Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2019/ШЦТ/189

 

 

 

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Х аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д,Азжаргал даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,                

              Улсын яллагч Б.Амартүвшин,

              Хохирогч Ч.Б-,

              Хохирогчийн өмгөөлөгч Б.Амаржаргал,

              Шүүгдэгч, иргэний хариуцагч нарын өмгөөлөгч Б.Мягмарсүрэн,

              Шүүгдэгч Л.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Э-д холбогдох эрүүгийн 1838007580414 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              Монгол улсын иргэн, Л.Э, 

              Шүүгдэгч  ХХХ ХХК-ний талбайн инженер ажилтай Л.Э- нь хууль, түүнд нийцэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах үүргээ биелүүлж ажлаагүй улмаас 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Х аймгийн ХХ сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төв саадны  урд талд тус компаний ухсан нүхэнд иргэн Ч.Б- нь унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ХХХ ХХК-ний талбайн инженер ажилтай Л.Э- нь “Монгол Улсын барилгын норм дурэм”-ийн 6.2.9-д “Оршин суугчид олноор суурилсан нутаг дэвсгэр буюу үйлдвэрлэлийн талбай дээр хүнхээл, нух шуудуу ухах зэрэг газар шорооны ажил гүйцэтгэхдээ хүмүүсийн болон тээврийн хэрэгсэл ихтэй газруудад гадны хүмүүсийг орох боломжийг хязгаарласан хашаагаар хамгаалагдсан байх ёстой” гэх заалт, мөн  6.2.14, “Цахилгаан байгууламжийн ашиглалтын уед мөрдөх аюулгуй ажиллагааны дүрэм”-ийн 505-р зүйлүудэд заасны дагуу шөнийн цагт гэрлэн дохио, гэрэлтуүлэг тавьж тэр орчныг гэрэлтүүлэх арга хэмжээ авах, Монгол Упсын барилгын норм дүрэм-ийн 5.1.1-д заасны дагуу байгууллага аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах үүргийг ажил олгогч хариуцна. Тус дүрмийн 5.1.2-д заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах ерөнхий удирдлага нь тухайн ажил гүйцэтгэгч байгууллагын дарга буюу байгууплагаас томилсон албан тушааптанд оногдоно” зэрэг хууль, түүнд нийцэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах үүргээ биелүүлж ажлаагүй улмаас 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Х аймгийн ХХ сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төв саадны  урд талд тус компаний ухсан нүхэнд хохирогч Ч.Б- нь унаж түүний биед хүнд гэмтэл учирсан нь шүүгдэгч Л.Э- нь “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоол /хх-ийн 6-р тал/

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10-р тал/

Гэрч Сэнгээгийн гаргаж өгсөн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11-р тал/

Хохирогч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн:...2018 оны 10 дугаар сарын 01-ний манай ажил цэцэрлэгийнхээ салбар байран дээрээ ахмад ажилтангуудаа хүлээж авсан юм. Би ажлын газрынхаа ахмад ажилтан учраас тухайн арга хэмжээнд оролцсон. Тухайн арга хэмжээ 22 цагийн үед дууссан. Би дуусаад гэр лүүгээ харихаар явсан. Тэгээд ажлын газраасаа хойш гараад хуучин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байрны тушаа хойш гараад төв сад руу орох гээд алхаж явж байгаад гэнэт ухсан нүх рүү унасан. Нүх рүү унасаны дараа нэлээд хэсэг ухаан маань балартаад сэрсэн. Сэрээд босох гэхэд нуруу маань хүнд оргиод хөдлөж болохгүй байсан. Тэгээд “яаж нүхнээс гаръя” гэж бодоод байж байхад манай ажлын газрын жижүүр Сэнгээ над руу залгаад “харьсан юм уу” гэж асуусан, тэгэхээр нь би “нүхэнд уначихсан байна” гэж хэлэхэд “хаана уначихсан юм бэ, би яваад очьё” гэж байсан. Тэгэхээр нь “хуучин Шүүхийн шийдвэрийн ард талд, төв садны урд талд ухсан байгаа нүхэнд уначихлаа” гэж хэлэхэд Сэнгээ “одоо яваад очьё” гээд утсаа тасалсан. ...Ирэнгүүтээ утасныхаа гэрлийг тусгаж, ойр хавийн газрыг гэрэлтүүлсэн. Сэнгээг ирсэн байхад замаар хоёр эмэгтэй хүүхэд явж таараад Сэнгээтэй хамт намайг нүхнээс татаж гаргасан. Тэр хоёр охин намайг нүхнээс гаргачихаад л яваад өгсөн. Харин Сэнгээ намайг дагуулж яваад Ану ХҮТ-ийн урд талаас такси бариад гэрийн маань гадаа хүргэж өгчихөөд явсан. Намайг гэртээ ороход охин  Номин-Эрдэнэ маань байсан, өөр хүн байгаагүй. Би тухайн үед охиндоо “нүхэнд унаад гэмтчихлээ” гэдгээ хэлсэн. Тэгэхэд охин маань миний хувцас хунарыг сольж өгсөн. Тэгээд би орондоо орж хэвтээд нуруун дээрээ охиноороо жин тавиулж хоносон. Маргааш өглөө нь сэрэхэд нуруу маань хөдлөж болохгүй маш их хүндуүртэй байсан. Өглөө төрсөн хүү Тэмүүжин маань эхнэрийнхээ хамт манай гэрт ирсэн. Түүнийг ирэхэд охин маань намайг ухсан нүх рүү унасан талаар хэлсэн. Тэгэхэд хүү маань “яаралтай эмнэлэг явж үзүүлэхгүй бол болохгүй” гээд намайг Нэгдсэн эмнэлэг рүү дагуулж явж үзүүлсэн. Нэгдсэн эмнэлэг дээр очоод КТГ болон рентгэнд харуулахад эмч нь...”Улаанбаатар хот руу явж үзүул” гээд 13-а маягт бичиж өгсөн. Тэгээд би эмнэлэг дээрээс хүүгийнхээ хамтаар гэртээ хариад тухайн өдрийнхөө орой Улаанбаатар хот руу хүүгийнхээ машинтай явсан. Намайг Улаанбаатар хотруу явахаас өмнө Шүүх эмнэлэгийн шинжээч эмч гэх залуу ирж үзсэн. Би маргааш өдөр нь Улаанбаатар хотод очоод шууд ГССҮТ-д очиж үзүулээд хэвтсэн. Гэмтлийн эмнэлэгийн хүзүү, нуруу нугасны тасагт нийтдээ 19 хоног хэвтэж нуруундаа хагалгаа хийлгэж эмчилгээг хийлгэсэн. Эмнэлэгээс гараад хэвтрийн дэглэм барьж байгаад 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр онгоцоор ХХ суманд еөрийн гэртээ ирсэн. Гэртээ ирснээ хойш хэвтрийн дэглэмтэй байгаа. Ганцаараа сууж босож чадахгүй байгаа, байнгын хүний тусламжтайгаар босож, сууж байгаа. Мөн бага зэрэг алхаж байгаа...Тухайн гэмтсэн өдөр гадаа маш их харанхуй байсан. Ухсан байгаа нүхний ойр орчимд ямар нэгэн гэрэлтүүлэг байгаагүй. Ухсан нүхний гүн ойролцоогоор 2 метр гарантай байсан, ямар ч байсан намайг давж байсан. ...Тухайн унасан нүхний эргэн тойронд ямар нэгэн анхааруулах тэмдэг, хамгаалалтын бүс тогтоосон зүйл огт байгаагүй. Хэрэв байсан бол би нүх рүү унаж бэртэхгүй байсан байх...Би гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардал, ажилгүй байгаа зардал, цаашид эмчилгээндгарах зардлаа нэхэмжилнэ…гэх мэдүүлэг /хх-ийн 15-19-р тал/

