| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батдэлгэр |
| Хэргийн индекс | 1902000000305 |
| Дугаар | 180 |
| Огноо | 2022-12-07 |
| Зүйл хэсэг | 20.7.2., |
| Улсын яллагч | Б.Ууганбаатар |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 180
Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд, М.Дэлгэрнасан, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 603 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 934 дүгээр магадлалтай, Ц.О-д холбогдох эрүүгийн _____ дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2022 ны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1977 онд өдөр төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийтийн хоолний технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ял шийтгэлгүй Х овогт Цын О.
Ц.О нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар худалдаалахыг зохион байгуулж, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар сургуулийн баруун талд байрлах 38 дугаар байрны 1 дүгээр орцны 4 давхарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” нэршилтэй нийт 49,76 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалж, мөн өдрөө уг бодисоо Ё.Х гэгчид 5,000,000 төгрөгөөр худалдаалж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар сургуулийн орчимд “N salon”-ын гадна мөнгийг бэлнээр шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 603 дугаар шийтгэх тогтоолоор Нийслэлийн прокурорын газраас Ц.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсний Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамласныг хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч Ц.Оыг сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор хадгалсан, худалдсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэж 934 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Ц.Од холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4, 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, Ц.Оыг энэ хэрэгтэй холбоотойгоор Монгол Улсад 158 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй суллан шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд прокурор Г.Цогтгэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан дүгнэлтийг дараах байдлаар эс зөвшөөрч байна. Үүнд:
Нэг:Ц.Од холбогдох хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдоогүй Ё.Хийн өөрт холбогдох хэрэгт сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн зөрүүтэй мэдүүлгийг энэ хэргийн шүүгдэгчийг буруутгах нотлох баримтын хэмжээнд үнэлэх хууль зүйн үндэслэлгүй гэжээ.
Прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд нотлох баримтаар үнэлсэн нотлох баримтууд болох Ё.Хийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгийг давхар нотлох баримтууд болох 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 40 мянгат 52 дугаар байрны 5 тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтас, 8-22 дахь тал/, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүрэг 15 хороо КН-6Е байрны 00 тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтас, 30-49 дахь тал/, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 00-00 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас, 00-00 дахь тал/, 00-00 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслээс хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас, 73-74 дахь тал/, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 00-00 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас, 86-96 дахь тал/, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 00-00 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас, 00-00 дахь тал/, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Ё.Хийн биед үзлэг хийж тест ашигласан тухай тэмдэглэл /1 дэх хавтас, 131-132 дахь тал/, хүчинтэйд тооцох тогтоол /1 дэх хавтас, 235 дахь тал/, Сүхбаатар дүүргийн 4 хороо, 52-5 тоотод 7,000,000 төгрөг, гар жин, шуудангийн хайрцаг зэрэг, Ё.Хийн мэдүүлгийг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр шалгасан тухай тэмдэглэл, /1 дэх хавтас, 236-239 дахь тал/, гэрч Ж.Оаар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, /1 дэх хавтас, 240-242 дахь тал/, гэрч Ж.Оын мэдүүлэг /З дахь хавтас, 31-33 дэх тал/, гэрч Philips James-ийн мэдүүлэг /З дахь хавтас, 38-39 дахь тал/, гэрч Б.Бийн мэдүүлэг /3 дахь хавтас, 43-45 дахь тал/, гэрч Д.Дын мэдүүлэг /3 дахь хавтас, 47 дахь тал/, гэрч Б.Жийн мэдүүлэг /3 дахь хавтас, 51-52 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 4613 дугаартай дүгнэлт /3 дахь хавтас, 95-102 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 4611, 4610 дугаартай дүгнэлт /3 дахь хавтас, 108-125 дахь тал/, сэжигтэн Б.Зын мэдүүлэг /4 дэх хавтас, 124-125 дахь тал/, сэжигтэн Б.Нийн мэдүүлэг /4 дэх хавтас, 126-127 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогддог.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж, 2-т Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно гэж, 15-д хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус хуульчилсан.
Өөрөөр хэлбэл Ё.Хийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг нотлох баримтаар тооцогдох төдийгүй түүний мэдүүлгүүдийг давхар нотолж буй дээрх нотлох баримтуудыг шүүх хянаж үзээгүй, няцаан үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг ноцтой зөрчиж шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзнэ.
Хоёр: Ц.Од холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, түүний бусдын үйлдэж байгаа зохион байгуулалттай гэмт хэрэгт ашиглагдсан байж болзошгүй нөхцөл байдлыг буюу гэмт хэргийн шинжтэй үйлдэлд мэдсээр байж оролцсон эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байхад уг нөхцөл байдлын талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй атлаа зөвхөн санаа сэдлийг нь тодорхойлж чадаагүй мөнгө авсан үйл баримтад яллах ажиллагааг хэрэгжүүлсэн нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцээгүй байна гэж үзэв гэжээ.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №476 дугаартай шийтгэх тогтоолд /7 дахь хавтас, 85-92 дахь тал/ тусгагдсан шүүхийн дүгнэлтээр Ё.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдэхдээ Ц.Оаас 5,000,000 төгрөгөөр мансууруулах бодисыг худалдан авсан гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй.
Түүнчлэн мэдүүлгийн нотлох баримт болох сэжигтэн Ё.Хийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “...өчигдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүмүүсээс зүс мэдэх Од шавар гэх мансууруулах бодис байгаа гэх сураг дуулдсан юм...” гэх мэдүүлгээс үзэхэд Ц.Од хориглосон мансууруулах бодис байсан болохыг нотолж байна.
Тодруулбал Ё.Х нь мөнгийг Ц.Од шилжүүлсний дараа бодис байгаа талаар мэдээлэл ирсний дагуу олж авсан үйл баримт дээрх баримтуудаар хангалттай тогтоогддог.
Мөн магадлалд Ё.Х нь З.А өгөх мөнгөө Ц.Оаар дамжуулсан, харин З.А нь Ё.Хаас авах мөнгөө Ц.Оаар дамжуулсан нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор З.А болон Ё.Хтай телеграмаар холбогдож мансууруулах бодис худалдах ажиллагааг хэрэгжүүлсэн гуравдагч этгээдийг шалгах ажиллагааг явуулаагүйгээс хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа хязгаарлагдахад хүргэжээ... гэж дүгнэсэн.
Гэтэл хэрэгт авагдсан Ё.Хийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт Ад мөнгө өгөөрэй гэсэн мэдүүлэг байхгүй, харин шүүгдэгч Ц.Оын хэргийн газрын үзлэгт оролцохдоо өгсөн тайлбар, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүдэд зөрүүтэй мэдүүлгүүд өгснийг шүүх анхаарч үзээгүй байна.
Гурав:Шүүгдэгч Ц.Оыг мансууруулах бодис худалдаалах гэмт хэргийг зохион байгуулсан, гүйцэтгэгчээр оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэжээ. Прокуророос Ц.Оын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласныг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэж хуульчилсан ба анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ прокуророос Ц.Оын үйлдэлд зохион байгуулсан, гүйцэтгэгчээр оролцсон гэж журамласныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Дөрөв:Шүүгдэгч Ц.Од холбогдох хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч түүний гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсч байх тул түүнд ашигтайгаар шийдвэрлэх нөхцөл байдал үүссэн болно гэжээ.
Анхан шатны шүүхээс 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1170 дугаартай захирамжаар, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 578 дугаартай захирамжаар тус тус Ц.Од холбогдох хэргийг прокурорт буцаасан захирамжуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1,2, 1.3-д заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/, гэмт хэргийг хэн үйлдсэн болон гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг нотолж, тогтоох нь зүйтэй гэж хэргийг 2 удаа прокурорт буцааж шийдвэрлэсэн.
Тус захирамжуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр улсын яллагчийн эсэргүүцэл бичиж давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 959 дугаартай магадлал, 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 521 дугаартай магадлалаар тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн нотолбол зохих байдлыг нотолж тогтоосон байна гэх дүгнэлтүүдийг хийсэн.
Түүнчлэн дээр дурдсан хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудад Ц.Оын үйлдэлд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээгүй бөгөөд шүүх түүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэхдээ зөвхөн Ё.Хийн өгсөн мэдүүлгээр ялласан гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 3 дахь хэсэгт хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана гэснийг зөрчсөн гэж үзнэ.
Тав:Шүүгдэгч Ц.Оын мансууруулах бодис худалдсан байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй байх бөгөөд Ё.Хд мансууруулах бодис худалдсан гэмт хэрэгт Ц.Оын нөхөр З.Аыг болон Ё.Хтай телеграмаар холбогдож мансууруулах бодис худалдах ажиллагааг хэрэгжүүлсэн этгээдийг шалгах ажиллагааг явуулах шаардлагатай байх тул хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй гэж үзэв гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас З.А нь 2009 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Е0195474 дугаартай гадаад паспортоор Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд дэх автозамын хилийн боомтоор БНХАУ-руу гарсан үүнээс хойш Монгол Улсад орж ирээгүй бүртгэл авагдсан. Ц.Оыг гэмт хэрэгт холбогдон шалгагдах үед буюу тус гэмт хэрэг болсон цаг хугацаанд Монгол Улсад байгаагүй болох нь 6 дахь хавтас, 9 дэх тал, 8 дахь хавтас, 88 дахь талд авагдсан хилийн лавлагаануудаар тогтоогдсон, Ц.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “..Ан гэж миний салсан нөхөр. Би Польш улс руу явахаасаа өмнө салчихсан байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тэд энэ гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх боломжгүй юм.
Шүүхийн магадлалд тусгагдсан З.Аыг болон өөр бусад этгээдийн асуудлыг шалгах гэж хэрэг бүртгэлтэд хэргийг буцаасан нь зөвхөн сэжиг таамагт үндэслэсэн гэж үзэх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй
Бусад: Ц.Оаас авсан бодисыг Ё.Х нь нэр бүхий хүмүүст тараасан үйлдэлдээ бүгд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээсэн. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаагүйн улмаас Ц.Од холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд үл нийцэх ба Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ
Иймд анхан шатны шүүхийн 603 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн 934 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Давж заалдах шатны шүүхээс “хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нөхцөл байдал үүссэн” гэж дүгнэсэн. Дээрх дүгнэлтийг прокуророос Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзээд эсэргүүцэл бичсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх Ё.Хийн хоорондоо зөрүүтэй хэд хэдэн удаагийн мэдүүлгийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс түүний мэдүүлэгт тусгагдсан үйл баримтууд нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдоогүй буюу прокурорын эсэргүүцэлд дурдагдсан баримтууд нь Ё.Хийн холбогдсон хэрэгт хамааралтай гэж үзсэн. Тэгэхээр давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасныг зөрчөөгүй учир прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Ц.Од холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд түүний бусдын үйлдэж байгаа зохион байгуулалттай гэмт хэрэгт ашиглагдсан байж болзошгүй нөхцөл байдлыг буюу гэмт хэргийн шинжтэй үйлдэлд мэдсээр байж оролцсон эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байхад уг нөхцөл байдлын талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй атлаа зөвхөн санаа сэдлийг нь тодорхойлж чадаагүй мөнгө авсан үйл баримтад яллах ажиллагааг хэрэгжүүлсэн нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцээгүй” гэж дурдсан. Энэ дүгнэлтийн талаар прокурор “Ё.Хг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцохдоо Ц.Оаас 5,000,000 төгрөгөөр мансууруулах бодисыг худалдан авсныг тогтоосон” гэж үздэг. Гэтэл Ё.Х шийтгэсэн тогтоол хавтаст хэргийн 85-92 дахь талд авагдсан бөгөөд “Ц.Оаас 5,000,000 төгрөгөөр мансууруулах бодис худалдаж авсан” гэх дүгнэлт хийгээгүй. Харин Ё.Х “мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн” гэж дүгнэсэн. Тэгэхээр Ё.Х, Ц.Оаас мансууруулах бодис авсан гэдэг нь үгүйсгэгдэж байна. Мөн “Ё.Хтай телеграмаар холбогдож зааварчилгаа өгсөн гуравдагч этгээдийг шалгах ажиллагаа явуулаагүйгээс хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа хязгаарлагдахад хүрсэн” гэж үзсэн. Прокурорын эсэргүүцэлд гуравдагч этгээдийн талаар огт дурдаагүй. Түүнчлэн Ц.