Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 276

 

  Ц.Болдбаатарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Т.Жаргалсайхан,

            хохирогч Ц.Даваасүрэн,

            ялтан Ц.Болдбаатарын өмгөөлөгч Ж.Нарантуяа,

            нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч С.Базарханд, С.Олзод нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Болдбаатар, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн түүнд холбогдох 201626031564 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сож овгийн Цэрэнжавын Болдбаатар, 1976 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 25-85Б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЙГ76110118/;

Ц.Болдбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 25-85 тоотод иргэн Ц.Даваасүрэнг шалтгаангүйгээр зүүн далан тус газарт хутгалж, хүнд гэмтэл танхайн сэдэлтээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Болдбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Болдбаатарыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Болдбаатарт оногдуулсан 6 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 3 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хохирогч Ц.Болдбаатар нь цаашид гарах болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх өнгийн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Ц.Болдбаатар тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “…Миний бие бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүхээс намайг танхайрч бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, тухайн хэрэг болдог өдөр гэртээ ирэхэд Даваасүрэн эхнэр Пүрэвсүрэнгийн хамт ирээд манай жирэмсэн эхнэр Тунгалагийн хамт архи уусан байсан. Энэ байдлаас болж эхнэр бид хоёрын дунд хэрүүл болж, миний уур бухимдал маш их хүрсэн. Энэ үед Даваасүрэн гаднаас эргээд орж ирсэн. Тухайн үед би Даваасүрэнг жирэмсэн эхнэртэй хамт архи уусанд бухимдаж байсан. Миний хувьд ямар ч шалтгаангүйгээр танхайрсан байдалтайгаар Даваасүрэнг хутгалах үйлдэл гаргаагүй. Би өөрийгөө танхайрсан гэж үзэхгүй байгаа тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. Би үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан...” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Ж.Нарантуяа давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд:

1. Мөрдөн байцаагч хэрэг учралын газар үзлэг хийхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 126 дугаар зүйлийг зөрчсөн байна. Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэлд үзлэг хийсэн газар нутгийг гэмт хэрэг гараагүй газар болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 14-638 тоотод үзлэг хийсэн гэж тэмдэглэжээ. Үзлэгт хийгдвэл зохих ажиллагаануудыг бүрэн хийгээгүй байх ба эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч П.Содбилэгийн хэлж байсныг үзлэгт тусгалаа гэж удаа дараа бичсэн боловч тус үзлэгт П.Содбилэг гэгчийг огт оролцуулаагүй байна. Түүнчлэн гэрэл зургийн үзүүлэлтүүдээс харахад хутга хурааж авсныг 3 гэж тэмдэглэсэн боловч үзлэгийн тэмдэглэлд энэ талаар тусгаагүй байна.

2. Хэрэг учралын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлд “... Элиганс хорооллын урд талын манаачийн байранд манай нөхрийг хутгалчихлаа” гэж мэдэгдсэнийг үндэслэсэн гэх ба үүнээс үзэхэд гэмт хэрэг гарсан газар тодорхойгүй, ямар аж ахуйн нэгж байгууллага, эсхүл айл гэр орон байранд үйлдэгдсэн талаар шалгаагүй байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсгийг зөрчсөн байна.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 170 дугаар зүйлд заасны дагуу гомдол мэдээлэл гаргагчийн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг Пүрэвсүрэн гэгч гаргасан гэх боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасан санаатайгаар худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагын талаар гомдол гаргагчид тайлбарлан өгч гарын үсэг зуруулаагүй.

4. Шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Ц.Болдбаатарыг сэжигтэн болон яллагдагчаар татсан тогтоолд дурдсанаар “бага боловсролтой” гэх боловч тэрээр бичиг үсэг мэдэхгүй юм. Ц.Болдбаатарыг сэжигтнээр тооцож байцаалт авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, мөн хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.3 дахь хэсэгт сэжигтэн өмгөөлүүлэх бололцоогоор хангаагүй гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, байцаалт авсан байна. Ял шалгах хуудаст энэ талаар тодорхой дурдаагүй орхигдуулсан байна. Түүнчлэн мөрдөн байцаагч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалтыг зөрчсөн байна.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, танхайрах сэдэлт санаа зорилгыг шалгаж, нарийвчлан тогтоогоогүй байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй нь үндэслэлгүй. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80  дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгчийн хувийн байдлыг мөрдөн байцаагч тогтоогоогүй. Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл нь хуульд заасан журмын дагуу аваагүй, хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй, эд зүйлийг ахлах дэслэгч П.Содбилэг нь хураан авсан байна.

6. Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийг зөрчсөн байна. Мөрдөн байцаагч нь ямар үндэслэлээр сэжигтнээр тооцсон, хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу үндэслэл бүхий тогтоол гаргаагүй байна.

7. Хэрэг учралын газарт гарсан үзлэгийг хийх субьектийг цохон томилсон боловч өөр мөрдөн байцаагч үзлэг, хойшлуулшгүй ажиллагааг хийсэн байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар зүйл “анх хэргийг шалгаж эхэлсэн мөрдөн байцаагч түүнийг шалгаж дуусах үүрэг хүлээнэ” , мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байхад анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд зөв дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Ц.Болдбаатартай Цагдан хорих 461 дүгээр ангид очиж уулзахад “би давж заалдах гомдол бичээгүй, өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг өмнөөс нь давж заалдах гомдол бичиж өгсөн” гэж надад хэлсэн. Ц.Болдбаатар нь бичиг үсэг мэдэхгүй тул давж заалдах гомдол бичих боломжгүй юм. Мөрдөн байцаалтын шатанд түүний хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй. Мөн Ц.Болдбаатараас байцаалт авахдаа бичиг үсэг мэдэх эсэх талаар тодруулаагүй. Ял шалгах хуудсанд боловсролын талаар огт бичигдээгүй. Түүнчлэн хэргийн талаарх гомдол мэдээллийг анх авснаас эхлэн Тамир, Эрдэнэбилэг, Билэгсайхан, Номин-Эрдэнэ нар шалгасан бөгөөд хойшлуулшгүй ажиллагааг эрүүгийн төлөөлөгч явуулсан нь хууль зөрчсөн. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд хэргийн газрыг зөрүүтэй байдлаар бичсэн. Мөн хутгыг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тогтоол нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зөрчлүүдийг арилгахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Хохирогч Ц.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Би нэхэмжилсэн мөнгөө авбал гомдолгүй гэж анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн. Ц.Болдбаатар нэхүүлж байж надад эмчилгээний зардал өгсөн. Би хүнээс мөнгө зээлж, эмчилгээгээ хийлгэсэн. Би барилгын ажил хийдэг байсан ч одоо ажлаа хийж чадахгүй байна. Би Ц.Болдбаатарт гомдолтой байна...” гэв.

Прокурор Т.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “.... Ялтан Ц.Болдбаатар өөрт оногдуулсан ял хүндэдсэн тул хөнгөн зүйлээр ял оногдуулж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан гэж ойлгосон. Ц.Болдбаатар нь эхнэртээ уурласан уураа Ц.Даваасүрэнд гаргаж, түүнийг хутгалж байгаа үйлдэл нь танхайн сэдэлтэй юм. Иймд Ц.Болдбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллагдах үндэслэлтэй. Анхан шатны шүүх Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хэргийг шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны явцад ялтны боловсролын талаар асуухад “3 дугаар анги төгссөн. Бага зэрэг уншиж, бичиж ойлгодог” гэж мэдүүлсэн. Гомдол мэдээллийн талаар дуудлага ирсэн даруйд жижүүрийн мөрдөн байцаагч, шинжээчийн бүрэлдэхүүн очиж хэргийн газрын үзлэг хийдэг. Үүний дагуу хойшлуулшгүй ажиллагаа явагдах ёстой. Хойшлуулшгүй ажиллагааг эрүүгийн төлөөлөгч явуулсан нь хууль зөрчөөгүй. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

       ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ц.Болдбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 25-85 тоотод иргэн Ц.Даваасүрэнг шалтгаангүйгээр зүүн далан тус газарт хутгалж, танхайн сэдэлтээр бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

Хохирогч Ц.Даваасүрэнгийн “...2016 оны 11 дүгээр сарын 25-ны орой 19 цагийн үед ээжийн төрсөн эгчийн хүүхэд буюу манай үеэл эгч Тунгалагийн гэрт нь би эхнэр Пүрэвсүрэнгийн хамт очиж мах чанаж идсэн. Эхнэр бид хоёр тэдний гэрт орохоос өмнө дэлгүүрээс 2.5 литр пиво авсан. Үүнийгээ Тунгаа эгчтэй гурвуулаа хувааж уусан. Бид гурав нилээд сууж байгаад 22 цагийн үед эхнэр бид хоёр явах гэж байтал Тунгаа эгчийн нөхөр Ц.Болдбаатар гаднаас орж ирсэн. Эхнэр бид хоёр зөрөөд гэрээс нь гартал гэр дотор хэрүүл маргаан болж Тунгаа эгч орилоод эхэлсэн. Би гэр лүү нь буцаад ортол Тунгаа эгч гэрийн баруун талын орон дээр хувцсаа өмсөөд уйлаад сууж байсан. Болдбаатар зүүн талд нь ширээний хажууд тавагтай чанасан мах хутгаар огтолж идээд сууж байсан. Би Ц.Болдбаатарт “чи яагаад байгаа юм бэ” гэж хэлтэл “яасан юм” гэж хэлээд өөр юу ч хэлэлгүй мах идэж байсан хутгаараа миний зүүн далны доод хэсэгт 1 удаа хутгалсан... Би Болдбаатар луу ойртоогүй байхад өөрөө ирж намайг хутгалсан... Бид хоёр урьд нь маргалдаж зодоон хийгээгүй. ” /хх 24-25/,

