Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 1590

 

Ц.***гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/00275 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.***гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “***” ТББ-д холбогдох,

 

500 ам.доллар буюу 971 195 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ц.***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.***, Б.***, Д.*** бид 4 хамтдаа Далиан хотод суралцахаар тохиролцож, би “***” ТББ-тай 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр БНХАУ-д тэтгэлгээр суралцуулах гэрээ байгуулан гэрээний урьдчилгаанд 500 ам.долларыг баримт бичгийн хамт хүлээлгэн өгсөн. Тус гэрээнд БНХАУ-ын Далиан хотод Бизнес удирдлагын чиглэлээр, магистрийн хөтөлбөрт тэтгэлгээр суралцуулах нөхцөлөөр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас 10 хоногийн дараа буюу 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ***өөс дээрх нөхцөлөөр суралцуулах боломжгүй, Нанжин хотод, олон улсын худалдааны мэргэжлээр, тэтгэлгийн нөхцөл өөр байхаар суралцуулах тухай мэдэгдсэн. Миний бие дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрөөгүй тул гэрээний 1.2 дахь заалтыг биелүүлээгүй хэмээн үзэж 500 ам.долларыг буцаан авах хүсэлтийг гаргасан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд 500 ам.доллар буюу 971 195 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан “***” ТББ-аас 500 ам.доллар буюу 971 195 төгрөгийг гаргуулан Ц.***д олгож,

Иргэнйи хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид       28 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Хэргийн материалтай танилцуулаагүй бөгөөд мэтгэлцэх боломж олгоогүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар үйл ажиллагааны зардалд 100 000 төгрөг суутган авна гэсэн байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу юм. Түүнчлэн гэрээ цуцалсан тохиолдолд шаардах эрх аль талд үүсч байгааг шүүхээс шалгаж тогтоосонгүй.

Иймд 100 000 төгрөгийг хассан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.*** нь хариуцагч “***” ТББ-д холбогдуулж 500 ам.доллар буюу 971 195 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ц.*** болон “***” ТББ-ын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр БНХАУ-д тэтгэлгээр суралцуулах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаа төлбөрт 500 ам.долларыг хүлээлгэн өгч, талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн байна.

 

БНХАУ-ын Далиан хотод бизнес удирдлагын чиглэлээр, магистрт тэтгэлгээр суралцуулахад зуучлахаар тохиролцсон байтал хариуцагч байгууллагаас 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр БНХАУ-ын Нанжин хотод олон улсын худалдааны чиглэлээр суралцуулах боломжтой гэж мэдэгджээ.

 

Уг нөхцөлийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй тул зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй, биелүүлэх боломжгүй болсноос нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээр шилжүүлэн төлсөн 500 ам.доллар буюу 971 195 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, татгалзсан тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Талуудын хооронд гэрээнд үйл ажиллагааны зардлаас суутган тооцох талаар заагаагүй тул 100 000 төгрөг буцаан төлөхгүй.

 

Түүнчлэн хариуцагч талд 2016 оны 06 дугаар сарын 24, 30-ны өдрүүдэд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх боловч 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцуулаагүй, мэтгэлцэх боломж олгооогүй гэх давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/00275 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “343 дугаар зүйлийн 343.1” гэснийг “410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

   ШҮҮГЧИД                                        С.ЭНХТӨР

 

Э.ЗОЛЗАЯА