Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 00173

 

                       Ц.Чулуунцэцэгийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1204 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.Чулуунцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Батбаатарт холбогдох

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгах” тухай иргэний хэргийг хариуцагч Б.Батбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Чулуунцэцэг

Хариуцагч Ц.Батбаатар

Хариуцагчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг

Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Чулуунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр Батбаатартай 2002 онд танилцаад 2006 оны 02 дугаар сарын 06-нд гэр бүлээ батлуулсан. Бид 2-ын дундаас том хүү 2003 онд, бага хүү 2010 онд тус тус төрсөн. Бид хоёр 13 жил амьдрахад амьдрал дээшилсэн юм байхгүй. Би одоо ахынхаа хашаанд 2 хүүхэдтэйгээ амьдарч байгаа, энэ хүнд орох орон гэр гэж юу ч байхгүй, нэг хашаа байсан тэрийгээ зарж, жижиг машин авсан. Бид хоёрын дунд байгаа хөрөнгө энэ, өөр юу ч байхгүй. Одоо гэрлэлтээ цуцлуулна, 2 хүүхдээ өөрийн асрамжинд авна, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно, машинаа авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Ц.Батбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би одоо Рашаантын 28-ын 5 тоотод ээжийндээ амьдарч байна. 2014 оноос 2016 он хүртэл энэ хаяган дээр эгчийнхээ байшинд эхнэр хүүхдийн хамт амьдарч байтал эхнэрийн эгч Наранцэцэг 2014 оны хавар манай гэрт дайран орж ирээд намайг өглөө 8 цагийн орчимд унтаж байхад түлээ авч шидээд, сүхээр цохиод чамайг би ална гэж хэл амаар доромжилж заналхийлээд гарч явсан. Бид дөрөвийн амьдрал хэвийн сайхан байсан. Надад эхнэр хүүхдээ дарамталж хардаж, зодож зовоох ямарч шалтгаан байхгүй. Харин эхнэр маань 2 жил архи ууж байгаа. 2016 оны 03 сарын 10-нд гэрийнхээ бүх юмыг ачаад яваад өгсөн байсан. Эхнэрийн өргөдөл дээр бичсэн машин миний машин биш бид хэдийг хоолоо залгуулж бай гэж ах маань машинаа түр унуулж байгаа юм. Хүний машин учраас Ц.Чулуунцэцэгт оногдох хэсэг өгөхгүй. Өөр эд хөрөнгө байхгүй учраас маргаан байхгүй. Гэрлэлтээ цуцлуулна, хүүхдүүдээ ээжид нь өгч тэтгэлэг төлнө гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1204 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Чулуунцэцэг, хариуцагч Ц.Батбаатар нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.Бат-Оргил, 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Мөнх-Оргил нарыг эх Ц.Чулуунцэцэгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Мөнх-Оргилыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.Бат-Оргил, хүү Б.Мөнх-Оргил нарыг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Ц.Батбаатараас гаргуулан Ц.Чулуунцэцэгт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 76 886 төгрөг гаргуулж төийн санд оруулж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-д заасныг баримтлан хариуцагч Ц.Батбаатараас 2 625 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Чулуунцэцэгт олгож, 68 45 УБЕ улсын дугаартай Toyota vitz маркын авто машиныг хариуцагч Ц.Батбаатарын эзэмшилд үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Батбаатар давж заалдсан гомдолдоо:

1. Гэр бүл болсноос хойш үүссэн хөрөнгө бид нарт байхгүй бөгөөд 68-45 УБЕ улсын дугаартай "Тоуоta vits" маркийн тээврийн хэрэгсэл нь миний төрсөн ах Ц.Батбаярын өмчлөлд байдаг юм. Анхан шатны шүүх гэр бүлийн дундын эд хөрөнгө мөн байна гэж оногдох хэсэг болох 2.625.000 төгрөгийг нэхэмжлэгчид хуваасан нь шударга бус, хууль зөрчиж шийдвэрлэлээ, мөн өмчлөгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, тээврийн хэрэгслэлийн өмчлөх эрхийн гэрчилгээнд шүүх үнэлэлт дүгнэлт хийсэнгүй нэг талыг баримталсанд гомдолтой байгаа юм.

2016.06.17-ний өдрийн 142\Ш32016\03605 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг түтгэлзүүлэхдээ хариуцагч нь энэ тээврийн хэрэгсэл минийх биш миний ах Ц.Батбаярынх гэж маргаж байгаа боловч дээрх хөрөнгө нь өөр хүний эзэмшлийнх болох нь хэрэгт баримтаар нотлогдохгүй байна гээд үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон юм. Ц.Батбаатар миний бие нь энэ захирамжинд гомдол гаргасан боловч 2016.07.01-ний өдрийн 97 дугаартай шүүхийн тогтоолоор гомдлыг хангахгүй орхисон болно. Тус тогтоолд дурьдсанаар Vits маркийн автомашины эзэмшигчээр Ц.Батбаяр байгаа боловч Ц.Батбаярын шууд эзэмшилд 3 жил болж байгаа нь тогтоогдож байна гэсэн мөртлөө гомдлыг минь хангахгүй шүүгчийн захирамжийг үндэслэлтэй байна гэсэн.

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлгийг гаргуулахаар шаардлага гаргасан байдаг бөгөөд бүтэн жилээр нь гаргуулахаар шаардлага гаргаагүй байхад шүүх өөрийнхөө үнэлэмжээр ИХШХШТХ-ийн 63.1.5-д заасныг баримтлан 1 жилийн хугацаанд төлбөл зохих хэмжээгээр бодож шийдвэрлэсэн байдаг ба мөн үүнд тохирох УТХ-д 76.886 төгрөгийг хариуцагч Ц.Батбаатар надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэг талыг баримталж шийдвэрлэлээ гэж үзэж байна.

ИХШХШТХ-ийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлохоор шаардлага гаргасан бол үүнд тохирсон УТХ-ыг төлөх ёстой. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 70.200 төгрөгийг тушаасан баримт хавсаргасан байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан хүүхдийн тэтгэлгийг бүтнээр төлөхөөр шийдвэрлэсэн УТХ-д 76.886 төгрөг гаргуулахыг хасуулах хүсэлтэй байна.

Би ажил хөдөлмөр эрхэлээгүй байгаа тул хүүхдийн тэтгэлгийг бүтэн жилээр нь төлөх ямар ч боломжгүй бөгөөд сар бүр төлөлтөө хийхээ хүлээн зөвшөөрч байна. Би одоо ч гэсэн хүүхдүүддээ шаардлагатай мөнгө төгрөг, хоол хүнсийг нь авч өгч тусалсаар байгаа болно.

Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.09.30-ний өдрийн 142\ШШ2016\01204 дугаартай шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Чулуунцэцэг нь шүүхэд гэрлэлтээ цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч автомашин нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш гэж маргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, Гэр бүлийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж гэрлэгсдийн гэрлэлтийг цуцлаж, хүү Б.Бат-Оргил, Б.Мөнх-Оргил нарыг эх Ц.Чулуунцэцэгийн асрамжинд үлдээж, эцэг Ц.Батбаатараас хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэгийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчийн төрсөн ах Ц.Батбаярын эзэмшлийн 68-45 УБЕ улсын дугаартай автомашиныг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” гэж заасны дагуу гэрлэгсдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэж улмаар хариуцагч Ц.Батбаатараас 2.625.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, тухайн автомашиныг хариуцагчийн эзэмшилд үлдээж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 68-45 УБЕ улсын дугаартай, Тоуota vitz маркын автомашины өмчлөгч нь Ц.Батбаяр /37 тал/ байх ба зохигчид 2013 оноос хойш тухайн автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлж аваагүй, Ц.Батбаяраас худалдаж авсан гэх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул уг автомашиныг гэрлэгсдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх боломжгүй юм.

Шүүх хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хэмжээгээр гаргуулж тэжээн тэтгүүлж байгаа үед нэхэмжлэлийн үнийг дүнг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр” гэж заасны дагуу нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээр тооцож хариуцагчаас Улсын тэмдэгтийн хураамж 76886 төгрөг гаргуулж төрийн санд олгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд хариуцагч Ц.Батбаатарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1204 дугаар шийдвэрийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн 6, 7, 8 дугаар заалтыг 5, 6, 7 дугаар заалт болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67.550 төгрөгийг Төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.УРАНЧИМЭГ

                  ШҮҮГЧИД                             Б.БАТТӨР

                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