Гэрч Л.Пүрэвсүрэнгийн “...Би Ц.Болдбаатар нь эхнэр Тунгалагийг зоддогийг мэддэг учраас янз бүрийн юм болчих байх гэж бодоод нөхрийнхөө араас явсан. Хүү бид хоёрыг хашааных нь хаалгаар дөнгөж ортол Тунгалагийн уйлж байгаа дуу сонсогдож байсан. Намайг гэрийнх нь үүдэнд иртэл манай нөхөр Ц.Даваасүрэн хаалга онгойлгоод “намайг хутгалчихлаа” гээд гарч ирээд газар сөхрөөд уначихсан...” /хх 29-31/,

Гэрч Б.Тунгалагийн “...Ц.Даваасүрэн гэрээс гарахдаа намайг Ц.Болдбаатар хутгалчихлаа гээд гарсан. Тэгэхээр Ц.Болдбаатар нь гэрт байхдаа Ц.Даваасүрэнг хутгалсан байх, би яг хутгалахыг нь хараагүй...” /хх 37-38/,

Насанд хүрээгүй гэрч Б.Очирбатын “... Ц.Даваасүрэн ах орж ирээд “та манай эгчийг яагаад зодоод байгаа юм бэ” гэтэл аав хутгаа бариад Ц.Даваасүрэн ах руу дайрах үед нь би айгаад шууд хөнжил дотроо толгойгоо шургуулчихсан. Тэр үед ээж “Болдбаатар Даваасүрэнг хутгалчихлаа” гэж хэлж байсан. Би хөнжлөөсөө толгойгоо гаргаад хартал Ц.Даваасүрэн ах гэрийн гадаа нойлын хажууд сууж байсан...” /хх 40/ гэх мэдүүлгүүд,

       Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Саарал алаг хүрмэнд гарсан 20х8 мм, ногоон шар футболконд гарсан 17 мм, саарал алаг хантаазанд гарсан 20х8 мм, ногоон цамцанд гарсан 12 мм, хар саарал цамцанд гарсан 13 мм, хар цамцанд гарсан 17 мм хэмжээтэй уранхайнууд нь шинжилгээнд ирүүлсэн цагаан болон саарал хосолсон өнгийн бариултай хутгаар гарсан байж болно...” гэх 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 7130 тоот шинжээчийн дүгнэлт /хх 50-52/,

    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Даваасүрэнгийн биед цээжний зүүн хэсгийн цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндий дэх цус, хий хуралдалт, шарх орчмын цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 16142 тоот шинжээчийн дүгнэлт /хх 60/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-5/ зэрэг хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

    Ц.Болдбаатарын үйлдсэн гэмт хэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

     Анхан шатны шүүх Ц.Болдбаатарт холбогдох хэргийн нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, мөн түүний хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

     Ялтан Ц.Болдбаатараас “... Өөрийн үйлдлийг танхайн сэдэлттэй гэж үзэхгүй байгаа тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасан байна.  

  Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл ялтан Ц.Болдбаатар нь эхнэрээ архи уулаа гэх шалтгаанаар түүний эсрэг ямар нэг үйлдэл хийгээгүй хохирогч Ц.Даваасүрэнг хутгалсан хэргийн үйл баримт тогтоогдож байх ба ямар ч шалтгаангүйгээр хохирогч руу довтолсныг танхайн сэдэлттэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Мөн ялтан Ц.Болдбаатарын өмгөөлөгч Ж.Нарантуяагаас “...Ц.Болдбаатар нь бичиг үсэг мэдэхгүй байхад өмгөөлөгчгүйгээр сэжигтнээр мэдүүлэг авсан, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хэрэг учрал гарсан газрыг буруу бичсэн, худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар гомдол гаргагчид тайлбарлаагүй зэрэг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэд, хэдэн заалтыг ноцтой зөрчсөн тул Ц.Болдбаатарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Тухайлбал Ц.Болдбаатарын “...Би 3 дугаар анги төгсөөд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын сургуульд шилжин ирж 4 дүгээр ангиа төгссөн...”, гэрч Ц.Ганбатын “...манай дүү Болдбаатар нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын сургуульд элсэн орж, 3 дугаар ангиа төгсөөд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын сургуульд шилжин 4 дүгээр ангиа төгсөж, бага боловсролтой болсон...”, шүүхийн хэлэлцүүлэгт “би уншиж бичиж чадна” гэсэн мэдүүлгээс үзэхэд Ц.Болдбаатар нь бага боловсролтой байх ба бичиг мэддэггүй гэх байдал тогтоогдохгүй, түүнчлэн түүнийг яллагдагчаар татаж, байцаалт авах ажиллагаанд  өмгөөлөгч оролцуулжээ.

   Мөн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэд хэдэн зүйл хэсгийг ноцтой зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ц.Болдбаатар болон түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Ц.Болдбаатарт 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан атлаа ял эдлэх дэглэм тогтоох заалтад хугацааг 6 жил 5 сар гэж, мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь хэсэгт хохирогчийн нэрийг буруу бичсэн зэрэг техникийн шинжтэй алдааг зөвтгөж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.