Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 01204

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 30 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01204                                    Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1983 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн 28 дугаар гудамжны 05 тоотод оршин суух Хишигт овгийн Цэвээний Чулуунцэцэгийн /регистрийн дугаар ОЭ83011503/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1979 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн 28 дугаар гудамжны 05 тоотод оршин суух Модор овгийн Цулаагийн Батбаатарт /регистрийн дугаар РИ79110310/ холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Чулуунцэцэг, хариуцагч Ц.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Чулуунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нөхөр Батбаатартай 2002 онд танилцаад 2006 оны 02 дугаар сарын 06-нд гэр бүлээ батлуулсан. Бид 2-ын дундаас том хүү 2003 онд, бага хүү 2010 онд тус тус төрсөн. Бид хоёр 13 жил амьдрахад амьдрал дээшилсэн юм байхгүй. Ажил хийхээр нөхөр маань хардаж сэрдэж, ажил хийлгэхгүй, янхан, жингэр гэж янз янзаар хэлж цохиж, нүдээд байхаар нь ажлаас гарсан. Сүүлдээ төрсөн ах эгчийн банди нартайгаа хардаж янхан гичий гэж байнга хэлдэг. Хэд хэдэн удаа зодож нүд нүүр хөх хөхөртөл зодож байсан. Өөрийн гэсэн орон байхгүй, хадам ээжийн хашаанд жижиг байшинд амьдарч байсан, тэр нь эгчийнх нь байшин, гэрээс гаргахгүй, шоронд байх шиг байдаг. Миний ээж хөдөөнөөс ирээд уулзах гэж ирэхэд танай охин янхан гэж хэлээд хөөгөөд гаргасан. Миний эгчийг шар хадны авгай, зайл гэж хөөсөн. Энэ хүнтэй цаашид амьдрахад хүнд байна. Сүүлийн 4 жил ийм байдалтай байна. Би одоо ахынхаа хашаанд 2 хүүхэдтэйгээ амьдарч байгаа, энэ хүнд орох орон гэр гэж юу ч байхгүй, нэг хашаа байсан тэрийгээ зарж, жижиг машин авсан. Бид хоёрын дунд байгаа хөрөнгө энэ, өөр юу ч байхгүй. Одоо гэрлэлтээ цуцлуулна, 2 хүүхдээ өөрийн асрамжинд авна, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно, машинаа авах хүсэлтэй байна” гэв.

Хариуцагч Ц.Батбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нэхэмжлэл гаргагч Батбаатар нь 1979 оны 11 сарын 03-нд Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн. Одоо Рашаантын 28-ын 5 тоотод ээжийндээ амьдарч байна. 2014 оноос 2016 он хүртэл энэ хаяган дээр эгчийнхээ байшинд эхнэр хүүхдийн хамт амьдарч байтал эхнэрийн эгч Наранцэцэг 2014 оны хавар манай гэрт дайран орж ирээд намайг өглөө 8 цагийн орчимд унтаж байхад түлээ авч шидээд, сүхээр цохиод чамайг би ална гэж хэл амаар доромжилж заналхийлээд гарч явсан. Тэгээд энэ жил 2016 оны 03 сарын 09-ны өглөө эхнэр ээжтэйгээ эгч Наранцэцэгтэйгээ цуг орж ирээд эгч нь надруу хутга барьж дайраад би өвчтэй хүн шар хадны хүнд хууль үйлчилэхгүй чамайг ална гэж дайрсан. Маргааш нь 03 сарын 10-ны өдөр 13 цагт үдийн цайндаа орж байхад ирээд халбага авч шидээд толгой хага цохисон. Энийг ажиллаас нь гарга гаргахгүй бол та нартай ярина гэж хамт олны маань сүрдүүлээд тэгээд намайг энэ өдөрөөс эхлэн ажиллаас халсан. Ингээд бид 2 эгчээс нь болоод салахад хүрч 2 хүүхдээ өнчирүүлэхэд хүрээд байна. Миний 2 хүүхэд том нь 7-р анги бага нь цэцэрлэгт явдаг. Бид дөрөвийн амьдрал хэвийн сайхан байсан. Би тогтмол ажил хийж байсан. Надад эхнэр хүүхдээ дарамталж хардаж, зодож зовоох ямарч шалтгаан байхгүй. Би архи тамхи хэрэглэх муу зуршилгүй. Харин эхнэр маань 2 жил архи ууж байгаа. 2016 оны 03 сарын 10-нд тэр өдрөө гэрийнхээ бүх юмыг ачаад яваад өгсөн байсан. Эхнэрийн өргөдөл дээр бичсэн машин миний машин биш бид хэдийг хоолоо залгуулж бай гэж ах маань машинаа түр унуулж байгаа юм.Хүний машин учраас Ц.Чулуунцэцэгт оногдох хэсэг өгөхгүй.Өөр эд хөрөнгө байхгүй учраас маргаан байхгүй.Гэрлэлтээ цуцлуулна, хүүхдүүдээ ээжид нь өгч тэтгэлэг төлнө” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Чулуунцэцэг нь Ц.Батбаатарт холбогдуулж гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Чулуунцэцэг шүүх хуралдаанд “...гэрлэлтээ цуцлуулна, 2 хүүхдээ өөрийн асрамжинд авна, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү. Машинаа би өөрөө авмаар байна. 2 хүүхдээ сургуульд зөөдөг учраас надад машин хэрэгтэй байна” гэсэн тайлбар гаргасан.

Хариуцагч Ц.Батбаатар шүүх хуралдаанд “...Эхнэрийн өргөдөл дээр бичсэн машин миний машин биш бид хэдийг хоолоо залгуулж бай гэж ах маань машинаа түр унуулж байгаа юм. Түүнээс биш надад огт машин байхгүй. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна, хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө” гэсэн тайлбар гаргасан.

Гэрлэгчид нь 2006 онд гэр бүл болж, 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн тэдний дундаас 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүү Б.Бат-Оргил, 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.Мөнх-Оргил нар төрсөн нь Г-44 дугаар гэрлэлтийн гэрчилгээ, Г-10, Г-1574 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Зохигчид хэн аль нь цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, бие биенээ хүндэтгэн үзэж цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй гэж байгаа, түүнчлэн шүүхээс өгсөн хугацаанд эвлэрээгүй байгаа нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэлээ.

Гэрлэгчдийн дундаас төрсөн хүү Б.Бат-Оргил, Б.Мөнх-Оргил нарыг асрамжиндаа авна гэсэн нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа, хүү Б.Бат-Оргилын санал зэргийг үндэслэн хүү Б.Бат-Оргил, Б.Мөнх-Оргил нарыг эх Ц.Чулуунцэцэгийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

Хүүхдийн тэтгэлэг нэхэмжилнэ гэсэн нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч Ц.Батбаатар хүлээн зөвшөөрч маргаагүй, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч Ц.Батбаатараас 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр” тооцож нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлно гэж заасан.

Мөн гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар”, 40.1.2-т “11-16 нас /суралцаж буй бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр” гэж тус тус заасан.

Ц.Батбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан 11 насанд хүрээгүй хүү Б.Мөнх-Оргилд 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэгийн дүн 1 024 800 / амжиргааны доод түвшин 170 800 х 12 сар= 2 049 600 төгрөгийн 50 хувь 1 0024 800 / төгрөгнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 29 145 төгрөг, 11 насанд хүрсэн хүү Б.Бат-Оргилд 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэгийн дүн 2 049 600 / амжиргааны доод түвшин 170 800 төгрөг х 12 сар=2 049 600 / төгрөгнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 47 744 төгрөг, нийт 76 886 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Toyota vitz маркыг автомашинаа гэр бүлийн дундын өмч учраас өөрийн эзэмшилд авч Ц.Батбаатарт оногдох хэсгийг өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн, хариуцагч “...энэ машин миний машин биш, бид хэдийг хоолоо залгуулж бай гэж ах маань машинаа түр унуулж байгаа юм. Түүнээс биш надад огт машин байхгүй нь болно” гэсэн тайлбар тус тус гаргасан.

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж, 111.2.1-д өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гэж тус тус заасан.

Хариуцагч Ц.Батбаатар шүүх хуралдаанд 68 45 УБЕ улсын дугаартай Toyota vitz маркыг автомашиныг 2013 онд өөрийн эзэмшилд аваад үүнээс хойш одоог хүртэл эзэмшилдээ байлгаж байгаа гэсэн тайлбар гаргаж, 2013 оноос хойш 68 45 УБЕ улсын дугаартай Toyota vitz маркын авто машин түүний эзэмшилд байсан тухайд маргаагүй.Тиймээс 68 45 УБЕ улсын дугаартай Toyota vitz маркын автомашины өмчлөх эрх Ц.Батбаатарт шилжсэн гэж үзэх үндэстэй.

Түүнчлэн Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д заасныг баримтлан гэрлэгчидийг 2006 онд гэрлэснээс хойш тэднийг хамтран амьдрах хугацаанд буюу 2013 онд бий болсон Toyota vitz автомашиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэж Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 зааснаар гэр бүлийн бүх гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээг адил байхаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хөрөнгийн үнэлгээний Лэнд ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан ба зохигчид автомашины үнийн талаар маргаагүй тул уг үнэлгээг үндэслэн хариуцагч Ц.Батбаатараас 3 хүнд ногдох / 3 500 000:4=875 000, 875 000х3хүн / 2 625 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 68 45 УБЕ улсын дугаартай Toyota vitz маркын авто машиныг хариуцагч Ц.Батбаатарын эзэмшилд үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 76 886 төгрөг гаргуулан төрийн санд үлдээх нь үндэслэлтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Чулуунцэцэг, хариуцагч Ц.Батбаатар нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2003 оны 11 дүгээр  сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.Бат-Оргил, 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Мөнх-Оргил нарыг эх Ц.Чулуунцэцэгийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Мөнх-Оргилыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2003 оны 11 дүгээр  сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.Бат-Оргил, хүү Б.Мөнх-Оргил нарыг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Ц.Батбаатараас гаргуулан Ц.Чулуунцэцэгт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 76 886 төгрөг гаргуулж төийн санд оруулсугай. 

5.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-д заасныг баримтлан хариуцагч Ц.Батбаатараас 2 625 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Чулуунцэцэгт олгож, 68 45 УБЕ улсын дугаартай Toyota vitz маркын авто машиныг хариуцагч Ц.Батбаатарын эзэмшилд үлдээсүгэй.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Б.Жадамбад даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА