Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2024/02192

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 18 210/МА2024/02192

 

 

 

Ч ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2024/04039 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ХХК-нд холбогдох,

 

88,209,403 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн төлөөлөгч Д.Д, түүний өмгөөлөгч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

...Э ХХК нь анх 2011 онд ..... дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... дугаар байрыг ашиглалтад оруулахаар их засварын ажил хийж, улмаар манай байгууллагаас техникийн нөхцөл хүсэж шугам сүлжээний ажлыг хийж, манай байгууллагаас уг байрыг дулаан эрчим хүч, цэвэр, бохир усаар хангах үйлчилгээ авч эхэлсэн.

2011 оноос хойш манай байгууллага тасралтгүй дулаан эрчим хүч, цэвэр, бохир усаар хангах үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд 2020 он хүртэлх хугацаанд Э ХХК уг байрны төлбөрийг Э ХХК-ийн нягтлан н.О, Ж.О, Ч.С гэх хүмүүсээр дамжуулан төлж ирсэн.

Э ХХК нь 2017-2020 оны хооронд хэрэглээний төлбөрийг бүрэн гүйцэд төлөөгүйгээс талууд тооцоо нийлж, тооцооны үлдэгдлийг баталгаажуулахад Э ХХК нь 88,209,403 төгрөгийн өртэй гарсан. Уг тооцооны үлдэгдлийг манай байгууллагаас нягтлан С.О, Э ХХК-иас нягтлан Ч.С нар байлцан баталгаажуулсан.

Энэхүү тооцооны үлдэгдлийн батлааг үндэслэн Ч ОНӨААГҮГ-ын зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч Э ХХК-иас үүнийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч хэрэглээний төлбөрийг айл өрхөөр бус аж ахуйн нэгжээр тооцсоноос өндөр төлбөр гарсан, уг төлбөрийг манай байгууллага хариуцахгүй, манай байгууллага хэрэглэгч биш гэж маргаж байгаа болно. Э ХХК-ийн хэрэглээний төлбөрийг аж ахуйн нэгжээр тооцсоноос өндөр төлбөр гарсан гэж маргаж буй нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

  

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

...Тухайн дүүрэгт байрлах орон сууцны .... дугаар байрны ашиглалтыг Д.Д миний бие хариуцаж байсан учир шалтгаан нь гэвэл 2013 онд тус барилгын засвар, үйлчилгээг манай компани хариуцан ажиллаж дуусгаад, улсын комисст зохих журмын дагуу хүлээлгэн өгч, комиссын акт, дүгнэлтээр баталгаажуулж, ашиглалтад бүрэн оруулсан.

Үүний дараа дээрх орон сууцуудыг иргэдэд худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр тэдгээрийн хууль ёсны эзэмшил, өмчлөлд бүрэн шилжүүлсэн учир миний өмчлөл, эзэмшлээс хасагдсан юм.

Иймд, Ч ОНӨААТҮГ-ын холбогдох албан тушаалтнуудад Орон сууцны болон Эрчим хүчний тухай хууль, Усны тухай хуулийн дагуу орон сууцны ашиглалттай холбоотой зардал, төлбөр тооцоог тухайн орон сууцны өмчлөгч, эзэмшигчтэй гэрээг байгуулан ажиллах талаар олон удаа уулзаж, ярилцсан боловч 2022 оны 03 сар хүртэлх хугацаанд нэмэлт нөөцийн кабель хийх, айл, өрхүүдэд баталгаат усны тоолуур тавих, мөн ажлын хөлсийг гаргуулах гэх зэрэг янз бүрийн шалтгаанаар манай компани болон иргэдтэй ус, дулааны гэрээг байгуулаагүй байсан.

Э ХХК нь Ч ОНӨААТҮГ-тай ямар нэгэн албан ёсны гэрээг огт байгуулаагүй учир хоёр байгууллагын хооронд гэрээгээр хүлээсэн үүргийн харилцаа үүсээгүй болно.

Дээрх байгууллага нь 2022 оны 03 сар хүртэлх хугацаанд ямар нэгэн шалтгаан хэлж, байрыг хүлээн аваагүй, тухайн байрны айл, өрхүүд болон цэцэрлэгтэй хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны үнийг авах тухай гэрээг огт байгуулаагүй мөртөө зөвхөн миний эзэмшлийн худалдаа, үйлчилгээний Э ХХК-ийн нэр дээр аж ахуйн нэгжийн өндөр тарифаар тооцож, айл өрх болон цэцэрлэгийн хэрэглэсэн ус, дулааны тооцоог манай компанийн нэр дээр аж ахуйн нэгжийн тарифаар өндөр дүнгээр тооцож, өр төлбөр үүсгэсэн нь учир дутагдалтай.

Тус байрны оршин суугчдаас ус, дулаан, цахилгааны төлбөрт өгсөн мөнгө, төгрөгийг 2013-2020 он хүртэлх хугацаанд иргэн Д.Э, н.О нар, 2020-2022 оны 02 сар хүртэлх хугацаанд иргэн н.С нар хариуцаж, төлбөр тооцоог хийж байсан болно... гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дэх заалтыг баримтлан Э ХХК-иас дулаан эрчим хүчний хэрэглээний төлбөрт 59,778,981 төгрөг, цэвэр бохир усны төлбөрт 28,430,422 төгрөг, нийт 88,209,403 төгрөг гаргуулах тухай Ч ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 598,997 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

1. Эрчим хүчний тухай хуулийн 3.1.19, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.13-т тус тус зааснаар эрчим хүч болон, цэвэр усаар хангуулж, бохир ус татан зайлуулах үйлчилгээг бодитоор авч буй этгээд нь хэрэглэгч байх бөгөөд дээр дурдсан хэрэглэгчтэй байгуулах гэрээг бичгээр байгуулахыг хуульд тусгайлан заагаагүй байна.

Шүүхийн шийдвэрт Э ХХК-г хэрэглэгч гэж үзэхгүй гэж тайлбарласан боловч тус орон сууцны өмчлөх эрх Э ХХК-нд бүртгэлгүй талаар баримт авагдаагүй байдаг. Э ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд үүссэн асуудал нь 2012 оноос 2020 оныг дуусталх хугацаанд үүссэн асуудал бөгөөд энэ цаг хугацаанд аль орон сууц нь Э ХХК-ийн өмчлөлд байсан эсхүл бусад этгээдэд шилжсэн эсэх нь тодорхойгүй байсан билээ.

Э ХХК нь тус орон сууцны халаалт болон цэвэр, бохир усны зардлыг өөртөө төвлөрүүлж байсан талаар гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт зэрэг санхүүгийн анхан шатны баримт хангалттай авагдсан байдаг. Гэтэл шүүхээс дээрх байдлаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна.

2. Шүүх талуудын хооронд байгуулагдсан тооцооны үлдэгдлийн баталгааны хүчин төгөлдөр байдлыг хүлээн зөвшөөрсөн атлаа тус баталгааны нэг тал болох Э ХХК-ийг үйлчилгээ аваагүй гэж дүгнэж байгаа нь логикийн алдаатай, хүлээн зөвшөөрөх боломжгүй дүгнэлт байна. Угтаа бол тус тооцооны үлдэгдлийн баталгааг талуудын эрх бүхий этгээдүүд үйлдсэн, түүнийг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа тохиолдолд түүний үүргийг шаардах үндэслэлтэй билээ.

3. Хариуцагч нь нэхэмжлэгчийн илгээсэн төлбөрийн нэхэмжлэхийн дагуу тус байрны халаалт болон цэвэр, бохир усны зардлыг төвлөрүүлж байсан баримтууд байдаг боловч дээрх өөрийн компанидаа төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Ч ОНӨААТҮГ-т шилжүүлээгүй байдаг. Гэтэл шүүхээс талуудын хооронд хийгдсэн тооцооны үлдэгдлийн баталгааны дагуу нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж үзэж байгаа нь хариуцагч Э ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжих нөхцөлийг бүрдүүлж байгаа хэрэг юм.

Иймд, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Эрчим хүчний тухай хууль, хот суурин ариутгалын тухай хуулийн холбогдох заалтуудад үйлчилгээг бодитоор авсан этгээдийг хэрэглэгч гэнэ гэж тодорхойлсон байна. Талууд 2013 оноос хойш тус байранд 56 иргэн нэг хуулийн этгээд буюу цэцэрлэг үйл ажиллагаа явуулж ирсэн гэдэгт маргадаггүй. Харин иргэд, байгууллагатай гэрээгүй учраас Ч ОНӨААТҮГ руу нэхэмжлэх явуулаад төлбөрөө төл, төлөхгүй бол цахилгаан дулааныг таслан гэж шаардлага тавьдаг. Э ХХК нь тухайн байранд оршин суудаг Ч.С гэх хүнд төлбөрийг хурааж ав гэх байдлаар төлбөр төлүүлэх ажлыг зохион байгуулж төлбөрийг авдаг байсан. Түүнээс дансаар нь нэг бөөн төлбөр, орж гарсан зүйл байдаггүй. Иймд давж заалдах гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч тайлбартаа төлбөрийн асуудал 2012-2020 оны асуудал гэж ярьсан. Гэтэл энэ нь 2017-2020 оны асуудал бөгөөд нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөр тооцооны асуудал 2017-2020 оны асуудал гэх тайлбарыг хэлсэн байдаг. Хариуцагч тооцооны үлдэгдлийн баталгааны гэрээний асуудлаар Улсын дээд шүүхээс уг тооцооны гэрээний харилцааг буруу тодорхойлсон гэх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг. Э ХХК нь 2011 онд тухайн барилгад их засварын ажлыг хийж, 2013 онд улсын комисст хүлээлгэж өгсөн. Түүнчлэн өөр дээрээ өмчлөх эрхийг гэрчилгээ авахгүйгээр бусдын өмчлөлд шилжүүлсэн талаар талууд маргадаггүй. Эдгээр үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ч ОНӨААТҮГ нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан дулаан, эрчим хүчний хэрэглээний төлбөр 59,778,981 төгрөг, мөн цэвэр, бохир усны төлбөр 28,430,422 төгрөг, нийт 88,209,403 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь хэрэглэгч биш, түүнчлэн уг төлбөрийг хэрэглэгч иргэнээс авах тарифаар бус аж ахуй нэгжийн тарифаар тооцсон байх тул өндөр төлбөр гарсан гэх зэрэг үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч Э ХХК нь ..... дүүрэг, 5 дугаар хороонд байрлах 60 айлын .... дугаар байрыг засан сайжруулах буюу шинэчлэлтийн ажлыг хариуцан гүйцэтгэж 2013 оны 07 сарын 19-ний өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын .... тоот актаар хүлээлгэн өгснөөр тухайн барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжтой гэж үзсэн. /1.х.х-ийн 100-101, 119-130/

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

4.1. Нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны дулаан, эрчим хүчний хэрэглээний төлбөрт 59,778,981 төгрөг, мөн хугацааны цэвэр, бохир усны төлбөрт 28,430,422 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн боловч эдгээр төлбөрийг ямар тарифаар хэрхэн тооцсон талаарх задаргаа хэрэгт авагдаагүй байна. /2.х.х-ийн 57-59/

 

Тодруулбал, тухайн орон сууцанд нийт 56 айл, нэг цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байхад дулааны болон хэрэглээний цэвэр, бохир усны төлбөрийг ямар нэгж тарифыг үндэслэн хэрхэн тооцсон буюу тоолуур-хэмжүүрийн заалт тодорхойгүйгээс нэхэмжлэлийн шаардлага болох 88,209,403 төгрөг чухам юунд үндэслэгдсэн болохыг тодруулах ёстой байжээ.

 

4.2. Э ХХК нь урьд өмнө тус .... дугаар байрны оршин суугчдаас дулааны болон хэрэглээний цэвэр, бохир усны төлбөрийг цуглуулж Ч ОНӨААТҮГ-т тушаадаг байсан, эсхүл айл өрхийн төлсөн төлбөр нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардал эсэх нь тодорхойгүй байх тул энэ талаар тодруулах шаардлагатай. /1.х.х-ийн 119-130/

 

Өөрөөр хэлбэл, хэдийгээр Э ХХК нь уг 60 айлын орон сууцыг өмчлөгч буюу эзэмшигч бус учир эцсийн хэрэглэгч биш гэж маргаж байгаа боловч Ч ОНӨААТҮГ нь тус компанийг өнгөрсөн хугацаанд оршин суугчдаас дулааны болон хэрэглээний цэвэр, бохир усны төлбөрийг цуглуулж төлдөг байсныг үндэслэн нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.

 

4.3. Улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2023/00099 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. /1.хх-ийн 236-244/

 

Энэхүү тогтоолд Э ХХК нь тус барилгыг 2013 онд бүрэн засвар хийж ашиглалтад хүлээлгэн өгсөн байтал өнөөдрийг хүртэл мэргэжлийн байгууллага буюу хангагч хэрэглэгчтэй гэрээ байгуулаагүй үндэслэл шалтгаан юу болох, үүнд зохигчийн хэн буруутай болох талаар шүүх тодруулах шаардлагатай гэсэн байхад анхан шатны шүүх дээрх ажиллагааг гүйцэтгээгүй байна.

 

Түүнчлэн Э ХХК нь хэрэглэгч биш байхад тус компаниас ямар үндэслэлээр 88,209,403 төгрөгийг нэхэмжилж байгаа болон албан байгууллагын тарифаар шаардаж буйг тодруулах ёстой байсан гэжээ.

 

5. Иймд, дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/04063 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 598,998 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Б.МАНДАЛБАЯР