Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 418

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Ш.Алтанцэцэг,   

хохирогч Т.М ,      

шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Ш овогт Т-ын   Б-д  холбогдох эрүүгийн 1910006830225 дугаартай,  187/2019/0357/Э индекстэй хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.          

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ..... оны ..... дүгээр сарын ....-нд Говь-Алтай аймагт төрсөн, .....настай, эмэгтэй, ...... боловсролтой..... мэргэжилтэй, ............ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн .............. тоотод оршин суух, урьд 2005 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 260 дугаар Чингэлтэй дүүргийн шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Ш овогт Т-ын   Б  /РД:................/  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Т.Б нь Т.М д “Гэмтэл согогын үндэсний төв болон дүүргийн эмнэлгүүдэд нэг удаагийн эмнэлгийн хэрэглэгдэхүүн нийлүүлж байгаа санхүүжилт хэрэгтэй байна ашгаасаа өгнө” гэж хуурч 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хооронд 15.500.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Т.Б нь Т.М д Гэмтэл согогын үндэсний төв болон дүүргийн эмнэлгүүдэд нэг удаагийн эмнэлгийн хэрэглэгдэхүүн нийлүүлж байгаа санхүүжилт хэрэгтэй байна ашгаасаа өгнө гэж хуурч 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хооронд 15.500.000 төгрөгийг залилсан болох нь:

1. Шүүгдэгч  Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүгдэгч надаас 15.500.000 төгрөгийг Гэмтэл согог үндэсний төвийн эмнэлэг болон дүүргийн эмнэлэгүүд рүү бараа нийлүүлнэ гэж авсан. Шүүгдэгч залилах шинж тэмдэггүй мөнгө зээлсэн гэж хариулсанд би гайхаж байна. Учир нь шүүгдэгч надаас 3 хувааж мөнгө зээлсэн. Би Т.Б-г аав нь эмнэлэгт эмчлүүлж байгаа гэхээр нь өрөвдсөндөө 8.500.000 төгрөгийг шүүгдэгчийн дансанд шилжүүлсэн. Би сэтгэл санааны хямралаас болж 2018 оны 02 дугаар сарын 18-нд ажлаасаа гарсан. Манай ажлын газрын дарга намайг ажлаас гарах үед гайхаж учир шалтгааны талаар асууж байхад би Т.Б талаар удирдлагад үнэнгийн хэлэхгүйгээр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч байгаа гэсэн хариулт өгч ажлаасаа гарсан. 2018 оны 2 дугаар сард би Амарбаясгалан гэдэг хүнтэй очиж уулзах гэсэн боловч тийм хүн байдаггүй гэж хэлсэн. Дараа нь би МАН туслах гэдэг хүн рүү нь залгаж асуухад Т.Б гэдэг хүнийг танихгүй дахиж энэ хүний нэрийг бариад над руу залгах аваас шүүхэд өгнө шүү гэж надад хэлснийг би Т.Б-д  хэлэхэд Т.Б тэр хүний талаар дахиж ярихаа больсон. Би Т.Б аас мөнгө нэхэх гэж залгах тоолонд “одоо шилжүүллээ” эсхүл “ээж, охин хоёрын аль нэгийг нь хорт хавдар тусчихлаа” гэж нэрийг нь барьж худлаа хэлдэг байсан. Би энэ хүнээс болж их хохирсон жишээ нь би Т.Б-д  мөнгө өгөх гэж зарим хүнээс мөнгө зээлсэн байхад зээлүүлсэн хүндээ мөнгө буцааж өгөх үед надаас зөндөө тооцоолоогүй хохирол гарсан тул би Т.Б аас нийт нэхэмжлэх мөнгө 10 гаран сая төгрөг болно. Нэмж хэлэхэд миний зээлүүлсэн мөнгийг Т.Б өрөндөө өгөөгүй бөгөөд банкны зээл нь хэвээрээ байсан учраас миний өгсөн мөнгө хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон. Би хавтаст хэрэгтээ танилцаж байхад шүүгдэгчийн хувьд намайг өмнөх гурван залилуулсан хохирогчидтой адил арга барилаар залилсан байсан... Шүүгдэгч Т.Б нь үлдэгдэл төлбөр 1.950.000 /нэг сая есөн зуун тавин мянган/ төгрөг дээр нэмж 2.550.000 төгрөг нийт 4.500.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Т.М тэй эвлэрлийн гэрээ байгуулсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  

            3. Хохирогч Т.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг ажиллаж байх хугацаанд дотоод аудит, мониторинг хариуцсан мэргэжилтэн хийдэг Б гэх эмэгтэй 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр би дүргүүдийн эмнэлэг, гэмтлийн эмнэлэгт улавч, тариур, хиймэл хөл, зэргийг нийлүүлж байгаа юм их ашигтай байдаг юм байна. Одоо дахиад бараа нийлүүлэх гэсэн чинь мөнгө дутчихлаа чи мөнгө зээлэх үү гэхээр нь надад нөхцөл нь зүгээр санагдсан бөгөөд бараагаа нийлүүлчихээд буцаагаад мөнгөө авчихдаг гэхээр зөвшөөрөөд 2018 оны 12 дугаар сарын 05-наас 18-ны өдрийн хооронд нийт 15.500.000 төгрөгийг Б ийн данс руу шилжүүлсэн. ...мөнгөө нэхэхээр төрйин байгууллагын санхүүжилт ороогүй байна гэнээ одоо орж ирсэн мөнгийг өөр хүмүүсийн өөр хүмүүсийн өр авлагыг өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлгийн санхүүгийн албаны дарга руу орж уулзахад Б нь гэмлийн эмнэлэгт хиймэл хөл нийлүүлээгүй байсан. Энэ тухай Б-д  хэлтэл тийм зүйл байхгүй манай найз наад гэмтлийн эмнэлгийн даргад хариуцлага тооцно гэж байна гээд том дугаараад байсан. Би эдгээр мөнгийг ааваасаа ахаасаа зээлж өгсөн болохоор надад их хүнд байна. Манай аавын бие муу байсан бөгөөд бид 2-ын хооронд мөнгөний асуудал гарч маргаан үүссэн. Аавын бие муудаад байхаар нь түр хүнээс 8.500.000 төгрөг зээлээд аавд Б өгсөн юм гэж хэлээд өгсөн. Аавд анх Б ийн юу гэж хэлж надаас мөнгө зээлж байсан талаар ярьсан чинь найдвартай хүн бол тэгэхгүй юу гээд 5.0 сая төгөргийг надад өгсөн. Үлдсэн мөнгийг нь би таньдаг хүнээсээ зээлж өгсөн. Б надад одоогоор 5.750.000 төгрөгийг өгсөн байгаа үлдсэн мөнгийг өгөөгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 6/

            4. Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүүхэд болох Мөнх-Эрдэнэ нь 2018 оны 8 дугаар сараас эхлэн зам тээвэр хөгжлийн төвд гэрээт ажилчнаар ажилд орсон юм. Тэгсэн чинь 12 дугаар сарын 05-ны өдөр ааваа манай ажилд хамт ажилладаг Б гэх хүн эмнлэгүүдэд нэг удаагийн хэрэгслүүр зарна гээд намайг 7 хоногийн хугацаатай мөнгө зээлээч гэж байна гэхээр нь та надад итгээд 8 сая төгрөг зэлүүлчих гэхээр нь за найдвартай юм бол тэг гээд Б ийн данс болох 5030542816 гэсэн данс руу 12 дугаар сарын 06-ны өдөр 3 сая төгрөг, 12 дугаар сарын 8-нд 5 сая төгрөгийг тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-ийн үйлчилгээний төвийн тэнд явж байхдаа мобайлаар шилжүүлсэн. Ингээд үүнээс хойш 7 хоногийн хугацаа нь өнгөрсөн байхад мөнгөө өгөхгүй байхаар нь би асуутал манай хүүхэд одоо удахгүй өгнө гэж байна гэж хэлэхээр нь за цуг ажилладаг хүмүүс юм чинь өгчих байлгүй дээ гэж бодсон юм. 2019 оны 2 дугаар сар болчихлоо явж мөнгөө олж ир гээд Мөнх-Эрдэнийг загнаад явуулсан. Тухайн үед миний бие муу байсан болохоор манай хүүхэд намайг тайвшруулах гээд 8 сая төгрөгийг хүнээс зээлээд миний данс руу шилжүүлчихсэн байна. Би өөрөө Байгальмаатай ярихаар хөрөнгө оруулалт хүлээгдээд байна он гарахаар нь мөнгө орж ирнэ тэгээд өгье гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/

            5. Гэрч О.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б гэх хүнийг танихгүй. 2019 оны 2 дугаар сард байх өдрийг нь санахгүй байна. Мөнх-Эрдэнэ гэх залуу ирээд Амарбаясгалан даргатай уулзах гэсэн юм гэж ирж байсан бөгөөд тухайн үед дарга байхгүй байсан тул хуралтай байгаа гэж хэлтэл янз бүрийн юм яриагүй явсан юм. Орой нь Мөнх-Эрдэнэ гэх залуу над руу яриад Зам тээврийн хөгжлийн төвд ажилладаг Б гэх хүн Амарбаясгалан даргатай чинь хамтарч бизнес хийж байгаа. Амарбаясгалангийн туслах нь гээд миний дугаарыг өгсөн гэсэн энэ залуутай хүртэл ярьсан гээд надаас мөнгө зээлсэн юм энэ үнэн үү гэж асуухаар нь би Б гэх хүнтэй утсаар яриагүй, ийм хүн танихгүй гэж хэлсэн. Дараа нь Амарбаясгалан даргаас та Б гэх хүн таних уу гэсэн чинь би тийм хүн танихгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76/

           6. Б ийн Хаан банкны 5030542816 дугаартай данс руу мөнгө шилжүүлсэн баримт, Гэмтэл согог суцдлалын үндэсний төвөөс ирүүлсэн албан бичиг /хх-16-29, 75/

            7. Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Манай байгууллагад Мөнх-Эрдэнэ гэх залуу 2018 оны 5 дугаар сард байхаа гэрээт ажилчнаар ажилд орсноор би анх танилцаж байсан юм. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Мөнх-Эрдэнэд хандан би дүүргүүдийн эмнэлгүүдээр улавч, халаад, маск зэрэг нэг удаагийн хэрэглүүрүүдийг борлуулах гэж байгаа юм. Чи надад мөнгө зээлээч гээд 2018 оны 12 дугаар сарын 05-наас 14-ний өдөр хүртэл Мөнх-Эрдэнээс нийт 15.500.000 төгрөг өөрийн дансаар шилжүүлж авсан. Тэгээд эдгээр нэг удаагийн хэрэглүүрүүдийг авахаар хөөцөлдсөн боловч бүтээгүй энэ мөнгийг нь аваад хүнд өртэй байсан энэ өрөндөө өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50х/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

            Шүүгдэгч Т.Б нь урьд 2005 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 260 дугаар Чингэлтэй дүүргийн шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хойшлуулсан болох нь шийтгэх тогтоол, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 15, 62-63/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Т.Б нь Т.М д “Гэмтэл согогын үндэсний төв болон дүүргийн эмнэлгүүдэд нэг удаагийн эмнэлгийн хэрэглэгдэхүүн нийлүүлж байгаа санхүүжилт хэрэгтэй байна ашгаасаа өгнө” гэж хуурч 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хооронд 15.500.000 төгрөгийг хохирол учруулан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.  

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Т.Б-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол /15.500.000 төгрөгийн бодит хохирлоос үлдсэн 1.950.000 /нэг сая есөн зуун тавин мянган/ төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...15.500.000 төгрөгнөөс 1.950.000 төгрөгийн хохирол нөхөн төлөөгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /...38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Зам тээврийн хөгжлийн төвд аудит ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б-д  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.     

Шүүгдэгч Т.Б үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Б аас 1.950.000 /нэг сая есөн зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.М д олгохоор шийдвэрлэв.       

            Шүүгдэгч Т.Б нь үлдэгдэл төлбөр 1.950.000 /нэг сая есөн зуун тавин мянган/ төгрөг дээр нэмж 2.550.000 төгрөг нийт 4.500.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Т.М тэй эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг дурдъя.

            Т.Б-д  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.     

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ш овогт Т-ын   Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш овогт Т-ын   Б  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б-д  оногдуулсан 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

            4. Т.Б-д  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Т.Б-д  сануулсугай.  

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б аас 1.950.000 /нэг сая есөн зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.М д олгосугай.       

 

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

            9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Б-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР