Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2016/00177

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 28 өдөр

     Дугаар 182/ШШ2016/00177

             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

            Нэхэмжлэгч: Д.Г

            Хариуцагч: ЗЧБЗ ,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Д.Б, нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.

                           

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр түүний төлөөлөгч гаргасан тайлбартаа: Д.Г нь 2015 оны 09 сарын 01-ний өдөр ЗЧБЗ ийн ажлын албатай хөдөлмөрийн гэрээг 2015 оны 12 сарын 31 хүртэл хугацаатай Бүртгэл Санхүүгийн Хэлтэст Ахлах нягтлан бодогчоор ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн 2016 оны 2 сарын 29-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээ сунгахгүй үргэлжлүүлэн ажиллуулсан. Тус байгууллагад санхүүгийн тайлан балансад тусгадаггүй ажил гүйлгээнүүд балансаас гадуур олж зарцуулдаг зэрэг Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг тус тус ноцтой зөрчсөн үйл ажиллагаа явагдаад байгааг Захирагч Д.БД , бүртгэл санхүүгийн хэлтсийн дарга Ж.БС нарт удаа дараа мэдэгдсэн. Гэвч байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд зайлшгүй хийж байгаа гэж тайлбарлаад улмаар цаашид нэг баг болж хамтарч ажиллахгүй бол хална гэсэн. Энэ утгаараа удирдлагын зүгээс цаг тутам дарамттайгаар ажиллаж байсан ба ажилд ороод удаагүй ажлаас хоцорсон гэж сахилгын арга хэмжээ авагдсан. Би төрийн байгууллагад 5 жил ажилласан, ажилдаа мэргэшиж яваа гэж боддог.

Удирдлагын шийдвэрээр одоог хүртэл ахлах нягтлан бодогчийн албан ажлыг хүлээлцүүлэхгүй, 2-р гарын үсэг зурах эрхийг олгохгүй байсаар өнөөдрийг хүрсэн.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3 дугаарт Байгууллагын орлого, зарлагын гүйлгээ болон санхүүгийн тайлан балансад ерөнхий (ахлах ) нягтлан бодогч 2-р гарын зурна гэсэн байдаг. Энэ хуулийн заалт хэрэгжихгүй тооцооны нягтлан бодогч 2-р гарын үсэг зурж байна. Улмаар бүртгэл санхүү хэлтсийн дарга Ж.БС гийн зүгээс үүрэг даалгавар өгөхдөө нярав байхгүйд няравын ажлыг хавсран гүйцэтгэх, няравт ажлын цагаа бүртгүүлэх, мөн хууль тогтоомжид харшилсан хууль бус үүрэг даалгавар өгдөг байсныг тухай бүр биелүүлэхээс татгалзаж байсан. Ер нь ажил хийх нөхцөл боломжоор хангаагүй.

2016 оны 02-р сард цаг бүртгэлийн төхөөрөмж эвдэрсэн. Үүний дараагаар Х.БС дарга өрөөндөө дуудаж нярав чиний цагийг бүртгэсэн бүртгэлээр ажилдаа өглөө хоцорсон байна. Одоо чамтай ярих зүйлгүй өмнө нь сануулсан зайл гэж нярав, нягтлан бодогч хамт ажиллагсдын дунд үг хэлээр доромжилж хөөсөн. Дараа өдөр мөн өрөөндөө сууж байхад зайл энд суулгахгүй Захирагч чамтай ажиллахгүй гэсэн өөр газар оч гэж дахин хөөсөн. 2016 он гарснаас хойш хөдөлмөрийн гэрээг сунгахгүй одоог хүртэл ажиллуулсаар байсан. Д.Г нь удирдлагын зүгээс дарамттай байсан тул 2016 оны 02 дугаар cap 19-ний өдөр ахлах нягтлан бодогчийн албан тушаалаа өөрчилж тус газарт эдийн засагчийн албан тушаалд ажиллах хүсэлт өргөдөл өгсөн. Гэвч өргөдлийн хариуг өгөхгүйгээр 2016 оны 02 дугаар cap 29-ний өдөр ЗЧБЗ ийн Б/06 тоот захирамжаар ажлаас удаа дараа хоцорсон гэсэн шалтгаанаар ажлаас халах тушаал гаргасан байна. Хэдийд ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй байна. Ер нь зөрчил давтан гаргасан, ноцтой зөрчил гаргасны аль заалтаар халсан нь тодорхойгүй байна. Тушаалд баримталсан хөдөлмөрийн дотоод журмын 10.1.5, 10.2, 10.6 гэсэн заалтууд нь ноцтой зөрчилтэй холбоотой заалтууд байна.

Дээрхи шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд удирдлагын хууль бус үйлдлүүдийг эсэргүүцэж үг хэлж зөрчилдсөнөөр миний эсрэг зохион байгуулалттайгаар ажлаас халах олон төрлийн арга хэрэглэж, цаг бүртгэлийн төхөөрөмжид зөвхөн хэсэг ажилтныг бүртгээд тэр бүртгэлээр хоцорсоноор арга хэмжээ авч байгаа нь шударга бус юм. Бас гараар бүртгэсэн гэсэн нь хэн хэдийд бүртгэсэн нь мэдэгдэхгүй, хэлж баталгаажуулж байгаагүй. Миний хувьд ажил тасалсан, хоцорсон зүйл байхгүй. Цалинг бүтэн олгож байсан. Ажлын цагийн балансыг үзье гэхээр үзүүлдэггүй. Ажил хожимдсон гэж үзэж байгаа бол баланс гаргахад л мэдэгдэж байгаа. Зөрчлийг илэрснээс хойш 1 сарын дотор арга хэмжээ авах ёстой, тэр хугацаа өнгөрсөн. Иймд ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд түүний төлөөлөгч гаргасан тайлбартаа: Д.Г нь 2015 оны 09 сарын 01-ний өдөр ЗЧБЗ ийн Б/31 тоот захирамжаар Бүртгэл, санхүүгийн хэлтсийн ахлах нягтлан бодогчоор түр томилогдсон. Д.Г түр томилогдсоноос хойшхи хугацаандаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас удаа дараа хоцорч байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн тул түүнд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх хэсэг, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын заалтуудыг үндэслэн Захирагчийн 2015 оны 10 сарын 01-ний өдрийн А/58 тоот захирамжаар сануулах сахилгын шийтгэл ногдуулан, анхааруулж байсан. Д.Г нь түр томилогдсон тушаалтай, туршилтын хугацаанд ажиллаж байсан ба Сангийн сайдын 2012 оны 294 тоот тушаалаар батлагдсан “Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн эрх үүрэг, ажилд томилох, чөлөөлөх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.8-д заасны дагуу Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад түүнийг ажилд томилох, 2-р гарын үсэг зурах эрхийг шилжүүлэх тухай хүсэлт гарган шийдвэрлэх явцад тэрээр төрийн албанд тавигдах зарчим, шаардлага төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллаагүй, холбогдох хууль, дүрэм журмыг биелүүлээгүй, төрийн албан хаагчийн хувьд ажилдаа хандах хандлагаа харуулсан бөгөөд улмаар энэхүү хариуцлагатай албан тушаалд 2-р гарын үсэг зурах эрхийг шилжүүлэхэд түдгэлзэх үндэслэл болсон. 2015 оны 11 сарын 20-ны өдөр Д.Г, Ш.А , Д.Б нарт Гэрээ эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн даргаас дахин байгууллагын дотоод журам, 11 сарын ажлын цагийн тооцоог танилцуулж амаар сануулсан. Д.Г нь 2016 оны 02 сарын 19-ний өдөр Захирагчийн ажлын албанд эдийн засагчаар ажилд томилуулах хүсэлт гаргах тухай өргөдөл ирүүлснийг хянан үзэж, Захирагчийн ажлын албаны бүтэц орон тооны хязгаарыг шинэчлэн баталсан хэдий ч тус хэлтэст эдийн засагч гэсэн ажлын байр нэн шаардлагагүй бөгөөд түүний эзэмшсэн мэргэжил нь ЗЧБЗ ийн ажлын албанаас баталсан эдийн засагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан, мэргэшил, мэдлэгийн хувьд таарахгүй байгаа тул ахлах нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлж, Бүртгэл санхүүгийн хэлтсийн эдийн засагчийн орон тоонд томилох боломжгүй байгааг 2016 оны 02 сарын 23-ны өдөр албан бичгээр өөрт нь мэдэгдэж байсан. Ажлаас чөлөөлөхдөө давтан зөрчил гаргасан гэж үзсэн. Хэлтсийн дарга нь нэхэмжлэгчийг Ёс зүйн хороонд шалгуулахаар өгсөн, тэндээс дүгнэлт гарсан. Тодорхой зөрчил гэвэл, нэхэмжлэгч 2016 оны 1-р сард, 8-нд ажилдаа 8.45-д ирээд 11.30-д явсан, 15-нд ажлаас 13.30-д яваад ирээгүй, 22-нд ажилд 9.20-д ирээд 11.20-д явсан байна.

Хөдөлмөрийн гэрээний 6.1.8-д “дүрэм, журмыг удаа дараа зөрчсөн” бол сахилгын ноцтой зөрчилд тооцохоор заасан.

Иймд Д.Г нь хууль тогтоомжийн дагуу төрийн албанд тавигдах зарчим, шаардлага төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллаагүй, холбогдох хууль дүрэм журмыг биелүүлээгүй нь нотлогдож байх тул Д.Гын нэхэмжлэлийг бүрэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хариуцагчийн хүсэлтээр Ж.БС , С.Э нарыг шүүх хуралдаанд оролцуулж гэрчээр асуусан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.

 

Шүүх нэхэмжлэл, ажилд томилох болон ажлаас чөлөөлсөн захирамж, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүйн хорооны дүгнэлт, ажлын цагийн бүртгэлийн баримт зэргийг шинжлэн судлаад

 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Г нь ЗЧБЗ ийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн захирамжаар тус чөлөөт бүсийн Бүртгэл, санхүүгийн хэлтсийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн ба захирагчийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.5, 10.2, 10.6, Захирагчийн Ажлын албаны Ёс зүйн хорооны 2016 оны 01 дүгээр дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн дотоод журам удаа дараа зөрчин, хөдөлмөрийн сахилга ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

            Ажил олгогч Д.Гтай хөдөлмөрийн гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар байгуулсан ба сунгаагүй ажиллуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар ажил олгогч гэрээг байгуулах үүрэгтэй байна.

            Ажлын байрны тодорхойлолтоор ахлах нягтлан бодогч Д.Г нь төсвийн сар, улирлын хуваарийг хийж, Төрийн сангаар батлуулан, хуваарийн дагуу төсвийн өөрийн орлогыг бүрдүүлэх, санхүүжилтийг авч зарцуулах, хуулийн хүрээнд санхүү, аж ахуйн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж үнэн зөв, бодитой баримт дээр үндэслэн тайлан баланс гаргах, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, урамшууллыг цаг хугацаанд нь тавьж олгох, үндсэн хөрөнгө, материал, мөнгөн хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд хяналт тавих, эд хөрөнгийн тооллогыг явуулж үр дүнг тооцон ажиллах, мөнгөн хөрөнгийн баримтанд 2 дугаар гарын үсэг зурж, санхүүгийн материалыг заавар дүрмийн дагуу эмхэлж цэгцлэх, нийгмийн даатгал, татварын байгууллагатай тооцоо нийлж, төлбөл зохих татвар шимтгэлийг хугацаанд нь шилжүүлж байх үүрэгтэй байна.

            Гэтэл Д.Гаар 2 дугаар гарын үсэг зурах, тайлан баланс гаргах ажил үүргийг нь гүйцэтгүүлдэггүй байсан, албан хэрэгцээнд компьютер тавьж өгөөгүй, зөвхөн орлого зарлага, цалингийн бодолтыг шалгаж хянадаг, үндсэн хөрөнгийн ашиглалт хамгаалалтыг хариуцан, тооллого явуулж байсан, зарим нэг хүний ажлыг орон гүйцэтгэх маягаар ажиллаж байсныг нэхэмжлэгч тайлбарлаж, хариуцагч үүнийг эсэргүүцэхгүй байна.

            Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Захирагчийн захирамжийг үндэслэсэн хууль, журмын зүйл заалтаас харахад Д.Гыг сахилгын ноцтой зөрчил гаргаснаар, өөрөөр хэлбэл, 2-оос дээш  өдрийн ажил тасалсан гэж ажлаас чөлөөлсөн харагдаж байх ба давтан зөрчил гаргаснаар чөлөөлсөн гэж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр тайлбарлаж буй нь чухам аль үндэслэлээр нь ажлаас чөлөөлснийг тодорхойгүй болгож байна.

            Мөн ажил олгогч Захирагчийн Ажлын албаны Ёс зүйн хорооны 2016 оны 01 дүгээр дүгнэлтийг үндэслэсэн гэх ба дүгнэлтэд Д.Г 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 2672 минут буюу 44.5 цагийн хоцрогдолтой, нэг өдөр бүртгүүлээгүй гэж тэмдэглэгджээ.

            Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд дараалан 2 өдөр болон түүнээс дээш өдөр ажил тасалбал сахилгын ноцтой зөрчил гэж үзэж ажлаас чөлөөлөхөөр заажээ. Нэхэмжлэгч ажлын 2 өдөр дараалан ажил таслаагүй байна.

            Нэхэмжлэгчийг давтан зөрчил гаргаж гэж үзэхэд нотлох баримт хангалтгүй байна. Удаа дараа ажлын цаг хожимддог гэж хариуцагч тайлбарлах боловч тодорхой зөрчлийг ярихгүй байна. Урьд зөрчил гаргаж арга хэмжээ авсан гэх боловч баримтыг ирүүлээгүй тул ямар зөрчилд ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор арга хэмжээ авахаар заажээ. Нэхэмжлэгчийн ажлын цаг хожимдсон гэх зөрчлүүд ажлын цагийн баланс гаргаж цалин тавьж олгоход мэдэгдэх ёстой ба тухайн үед нь хариуцлага тооцох боломжтой юм. Иймд 2016 оны 01 дүгээр сараас өмнөх ажлын цагийн хожимдлыг харах шаардлагагүй байна.

            Хариуцагч шүүх хуралдаан дээр тайлбарласнаар нэхэмжлэгч 2016 оны 1-р сарын 8-нд ажилдаа 8.45-д ирээд 11.30-д явсан, 15-нд ажлаас 13.30-д яваад ирээгүй, 22-нд ажилд 9.20-д ирээд 11.20-д явсан тодорхой зөрчил гаргасан гэх боловч энэ нь тогтоогдохгүй байна.

            Төхөөрөмжөөр бүртгэсэн гэх баримтыг авч үзвэл ажилтнуудын бүртгэл бүрэн биш онгорхой, Д.Гын хувьд 01 дүгээр сарын 8-ны өдөр бүртгэлгүй, 5, 6, 7-ны өдрүүдэд ажилдаа 8.07, 8.25, 8.56 цагт ирсэн нь тэмдэглэгдсэн, мөн 3 өдөр ажлаас 17.31, 17.34, 17.31 цагт явсан харагдаж байна.

            Ажлын цагийг гараар бүртгэсэн бүртгэл байх боловч хэдийд хэн бүртгэсэн нь тодорхойгүй, баталгаажуулж гарын үсэг зураагүй (зарим ажилтан баталгаажуулж гарын үсэг зурсан), тоо засвартай, гадуур ажилласан бүртгэлийн дэвтэрт цагийг бүртгэсэн нь ажилтан ажилдаа ирсэн явсан, эсхүл гадуур ажилтай гарсан уу гэдгийг мэдэх боломжгүй болгожээ. Жишээ нь, энэ бүртгэлд Д.Г 2016 оны 01 дүгээр сарын 15-нд явсан хугацаа гэдэг дээр 11.30, 01 дүгээр сарын 22-нд явсан цаг 9.20, ирсэн цаг 11.20 гэж тэмдэглэгдсэн байна.

            Хариуцагч ажлын цагийн балансыг шүүхэд ирүүлээгүй ба дээрх хугацаанд нэхэмжлэгчийн цалинг бүтэн олгож байсан нь талуудын тайлбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. Ийм нөхцөлд бүрэн биш, тодорхойгүй, ойлгомжгүй, өөрөөр нь баталгаажуулаагүй цагийн бүртгэлийг үндэслэж шалгасан Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснийг зөвтгөх боломжгүй байна.

            Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн захирагчийн захирамжийг хүчингүй болгуулах шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагатай утга нэг байна. Ажилтны ажилгүй байсан 87 өдрийн цалинтай тэнцэх олговор 2.865.328 төгрөг байна.

           

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Д.Гыг  ЗЧБ-нБүртгэл, санхүүгийн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан ЗЧБЗ ийн албанаас 2.865.328 төгрөгийг гаргуулж Д.Гт олгосугай.

 

3. Д.Гт олгох мөнгөнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлүүлж дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

4. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар тэмдэгтийн хураамжинд  хариуцагчаас 60.795 төгрөг гаргуулж улсад олгосугай.

 

5. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                     

 

                        ДАРГАЛАГЧ                                          С. БУД