Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 828

 

Т.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Хурц,

шүүгдэгч Т.Б,

хохирогч Т.Мөнх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 418 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Т.Мөнх-Эрдэний гаргасан давж заалдах гомдлоор Т.Бд холбогдох эрүүгийн 1910006830225 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

.............., 1981 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Зам тээврийн хөгжлийн төвд аудит ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 51-48 тоотод оршин суух бүртгэлтэй, /.................../,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 260 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан;

 

Т.Б нь Т.Мөнх-Эрдэнэд “Гэмтэл согогын үндэсний төв болон дүүргийн эмнэлгүүдэд нэг удаагийн эмнэлгийн хэрэглэгдэхүүн нийлүүлж байгаа санхүүжилт хэрэгтэй байна, ашгаасаа өгнө” гэж хуурч 2018 оны 12 дугаар сарын 05-наас 18-ны өдрийн хооронд 15.500.000 төгрөг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Т.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ..................... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Бд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Т.Бд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Т.Бд сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Бгаас 1.950.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Мөнх-Эрдэнэд олгож, эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогч Т.Мөнх-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Б нь манай дотоод аудитыг хариуцсан хүн байсан. Т.Б нь манай ажлын хамт олны дунд итгэлтэй хүн байсан. Тийм ч үүднээсээ би итгэж тухайн хүнд мөнгө зээлсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилан мэхлэх гэмт хэрэг нь хорих, тэнсэн харгалзах, албадан ажил хийлгэх, мөнгөн торгууль буюу дөрвөн төрлийн ялаас хамгийн багаар нь шийтгэсэнд гомдолтой байна. Тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн гэм хор нь тухайн үед арилаагүй байхад хуульд заасан хамгийн хөнгөн ялаар шийтгэсэн байдаг. Байгальмаа өмнө нь гэмт хэрэгт холбогдож шүүхэд дуудагдаж байсан. Миний зээлсэн мөнгөний талыг нь ааваасаа авч өгөөд үлдсэн мөнгийг хүнээс зээлж авч өгсөн. Үүнээс болоод манай аавын бие 2 болон 3 сард муудсан. Зүрхний эцсийн хагалгаанд орсон хүн байсан. Тэгээд мөнгө нь байхгүй гэдгийг мэдээд харвачих болов уу гэж бодоод хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлээд аавдаа өгсөн. Өндөр хүүтэй мөнгө зээлснээс болоод тухайн хүмүүс нь намайг ажил дээр ирж дарамтлаад зодож нүдэх нь холгүй болоод байхаар нь ажлаасаа хүртэл гарсан. Тухай бүр нь би Байгальмаад хэлж байсан. Намайг нөгөө хүмүүс маань дарамтлаад болдоггүй, зодож нүдээд гарыг минь хүртэл хугалчилаа гээд хэлж л байсан. Гэтэл тоож байгаа ч юм байхгүй өнгөрдөг байсан. Хэргийг дахин хянаж надад 2.550.000 төгрөг нэмж гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Учир нь, Т.Б намайг хуурч 2018 оны 12 дугаар сарын 05-наас 18-ны өдрийн хооронд 15.500.000 төгрөгийг хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож намайг төөрөгдүүлж, миний мөнгийг залилан авсан. Би энэ мөнгийг Т.Бд өгөхдөө 60 хувийг нь хүнээс зээлж хүүтэй нь буцааж өгсөн. Надад эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол учирч ажилгүй болж, сэтгэл гутралд орж сэтгэл санааны хямралд автаж, маш их хохирсон. Энэ хохирлыг мөнгөөр илэрхийлж барахгүй. Би маш их гомдолтой, хохирсон учраас Т.Б ч хохирлыг чинь бүрэн барагдуулна гэж надад санал тавьж үлдсэн хохирлоос 1.950.000 төгрөг дээр нэмж 2.550.000 төгрөг өгье гээд надаас уучлалт гуйгаад үлдсэн хохирлоос нь 100.000 төгрөг бага багаар нь төлөөд барагдуулна гэхээр нь ямар ч гэсэн 1.950.000 төгрөг нь дээр нэмж 2.550.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөг төлөөрэй гэж бид тохиролцоод эвлэрлийн гэрээ байгуулсан. Энэ тухай ч бид 2 анхан шатны шүүх хуралдаанд төлнө, авна гэж хэлсэн байхад анхан шатны шүүх зөвхөн 1.950.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл хохирол бүрэн төлөгдөөгүй, гэм хор арилаагүй, шүүхийн дараа маргааш нь намайг тохуурхаж “чи одоо намайг яах юм бэ, чиний мөнгийг хэзээ нэгэн цагт өгнө” гэж хөнгөн ял авсандаа бардаж, намайг үл тоож байгаад харамсаж байна. Шүүхээс Т.Бд 500 нэгжээр торгох ял оногдуулсан нь түүний үйлдэлд тохироогүй, хэтэрхий хөнгөн ял оногдуулсныг дахин хянаж зохих ялыг нь оногдуулж өгнө үү. Санаатай луйврыг тохиолдолын луйвар гэж дүгнэсэнд гомдолтой байна. Мөн надад учруулсан 15.500.000 төгрөгнөөс 12.500.000 төгрөгийн хүүг бусдад төлж, надад хохирол учирч нийт 28.000.000 төгрөгөөр би хохирч үлдсэн. Энэ хүүний 12.500.000 төгрөгнөөс 2.550.000 төгрөгийг л авъя гээд бид эвлэрлийн гэрээ байгуулсан. Үлдсэн мөнгөнөөс төлөөгүй 1.950.000 төгрөг дээр 2.550.000 төгрөг нэмээд нийт 4.500.000 төгрөгийг Т.Бгаас гаргуулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Т.Мөнх-Эрдэнээс 15.500.000 төгрөг тохиролцсоны үндсэн дээр авсан нь үнэн. Үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн эргэн төлөлтөө хийсэн. Энэ хүнд хэцүү байгааг ойлгож байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээс 15.500.000 төгрөгөөс үлдэгдэл 1.950.000 төгрөгийг төлж чадаагүй байсан. Давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргаснаас хойш 1.000.000 төгрөгийг мобайлаар шилжүүлсэн, 400.000 төгрөгийг банкаар хийсэн баримт нь байна. 1.000.000 төгрөг шилжүүлсэн баримтыг өөрсдөө хуулгаар авсан гэж надад хэлсэн. Үлдсэн 550.000 төгрөгийг би өнөө маргаашгүй төлнө. Тэгээд хүүнд төлөх 2.550.000 төгрөгийг эгч төлнө гэдгээ хэлсэн. Энэ мөнгийг удахгүй төлөх болно. Сая мөнгө шийдэгдэх байсан боловч бүтсэнгүй. Тийм болохоор дараа долоо хоногоос төлнө. Би өрх толгойлсон эх, бага насны хоёр хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Прокурор Б.Хурц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай бүрэн нийцсэн, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

 

Т.Б нь Т.Мөнх-Эрдэнэд “Гэмтэл согогын үндэсний төв болон дүүргийн эмнэлгүүдэд нэг удаагийн эмнэлгийн хэрэглэгдэхүүн нийлүүлж байгаа санхүүжилт хэрэгтэй байна, ашгаасаа өгнө” гэж хуурч 2018 оны 12 дугаар сарын 05-наас 18-ны өдрийн хооронд 15.500.000 төгрөг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Т.Мөнх-Эрдэнийн “...Намайг ажиллаж байх хугацаанд дотоод аудит, мониторинг хариуцсан мэргэжилтэн хийдэг Байгальмаа гэх эмэгтэй 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Би дүүргүүдийн эмнэлэг, гэмтлийн эмнэлэгт улавч, тариур, хиймэл хөл зэргийг нийлүүлж байгаа юм, их ашигтай байдаг юм байна. Одоо дахиад бараа нийлүүлэх гэсэн чинь мөнгө дутчихлаа, чи мөнгө зээлэх үү” гэхээр нь надад нөхцөл нь зүгээр санагдсан бөгөөд бараагаа нийлүүлчихээд буцаагаад мөнгөө авчихдаг гэхээр нь зөвшөөрөөд 2018 оны 12 дугаар сарын 05-наас 18-ны өдрийн хооронд нийт 15.500.000 төгрөгийг Байгальмаагийн данс руу шилжүүлсэн. ...мөнгөө нэхэхээр “төрийн байгууллагын санхүүжилт ороогүй байна гэнээ, одоо орж ирсэн мөнгийг өөр хүмүүсийн өр авлагыг өгөх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд би Гэмтлийн эмнэлгийн санхүүгийн албаны дарга руу орж уулзахад Байгальмаа нь Гэмтлийн эмнэлэгт хиймэл хөл нийлүүлээгүй байсан. Энэ тухай Байгальмаад хэлэхэд “тийм зүйл байхгүй, манай найз наад Гэмтлийн эмнэлгийн даргад хариуцлага тооцно гэж байна” гээд том дугараад байсан. Би эдгээр мөнгийг ааваас, ахаасаа зээлж өгсөн болохоор надад их хүнд байна. Манай аавын бие муу байсан бөгөөд бид хоёрын хооронд мөнгөний асуудал гарч маргаан үүссэн. Аавын бие муудаад байхаар нь түр хүнээс 8.500.000 төгрөг зээлээд аавд “Байгальмаа өгсөн юм” гэж хэлээд өгсөн. Аавд
анх Байгальмаагийн юу гэж хэлж надаас мөнгө зээлж байсан талаар ярьсан чинь “найдвартай хүн бол тэгэхгүй юу” гээд 5.000.000 төгрөг надад өгсөн. Үлдсэн мөнгийг би  таньдаг хүнээсээ зээлж өгсөн. ...” /хх 5-6/,

 

гэрч Г.Түмэндэлгэрийн “...2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ааваа манай ажилд хамт ажилладаг Байгальмаа гэх хүн “эмнэлэгүүдэд нэг удаагийн хэрэгслүүр зарна” гээд намайг “7 хоногийн хугацаатай мөнгө зээлээч гэж байна” гэхээр нь “та надад итгээд 8.000.000 төгрөг зээлүүлчих” гэхээр нь “за найдвартай юм бол тэг” гээд Байгальмаагийн данс болох 5030542816 гэсэн данс руу 12 дугаар сарын 06-ны өдөр 3.000.000 төгрөг, 12 дугаар сарын 8-нд 5.000.000 төгрөгийг тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-ийн үйлчилгээний төвийн тэнд явж байхдаа мобайлаар шилжүүлсэн. Үүнээс хойш 7 хоногийн хугацаа нь өнгөрсөн байхад мөнгөө өгөхгүй байхаар нь би асуутал “манай хүүхэд одоо удахгүй өгнө гэж байна” гэж хэлэхээр нь “за цуг ажилладаг хүмүүс юм чинь өгчих байлгүй дээ” гэж бодсон юм. 2019 оны 2 дугаар cap болчихлоо явж мөнгөө олж ир гээд Мөнх-Эрдэнийг загнаад явуулсан. Тухайн үед миний бие муу байсан болохоор манай хүүхэд намайг тайвшруулах гээд 8.000.000 төгрөгийг хүнээс зээлээд миний данс руу шилжүүлчихсэн байна. Би өөрөө Байгальмаатай ярихаар “хөрөнгө оруулалт хүлээгдээд байна, он гарахаар мөнгө орж ирнэ, тэгээд өгье” гэж хэлсэн. ...” /хх 10/,

 

гэрч О.Ган-Эрдэнийн “...Мөнх-Эрдэнэ гэх залуу ирээд “Амарбаясгалан даргатай уулзах гэсэн юм” гэж ирж байсан бөгөөд тухайн үед дарга байхгүй байсан тул “хуралтай байгаа” гэж хэлтэл янз бүрийн юм яриагүй явсан. Орой нь Мөнх-Эрдэнэ гэх залуу над руу яриад “Зам тээврийн хөгжлийн төвд ажилладаг Байгальмаа гэх хүн Амарбаясгалан
даргатай чинь хамтарч бизнес хийж байгаа. Амарбаясгалангийн туслах нь гээд миний дугаарыг өгсөн гэсэн энэ залуутай хүртэл ярьсан гээд надаас мөнгө зээлсэн юм, энэ үнэн үү” гэж асуухаар нь би “Байгальмаа гэх хүнтэй утсаар яриагүй, ийм хүн танихгүй” гэж хэлсэн. Дараа нь Амарбаясгалан даргаас “та Байгальмаа гэх хүн таних уу” гэсэн чинь “би тийм хүн танихгүй” гэж хэлсэн. ...” /хх 76-77/ гэх мэдүүлгүүд,

 

гэрч Г.Түмэндэлгэрийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх 16-22/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Бг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж” залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Т.Бгийн хохирогч Т.Мөнх-Эрдэнийг залилж, 15.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хохирогч Т.Мөнх-Эрдэнийн “...дөрвөн төрлийн ялаас хамгийн багаар нь шийтгэсэнд гомдолтой байна. ...төлөөгүй 1.950.000 төгрөг дээр 2.550.000 төгрөг нэмээд нийт 4.500.000 төгрөгийг Т.Бгаас гаргуулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Учир нь, шүүгдэгч Т.Б хохирогч Т.Мөнх-Эрдэнэ нар нь харилцан тохиролцон 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулсан /хх 100/ байх бөгөөд уг гэрээнд хохирлын 4.500.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, мөн шүүгдэгч Т.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, хохирогчид хохирол төлбөрийг төлөх нөхцөл боломжийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 418 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Т.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                   М.АЛДАР

 

                                 ШҮҮГЧ                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                  Д.МЯГМАРЖАВ