Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 181

 

Ж.А-, Д.И- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Д.И-гийн өмгөөлөгч С.Батцэрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 811 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 926 дугаар магадлалтай, Ж.А-, Д.И- нарт холбогдох 2108012941216 дугаартай хэргийг шүүгдэгч Д.И-гийн өмгөөлөгч С.Батцэрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1963 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, *** оршин суух хаягтай,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Б овогт Д-ы И- /РД:ЙР63122873/,

2. Монгол Улсын иргэн, 1967 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Булган аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, *** оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй гэх, Б овогт Ж-н А- /РД:***/.

Д.И- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт танил Ж.А-тай хамт “нүх ухаж, дугуй зоож суулгах” ажил хийж байгаад тухайн үед үүссэн үл ойлголцлын улмаас хоорондоо маргалдаж, улмаар ажил хийж байсан хүрзээр Ж.А-гийн толгойн тус газарт нь 1 удаа цохисны улмаас зүүн зулай ясны цөмөрсөн ил хугарал, тархины эдийн няцрал, цус хуралт, зулайн хуйханд шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Ж.А- нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр, хохирогчоор 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тус тус зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.И-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн,

шүүгдэгч Ж.А-г “мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.И-г 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-г 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.И-д оногдуулсан 5 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-д оногдуулсан 750,000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

хохирогч Ж.А- тус гэмт хэргийн улмаас учирсан гэх бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.И-гийн өмгөөлөгч С.Батцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.И-гийн өмгөөлөгч С.Батцэрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2, 16.2 дугаар зүйлийн 1.4, 1.5, 36.1 дүгээр зүйлийн 5.4 дэх заалтыг тус тус ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар.

Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан бөгөөд өмгөөлөгчийн зүгээс энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасныг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэр хэмжээ, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг бүрэн дүүрэн шалгаагүй, зайлшгүй хийгдэх ёстой ажиллагаа хийгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөний улмаас “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс”-ын шийдвэр болон шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Тодруулбал:Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс”-ын 2021.08.11-ний өдрийн 0402919 дугаартай шийдвэрээр /акт/ хохирогч Ж.А-гийн хөдөлмөрийн чадвар алдалтыг хувь хэмжээг 80 хувиар тогтоосон баримт хавтаст хэргийн 72 дугаар талд авагдсан.

Гэтэл хохирогч Ж.А- нь хэрэг учрал болохоос өмнө буюу 2020 оны 06 дугаар сард барилгын цахилгаан шат угсрах ажил хийж байх үедээ 7 давхраас цахилгаан шатны хооронд унаж, хүнд гэмтсэний улмаас тал саажилттай болж, хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдаж байсан ба энэхүү нөхцөл байдал нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээнд шууд нөлөөлсөн эсэх талаар огт дүгнээгүй, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг үнэн зөв тогтоож чадаагүй, эргэлзээтэй байх атал эргэлзээ бүхий баримтад үндэслэн миний үйлчлүүлэгчид 5 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна.

Нөгөөтээгүүр “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс”-ын 0402919 дугаартай шийдвэрийн /акт/ үндэслэлд: “...Ердийн өвчний жагсаалтын 10-1-18, хз: 10-1-18 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар 12 сараар сунгаж шийдвэрлэв” гэжээ.

Гэвч 2017.01.16-ны өдрийн Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан А/39, А/12 тушаалаар баталсан “Даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа”/тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан/-ны жагсаалтын 1.10 дугаар зүйлд “Бруцеллёз” өвчний жагсаалт байх ба харин энэхүү жагсаалтын 10 дугаар зүйлийн 10.1-10.3 дахь хэсэгт “Гавал, тархины гэмтэл”-ээс үүдэлтэй өвчний жагсаалтыг баталжээ.

Харин хохирогчийн гавал дотор гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба энэ нь дээрх жагсаалтын 10.2 дахь хэсэгт хамаарч байгаа бөгөөд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 50-69 хүртэл хувь байхаар тогтоосон байна.

Гэтэл “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс”-ын 0402919 дугаартай дүгнэлтээр хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээг дээрх жагсаалтад зааснаас хэтрүүлж, 80 хувь гэж тогтоосон нь үндэслэлгүй байна.

Хоёр. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.1-т заасныг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.1-т “Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг тус бүрээр хэлэлцэнэ” гэж заасан.

Миний үйлчлүүлэгчийн тухайд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх Удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан эрүүл Мэндийн хохиролд 4,000,000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө шат шатны шүүхэд илэрхийлж байсан /хохирогчийн зүгээс эмчилгээний зардалтай холбоотой баримт огт гаргаж өгөөгүй/ зэрэг нөхцөл байдал нь ял хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байгаа төдийгүй шүүхээс түүнд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх үндэслэл болно гэж үзэж байна.