Гэрч Ц.Сэнгээгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн орой 18 цагт манай цэцэрлэг өндөр настангуудаа хүлээж авсан юм. Өндөр настангуудаа хүлээж авах арга хэмжээ оройны 22 цаг хүртлэх хугацаанд үргэлжлээд тарсан. Тэгээд өндөр настанаа хүлээж авах арга хэмжээ дууссаны дараа би ажлынхаа туслах багш Ч.Б-ын 99387030 дугаар луу өөрийнхөө 99507242 дугаарын утаснаас залгаад “чи хаана байгаа юм бэ, цуг явах уу” гэж асуухад  “би нүхэнд уначихсан байна” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би “хаана нүхэнд уначихсан юм бэ” гэж асуухад “цэцэрлэгийн арын нүх рүү уначихлаа” гэж хэлж байсан. Би тэгээд ажлаасаа гараад шууд гүйгээд төв садны урд талд ухсан байгаа нүхэн дээр очоод дахиад Ч.Б- руу залгаад: “чи яг аль хавьд нь байна вэ” гэж асуухад “би нүхэн дотроо л байна” гэж хэлж байсан. Тэгээд би гар утасныхаа гэрлийг тусгаад ухсан байгаа нүх рүү харахад: Ч.Б- ухсан нүхний ханыг түшээд зогссон байдалтай байсан. Тэгээд би Ч.Б-ыг “хаагуур яаж гаргая даа” гэж бодоод байж байхад над дээр 10-аас 11 дүгээр ангийн хоёр хүүхэд ирсэн. Тэгээд би тэр хоёр хүүхэдтэй хамт Ч.Б-ыг нүхнээс гаргахаар болсон. Батжёргалын унасан байсан нүх нь гүнзгий байсан учир шууд татаж гаргаж чадаагүй. Тийм учраас Ч.Б-ыг ертөнцийн зүгээр баруун тийш нь буюу ХХ сум чиглэлд алхуулж байгаад шат маягтай модонд гишгүүлж байгаад нөгөө хоёр охинтой хамт татаж гаргасан. ...Тухайн үед ийм л зүйл болсон...Намайг очих үед ухсан нүхний ойр орчимд ямар нэгэн хамгаалалт байгаагүй. Нүх ухсан байгаа газарт ямар нэгэн гэрэлтүүлэг байхгүй байсан. Би ямар сайндаа Ч.Б-ыг олох гэж өөрийнхөө гар утасны гэрлийг тусгаж байж олсон...Ч.Б-ын унасан нүхний өргөн 2 метр орчим, гүн нь 3 метр орчим байх шиг байсан...Би Ч.Б-тай олон жил хамт ажиллаж байна. Ч.Б-ын зан чанарын хувьд гэвэл хэний ч урдаас хэлэх үгээ хэлчихдэг, хүнтэй харилцаа сайтай,; шударга хүн байдаг. Ч.Б- нь архи согтууруулах ундааны зүйл болон тамхи опг хэрэглэдэггүй...Ч.Б- нь нүхнээс гарч ирснийхээ дараа ууц нуруугаа бариад л “ууц маань гэмтчих шиг боллоо” л гэж хэлж байсан. Эхэндээ гайгүй алхаж байгаад сүүлдээ муухан алхаж явсан. Муухан алхаж явсаар байгаад Гурван-Эрдэнэ сургуулийн тэнд очсон. Тэгээд тэндээсээ такси бариад явсан...Ч.Б-ын унасан газарлуу зүгээр алхаж явж байгаад л унаад орчихоор юм байна лээ, ямар нэгэн хамгаалалт, гэрэлтүүлэг байгаагүй. Тийм учраас тухайн газарт үйл ажиллагаа явуулж байсан байгууллага хариуцлагагүй хандсан гэж үзэж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/

              Гэрч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай цэцэрлэг хуучин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байрны урд талд байдаг салбар цэцэрлэг дээрээ ахмад ажихгангуудаа хүлээж авсан юм. Ахмад ажилтангуудаа хүлээж авах ажиллагаа оройны 18 цагаас 22 цагийн хооронд болсон. Би тухайн үед гал тогоонд хувиарлагдсан байсан учир гал тогоондоо л байсан. Тэгээд ахмадын баярын үйл ажиллагаа дуусахад Ч.Б- эгч надад “баяртай” гэж хэлээд л гараад явсан, Ч.Б- эгчийг хэнтэй хамт явсаныг нь мэдэхгүй байна. Тэгээд би аяга тавагаа угаачихаад гэрлүүгээ харьж амарсан. Маргааш өглөө нь би ажил дээрээ ирээд цэцэрлэгийн эрхлэгч Ундармаагийн өрөө рүү ороход эрхлэгч Ундармаа “өчигдөр Ч.Б- эгч гэр лүүгээ харьж яваад төв садны урд талын ухсан нүх рүү /шуудуу руу/ унаад нуруугаа хугалчихсан гэж байна. Ч.Б- эгчийг яаралтай хамт яв гэсэн байна, хэдүүлээ мөнгө төгрөг цуглуулж өгье” гэж ярьж байсан. Би Ч.Б- эгчийг шуудуу руу унаж гэмтсэн гэдгийг эрхлэгч Ундармаагаёс л сонсож мэдсэн...Ч.Б- эгчийн зан чанарын хувьд гэвэл залуучууддаа зааж зөвлөдөг, ажилдаа маш сайн, хүнтэй харилцаа сайтай, туршпагатай, шударга хүн байдаг. Ч.Б- эгч архи, тамхи огт хэрэглэдэггүй. Миний хувьд Ч.Б- эгчтэй хамт 6 жил ажиллахдаа түүнийг архи, пиво ууж байхыг нь огг харж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/

              Гэрч П.Н-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн орой 22 цаг 30 минутын үед байхаа /яг цагийг нь нарийн сайн санахгүй байна/ ХХ сумын 12-10-18 тоотод байрлах өөрийн гэртээ байж байхад миний ээж Ч.Б- нь гаднаас бүх хувцас нь шороо тоос болсон, өмд нь норсон, нүүр нь шороо болсон, чүү чай алхсаар орж ирсэн. Би ээжийгээ тэгж орж ирэхээр нь гайхаад яасан болохыг нь асууж тодруулахад “ажлаасаа гараад гэр лүүгээ харьж яваад төв садны урд талд ухсан байсан нүх рүү уначихлаа” гэж хэлсэн. Тэгээд би ээжийнхээ хувцас хунарыг нь сольж, гар нүүрийг нь угааж өгөөд орон дээр нь аваачиж хэвтүүлсэн. Ээж маань орон дээр хэвтсэн байхдаа “ээжийнхээ нуруун дээр хүйтэн жин тавиад өгөөч” гэхээр нь алчуур норгож нуруун дээр нь хүйтэн жин тавьж өгсөн. Тухайн шөнөдөө ээж маань тэгж байгаад л унтаж амарсан. Би маргааш өглөө 07 цагийн үед босоод ээжийнхээ унасан гэх газарт очиж үзэхэд: ямарч хамгаалалт байхгүй, гэрэлтүүлэг байхгүй, уясан утас нь энд тэндээ тасарсан байдалтай байсан. Ээжийн маань унасан нүх нь ойролцоогоор 2 метр гарантай гүнтэй байсан. Тухайн үед гар утсаараа зураг авъя гэж бодсон боловч утсаа гэртээ орхисон байсан учраас авч чадаагүй. Тэгээд буцаад гэртээ хариад байж байхад 08 цагийн үед байхаа миний төрсөн ах Тэмүүжин, бэр эгч Ганчимэг нар ирсэн. Тэд нарыг ирэхээр нь ээжийг нүх рүү унасан талаар хэлсэн. Тэгэхэд Тэмүүжин ах маань “юу яриад байгаа юм бэ, эмнэлэг рүү авч явж үзүүлье” гээд ээжийг машиндаа суулгаад Нэгдсэн эмнэлэгт аваачиж үзүүлсэн. Эмнэлэг дээр очоод яаралтайгаар рентгэн болон КТГ-д харуулахад “ээжийн маань нуруу хугарч нугас руугаа орсон, маш хүнд гэмтэлтэй байна” гэж эмч нь хэлээд “яаралтай Улаанбаатар хот руу явж хагалгаанд орох”-ыг зөвлөсөн...Тухайн үед очиход ажилчид нь гэмээр хоёр ах ажиллаж байхаар нь “танай ухсан нүхэнд манай ээж уначихсан юм, та нарыг ямар хүн хариуцаж байгаа вэ” гэж асуухад “бид нар мэдэхгүй байна, хариуцсан хүн маань алга байна, драмын театрын цаана ажиллаж байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр газарт очиход ямар нэгэн хүн байгаагүй...Маргааш өдөр нь Улаанбаатар хотод очоод шууд Гэмтэл согогын үндэсний төв дээр очиж ээжийг үзүүлсэн. Ээжийг маань хүлээн авахын Батсайхан эмч хүлээж авч үзээд шууд эмнэлэгт хэвтүүлсэн. Ээж маань Гэмтэл согогийн үндэсний төвийн хүзүү, нурууны тасагт нийт 19 хоног хэвтэж эмчилгээг хийлгэсэн. Одоо ээжийн маань биеийн байдал тухайн үеийнхийгээ бодвол сайжирч байгаа. Гэхдээ байнгын хүний хараа хяналтанд байгаа, ганцаараа босож сууж чадахгүй байгаа. Муухан алхаж байгаа...Намайг Улаанбаатар хотод ээжийг эмчилж байхад тухайн компаний захирал А гэдэг хүн над руу залгаад “яагаад ийм зүйл болчихов, бид нар саяхан л мэдлээ, ээж чинь согтуу явсан юм уу” гэж асууж байсан, тэгэхээр нь би  “ээж маань архи уудаггүй, танай ажилчдын буруугаас болоод хамгаалалтгүй нүх рүү чинь унаж бэртсэн” гэдгийг хэлсэн. Үүнээс хойш А гэх хүн над руу утсаар холбогдож ээжийн маань биеийн байдлыг асууж тодруулах болсон...Ээжийн маань эрүүл мэндэд хохирол учруулсанд гомдолтой байгаа учраас хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/

              Гэрч, иргэний хариуцагч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манай байгууллага 2015 оноос хойш тендерт шалгараад гэрээгээр Шинэ ХХ хорооллын ииженериин шугам сүлжээний ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа...2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн орой бараг ажил тарах гэж байсан 18 цагийн үед нэг эмэгтэй хүн миний дугаар луу залгаад “танай хийж байгаа ажлын нүхэн дотор чинь хүн унаж бэртээд Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан, эмчилгээний зардлыг нь танайх хариуцаарай, гаргаж өгөөрэй” гэсэн агуулгаар ярьсан, тэгээд би гайхаад “хэзээ юу болов оо, манайхаас тэнд хариуцаад ажиллаж байгаа хүмүүсээс мэдээлэл орж ирээгүй байхад яагаад хөндлөнгийн хүнээс ийм мэдээлэл орж ирэв ээ” гэж гайхаад тэр эмэгтэйгээс “яасан, юу болсон” талаар лавлаж асуухад “10 дугаар сарын 01-ний өдрийн орой буюу даваа гаригт орой 22 цагаас өмнө 21 цаг өнгөрч байхад танай ажил хийж байгаа ухсан нүхэнд чинь тэрүүгээр явж байсан хүн унаад бэртээд хагапгаанд орох гэж байгаа, хуүхдүүд нь сахиж байгаа, нурууны яс нь хугарсан, хүүхдийнх нь дугаар” гээд надад дугаар өгөөд утсаа салгасан. Тэгээд би Х аймагт ажил хариуцан ажиллаж байгаа инженер Л.Э-тай холбогдон ярихад “ерөөсөө ийм юм болсон талаар огт сонсоогүй ээ, тодруулья” гэж хэлсэн. Тзгээд би Л.Э-тай ярьж дуусчихаад нөгөө эмэгтэй өгсөн хоёр дугаар луу залгаж үзсэн чинь дуудлага орж байсан хэрнээ утсаа авахгүй байсан. Тэгээд би тухайн үед ойлгохдоо “яг энэ андуурал гарчээ” гэж бодсон. Ингээд дараагийн 7 хоногийн 1 дэх билүү 2 дахь өдөр нь нүхэнд унасан хүний охин нь гээд хүн ярьсан...Х аймаг дахь шугам сүлжээний ажлыг Л.Э- гэх хүн хариуцан ажиллаж байгаа. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулах үүрэгтэй бөгөөд ажилчдын аюулгүй ажиллагаа, хөндлөнгийн этгээд аюулгүй ажил зэргийг хангаж ажиллах үүрэгтэй...Нүхэнд унасан эмэгтэй нь хоёр хүүхэд юм байна лээ, би хэд хэдэн удаа утсаар хоёр хүүхэдтэй нь ярьсан, нэг удаа Блүй скай дээр охинтой нь уулзахад өмнө нь утсаар ярьсан зүйлээ ярьсан бөгөөд “ээж хагалгаанд орсон, хагалгаа нь амжилттай болсон, хагалгаанд орсон зардал нь 110 сая гаруй төгрөг болсон, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөгдөөд 5 сая орчим төгрөг болсон, танайх энэ зардлыг төлөх ёстой байх, нэхэмжилнэ, манай ээж ажлын чадвараа алдаж байгаа ирэх жил тэтгэвэрт гарна тэр хүртлэх хөдөлмөрийн чадвараа алдсаны мөнгө зэргийг нэхэмжилнэ” гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/

              Х аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 490 дугаартай шинжээчийн: Ч.Б-ын биед бүсэлхийн 1, 2 дугаар  нугалам, их биеийн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь өндрөөс унах, хүчтэй доргих, цохих, цохигдох, зэрэг үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ.Ч.Б-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 37-р тал/

              Х аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн: ХХ сумын 8-р багт төв саадны урдуур дулааны шугам сүлжээний ухсан нүх шуудуу нь ‘Монгол Улсын барилгын норм дурэм*-ийн 6.2.9-д заасан Оршин суугчид олноор суурилсан нутаг дэвсгэр буюу үйлдвэрлэлийн талбай дээр хүнхээл, нух шуудуу ухах зэрэг газар шорооны ажил гүйцэтгэхдээ хүмүүсийн болон тээврийн хэрэгсэл ихтэй газруудад гадны хүмүүсийг орох боломжийг хязгаарласан хашаагаар хамгаалагдсан байх ёстой гзсэн заалтыг хангаагүй байна. Гуравдагч эттээд буюу иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд Монгол Улсын барилгын норм дүрэм БНбД-12-03-04-н 6.2.14, “Цахилгаан байгууламжийн ашиглалтын уед мөрдөх аюулгуй ажиллагааны дүрэм ийн 505-р зүйлүудэд заасны дагуу шөнийн цагг гэрлэн дохио, гэрэлтуүлэг тавьж тэр орчныг гэрэлтүүлэх арга хэмжээ авч ажиллаагүй баина. Монгол Упсын барилгын норм дүрэм-ийн 5.1.1-д заасны дагуу байгууллага аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах үүргийг ажил олгогч хариуцна. Тус дүрмийн 5.1.2-д заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах ерөнхий удирдлага нь тухайн ажил гүйцэтгэгч байгууплагын дарга буюу байгууплагаас томилсон албан тушааптанд оногдоно...гэх дүгнэлт /хх-ийн 41-р тал/

     Шүүгдэгч Л.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн: Би “Х” ХХК-д талбайн инженерээр ажилладаг. Би уг компанид 11 дэх жилдээ ажиллаж байна. Харин тухайн мэргэжлээрээ бол сургууль төгссөн цагаасаа хойш одоог хүртэл ажиллаж байна. Манай “ХХХ” ХХК нь Х аймгийн Шинэ ХХ хорооллын инженерийн шугам сүлжээний ажлыг хариуцан хийж байгаа бөгөөд би Х аймагт хийгдэж байгаад шугам сүлжээний ажлыг хариуцан хийлгэж байсан юм. Хохирогч Ч.Б- нь унасан гээд байгаа газарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангахад маш их хүндрэлтэй байсан. Учир нь тухайн шугам сүлжээ явж байгаа газар нь зай талбай багатай, мөн байнгын том оворын машинаар ажлаа хийлгэж байсан учир хашилт, хамгаалалт хийх боломжгүй байсан учраас туузаар ороож хамгаалсан байсан. Тухайн газарт Хот тохижилт ХХК-ний замын гэрэлтүүлэгүүд байсан боловч ажилладаггүй юм байна лээ. Мөн тухайн газрын замын хөдөлгөөнийг зогсоолгохоор цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт албан тоот өгсөн боловч хааж болохгүй гэсэн хариуг амаар өгсөн. Тийм учраас нүхийг ухаж, шороог зөөлгөх үедээ л замыг түр хугацаанд хааж ажиллаж байсан. Миний хувьд дулааны шугам тавьж байсан нүхэнд маань хүн унасан талаар тухайн үедээ мэдээгүй. Надаас түрүүлээд манай захирал А мэдсэн байсан. А захирал маань над руу утсаар яриад “нүхэнд хүн унасан гэж яриад байна, энэ ямар учиртай юм бэ” гэж асуухаар нь би “тийм зүйл байхгүй ээ” гэж хэлсэн. Тэгээд ажлаа хийгээд байж байхад намайг цагдаагаас дуудсан. Цагдаа дээр ирж уулзах үедээ ухсан нүхэнд маань хүн унасан болохыг мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р тал/  болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

 - Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын “РД: ... дугаартай Боржигон овогтой Л.Э- нь тус хорооны Хилчин хотхон 8 дугаар байр 75 тоот хаягт оршин суудаг болно” гэх тодорхойлолт /хх-ийн 34-р тал/,

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын “Л.Э- ...-ын өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэх эд хөрөнгөтэй эсэх хураангүй лавлагаа,

Улаанбаатар хот дахь Барилгын техникумын 1989 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Лхам овогтой Л.Э- нь 1986 онд сантехникийн ангид элсэн орж 1989 онд төгссөн тул...сантехникч мэргэжил олгов” гэх мэргэжлийн үнэмлэхийн хуулбар,

Төрсөн охин Боржигон овогт Энхтуяагийн Энхсайханы иргэний үнэмлэхийн хуулбар,

Зээ хүү Баргил овогт Тунсагийн Тэмүгэгийн төрсний гэрчилгээний хуулбар,

Талийгаач нөхөр ...н нас барсны гэрчилгээний хуулбар,

 - Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-р тал/ зэрэг баримт бичиг болно.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн өөрийн эрхэлж байгаа ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасны дагуу Хөдөлмөрийн хууль, эрх зүй болон хөдөлмөр хамгааллын болон аюулгүй ажиллагаа зэрэг ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй, биелэлтэд хайнга хандсан нөхцөл байдал нөлөөлсөн байна. Шүүгдэгч Л.Э- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч ХХХ ХХК-ний талбайн инженер ажилтай Л.Э- нь хууль, түүнд нийцэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах үүргээ биелүүлж ажлаагүй улмаас 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Х аймгийн ХХ сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах төв саадны  урд талд тус компаний ухсан нүхэнд хохирогч Ч.Б- нь унаж, “ хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн болох нь Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоол /хх-ийн 6-р тал/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10-р тал/, гэрч Сэнгээгийн гаргаж өгсөн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11-р тал/, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч Л.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын амь нас, эрүүл мэндэд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүнд хохирол учруулж, дээрх гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, төгссөн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүхээс үзлээ.

Иймд шүүгдэгч Л.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна

Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд: Хохирогч Ч.Б-д хүнд гэмтэл учирж, эмчилгээний зардал болон эмчилгээ хийлгэх зарцуулсан бусад зардалд 17.101.865 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан байна. Үүнд: 1-р хавтаст хэргийн 156-190 дүгээр хуудсанд авагдсан баримттай нэхэмжилсэн, 7.199.657 төгрөг, мөн 4.565.272 төгрөгийг гаргуулах, гэмт хэргийн улмаас биед нь хүнд гэмтэл учирч, бусдаар асруулахтай холбогдсон зардал 3.000.000 төгрөг, шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримттай нэхэмжлэл 362.026 төгрөг, баримтгүй боловч иргэний хариуцагч талаас зөвшөөрч буй төлбөр  болох нуруу нугасны хальсны наалт 850.000 төгрөг, өвчин намдаах тарианы үнэ 100.000 төгрөг, Улаанбаатар хотод байр түрээсэлсэн хөлс 500.000 төгрөг, уг байрны ус цахилгааны төлбөр 100.000 төгрөг, хэвтрийн суултуурын үнэ 13.000 төгрөг, дотуур өмдны зардлаас 910 төгрөг, 2 өдрийн боолтны үнэ 6000 төгрөг зэрэг болно.

Иргэний хариуцагч нь мөрдөн шалгах ажиллгааны явцад 8.000.000 төгрөг төлсөн байх тул учирсан хохирлоос хасаж тооцвол 9101865 төгрөгний төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Хохирогчоос ажилгүй байсан хугацааны хөлс 3.282.984 төгрөгийг нэхэмжилсэн боловч хангалттай нотлогдохгүй байх тул жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн хэлэлцэхгүй орхив. Түүнчлэн хохирогчийн сэтгэл санааны хохирол 6.000.000 төгрөгийн хувьд хэрхэн дээрх хохирлыг үнэлж, гаргаж байгаа талаар нотлох баримтгүй, тодорхой тооцоог гаргах боломжгүй байна.

Хэрэгт шүүгдэгч Л.Э-гийн тухайн үед ажиллаж, үүрэг гүйцэтгэж байсан компани нь ХХХ ХХК болох нь тогтоогдсон. Тус компанийн захирал Б.Аг иргэний хариуцагчаар тогтоосон байх ба /хх-ийн 33-р тал/ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж заасан, мөн хохирогч Ч.Б-д учирсан хохирлоос хавтаст хэргийн хэмжээнд баримтаар нотлогдож буй хохирлын мөнгөн дүнг бүрэн төлж барагдуулахаа иргэний хариуцагч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгчөөрөө дамжуулан илэрхийлж байх тул иргэний хариуцагчаас гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг хариуцан төлөхөө илэрхийлсэн байх тул баримтаар тогтоогдсон хохирлыг иргэний хариуцагч Б.Агаас гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй.

Иймд шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөрүй байна гэж үзэн, иргэний хариуцагчаас гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн хохирогчийн нэхэмжилсэн эм, эмчилгээний зардал болох 553.048 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардлаа  нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Л.Э-, иргэний хариуцагч Б.А нараас нэхэмжилж болохыг тус тус дурдав.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

              Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.

              Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

              Шүүгдэгч Л.Э- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

     Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хайхрамжгүй байдлаас болж дээрх гэмт хэргийг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.         

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

     Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч, хохирогч нарын Амбулториор эмчлүүлэгсдийн картыг тус бүр эзэнд нь буцаан олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Э- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 553.048 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус, тус дурдлаа.

              Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Л.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д сантехникийн инженер мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-г оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

              5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2.дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн тоолсугай.

              6. Шүүгдэгч Л.Э-д оногдуулсан эрх хасах ял, албадлагын арга хэмжээг биелүүлж, хяналт тавихыг Х Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

              7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар иргэний хариуцагч ХХХ ХХК-иас бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 9.101.865 төгрөгийг гаргуулж хохирогч Х аймгийн ХХ сумын Х тоотод оршин суух Х овогт Х Ч.Б- /-/-д олгосугай.

              8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч, хохирогч нарын Амбулториор эмчлүүлэгсдийн картыг тус бүр эзэнд нь буцаан олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Э- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 553.048 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус, тус дурдсугай.

              9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай..

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.АЗЖАРГАЛ