэр лүү дамжуулдаг, тэнд ачилт, буулгал, тээвэрлэлт, хадгалалтын зардал гардаггүй, мөн үйлдвэр хадгалж байгаа ямар нэг буудай байхгүйг бэхжүүлж авсан байна. Гэтэл энэхүү бодит нөхцөл баримтуудыг үнэлээгүй. "*******" ХХК зарим баримтыг гаргаж өгсөн боловч хэрэгт ач холбогдолтой мэдээллийг агуулаагүй, захирамжид заагдсан мэдээллийг ирүүлээгүй. Хуурамч буюу 2021 гэх боловч 2019 оны баримт гаргаж өгсөн.
Захирамжийн биелэлтийг хангуулахаар "*******" ХХК нь шүүхэд хандаж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт болох "*******” ХХК-ий 2021 оны худалдан авсан буудайн бүртгэл, шинжилгээний хуудаснууд, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо, хэмжээ, хатаалгад оруулсан буудайн бүртгэл, борлуулалт, орлогын тайлангуудыг гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүгч хүлээж аваагүй.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /3 хх-ийн 165-170-р тал/
7.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
8.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч ******* нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
9.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
10.Нэхэмжлэгч "*******" ХХК нь "*******" ХХК-нд холбогдуулан бараа бүтээгдэхүүний үнэ 765,138,950 төгрөг, хадгалалт хатаалт, ачилт буулгалтын зардал 157,414,802.74 төгрөг, мөнгөн төлбөрийн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгийн нөхцөлөөр тооцож хүү 110,354,426.07 төгрөг нийт 1,143,262,604.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 110,354,426.07 төгрөгөөр, шүүх хуралдааны явцад 23,168,510.62 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн өөрчилж, нийт 1,215,198,726.63 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
11.Дээрх нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрч нийлүүлсэн улаан буудайг буцаан гаргуулж, улаан буудай тээвэрлэхэд зарцуулсан зардал 99,277,184 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нийлүүлсэн улаан буудайн үнийн зөрүү 372,322,050 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
12.Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, зохигчид эд хөрөнгийн доголдлын талаар маргаантай байсан гэж тайлбарлаж байгаа боловч гомдлыг хэзээ хэрхэн гаргасан эсэх нь тодорхойгүй, буудайн талаар ямар нэгэн гомдол гаргаж байсан эсэх, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй,
-гэрээний үүргийг харилцан тооцохоор тохиролцсоны дагуу "*******" ХХК-аас нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ 765,138,950 төгрөгийг "*******" ХХК-ийн нийлүүлсэн буудайн үнэ болох 858,500,000 төгрөгөөс хасч 93,361,050 төгрөгийг хариуцагчаас гаргуулах,
-"*******" ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас "*******" ХХК-нд тодорхой хэмжээний хохирол учирсан гэж үзэж, хадгалалт хатаалтын зардал болох 101,875,911 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагчаас гаргуулах,
-мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй хугацааны хүү 110,354,426 төгрөг гаргуулах тухай шаардлагаа нэхэмжлэгч нотлоогүй, хүүг хэрхэн тооцсон тухай тооцооллыг шүүхэд ирүүлээгүй гэж тус тус дүгнэн хариуцагч "*******" ХХК-аас нийт 195,236,961 төгрөг гаргуулан "*******" ХХК-нд олгож, үлдэх 254,822,815 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон "*******" ХХК-ийн 372,322,050 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
13.Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч тал давж заалдах гомдол гаргасан байна.
14.Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзэхэд "*******" ХХК нь 2021.02.27-ны өдрөөс 2021.12.27-ны өдөр хүртэл "*******" ХХК-д нийт 765,138,950.88 төгрөгийн нийлмэл бордоо, тэжээлийн хивэг, үрийн буудай, түлш, хүнс зэрэг бараа материал бүтээгдэхүүнийг шилжүүлэх, уг бараа бүтээгдэхүүний үнийг "*******" ХХК нь 2021 онд тариалсан хүнсний улаан буудайг нийлүүлж төлбөрийг барагдуулахаар талууд харилцан тохиролцсон, нэхэмжлэгч нь 765,138,950.88 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг "*******" ХХК-д нийлүүлсэн, хариуцагч нь 1,749,940 тонн улаан буудайг "*******" ХХК-д хүлээлгэн өгчээ.