Хэдийгээр эрүүгийн хариуцлагыг тодорхойлох, ял оногдуулах асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал мөн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.1-т зааснаар дээр дурдсан ял хөнгөрүүлэх нөхцөлүүдийг заавал хэлэлцэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэх нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дээрдэх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэхээр байх атал давж заалдах шатны шүүхээс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэж, миний үйлчлүүлэгчид оногдуулсан ял, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулгаар гаргасан өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ уг хуулийг хэрэглээгүй, хууль зүйн үндэслэлийн талаар тодорхой тайлбарлаагүй байгааг анхаарч үзэхийг хүсье.

Иймээс Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал нас, гэр бүл, эрүүл мэнд зэрэг хувийн байдал, одоо 59 настай, эхнэрийн хамт амьдардаг. Түүний эхнэр Б.О- 58 настай нойр булчирхайн архаг үрэвсэлтэй, улаан хоолойн шархтай, даралт ихсэх өвчтэй ба байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай төдийгүй ам бүл хоёулаа учир Д.И-гоос өөр асарч сувилах хүн байхгүй бөгөөд миний үйлчлүүлэгч өөрөө 2016 онд авто осолд орсны улмаас баруун гар нь хатангиршсан, тэнийдэггүй, элэгний хатууралтай /цирроз/, даралт байнга ихсэх өвчтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэхийг хүсье

Миний үйлчлүүлэгчид оногдуулсан хорих ялыг торгох ялаар солих боломжтой байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Хэрэв торгох ял оногдуулах үндэслэлгүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэхэд харшлах зүйл байхгүй тул 2 жил 5 сар хорих ял оногдуулж, оногдуулсан ялаас 2 жил хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.И- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Ж.А-гийн толгойн тус газарт хүрзээр цохиж, эрүүл мэндэд нь санаатай хүнд хохирол учруулсан,

Шүүгдэгч Ж.А- нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

Дээрх үйлдлийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.И- болон түүний өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар гаргажээ.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, хохирогч амь насанд аюултай хүнд гэмтлийн улмаас 4 цагийн хугацаанд хагалгаанд орсон зэрэг хор уршиг арилгаагүй байх тул анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон гэж үзнэ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 811 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 926 дугаар магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.И-гийн өмгөөлөгч С.Батцэрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн Д.И-, Ж.А- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Д.И- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн танил Ж.А-тай хамт “нүх ухаж, дугуй зоож суулгах” ажил хийж байгаад тухайн үед үүссэн үл ойлголцлын улмаас хоорондоо хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар ажил хийж байсан хүрзээр Ж.А-гийн толгойн тус газарт нь 1 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ж.А- нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа хохирогчоор 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо түүнд хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүх Д.И-, Ж.А- нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй, зөв тогтоожээ.

Мөн шүүх тогтоосон хэргийн үйл баримтын хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр, түүний үйлдлийн шинжид эрх зүйн дүгнэлт хийж Д.И-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Ж.А-гийн үйлдлийг 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлан зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч Ж.А-д хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан байна.

Харин анхан шатны шүүхээс Д.И-д 5 жил хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг зарчим, зорилгод нийцээгүй, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо ялын зүй зохистой харьцааг оновчтой сонгон хэрэглэж чадаагүй байна гэж дүгнэлээ.

Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг болно.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ. 

Шүүгдэгч Д.И-г 2016 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч тэрээр ялаа эдэлж дууссан тул энэ нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй бөгөөд тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах гэм хорын зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал, зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх шинжид хамаарч байгаа, нөгөөтээгүүр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ямар нэгэн нөхцөл байдал дурдаагүй атлаа ялын хэмжээг хөнгөрүүлэхэд заавал харгалзах ёстой дээр дурдсан нөхцөл байдлыг бодитойгоор тусгалгүй, тухайн гэмт хэрэгт оногдуулахаар хуульчилсан хорих ялын дундаж хэмжээнээс дээгүүр тогтоосон нь хуульд нийцээгүй байна.

Эдгээр үндэслэлүүд, түүнчлэн шүүгдэгчийн хувийн эрүүл мэнд, насны байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.И-д оногдуулсан хорих ялыг 3 жил болгон хөнгөрүүлэх нь Эрүүгийн хуулийн зорилго, нийтлэг зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Түүнчлэн Д.И-гийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамаарч байгаа талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн хүнд шүүхээс оногдуулсан ялын зарим хэсгийг өршөөн хасах талаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д заасан үндэслэл, журмын дагуу уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан ялаас 2 жилийг хасаж тооцох нь хуульд нийцнэ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд ял хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулж, тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.И-гийн өмгөөлөгч С.Батцэрэнгийн гаргасан “…Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан оногдуулсан ял, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 811 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 926 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.И-г 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй,

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.И-д оногдуулсан 3 (гурав) жилийн хорих ялаас 2 (хоёр) жилийг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй” гэсэн өөрчлөлт тус тус оруулж шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Д.И-гийн өмгөөлөгч С.Батцэрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                                Ч.ХОСБАЯР

                                       ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

                                           Б.БАТЦЭРЭН

                                           Б.ЦОГТ

                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН