Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

   Нэхэмжлэгч: Ц.Б,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох,

      Улаангом сумын 9-р багийн ИНХ-ын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүлж, өргөн мэдүүлэх тухай 05 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, дахин санал хураалт явуулахыг даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Улаангом сумын 9-р багийн ИНХ-ын дарга Э.Г, гуравдагч этгээд Э.С түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Цэнд овогтой Баясгалан нь 2016 оны 12 дугаар сарын 03-нд 9-р багийн Засаг даргыг сонгох сонгуульд өрсөлдсөн. Энэ сонгуульд өрсөлдөгч Э.С нь 4 хүний саналаар надаас илүү байсан. Энэхүү сонгуулийн үйл ажиллагаанд дараах зөрчлүүд гарсан.

   1.Нэрсийн жагсаалтад гарын үсэг зурж, саналын хуудас авсан сонгогчдын тоо олгосон саналын хуудасны тооноос 13-аар зөрсөн. Энэ нь сонгуулийн тоонд нөлөөлөхөөр байна.

    2.Нэг хүний гарын үсгээр нилээд хэдэн хүний нэр дээр саналын хуудас олгосон, /4 хуудас цаасан дээр эдгээр зөрчлүүд харагдаж байна./

     3.Өөр багийн иргэдийг авч ирж санал өгүүлсэн, /10-р багийн иргэд санал өгсөн./

  4.Сонгогчдыг санал өгөх боломжоор хангаагүй, хурлын дэгээ зөв баримтлаагүй, өөрсдийнхөө хүмүүсээр сонгуулийн бүхий л үйл ажиллагааг удирдуулж, зохион байгуулсан, сонгууль өгөхөөр ирсэн 12 сонгогчийг санал өгөх боломжоор хангаагүй, санал өгч дуусах хугацааг зарлахгүйгээр сонгуулиа шууд хаасан. Иймд 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 9-р багийн Засаг даргыг сонгох сонгууль хууль зөрчиж зохион байгуулагдсан тул багийн ИНХ-ын 05 тоот тогтоолыг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулахыг даалгаж өгнө үү” гэжээ.

     Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн ИНХ-ын дарга Э.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Улаангом сумын 9-р багийн иргэн Ц.Б нь тус сумын 9 дүгээр багийн ИНХ-ын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг дарга сонгох санал хураалтыг дахин явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагад хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Сумын ИТХ-ын төлөөлөгчийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 189 тоот тогтоолоор багийн ИНХ-ын товыг тогтоож өгсний дагуу 9 дүгээр багийн ИНХ-ыг 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10:00 цагт “Увс Эрдэм” ахлах сургуулийн урлагийн зааланд зохион байгуулсан. Багийн иргэдийн нийтийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дагуу нэгдүгээрт багийн ИНХ-ын даргыг сонгох сонгуулийг нууц санал хураалтаар зохион байгуулсан, гуравдугаарт багийн Засаг даргыг сонгох сонгуульд нэр дэвшихээр улс төрийн 2 намаас нэр дэвшигчийн материал ирсэн бөгөөд заалнаас нэр дэвшигч Э.С нэрээ дэвшүүлж нийт 3 хүн багийн Засаг даргын сонгуульд өрсөлдсөн билээ. Ингээд багийн Засаг даргын сонгуульд өрсөлдөхөөр МАН-аас П.А, АН-аас Ц.Б, бие даагч Э.С нарын нууц санал хураалтыг 15 цагт эхэлсэн бөгөөд санал хураалтыг 15 цагт эхэлсэн бөгөөд санал хураалтыг 16 цаг 19 минутад хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар тасалбар болгосон. Ингээд 16 цаг 20 минутанд санал тоолох үйл ажиллагаа эхэлсэн. Сонгуулийн санал хураалтын дүнг тооллогын комиссын дарга Р.Б танилцуулав.

  1. П.А 110 хүний санал 31%
  2. Ц.Б 127 хүний санал 35.5%
  3. Э.С 119 хүний санал 33.3%-ийн саналыг тус тус авсан.

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.2-т баг хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргад тухайн хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэсэн заалтыг үндэслэн 50 хувь хүрээгүй учир хамгийн өндөр санал авсан 2 нэр дэвшигчийн хооронд дахин санал хураалт явуулсан. Ингээд Ц.Б, Э.С 2 дээр дахин санал хураалт явуулахаар болж зааланд байсан иргэдийг коридорт гаргаж ажлын хэсгийн ажилчид иргэдийн нэрийг тулгаж гарын үсэг зуруулан саналын хуудас өгч ажилласан. Ингээд коридорт байсан иргэд орж дуусахад багийн ИНХ-ын дарга Э.Г үүдэн дээр зогсож байсан цагдаагийн ажилтан Мягмаржаваас одоо хүн байна уу гэж асуухад “алга” гэж хариулахад нь за тэгвэл хүн байхгүй бол санал хураалтаа таслах уу гэж хуралдаанд оролцогчдоос асууж, хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар дэмжсэнээр санал авах үйл ажиллагааг тасалсан. Тооллогын комиссын дарга Р.Б 18 цаг 15 минутанд тооллогын комиссын дүнг танилцууллаа. Нийт 303 хүн санал өгсөнөөс хүчинтэй санал 300, хүчинүй саналын хуудас 3 гарч, Ц.Б 148 хүний санал буюу 49.3%, Э.С 152 хүний санал буюу 50.7% авснаар Э.С багийн Засаг даргад нэр дэвшүүлж, өргөн мэдүүлэх тухай тогтоолыг уншиж танилцуулж 18 цаг 40 минутанд хуралдааныг хаасан. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын агуулгын :

    1-рт Нэрсийн жагсаалтад гарын үсэг зурж, саналын хуудас авсан сонгогчдын тоо олгосон саналын хуудасны тооноос 13-аар зөрсөн. Энэ нь сонгуулийн тоонд нөлөөлөхөөр байна гэсэн нь буруу ойлголт юм. Учир нь 3 удаагийн санал хураалтанд гарын үсэг зурж орсон иргэд, 3 удаагийн хайрцагнаас гарсан саналын хуудсыг нийлүүлж нийтэд нь тоолсон болохоор зөвхөн энэ удаагийн санал хураалтан дээр 13-аар зөрсөн гэсэн баталгаа байхгүй болно.

     2-рт Нэг хүний гарын үсгээр нилээд хэдэн хүний нэр дээр саналын хуудас олгосон гэх нь 1.Өндөр настай, хараа муутай, даралт харвасан гэх мэт хүмүүс итгэмжлэгч болон үр хүүхдээрээ гарын үсэг зуруулж саналын хуудас авсан. 2.Цаг орой болсон учир яарсан хүмүүс нэрээ бүтэн бичилгүйгээр гарын үсгээ таталж, товчилж зурсан.

   3-рт Өөр багийн иргэдийг авч ирж санал өгүүлсэн. Энэ нь боломжгүй юм. Учир нь ард иргэдийг хэвлэгдсэн сонгогчдын нэрсийн дагуу тулгаж гарын үсэг зуруулж оруулсан болно.

   4-рт Хурлын дэгт хурал хаах цагийг заагаагүй, хаалга дээр санал өгөх сонгогч байгаагүй тул хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар санал хураалтыг тасалсан. Санал хураалт дуусаж, тооллогын комисс саналыг тоолох гэж байхад Д.Бадамнямбуу гаднаас орж ирж санал өгье гэхэд нь уучлаарай 100 хувийн саналаар санал хураалтыг тасалж тооллогын комисс ажилдаа орж байгааг тайлбарласан. Тооллогын комиссын бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн санал болгосон хүмүүсийг оруулсан. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын агуулгууд дээрх тайлбаруудаар няцаагдаж байгаа болно. Улаангом сумын 9-р багийн ИНХ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд зохион байгуулагдаж ИНХ-ын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 тоот тогтоол хуулийн дагуу гарсан шийдвэр болохыг үүгээр тайлбарлан гарган хүргүүлж байна.” гэжээ.

    Гуравдагч этгээд Э.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Улаангом сумын 9-р багийн иргэн Цэндийн Баясгалан нь тус сумын 9 дүгээр багийн ИНХ-ын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг дарга сонгох санал хураалтыг дахин явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улаангом сумын 9 дүгээр багийн Засаг даргын сонгуульд өрсөлдөхөд

  1. /МАН/ П.А 110 хүний санал 31%
  2. /АН/ Ц.Б 127 хүний санал 35.5%
  3. /бие даагч/ Э.С 119 хүний санал 33.3%-ийн саналыг тус тус авсан.

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.2-т баг хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргад тухайн хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэсэн заалтыг үндэслэн 50 хувь хүрээгүй учир хамгийн өндөр санал авсан 2 нэр дэвшигчийн хооронд дахин санал хураалт явуулсан. Тооллогын комиссын дарга Р.Б 18 цаг 15 минутанд тооллогын комиссын дүнг танилцуулахад нийт 303 хүн санал өгснөөс хүчинтэй санал 300, хүчингүй саналын хуудас 3 гарч, Ц.Б 148 хүний санал буюу 49.3%, Э.С миний бие 152 хүний санал буюу 50.7% авснаар багийн Засаг даргад нэр дэвшүүлж, өргөн мэдүүлэх тухай тогтоолыг уншиж танилцуулж хуралдааныг хаасан. Миний бие багийн нийт сонгогчдын 50.7 хувийн саналаар 2016.12.03-ны өдрийн сонгуульд ялсан тул 2016.12.05-ны өдөр Улаангом сумын Засаг даргын батламж авч одоог хүртэл багийн Засаг даргын ажлаа амжилттай гүйцэтгэж багийн иргэдээс ямар нэгэн гомдол гаргуулахгүй ажиллаж байна. Иймд Улаангом сумын 9-р багийн Засаг даргын сонгууль хуулийн хүрээнд зохион байгуулагдаж ИНХ-ын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 тоот тогтоол хуулийн дагуу гарсан тул Ц.Бийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

     Нэхэмжлэгч Ц.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Тухайн үед багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын сонгууль явагдсаны дараа багийн Засаг даргыг сонгох сонгууль явагдсан. Галсайхан хурал даргалж үзээгүй байсан учраас хурлын дэг тогтоож ажиллаагүй, зөв удирдаагүй, хүмүүсийн сонгох, сонгогдох эрхийг хангаж ажиллаагүй. Мөн хоёр нэр дэвшигчийн эрх ашгийг хангаж ажиллаагүй гэх үндэслэлээр би шүүхэд хандсан. Тухайн өдрийн хуралдаанаар гарсан зөрчлүүд нь хайрцагнаас тамгатай, тамгагүй саналын хуудсууд гарч ирсэн. Тэгээд хүчинтэй, хүчингүй саналын хуудсыг тооллогын комисс сайн нягталж үзээгүй учраас тооллогын буруу үр дүн гаргасан. Хамгийн гол нь гарын үсэг зөрүүтэй байсан. Эхний хоёр гарын үсэг гурав дахь гарын үсэгтэй таараагүй. Хайрцагнаас гарсан саналын хуудаснаас тамгагүй Сарантуяа гэсэн хуудас гарч ирсэн. Мөн хурлаа дуусгах хугацааг зарлахгүйгээр гэнэт дуусгаж миний саналыг авчихаад ард байсан хүмүүсийн саналыг аваагүй нь иргэдийн сонгох сонгогдох эрхэд бүдүүлгээр халдсан. Иймд санал хураалт хүчингүй, бид нарын эрх ашгийн шаардлагыг хангаж ажиллаагүй. Гурав дахь санал хураалт дээр хүмүүс сандарсан тохиолдол гарч ирээгүй. Маш тайван, чөлөөтэй санал хурааалт явагдсан. Мөн 30 минут хүрэхгүй хугацаанд дууссан. Гарын үсэг яарч сандарч зурсан гэдэг дээр би санал нийлэхгүй байна гэв.

     Хариуцагч Улаангом сумын 9-р багийн ИНХ-ын дарга Э.Г шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Тухайн өдрийн хурлыг хуучин дарга Намхай удирдаж хурлыг эхлүүлсэн. Иргэдийн нийтийн хурлын даргаар хоёр хүн өрсөлдөж миний бие сонгогдож цааш нь хурлыг үргэлжлүүлсэн. Хурлын дэгийн хувьд хаах цаг гэж байхгүй. Тооллогын комиссын хувьд хүмүүсийн саналыг аваад Ц.Б ч хүнээ нэр дэвшүүлсэн, бусад хүмүүс ч хүнээ нэр дэвшүүлсэн. Тэгээд олонхийн саналаар 6 хүн нэр дэвшээд 5 хүний бүрэлдэхүүнтэй тооллогын комисс байгуулагдсан. Төрийн албан хаагч нар нам бус хэн нэгэнд үйлчлэх эрхгүй байдаг. Тухайн хүмүүс хууль ёсны дагуу ажлаа хийсэн гэж бодож байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

     Гуравдагч этгээд Э.С: Улаангом сумын 9-р багийн иргэн Ц.Б тус сумын 9-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг дарга сонгох санал хураалтыг дахин явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улаангом сумын 9-р багийн Засаг даргын сонгуульд өрсөлдөхөд Монгол Ардын намаас П.А 110 хүний буюу 31 хувь, Ардчилсан намаас Ц.Б 127 хүний буюу 35.5 хувьтай, бие даагч Э.С миний бие 119 хүний буюу 33.3 хувьтай санал хураалт тус тус авсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар миний бие нэр дэвшсэн. Тухайн сонгууль миний хувьд Улаангом сумын 9-р багийн 300 гаруй иргэдийн дунд явагдсан учраас хууль ёсны болсон гэж үзэж байна. Тухайн үед цаг хугацаа давчуу байж хүмүүс яарч сандарч байсан нь харагдаж байсан. Өөр зөрчил гараагүй гэв.

     Гуравдагч этгээд Э.Сгийн өмгөөлөгч Ө.Нарантуяа: Өнөөдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээд Э.Сгийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаангом сумын 9-р багийн Иргэдийн нийтийн хурлын 2016 оны 12 дугар сарын 03-ны өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүлж өргөн мэдүүлэх тухай 5-р тогтоолыг хүчингүй болгуулах, дахин санал хураалт явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний үйлчлүүлэгчийн хувьд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр шүүх хуралдаанд оролцож байгаа. Шүүх Э.Сгийн эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гэдэг үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад  тухайн үед санал хураалт Улаангом сумын 9-р баг дээр 303 иргэдийн дунд санал хураалт явагдсан. Эхний санал хураалтаас хуулинд заасан хувийн хэмжээ хүрэхгүй байсан учраас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан зохицуулалтын дагуу дахин санал хураалт явагдсан. Бие дааж нэр дэвшсэн Э.Сгийн хувьд 4 хүний саналаар илүү байсан учраас хуулинд зааснаар эрхээ эдэлсэн. Нэр дэвшигч Ц.Бгийн хувьд тухайн үеийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан хуулинд зааснаар явагдсангүй гэж үзэж нэхэмжлэл гаргасан байна. Гэрч болон хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараас харж байхад хуулийг илт зөрчсөн зүйл харагдахгүй байна. Тухайн үед хурлын дэгийг зөрчсөн явдал байхгүй, илт гаднаас янз бүрийн байдлаар зөрчил гаргаагүй байна. Нэхэмжлэгч зарим нэг хүмүүсийн бичсэн гарын үсэг нэг хүний гараар бичсэн байна гэсэн. Нэхэмжлэгчид гарын үсэгт шинжилгээ хийлгэж тогтоолгох боломж байсан. Иймд Улаангом сумын 9-р багийн иргэдийн Нийтийн Хурал хуульд зааснаар зохион байгуулагдсан, 05 тоот тогтоол хуулийн дагуу гарсан шийдвэр байна. Багийн Засаг даргыг сонгох санал хураалттай холбоотой маргааныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд заасан зохицуулалтаар зохицлуулагддаг. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээс харахад багийн Засаг дарга сонгох санал хураалтын ажиллагаа нь хуулийг илт зөрчсөн, хэн нэгэн нэр дэвшигчийн эрх ашгийг хөндсөн, хэн нэгэн иргэний сонгох эрхийг хязгаарласан байдал харагдахгүй байна. Аливаа сонгуульд тодорхой хэмжээний зөрчил гарч намууд хоорондоо өрсөлддөг тал байдаг. Өрсөлдөөн дундаас хэн нэгнийг буруутгаж болохгүй. Иргэдийн нийтийн Хурлаас хуралдааны дэг баталсан тогтоол гарсан. Тэгэхээр тухайн сонгууль дэгийн дагуу явагдсан. Мөн сонгууль явагдахад тодорхой хэмжээний баг бүрэлдэхүүн ажилладаг учраас зөрчил гараагүй. Энэ нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Иймд 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 тоот тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Ц.Б нь тус шүүхэд “Улаангом сумын 9-р багийн ИНХ-ын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүлж, өргөн мэдүүлэх тухай 05 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, дахин санал хураалт явуулахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргасан байна.

      Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч , гуравдагч этгээд нарын тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4 дэх хэсэгт зааснаар гомдлыг урьдчилан шийдвэрлэх дээд шатны байгууллага байхгүй тул шүүх нэхэмжлэлийг шууд хүлээн авч хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж үзэн захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

   Нэхэмжлэгч Ц.Б нь Улаангом сумын 9-р багийн багийн Засаг даргын сонгуулийн үйл ажиллагаанд “ нэрсийн жагсаалтанд гарын үсэг зурж, саналын хуудас авсан сонгогчдын тоо олгосон саналын хуудасны тооноос 13-аар зөрсөн, нэг хүний гарын үсгээр нилээд хэдэн хүний нэр дээр саналын хуудас олгосон, өөр багийн иргэдийг санал өгүүлсэн, сонгогчдыг санал өгөх боломжоор хангаагүй, хурлын дэгээ зөв баримтлаагүй, өөрсдийнхөө хүмүүсээр сонгуулийн үйл ажиллагааг удирдуулж, зохион байгуулсан, санал өгч дуусах хугацааг зарлахгүйгээр сонгуулиа шууд хаасан” гэх зөрчлүүд илэрсэн гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

     Хариуцагч Улаангом сумын 9 дүгээр багийн ИНХ-ын дарга Э.Г нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... санал хураалтанд 13-аар зөрсөн гэсэн баталгаа байхгүй, өндөр настай, хараа муутай, даралт харвасан гэх хүмүүс итгэмжлэгч болон үр хүүхдээрээ гарын үсэг зуруулж саналын хуудас авсан, цаг орой болсон учир яарсан хүмүүс нэрээ бүтэн бичилгүйгээр гарын үсгээ таталж, товчилж зурсан, ард иргэдийг хэвлэгдсэн сонгогчдын нэрсийн дагуу тулгаж оруулсан учраас өөр багийн иргэд санал өгөх боломжгүй, хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар санал хураалтыг тасалсан” гэж үзэн тайлбараа ирүүлжээ.

     Гуравдагч этгээд Э.С “... Улаангом сумын 9 багийн Засаг даргын сонгууль хуулийн хүрээнд зохион байгуулагдаж ИНХ-ын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 тоот тогтоол хуулийн дагуу гарсан” гэж үзжээ.

     Улаангом сумын 9 дүгээр багийн ИНХ-ын хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж,  багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид болон багийн Засаг даргыг сонгох, ОНХС-ын хөрөнгөөр 2017 онд хийгдэх ажлыг эрэмблэх, хогны хураамжийг 2000 төгрөг болгох асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

     Тус Хурлын хуралдаанаас багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, багийн Засаг даргыг сонгох санал хураалтын тооллогын комиссыг Р.Б, Г.Г, Я.Б, Т.Б, Б.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, санал хураалтыг хууль журмын хүрээнд шударга зохион байгуулж, гарсан дүнг багийн ИНХ-д танилцуулахыг тооллогын комисст даалгаж 01 тоот тогтоолыг[1] гаргасан байна.

    Багийн Засаг даргын сонгуульд МАН-аас П.А, АН-аас Ц.Б нарын нэрийг дэвшүүлсэн ба Э.С бие даан нэрээ дэвшүүлж өрсөлдсөн бөгөөд санал хураалтын дүнгээр нэр дэвшигчдийн аль нь ч уг Хурлын хуралдаанд оролцогчдын олонхийн буюу 50-иас дээш хувийн санал аваагүй учир дахин санал хураалтыг хамгийн олон санал авсан нэр дэвшигч Ц.Б, Э.С нарын дунд явуулжээ.

     2016 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн Тооллогын комиссын тогтоолоос үзэхэд уг тогтоолд багийн Засаг даргын дахин санал хураалтанд оролцсон нийт сонгогчдын тоог  1332, тамгалагдсан саналын хуудасны тоо 303, саналын хайрцагнаас гарсан саналын хуудасны тоог 303 гэж тэмдэглэсэн байгаа ба тооллогын комиссын бүрэлдэхүүн дахин санал хураалтанд 300 хүчинтэй саналын хуудас тоологдсоноос нэр дэвшигч Э.Сг 152 иргэний санал буюу 50.7 хувийн санал авсан гэж үзээд түүнийг багийн Засаг даргаар өргөн мэдүүлэхээр хуралдаанд уламжилжээ.

   Улаангом сумын 9 дүгээр багийн ИНХ-ын дарга тооллогын комиссын тус шийдвэрийг үндэслэн Э.Сг “тус багийн Засаг даргад нэр дэвшүүлж, сумын Засаг даргад мэдүүлэх” тухай 05 тоот тогтоолыг[2] гаргасан байна.

    Тооллогын комиссын “санал хураалтын дүнгийн” тухай 04 тоот тогтоолд гэрч Р.Бын мэдүүлснээр[3] Улаангом сумын 9 дүгээр багийн иргэдийн нэрсийн жагсаалтанд бичигдсэн нийт санал өгөх эрхтэй 1332 сонгогчдын тоог бичсэн байх ба битүүмжилсэн саналын хуудсанд шүүхээс хийсэн үзлэгээр 335 ширхэг тамгалагдсан саналын хуудас, 3 ширхэг тамгалагдаагүй саналын хуудас гарч ирсэн нь үзлэгийн тэмдэглэлд[4] тусгагджээ.

    335 ширхэг тамгалагдсан саналын хууудасны 301 ширхэг нь саналын хайрцагнаас мөн 3 ширхэг нь тамгалагдаагүй саналын хуудасны 2 ширхэг нь саналын хайрцагнаас тус тус гарсан байв. Тооллогын комиссын хүчинтэй гэж тооцсон 2 саналын хуудас нь тамга дарагдаагүй хүчингүй саналын хуудас байсан байна.

     Тус Хурлын хуралдаан дээр Улаангом сумын Хурлаас томилогдсон Хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн Д.А, Ж.Д, Ц.Н нар хуралдаанд оролцогчдод саналын хуудас тарааж гарын үсэг зуруулсан байх ба багийн Засаг даргын дахин санал хураалтанд оролцож саналын хуудас авсан Д-Н хүртэлх үсгээр эхэлсэн 32 иргэний гарын үсэг өмнөх 2 санал хураалтын гарын үсгээсээ зөрүүтэй, тэдгээр иргэдийн гарын үсэг дотор ижил төстэй тэмдэглэгээ олон байгаа нь эдгээр иргэд санал хураалтанд оролцсон эсэхэд эргэлзээ төрөхүйц байгаа бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн “нэг хүний гарын үсгээр  нилээд хэдэн хүний нэр дээр саналын хуудас олгосон, өөр багийн иргэдийг авч ирж санал өгүүлсэн” гэсэн тайлбарыг үгүйсгэх боломжгүй болгож байна.

    Өөрөөр хэлбэл багийн Засаг даргын санал хураалтын дүнд нөлөөлөхүйц нөхцөл байдлыг бий болгосон байна. Учир нь: Э.С нь 4 саналын илүүгээр ялсан бөгөөд  дөрвөөс их тооны иргэдийн гарын үсэг өмнөх гарын үсгээсээ зөрүүтэй байгаа юм.

    Мөн түүнчлэн багийн Засаг даргын дахин санал хураалтын ажиллагаа явагдаж байх үед саналын хуудасны цаас болон саналын хуудас дууссан, саналын хуудсыг олон дахин хэвлэсэн, санал хураалтанд оролцсон иргэдийн гарын үсгийг хүснэгтийн “багийн Засаг дарга” гэсэн хэсгийн 2 дахь баганад зуруулахгүйгээр заримыг нь өөр өөр баганад зуруулсан зэрэг нь гэрч Д.А[5], Ж.Д[6], Ц.Н[7] нарын мэдүүлэг, иргэдээр гарын үсэг зуруулсан баримтуудаар[8] /Улаангом сумын 9 дүгээр багийн сонгогчдын нэрсийн жагсаалт/ тогтоогдож байна.

    Уг Хурлын хуралдааны бэлтгэл ажиллагааг хангаагүй, саналын хуудас тараах ажиллагаа нэгдсэн зохион байгуулалтгүй явагдсан, хэдэн саналын хуудас хэвлэгдсэн, хэд нь тамгалагдсан , хэдийг нь тараасан талаар тэмдэглэл хөтлөгдөөгүй, сонгогчдын гарын үсгийг өөр өөр баганад зуруулсан зэрэг нь санал хураалтанд оролцсон нийт сонгогчдын тоог тодорхойлох, тогтоох боломжгүй болгосон байна.

Тооллогын комиссын бүрэлдэхүүн багийн Засаг даргын дахин санал хураалтын дүнг гаргахдаа санал хураалтанд оролцсон нийт сонгогчдын тоо, тамгалагдсан нийт саналын хуудасны тоо, хүчинтэй саналын хуудсыг буруу тогтоож тодорхойлсон нь санал хураалтын дүнг учир дутагдалтай болгосон байна. 

    Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь...үйл ажиллагаандаа ...шудрага ёс, ...тэгш байдал, ...хууль дээдлэх зарчим баримтална” гэж мөн Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д Захиргаа үйл ажиллагаандаа “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн тусгай зарчмыг баримтлахаар заасан байна.

    Дээр дурдагдсан нөхцөл байдлуудаас үзэхэд Улаангом сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон тооллогын комисс нь бодит нөхцөл байдлыг тогтоосон үндэслэл бүхий шийдвэрийг гаргаагүй байх бөгөөд энэ нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.

   Нэхэмжлэгч Ц.Бгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улаангом сумын 9-р багийн ИНХ-ын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүлж, өргөн мэдүүлэх тухай 05 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, дахин санал хураалтыг явуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

    Харин нэхэмжлэгчийн “сонгогчдыг санал өгөх боломжоор хангаагүй, хурлын дэгээ зөв баримтлаагүй, өөрсдийнхөө хүмүүсээр сонгуулийн үйл ажиллагааг удирдуулж, зохион байгуулсан, санал өгч дуусах хугацааг зарлахгүйгээр сонгуулиа шууд хаасан“ гэх тайлбар  холбогдох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.

   Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаатай холбогдуулаад нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж , Улаангом сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн иргэдийн Нийтийн Хурлын  2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “багийн Засаг даргад нэр дэвшүүлж, өргөн мэдүүлэх” тухай 05 тоот тогтоолыг хүчингүй болгож, дахин санал хураалтыг явуулахыг тус Улаангом сумын 9 дүгээр багийн багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад даалгасугай.

    2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Бгийн  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бд  олгосугай.

    3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ОЮУНГЭРЭЛ

 

 

 


[1] Хавтаст хэргийн 57 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 63 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн  54 дугээр хуудас

[4] Хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 22-23, 34 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас

[8] Хавтаст хэргийн 77-86 дугаар хуудас