| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2023/00948/И |
| Дугаар | 210/МА2024/01806 |
| Огноо | 2024-09-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2024/01806
2024 09 25 210/МА2024/01806
М ХК -ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/02602 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч М ХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.О, Б.Э нарт холбогдох,
Гэм хорын хохиролд 44,829,077 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ч, хариуцагч Б.Э, хариуцагч Б.Э-ийн өмгөөлөгч Ц.Б /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Хөрөнгийн даатгалын ********* тоот гэрээний даатгуулагч М ХХК ийн өмчлөлийн ******** хороололд байрлуулсан үйлчилгээний зориулалтай ********** загварын 2 давхар автобусанд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр С.Ш, Э.Б нар гал тавьж шатаасны улмаас даатгуулагчийн эд хөрөнгөд 47,515,877 төгрөгийн хохирол учруулсан.
1.2. С.Ш, Э.Б нарыг дээрх үйлдсэн хэрэгт нь холбогдуулан Нийслэлийн Х-ын газраас шалгаж 1910024730882 тоот Эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд яллагдагч нь Эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй буюу 8 болон 9 настай хүүхдүүд байсан тул Нийслэлийн Х-ын газрын 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 56 тоот тогтоолоор Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
1.3. Уг тогтоолын 3 дахь хэсэгт заасны дагуу өсвөр насны хүүхдүүдийн хууль ёсны төлөөлөгч Б.Э, Б.О нараас иргэний журмаар хохирлыг нэхэмжлэх эрхтэй талаар дурдсан бөгөөд Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1 дэх хэсэгт заасны дагуу С.Ш, Э.Б нарын учруулсан хохирлыг тэдний хууль ёсны төлөөлөгч нараас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй.
1.4. Даатгуулагч М ХХК ийн эд хөрөнгөд учирсан хохирол болох 47,515,877 төгрөгийг манай компаниас барагдуулж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хорын хохирол болох 47,515,877 төгрөгийг Б.Э, Б.О нараас гаргуулахаар шаардсан. Гэхдээ даатгуулагчийн хариуцвал зохих 1000 ам.долларыг хасаад 44,829,077 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.
2. Хариуцагч Б.О ын хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Б.О нь С.Ш ийн асран хамгаалагч буюу ээж нь мөн. Уг автобус нь хараа хяналтгүй онгорхой байдаг, ******** хотхоны хүүхдүүд орж тоглогдог байсан. Харуул хамгаалалтгүйн улмаас хүүхдүүд орж тоглохдоо шатаасан байсан. М ХК -ийн нэхэмжилсэн 47 сая гаруй төгрөгийг төлөх санхүүгийн боломж бололцоо байхгүй.
2.2. Учир нь Б.О нь өөрийн 4 хүүхэд болон 2 зээгийн хамт амьдардаг бөгөөд тодорхой эрхэлсэн ажил байхгүй тул тус нэхэмжилсэн мөнгөн дүнг төлж чадахгүй гэжээ.
3. Хариуцагч С.Э-ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Б.Э-ээс яг хэдэн төгрөгийг нь нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байж миний бие түүнд тохирсон тайлбарыг шүүхэд гаргах ёстой гэж үзэж байна. М ХК нь нэхэмжлэлийн шаардлага 47,515, 877 төгрөгийг Д ХХК -ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэл болгосон. Хариуцагч Б.Э би уг үнэлгээг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд уг үнэлгээгээр эд хөрөнгийг хэт өндрөөр үнэлсэн байдаг. Иймд энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3.2. М ХК нь М ХХК руу 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 44,829,077 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд гүйлгээний утга дээрээ МАНДАЛ-с НТ ш-в 20/031 гэж бичсэн байх бөгөөд уг гүйлгээ нь нэхэмжлэлийн шаардлага болох 47,515,877 төгрөг мөн болох нь тодорхойгүй, үнийн дүнгийн хувьд ч зөрүүтэй байна.
3.3. М ХК -аас нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн Хөрөнгийн даатгалын гэрээ гэх баримт бичгээс харахад автобус даатгуулсан талаарх баримт огт байхгүй байна. Прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолд хохирогч хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заасан бөгөөд М ХК бол хохирогч биш гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Иймд М ХК -ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1, 443.7-д тус тус зааснаар М ХК -ийн нэхэмжлэлтэй, Б.О, Б.Э нарт холбогдох гэм хорын хохиролд 44,829,077 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395 530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Хариуцагч энэ хохирлыг төлөх шаардлагагүй гэж үзэж байна. Хүүхдүүд санаатайгаар гал тавина гэж байхгүй гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч талыг тухайн даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй этгээд хэмээн дүгнэсэн ч нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй гэж ойлгомжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Манай байгууллагын хувьд даатгуулагч М ХХК тай байгуулсан ********* тоот даатгалын гэрээний дагуу даатгалын зүйлд учирсан хохиролд нөхөн төлбөрийг олгосон нь хавтаст хэрэгт авагдсан бүх баримтаар нотлогдсон байхад тухайн шатсан гэх автобус нь эзэнгүй, харуул хамгаалалтгүй байсны улмаас хүүхдүүд орж гал тавьсан, мөн дотор нь ямар ямар тоног төхөөрөмж шатсан гэсэн нь тодорхойгүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Хариуцагч талаас тус хохирлыг барагдуулахад төлбөрийн чадваргүй, санхүүгийн боломж бололцоогүй, хэн хэнээс хэдэн төгрөг нэхэж байгаа эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байх үндэслэлтэй гэж тайлбар хэлдгээс өөр ямар нэгэн баримт материал шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд тус хохирлыг хариуцан арилгасан, хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар, баримт байдаггүй.
6.2. Даатгуулагч М ХХК ийн эд хөрөнгөд хохирол учруулсан өсвөр насны хүүхдүүд болох Б.Ш , Б.Б нар нь харуул хамгаалалтгүй бусдын эзэмшилд орж гал тавих нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 503.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч талууд хуульд заасан хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэдгээ нотлоогүй бөгөөд төлбөр, санхүүгийн боломжгүй гэсэн тайлбар нь бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг хариуцахгүй гэсэн ойлголт биш юм.
Мөн шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талын байр суурь, баримт өгч болох тухай тайлбарыг хүлээн авалгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад уг автобус нь даатгалын зүйл гэдгийг нотолж, тогтоож чадаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч Б.О, Б.Э нарт холбогдуулан гэм хорын хохиролд 44,829,077 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Б.О Тухайн автобус нь В-д хаалга үүд нь нээлттэй, онгорхой байсан учраас хоёр хүүхэд орж тоглож байгаад санамсаргүй, байдлаар гал алдсан, миний хувьд ямар ч төлбөрийн чадваргүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн,
Хариуцагч С.Э М ХК -ийн хөрөнгийн үнэлгээг хэт өндрөөр үнэлсэн, М ХК -аас Э ХХК д 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тухайн дүнг төлбөрийг шилжүүлэхдээ гүйлгээний утга тодорхойгүй, хохирлын төлбөр мөн эсэх нь тодорхойгүй, үнийн дүнгийн хувьд зөрүүтэй байгаа нь эргэлзээтэй, даатгалын гэрээнд уг автобус даатгагдсан эсэх нь тодорхойгүй, прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд хохирогч хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг заасан боловч уг хэрэгт М ХК нь хохирогч гэж үзэхэд эргэлзээтэй, ********** загварын 2 давхар автобус, Дамно хөрөнгийн үнэлгээний хавсралтад дурдагдсан эд зүйлс, сандал ширээ гэх мэт нь даатгалын зүйл болгож гэрээнд тусгаагүй, хөрөнгийн үнэлгээнүүд байхгүй, автобус даатгуулагчийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь баримтаар нотлогдоогүй гэсэн үндэслэлээр тус тус эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1. М ХК , М ХХК нь 33,671,109,326 төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгийн болон гэнэтийн хохирлын эд хөрөнгийн бүх эрсдлийн даатгалын гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 00:01 цагаас 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 00:01 цаг хүртэл хугацаатай байгуулсан. /хх-6-34/
3.2. 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 15 цаг 36 минутын орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ******** хорооллын N-18 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг ******** /London pub/-ийн дэргэд байрлах London bus гэх нэршилтэй үйлчилгээний зориулалттай ************ загварын автобус хүний санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас ил галын нөлөөгөөр шатсан. /хх-37/
3.3. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн мөрдөн байцаагчийн тогтоолоор томилогдсон шинжээч Д ХХК галд шатсан автобус болон хөрөнгөд үнэлгээ хийж, хохирлын хэмжээг 47,515,877 төгрөгөөр тогтоосон. /хх-39-41/
3.4. М ХК нь М ХХК д 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Мандал-с НТ ш-в 20/31 гэсэн гүйлгээний утгатай 44,829,077 төгрөг шилжүүлсэн. /хх-42/
3.5. Дээрхээс дүгнэхэд, даатгагч М ХК болон даатгуулагч М ХХК нарын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, даатгагч нь даатгалын тохиолдол бий болсонтой холбогдон учирсан гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр мөн хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасны дагуу даатгагчид гэм хорыг гуравдагч этгээдээс шаардах эрх шилжсэн гэж үзнэ.
4. Анхан шатны шүүх шаардах эрх шилжсэн талаар зөв дүгнэсэн боловч галд өртөж шатсан эд зүйлийг даатгалын гэрээний зүйлд хамаарч байгаа нь нотлогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй байна.
4.1. Учир нь хэрэгт авагдсан даатгалын гэрээ, түүний хавсралт 1-д даатгалын гэрээний зүйл болох даатгуулагч М ХХК ийн хөрөнгийн жагсаалтын 12 дахь мөрөнд даатгалын зүйл ******** барилга, хөрөнгийн бүх эрсдэл, даатгалын дүн 3,939,426,610 төгрөг, байршил: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, ******** хотхон гэж тус тус тусгажээ. /хх-128-140/
4.2. Хэргийн 118-120 дахь талд М ХХК аас М ХХК -д 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Нөхөн төлбөр авах тухай 241 дугаартай албан бичиг, ******** барилгад багтах хөрөнгийн жагсаалт, даатгалын үнийн дүн, автобусны үнэ, тохижилтын зардал зэрэг нотлох баримтууд авагдсан байна.
Уг нотлох баримтуудаас үзвэл, жагсаалтын 30-д Автобус 2 давхар, 65,438,344 төгрөг, нийт хөрөнгүүдийн дүн 65,438,344 гэж, автобусны үндсэн өртөг, тохижилтын зардлын нийт өртгийг 65,438,344 төгрөг гэж тус тус тусгагджээ. Хариуцагч нар уг бичгийн нотлох баримтуудыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байна.
4.3. Нийслэлийн Х-ын газрын П-ын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 56 дугаартай тогтоолоор өсвөр насны яллагдагч Э.Б , С.Ш хүү нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ******** хорооллын *** дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг ********-ийн дэргэд байрлах үйлчилгээ явуулах зориулалттай ********** загварын автобусанд гал тавьж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж бусдад 47,515,877 төгрөгийн хохирол учруулсан гэх эрүүгийн 1910024730882 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-141-143/
4.4. Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1 дэх хэсэгт 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана гэж заасан.
4.5. Даатгагч М ХК нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар шаардах эрхийг шилжүүлэн авсан тул даатгалын зүйл болох ********** загварын автобусанд гал тавьсан этгээд болох Э.Б /8 настай/, С.Ш хүү /9 настай/ нарын эцэг, эхээс гэм хорыг арилгуулахаар шаардаж буй нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.
4.6. Гэхдээ Иргэний хуулийн 514 дугаар зүйлийн 514.1 дэх хэсэгт Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасныг баримтлан гэм хорын хэмжээг 50 хувиар багасгаж 44,829,077 төгрөгийн 50 хувь 22,414,538 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь хариуцагч нарын тайлбараар тухайн эд хөрөнгө арчлалт хамгаалалт дутуу байснаас гэнэтийн осол гарах нөхцөл бүрдсэн гэх үндэслэл тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл өмчлөгч нь өмчлөлийн эд хөрөнгөө арчлан хамгаалах, эд хөрөнгөө бусдын халдлагаас хамгаалах үүрэгтэй. ********** загварын автобусанд хүүхдүүд орж тоглох, гал тавих нөхцөл бий болоход М ХХК ийн өмчлөлийн зүйлээ зохих ёсоор ашиглаж, арчлан хамгаалж чадаагүй эс үйлдэл нөлөөлсөн гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Б.О аас 11,207,269 төгрөг, Б.Э-ээс 11,207,269 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ХК -д олгож, нэхэмжлэлээс үлдэх 22,414,538 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь Иргэний 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 503 дугаар зүйлийн 503.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.
5. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэх, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгах тухай Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6, 66.7 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.
6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/02602 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.О аас 11,207,269 төгрөг, хариуцагч Б.Э-ээс 11,207,269 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ХК -д олгож, нэхэмжлэлээс үлдэх 22,414,538 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч Б.О аас 194,267 төгрөг, Б.Э-ээс 194,267 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ХК -д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382,096 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Ч.ЦЭНД