15.Дээрх тохиролцооноос үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
Арилжааны гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний нэг төрөл бөгөөд арилжааны гэрээгээр худалдаж авсан хөрөнгийнхөө үнийн төлбөрт өөр хөрөнгө өмчлөлд шилжүүлдэг онцлог бүхий гэрээ байдаг бөгөөд гэрээг амаар болон бичгээр байгуулж, худалдах худалдан авах гэрээнд тавигдах хуульд заасан шаардлагуудыг баримталдаг гэрээ юм.
Хариуцагч "*******" ХХК нь "*******" ХХК-иас бараа бүтээгдэхүүн авч, тодорхой хугацааны дараа үнийг улаан буудайгаар төлөхөөр тохиролцсон байхад анхан шатны шүүх талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй гэж үзэхээр байна.
16.Нэхэмжлэгч "*******" ХХК нь 765,138,950.88 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг “*******” ХХК-д нийлүүлсэн, хариуцагч нь 1,749,940 тонн улаан буудайг “******* " ХХК-д хүлээлгэн өгсөн байх ба энэ үйл баримтын талаар талууд маргаагүй, харин нэхэмжлэгч “*******" ХХК нь хариуцагч “*******” ХХК-ийн нийлүүлсэн 1,749,940 тонн улаан буудайг өөрийн компанийн лабораторид шинжилж, II-IV ангилалд тэнцэх буудай 493,680 кг, овьёос 238,820 кг, тэжээлийн буудай 1,017,440 кг гэж ангилснаас үүдэн талуудын хооронд маргаан үүсчээ.
Өөрөөр хэлбэл талуудын хооронд нийлүүлсэн улаан буудайн чанар, ангилал, бүтээгдэхүүний үнийн талаар маргаж, худалдсан эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаар маргаан үүссэн гэж үзэхээр байна.
16.1.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2-т зааснаар арилжааны гэрээгээр талууд нь арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болдог.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл "*******" ХХК нь "*******" ХХК-д нийлүүлсэн нийлмэл бордоо, түлш, хүнс зэрэг бараа материал бүтээгдэхүүний хувьд худалдагч, "Урагц хүдэр" ХХК-аас нийлүүлсэн улаан буудайн хувьд худалдан авагч, "*******" ХХК нь "*******" ХХК-аас нийлүүлсэн нийлмэл бордоо, түлш, хүнс зэрэг бараа материал бүтээгдэхүүний хувьд худалдан авагч, "*******" ХХК-д нийлүүлсэн улаан буудайн хувьд худалдагч болох ба 2 тал хоёулаа худалдагч, худалдан авагчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээдэг, улмаар арилжааны гэрээнд худалдах худалдан авах гэрээний талаарх Иргэний хуулийн 243-273 дугаар зүйлүүд нэгэн адил хамаарахаар байна.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд эд хөрөнгийн доголдлын талаарх худалдан авагчийн эрх үүргийг, мөн хуулийн 256 дугаар зүйлд эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах талаар зохицуулсан байна.
Талуудын хооронд байгуулагдсан арилжааны гэрээгээр "*******" ХХК-ийн нийлүүлсэн улаан буудайн хувьд "*******" ХХК нь худалдан авагч тал болох бөгөөд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгч "*******" ХХК нь гомдлын шаардлага гаргах эрхтэй. Харин анхан шатны шүүх худалдагч болох "*******" ХХК-ийг эд хөрөнгийг доголдлын талаар гомдол гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэж байгаа нь хуульд нийцээгүй байна.
16.2. "*******" ХХК нь нь эд хөрөнгийн доголдлын талаар гомдол гаргаагүй, тухайн хөрөнгийг хүлээн авч өөрийн өмчлөлдөө шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар гэрээг цуцалж, учирсан хохирол, зардлыг шаардах эрхгүй байх тул хадгалалт, хатаалт, тээврийн зардал 339,705,345 төгрөгийг хариуцагч "*******" ХХК-аас гаргуулах үндэслэлгүй байна.
16.3."*******" ХХК нь "*******" ХХК-аас 765,138,950 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүйгээс хадгаламжийн жигнэсэн хүүгээр хохирлоо тооцож 110,354,426.07 төгрөгийг шаардсан.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д ”Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж заажээ.
Талуудын хооронд мөнгөн төлбөрийн үүргийн харилцаа үүсээгүй, арилжааны гэрээ байгуулагдсан байх тул хадгаламжийн жигнэсэн хүүгээр тооцсон хүү 110,354,426.07 төгрөгийг "*******" ХХК-аас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
16.4.Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч "*******" ХХК нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сум дахь өөрийн үтрэмийн талбайгаас улаан буудайг зарлагын падаан үйлдэн өөрийн тээврээр тээвэрлэж "*******" ХХК-ийн Сэлэнгэ салбарт хүргэдэг бөгөөд "*******" ХХК нь Ургамал эрүүл ахуй, хорио цээрийн өөрийн стандарт бүхий шаардлага хангасан лабораторид тээвэрлэгдэж ирсэн улаан буудайнаас дээж аван шинжилгээ хийж, буудайн чанарын ангиллыг тодорхойлсон түүхий эдийн шинжилгээний хуудас олгож, түүхий эдийн орлогын падаанаар буудайг хүлээн авч, шинжилгээний хуудас болон түүхий эдийн орлогын падаанд тээвэрлэгчээр /жолоочоор/ гарын үсэг зуруулан баталгаажуулдаг байна. /1-р хх-ийн 99-170/
Дээрх журмын дагуу "*******" ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд 46 удаагийн тээвэрлэлтээр "*******" ХХК-аас ирүүлсэн буудайг өөрийн лабораторийн шинжилгээгээр буудайн ангиллыг тогтоож, энэ талаар "*******" ХХК-д мэдэгдэж байсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиуны шүүх хуралдаанд гаргасан “...Компаниуд машинтайгаа ирээд хамгийн түрүүнд лабораторид ирдэг. Лаборатори дээж аваад буудайг хашаандаа оруулахгүйгээр ангилж ялгаад түүхий эдийн шинжилгээний хуудас гаргадаг. Ирэх бүрд нь түүхий эдийн шинжилгээний хуудас гаргаж, түүхий эдийн орлогын баримтаар хүлээн авч, тээвэрлэгчээр гарын үсэг зуруулж буудайг хүлээн авсан...” гэх тайлбар,
нэхэмжлэгчийн зүгээс хүлээн авсан буудайны шинжилгээний талаар хариуцагчийн холбогдох хүмүүст утсаар болон фейсбүүк /facebook/ хаягаар шинжилгээний хариуг зураг хэлбэрээр хүргүүлж, харилцан ярьж байсан тухай тэмдэглэл зэрэг баримтуудад шүүхээс үзлэг хийж бэхжүүлсэн зэргээр тогтоогдож байх ба тухайн цаг үед "*******" ХХК нь улаан буудайн ангиллыг хүлээн зөвшөөрч байсан гэж үзэхээр байна. /1-р хх 205-221 тал/
Түүнчлэн хариуцагч "*******" ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 12 дугаар сарын 22-ны өдрүүдэд Хөдөө аж ахуйг дэмжих сан”-ийн Хөтөл болон Сэлэнгэ салбарт лабораторийн шинжилгээгээр хүнсний буюу таваарын буудайг нийлүүлсэн гэх баримтуудыг хэрэгт ирүүлсэн боловч энэ нь "*******" ХХК-д стандартын шаардлага хангасан таваарын буудай нийлүүлсэн гэдгийг шууд нотлохгүй юм.
16.5."*******" ХХК-ийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Улаан буудайнд үнэлгээ тогтоон худалдан авах тухай” тушаалаар улаан буудай болон бусад буудайг худалдан авах үнийг тогтоосон байна. /1-р хх 104-107 тал/
Нэхэмжлэгчээс талуудын хооронд байгуулсан гэрээний төслийг хариуцагч "*******" ХХК-ийн захирал Ц.Дөлгөөний мэйл хаягаар хүргүүлсэн байх ба тухайн төслийг хүлээн зөвшөөрсөн эсэх талаар хариу ирүүлээгүй болох нь хэргийн 209-221-р талд авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн улаан буудай авах үнийн саналд хариу ирүүлээгүй, үнийн талаар санал гаргахгүйгээр улаан буудайг худалдахаар нэхэмжлэгчид нийлүүлж байгаа үйлдэл нь үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А-225 тоот “Үр тарианы үрийн болон хүнсний улаан буудайн үнэ тогтоох тухай” тушаалаар улаан буудайн үнэ ханшийг тодорхойлсон байх ба уг тушаалын 1-т Хөдөө аж ахуйг дэмжих санд 2021 оны ургацаас MNS0097:2010 стандартын шаардлагад заасан ангиллаар худалдан авах болон өр төлбөрт тооцож авах хүнсний улаан буудайн үнийг 1 дүгээр.... хавсралтаар баталсугай.” гэжээ.
Энэ нь газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжээс хөдөө аж ахуйг дэмжих санд улаан буудай худалдан авах үнийг тогтоосон байх ба уг тушаалын хавсралтад заасан үнийн дүнгээр улаан буудайг худалдаж аваагүй гэж "*******" ХХК-ийг буруутгах боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл хувийн хэвшил бүхий ашгийн төлөө хуулийн этгээдийн тогтоосон улаан буудай худалдан авах үнийг үндэслэлгүй тогтоосон гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч талаас улаан буудай худалдан авах үнийн санал, буудайн чанар, стандартын талаар хариуцагч талд цахимаар илгээсэн “худалдах худалдан авах гэрээ”-д тусгасан ба хариуцагч уг гэрээний төслийг хүлээн авсан атлаа ямар нэгэн хариу ирүүлээгүй, улмаар буудайг нийлүүлсэн нь дээрх гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. 1-р хх 209-221 тал/
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
17.Хариуцагч "*******" ХХК нь нийлүүлсэн улаан буудайг буцаан гаргуулж, улаан буудай тээвэрлэхэд зарцуулсан зардал 99,277,184 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийлүүлсэн улаан буудайн үнийн зөрүү 372,322,050 төгрөгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж,
нэхэмжлэлийн үндэслэлээ “...******* ХХК нь нийлүүлсэн буудайныхаа үнийг өөрөө тогтоогоогүй, харин "*******" ХХК-ийн захирлын тушаалаар баталсан үнийн дагуу тооцсон. ...нийлүүлсэн буудай, авсан бараа материалын үнийг харилцан тооцож зөрүү болох 372,322,050 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарлажээ.
18.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.-д “Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэж, 275 дугаар зүйлийн 275.1-д “Арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно” гэж тус тус заасан.
19."*******" ХХК нь хариуцагчаас 2-4 дүгээр ангилалд тэнцэх буудай 493,680 кг, овьёос 238,820 кг, тэжээлийн ангилалд тэнцэх буудай 1,017,440 кг хүлээн авсан байх тул 493,680 кг буудайг /493,680 х 670,000= 330,765,600/ 330,765,600 төгрөг, 238,820кг овьёос /238,820 х 420,000=100.304.400/ 100,304,400 төгрөг, 1,017,440 кг тэжээлийн буудайг /1,017,440кг х 420,000=427,324,800/ 427,324,800 төгрөгөөр тус тус тооцон нийт 858,394,800 төгрөгийн буудай нийлүүлсэн гэж үзэж хариуцагчаас нийлүүлсэн буудайн үнэ 858,394,800 төгрөгөөс нэхэмжлэгчид төлөх бараа бүтээгдэхүүний үнэ 765,138,950 төгрөгийг хасч зөрүү 93,255,850 төгрөгийг нэхэмжлэгч "*******" ХХК-аас гаргуулж хариуцагч "*******" ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 278,961,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
20.Хэрэгт авагдсан баримтаар "*******" ХХК нь хариуцагчаас ирүүлсэн улаан буудайнаас дээж аван шинжилгээ хийж, түүхий эдийн шинжилгээний хуудсыг танилцуулснаар буудайг хүлээн авдаг үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
..."*******" ХХК-ийг оролцуулахгүйгээр хөндлөнгийн хяналтгүй, шинжилгээ хийсэн нь буудайн ангиллыг үнэн зөв тогтоосон эсэхэд бодит эргэлзээ бий болгож байна гэж хариуцагчаас гомдлоо тайлбарладаг боловч 1-р хх-ын 205-221-р талд авагдсан баримтаар "*******" ХХК нь хүлээн авсан буудайн шинжилгээний талаар хариуцагчийн холбогдох хүмүүст утсаар болон фейсбүүк /facebook/ хаягаар шинжилгээний хариуг зураг хэлбэрээр хүргүүлж, харилцан ярьж байсан тухай тэмдэглэл авагдсан, тухайн баримтуудад үзлэг хийж хуульд заасны дагуу бэхжүүлсэн байна.
21.Хариуцагч "*******" ХХК-ийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч "*******" ХХК нь орлогын тайлан, орлогын журнал, борлуулалтын мэдээ, шинжилгээний хуудас, хатаалтын мэдээ зэргийг нотлох баримтаар ирүүлжээ. /2-р хх 203-211/
Хариуцагч нь "*******" ХХК-ийг 2019 оны борлуулалтын мэдээг ирүүлсэн гэх гомдлыг гаргаж байх боловч нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд 2021 оны борлуулалтын мэдээг “2019” он гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан гэж тайлбарлаж байгааг үгүйсгэх боломжгүй юм.
Дээрх орлогын журналын Таваарын буудай хэсгийн 78 дугаар Бэлтгэн нийлүүлэгч "*******" ХХК 434,380 тн буудай нийлүүлсэн гэж, тэжээлийн буудай хэсгийн 141-рт "Урагц хүдэр" ХХК 904,200 тн тэжээлийн будаа, 155-рт тэжээлийн буудай 114,140 тн, овьёос хэсэгт 238,660 тн овьёос нийлүүлсэн гэх бүртгэл хийгдсэн, борлуулалтын мэдээнд гурил болон хүүхдийн будаа, хивэг, няцалбар зэргийг үйлдвэрлэж, борлуулсан гэж бүртгэсэн байгаагаас үзвэл хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэснээс гадна будааны няцалбар үйлдвэрлэж борлуулсан байгааг тэжээлийн буудай борлуулаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.
22.Хариуцагч тал нь "*******" ХХК-ийн буудай хүлээн авах, тээвэрлэх ангилал тогтоох ажиллагаанд үзлэг хийлгэхээр хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 148/ШЗ2024/000669 дугаар захирамжаар шийдвэрлэжээ. /2-р хх 179-181 тал/
Дээрх захирамжийн дагуу шүүх "*******" ХХК-ийн үйлдвэрийн байранд очиж улаан буудайн ачилт буулгалтыг хийх үйл явц, хатаалга буудайн ангилал тогтоох ажиллагааны талаар үзлэг хийж үзлэгийн тэмдэглэл болон дүрс бичлэг, фото зургаар баримтжуулж бэхжүүлсэн байна. /2-р хх 182-196 тал /
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь компани тус бүрийн буудайг чанараар нь ялгаж тус тусад нь хадгалдаг. "*******" ХХК-ийн нийлүүлсэн буудай одоо ч байгаа гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбар нь үзлэгийн тэмдэглэлээр нотлогдохгүй байна.
23.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон хууль хэрэглээнд зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 148/ШШ2024/00331 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг
“Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.5, 227 дугаар зүйлийн 227.3, 274 дүгээр зүйлийн 274.1, 275 дугаар зүйлийн 275.1-т тус тус зааснаар хариуцагч "*******" ХХК-иас 1,215,198,726.63 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч "*******" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, "*******" ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 93,255,850 төгрөгийг гаргуулж, "*******" ХХК-д олгож, 278,961,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтыг
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн "*******" ХХК-ийн 6,148,845 төгрөг, "*******" ХХК-ийн 6,499,591 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, "*******" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 624,229 төгрөгийг гаргуулж, "*******" ХХК-д олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,153,705 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Р.ҮҮРИЙНТУЯА
Г.МЯГМАРСҮРЭН