Оыг мансууруулах бодисыг худалдаалах гэмт хэргийг зохион байгуулсан, гүйцэтгэгчээр оролцсон үйлдлийг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосныг эсэргүүцсэн заалт байхгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан шатны шүүхээс хэргийг 2 удаа мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан боловч давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хянаад тухайн асуудалд “нотлогдвол зохих байдал бүрэн тогтоогдсон” гэж дүгнэснээс илүүтэй “прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийд” гэсэн агуулгаар буцаасан болохоос эсэргүүцэлд дурдсан шиг дүгнэлт хийгээгүй болохыг анхаарна уу. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын зүгээс З.Ад холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгагдаж байгаа талаар хэлсэн нь тэмдэглэлд тусгагдсан. Гэтэл прокурорын эсэргүүцэлд З.А 2009 оноос хойш Монгол улсад байхгүй байгаа учир гэмт хэрэгт хамтран оролцсон байх боломжгүй гэх зүйлийг илэрхийлсэн байна. Хэрэв З.А Монгол улсад байхгүй бол хууль бус ажиллагааг нь гардан гүйцэтгэж буй этгээд энд байх боломжтой. Тийм учраас шүүхээс хийсэн дүгнэлт нь хийсвэр биш гэж хэлмээр байна. Ц.О мөнгө авсан үйлдэлд огт маргадаггүй. Гэтэл Ё.Х зарагдсан мансууруулах бодисыг хэний командаар өгсөн асуудлыг огт шалгаагүй орхисон. Ё.Х холбогдох хэргийн баримтуудаар Ц.Оыг шууд буруутгаж буй нь үндэслэлгүй. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Эрүүгийн ______ дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтуудаар иргэн Ё.Х нь 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Б.З, Б.Н, Н.М нараас мөнгө цуглуулж сэтгэцэд нөлөөлөх “шавар” гэх нэртэй бодисыг худалдан авахаар тохиролцож Ц.Од мөнгөө өгсний дараа гар утсанд нь ирсэн байршлаар уг бодисыг очиж авсан үйл баримт тогтоогдсон. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Од холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцээд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Харин давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь дээрх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд хууль бус зах зээлд өндөр үнэлгээ бүхий мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх “шавар” гэх нэршилтэй бодисыг иргэн Ё.Х ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр олж авах боломжгүй болох, худалдан авах зорилгоор мөнгөө Ц.Од өгсний дараа бодисыг авсан үйл баримт тогтоогдсон ба Ц.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс Ё.Х-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн удаа дараагийн мэдүүлгийг давхар нотолсон яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд дурдсан нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн талаар дүгнэлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1.1-д “...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэргийн нөхцөл байдал”-тай холбогдох нотлох баримтыг дахин шинжлэн судлахгүй талаар заажээ.
Уг зохицуулалт нь эрүүгийн хэргийн ямар нэгэн үйл баримтыг өмнө нь гарсан, хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор тогтоосон тохиолдолд түүнд холбогдох баримтат мэдээллийг ахин хэлэлцэж үнэлэхгүй гэсэн агуулгыг илэрхийлж байх бөгөөд дээрх хэм хэмжээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-д заасан “...яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн зарчимд харшлахгүй болно.
Учир нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй тул үүнтэй холбоотой нотлох баримтыг дахин магадлан үзэх нь ач холбогдолгүй юм.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1.1-д заасан зарчмыг үндэслэл болгохын зэрэгцээ хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтанд тулгуурлан 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Ё.Х нь Ц.Оын ажил дээр очиж түүнд 5,000,000 төгрөгийг өгсөн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад Ц.О үүнийг үгүйсгээгүй байна.
Ийнхүү мөнгө өгч, авалцах болсон учир шалтгааны талаар Ё.Х нь сэтгэцэд нөлөөт бодис худалдан авах төлбөрийг хийсэн гэж мэдүүлдэг бол Ц.О нь 2018 оны 5 дугаар сарын 8-ны /хэргийн 4 дэх хавтас, 141-146 дахь тал/, 2021 оны 4 дүгээр сарын 15-ны /хэргийн 9 дэх хавтас, 150-152 дахь тал/ өдрүүдэд яллагдагчаар байцаагдахдаа ”Би Х гэж хүн танихгүй. 5 сая төгрөг Х гэх хүнээс аваагүй. Энэ Хулан гэж хүн яагаад ингэж мэдүүлээд байгаа талаар би мэдэхгүй байна”, “Би Хулан гэх хүнийг танихгүй. Би энэ хүнийг танихгүй учраас ямар нэгэн өр авлага, өс хонзон гэх зүйл байхгүй” гэж өгүүлж байсан бол шүүхийн хэлэлцүүлгийн явцад “салсан нөхөр З.А өгөөрэй гээд ууттай мөнгө өгснийг авсан” хэмээн /хэргийн 12 дахь хавтас, шүүх хуралдааны тэмдэглэл, 165-183 дахь тал/ тус тус мэдүүлжээ.
Шүүгдэгч Ц.Оын өгсөн дээрх зөрүүтэй мэдүүлгүүдийг анхан шатны шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримттай /шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг, хэргийн 12 дахь хавтас, 192-193 дахь тал/ харьцуулан шинжлэн судалж, цогц байдлаар үнэлснээр түүнийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 49,76 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг Ё.Х борлуулах төлбөрт 5 сая төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр авсан үйл баримтыг тогтоож хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх бөгөөд үүнийг үгүйсгэх, өөрчлөх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тухайлбал, Д.Од 5 сая төгрөгийг өгсний дараа Ё.Х нь сэтгэцэд нөлөөт бодисыг түүнээс шууд аваагүй хэдий ч нуусан газрыг өөр эх сурвалжаар /өөрийнх нь мэдүүлснээр/ заалган очиж авсан байх бөгөөд энэ нь тодорхой үнэ өртгөөр дээрх эд зүйлийг худалдах болон худалдан авч буй явдал мөн тул төлбөрийг хүлээн авсан шүүгдэгчийн үйлдлийг уг гэмт хэргийн “борлуулсан” шинжид хамааруулан үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.
Харин шүүх Ц.Оыг сэтгэцэд нөлөөт дээрх бодисыг хадгалсан гэм буруутайд давхар тооцсон нь үндэслэл муутай болжээ.
Учир нь, Ё.Хаас мөнгө хүлээн авсны дараа Ц.О түүнд сэтгэцэд нөлөөт бодисыг өгсөн эсхүл хаанаас очиж авахыг зааж хэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйн гадна шүүгдэгчийн бие, орон сууц, ажлын байр, түүнд хамааралтай бусад газраас уг бодис илрээгүйн зэрэгцээ Ё.Х нь тухайн бодисыг хаанаас очиж авахыг хэн, ямар байдлаар түүнд мэдэгдсэн талаар /утсанд мессеж ирсэн, телеграм сүлжээгээр харьцсан гэх мэт/ зөрүүтэй мэдүүлсэн зэргээс дүгнэхэд шүүгдэгчийг “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явсан, эсхүл орон байр агуулах саванд байлгасан, түүнчлэн тодорхой газарт нуусан буюу хадгалсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд Ц.Оыг гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн хэргийн зүйлчлэлээс сэтгэцэд нөлөөт бодисыг “хадгалсан” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.
Тус шүүхээс хэргийн зүйлчлэлээс нэг шинжийг ийнхүү хасч шийдвэрлэж буй хэдий ч анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2-т заасан ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялыг шүүгдэгчид оногдуулсныг мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасан шаардлага бүрдээгүй буюу шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул хөнгөрүүлэх боломжгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулан бэхжүүлсэн нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцэхүйц буйн зэрэгцээ анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “... прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д заасан нөхцөл байдлыг нотолж, үүний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийн, шийдлээ гаргасан байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангаж, хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэл муутай дүгнэлт хийж, Ц.Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгохоор тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэр болон 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тус тус тодорхой заасан байна.
Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад ач холбогдолтой билээ.
Одоогийн байдлаар хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар Ц.О нь өөр этгээдтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул анхан шатны шүүх түүнд холбогдох хэргийн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд энэ тогтоолд заасан үндэслэлээр шийтгэх тогтоолд зарим өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 934 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2.Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 603 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...хадгалсан” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
4.Ц.Оыг энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Б.ЦОГТ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН