Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяа Ганбат |
Хэргийн индекс | 109/2017/0023/З |
Дугаар | 30 |
Огноо | 2017-05-29 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 30
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.Өлзийбүрэн
Хариуцагч: Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг дарга,
Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу
багийн иргэдийн Нийтийн Хурал
Гуравдагч этгээд: С.Нэргүй
Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн “Багийн Засаг дарга томилуулахаар уламжлах тухай” 03 дугаар тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “Улаанчулуу багийн Засаг даргын томилох тухай” Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, Улаанчулуу багиин Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Өлзийбүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвал, хариуцагч Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг дарга Д.Баянжаргал, тус сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Э.Ганбаатар, гуравдагч этгээд С.Нэргүй, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Өлзийбүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн Засаг даргыг сонгох багийн иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр болж, хуралд 232 иргэн оролцсон. Тус хуралд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг зөрчин иргэн Д.Батбаяр нь Ардчилсан намаас С.Нэргүйн нэрийг дэвшүүлсэн.
С.Нэргүй нь Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 10.000.000 /арван сая/ төгрөгийн зээлийг сарын 0.25 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай авсан боловч 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар авсан зээлээ төлөөгүй 1 жил 5 сарын хугацаа хэтрүүлсэн байна.
Иймд Улаанчулуу багийн Засаг даргад нэр дэвшигч С.Нэргүй нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.1-д заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг зөрчин нэр дэвшиж улмаар ялалт байгуулж багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоол гаргуулан, сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар багийн Засаг даргаар батламжлагдсан.
Иймд Батцэнгэл сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/11 дүгээр захирамж, Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, Батцэнгэл сумын Улаанчулуу багиин Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр болсон. Уг хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн, тухайн хуралд Улаанчулуу багийн иргэдийн ихэнх нь оролцсон байдаг. Хурлын ирцтэй холбоотой ямар нэгэн маргаан гараагүй, хурлын ирц бүрэн хүчинтэй хурал болсон. Хурлаар хэлэлцсэн асуудлын нэг нь Улаанчулуу багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудал байсан. Нэр дэвшүүлэх асуудал анхнаасаа хууль зөрсөн гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг хуралд Улаанчулуу багийн иргэд хуралд оролцох, Засаг даргад нэр дэвшүүлэх, хуралд саналаа хэлэх эрхтэй оролцдог. Гэтэл Дайрбор багийн иргэн Батбаяр гуравдагч этгээд С.Нэргүйн нэрийг дэвшүүлсэн. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10, 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа. Иймд нэр дэвшүүлэх эрхгүй этгээд нэр дэвшүүлснээр Улаанчулуу багийн Засаг даргад нэр дэвших процесс нь хууль зөрчсөн гэж үзэж Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.
Мөн Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолыг үндэслэж Батцэнгэл сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/11 дүгээр захирамж гарсан. Уг захирамжаар Улаанчулуу багийн Засаг даргаар С.Нэргүйг батламжилсан. Хууль бус тогтоол шийдвэрийг үндэслэж Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг дарга захирамж гаргасан учраас дээрх захирамжийг хүчингүй болгож өгнө үү.
Иргэдийн Нийтийн Хурал хууль тогтоомжийг зөрчиж Засаг даргад нэр дэвшүүлсэн учраас дахин иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулж Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Яагаад нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй гээд байгаа юм бэ гэхээр тухайн багийн Засаг даргыг тухайн багийн иргэн нэр дэвшүүлэх ёстой байсан, мөн нэр дэвшигдэж байгаа хүн нэр дэвших болзол шаардлагыг хангаж байна уу гэдгийг огт шалгаагүй байдаг. Багийн Засаг даргад тавигдах шаардлагыг С.Нэргүй нь зөрчсөн гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.1 дэх хэсэгт бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх гэдгийг зөрчсөн. Нэхэмжлэгч шүүхэд тайлбар гаргасан байдаг. Тайлбарт 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Төрийн сангаас С.Нэргүйг зээлтэй эсэхийг лавлаж үзэхэд зээлтэй байсан гэдгийг мэдсэн. Өр зээлтэй хүнийг Засаг даргаар томилсон захирамжтай мөн танилцаад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Засаг даргад нэр дэвшиж байгаа хүнийг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцээд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн тогтоол гарсан. Холбогдох материалыг хүргүүлэх ёстой байсан. Гэтэл материалыг хүргүүлээгүй, уг материал байхгүй, багийн Засаг даргаар С.Нэргүйг томилсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Батцэнгэл сумын Засаг дарга Д.Баянжаргал шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Би Батцэнгэл сумын Засаг дарга, өөрийгөө засаг төрийн төлөөлөгч гэж бодож байгаа. 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хурал болж С.Нэргүй нэр дэвшиж ялалт байгуулсан. Тухайн үед С.Нэргүйг сум хөгжүүлэх сангаас зээлтэй байсан, зээлийн төлөлтийн хугацаа хэтэрсэн байсныг мэдээгүй сүүлд нь алдаатай тогтоол гарсан талаар мэдсэн гэв.
Хариуцагч Батцэнгэл сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Э.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлаас багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болсон. С.Нэргүйг өртэй байсан гэдгийг мэдээгүй, би ганцаараа багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг хүчингүй болгох боломж байхгүй. Шүүхээс ямар шийдвэр гарахыг мэдэхгүй байна. Хэрвээ манай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх юм бол багийн иргэдийн Нийтийн Хурлаа хуралдуулаад тогтоолоо хүчингүй болгож болно гэв.
Гуравдагч этгээд С.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Өлзийбүрэнгийн эрх, ашиг зөрчигдөөгүй учраас нэхэмжлэл гаргах үндэслэл байхгүй. Намайг өр, зээлтэй байсан гэдгийг мэдээгүй, 2017 оны 3 сард мэдсэн гэж байна. Өмнө нь би иргэдийн Төлөөлөгчийн Хуралд нэр дэвшээд ялагдаж байсан. Намайг нэр дэвшиж байхад Сум хөгжүүлэх сангаас зээл авсан хүмүүсийн нэртэй хуудсыг бариад намайг өр, төлбөртэй гээд яриад явж байсан. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Өлзийбүрэнгийн нэхэмжлэл нь агуулгынхаа хувьд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээж авсан. Т.Өлзийбүрэн нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн Засаг даргад өрсөлдөж 39 хувийн саналаар ялагдсан. С.Нэргүй нь 61 хувийн санал авч ялалт байгуулсан. Т.Өлзийбүрэн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдийг хэлнэ гэсэн байгаа. Тэгэхээр Т.Өлзийбүрэнгийн эрх нь зөрчигдөөгүй, тухайн багийн иргэд Т.Өлзийбүрэнг сонгоогүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д ...нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн. Үүнийг шүүх анхаарч үзэх хэрэгтэй. 52.5.3-д ...нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсээд байгааг мөн анхаарах байх. 52.5.6-д захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хувь хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хууль зөрчөөд байгааг тодорхойлж байж нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг шийдвэрлэх ёстой.
Т.Өлзийбүрэн энэ нэхэмжлэлийг гаргах хугацаа хэтэрсэн. Тогтоол хүчин төгөлдөр болох хугацаа өнгөрсөн, тогтоол хүчин төгөлдөр байгаа.
2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр С.Нэргүйг багийн Засаг даргаар томилогдох болзол шаардлагыг хангаагүй талаар мэдсэн гэдэг. Гэтэл Т.Өлзийбүрэн нь өөрөө Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч хүн, тогтоол батлахад оролцсон хирнээ тогтоол хүчин төгөлдөр бус гэдэг зүйл ярьж болохгүй. С.Нэргүйг шаардлага хангасан эсэхийг Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга судлаад Засаг даргад уламжлах ёстой. Гэтэл бүх ажил явагдаж дуусаад батламжлачихаад хууль зөрчсөн байна, тогтоолоо хүчингүй болгоё гэж байна. Гэхдээ Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн хурлын даргад тогтоолыг ганцаараа хүчингүй болгох эрх байхгүй. Багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэх ёстой.
С.Нэргүйг өр зээлтэй байсан талаарх зүйл энэ шүүх хурал дээр яригдахгүй. Яагаад гэвэл нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан, нэхэмжлэлийг гаргах хугацаа дууссан, нэхэмжлэл гаргах хугацааг сэргээлгээгүй, ганцхан тайлбарыг үндэслэж энэ нэхэмжлэлийг авч шийдвэрлэж байгааг ойлгохгүй байна.
Мөн С.Нэргүйг Дайрбор багийн иргэн Батбаяр гэдэг хүн нэр дэвшүүлсэн гээд хурал дээр маргаан гараад багийн иргэн Хүрэлцэцэг гэдэг хүн мөн С.Нэргүйг давхар нэр дэвшүүлсэн.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэсэн байгаа. Хуралд оролцож байгаа иргэн гэсэн болохоос багийн иргэн санал дэвшүүлнэ гэсэн зүйл байхгүй.
С.Нэргүй сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ төлж барагдуулсан. Хурлын дарга тогтоолыг хүчингүй болгоно гэсэн зүйл ярьж байна. Хурлын дарга ганцаараа тогтоолыг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Сумын Засаг дарга хүртэл батламжлачихаад захирамжаа хүчингүй болгоно гээд зогсож байдаг. Энэ асуудал ганцхан С.Нэргүйн эрх, ашиг яригдаагүй, багийн нийт иргэдийн эрх ашиг яригдаж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Т.Өлзийбүрэнгээс Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг дарга, тус сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн “Багийн Засаг дарга томилуулахаар уламжлах тухай” 03 дугаар тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “Улаанчулуу багийн Засаг даргын томилох тухай” Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, багиин Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нар, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан мөн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх тухай үндэслэлүүдийг гаргажээ.
а/ Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлийн тухайд: 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр болсон Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн Засаг дарга сонгох багийн иргэдийн Нийтийн Хуралд нэхэмжлэгч Т.Өлзийбүрэн нь оролцож, багийн Засаг даргад нэр дэвшиж, багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдийн 39.7 хувийн санал авсан болох нь хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн “Багийн Засаг даргад томилуулахаар уламжлах тухай” 03 тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Улаанчулуу багийн Засаг даргыг томилох тухай” Б/11 дүгээр захирамжийн улмаас нэхэмжлэгч Т.Өлзийбүрэнгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
б/ Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч Т.Өлзийбүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ багийн Засаг даргаар томилогдсон С.Нэргүй нь сум хөгжүүлэх сангаас авсан хугацаа хэтэрсэн зээлтэй бөгөөд энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 26 дугаар зүйлийн 26.6.1. “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх гэсэн шаардлагыг хангахгүй байгаа гэсэн үндэслэлийг гаргажээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон Архангай аймгийн Батцэнгэл сумын Санхүүгийн албаны тодорхойлолт зэргээр гуравдагч этгээд С.Нэргүйг сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлтэй болохыг 2017 оны 3 дугаар сарын 10-ны мэдсэн болох нь тогтоогдож байх тул шүүхэд 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-т заасан хугацаандаа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Т.Өлзийбүрэн нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн Засаг даргаар томилогдсон С.Нэргүй нь хуулийн 26 дугаар зүйлийн 26.2. “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, ... нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно”, 26.6.1. “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;, гэсэн хуулийн дээрх заалтуудыг зөрчиж багийн Засаг даргаар томилогдсон гэж; Гуравдагч этгээд С.Нэргүй нь миний бие сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлтэй байсан нь үнэн гэхдээ тухайн зээлийг төлж дууссан, одоо бол ямар нэгэн хугацаа хэтэрсэн зээл байхгүй. Тухайн зээл нь хуульд заасан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл биш юм. Багийн Засаг даргад өөр багийн иргэн нэр дэвшүүлсэн гэх үндэслэлийн тухайд: Намайг анх Дайрбор багийн иргэн Д.Батбаяр гэдэг хүн нэр дэвшүүлсэн, хуралдааны явцад өөр багийн иргэн нэр дэвшүүлж болохгүй гэхээр Улаанчулуу багийн иргэн Хүрэлцэцэг миний нэрийг багийн Засаг даргад дэвшүүлж байсан. Тийм учраас миний бие хууль зөрчиж багийн Засаг даргаар томилогдоогүй гэж маргажээ.
Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2., 26 дугаар зүйлийн 26.2. дахь заалтуудыг үндэслэн Багийн иргэдийн Нийтийн Хурлаас багийн Засаг даргад нэр дэвшиж, хуралд оролцсон иргэдийн 60.3 хувийн санал авсан иргэн С.Нэргүйг багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжилжээ . Хуулийн 26 дугаар зүйлийн 26.3. дахь заалт болон багийн иргэдийн Нийтийн Хурлын дээрх тогтоолыг үндэслэн Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар иргэн С.Нэргүйг Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн Засаг даргаар томилжээ .
I. Хуулийн 26 дугаар зүйлийн 26.5. “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна:”, 26.6. “Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна:”, 26.6.1. “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд: Гуравдагч этгээд С.Нэргүй нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг дарга Я.Батгэрэлсайхантай 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-ээр 10.000.000 /арван сая/ төгрөгийн зээл авсан байх бөгөөд зээлийг хуваарийн дагуу 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төлж дуусгах ёстой байжээ .
Гуравдагч этгээд С.Нэргүй нь тухайн зээлийн хүүнд 525.000 /таван зуун хорин таван мянга/ төгрөгийг төлж байсан бөгөөд үндсэн зээлийн төлбөрт 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 5.000.000 /таван сая/, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 5.000.000 /таван сая/, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 268.995 /хоёр зуун жаран найман мянга есөн зуун ерэн таван/ төгрөг төлснөөр тухайн зээлийг төлж дуусгажээ .
Хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.1. “шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх; гэх шаардлагын тухайд тухайн нэр дэвшигчийг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байхыг шаардсан зохицуулалт байх бөгөөд гуравдагч этгээд С.Нэргүйн тухайд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй болох нь Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 78 дугаар албан бичиг, Архангай аймаг дахь шүүхийн тамгын газрын 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 137 дугаар албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна .
Иймд гуравдагч этгээд С.Нэргүйг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өртэй гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзлээ.
II. Хуулийн 26 дугаар зүйл. “Засаг дарга, түүнийг томилох”, 26.2. “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, ... нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд: Хуулийн 23 дугаар зүйлийн 23.10. “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно.”, 26 дугаар зүйлийн 26.2. “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, ... нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл багийн Засаг даргад тухайн багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож байгаа иргэдээс нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд тухайн багийн иргэдийн Нийтийн Хуралд зөвхөн тухайн багийн сонгуулийн насны иргэд оролцох эрхтэй байна.
Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн Засаг даргыг сонгох багийн иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр болжээ .
Багийн Засаг даргад иргэн С.Нэргүй, Т.Өлзийбүрэн нарын нэрийг дэвшүүлж, багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдийн 60.3 хувийн саналыг авсан С.Нэргүйг багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжилжээ .
Багийн Засаг даргад нэр дэвшиж олонхийн санал авсан С.Нэргүйг тухайн багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож, Засаг даргад хэн нэгний нэрийг дэвшүүлж, санал хураалтанд оролцож, санал өгөх эрхгүй этгээд буюу Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайрбор багийн иргэн Д.Батбаяр нэр дэвшүүлж санал хураалт явжээ.
Иргэн Д.Батбаяр нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн иргэн биш мөн гуравдагч этгээд С.Нэргүйг иргэн Д.Батбаяр Улаанчулуу багийн Засаг даргад нэр дэвшүүлснээр санал хураалт явагдсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайрбор багийн Засаг даргын тодорхойлолт , гэрч Х.Амарсайхан, Т.Чимэддулам нарын мэдүүлэгүүдээр тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн Засаг даргыг сонгох багийн иргэдийн Нийтийн Хуралд Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайрбор багийн иргэн оролцож, багийн Засаг даргад гуравдагч этгээд С.Нэргүйг дэвшүүлэн санал хураалт явуулсан нь хуулийн 23 дугаар зүйлийн 23.10., 26 дугаар зүйлийн 26.2. дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иймд нэхэмжлэгч Т.Өлзийбүрэнгээс шүүхэд гаргасан “Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн “Багийн Засаг даргад томилуулахаар уламжлах тухай” 03 тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “Улаанчулуу багийн Засаг даргыг томилох тухай” Б/11 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, Улаанчулуу багиин Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.1., 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10., 26 дугаар зүйлийн 26.2.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн “Багийн Засаг дарга томилуулахаар уламжлах тухай” 03 дугаар тогтоол, Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “Улаанчулуу багийн Засаг даргыг томилох тухай” Б/11 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, Улаанчулуу багиин Засаг даргын сонгуулийг дахин явуулахыг Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