Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 181/шш2016/00275

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 05 өдөр      Дугаар 181/ШШ2016/00275      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамжны 17 дугаар байрны 902 тоотод оршин суух 1991 онд төрсөн, эмэгтэй, 25 настай, Зэвгэтэн овогт Цэдвээхүүгийн Долгормаа /РД.УТ91073121/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 30 дугаар байрны 13 дугаар давхар Говь боловсрол төв ТББ /РД:1013467/-д холбогдох 500 ам доллар буюу 971,195 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Долгормаа, гэрч Д.Амартүвшин, нарийн бичгийн даргад Ц.Золбоо нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Долгормаа, Г.Энхмөнх, Б.Энхмандах, Д.Амартүвшин бид 4 хамтдаа Далиан хотод суралцахаар тохиролцсон.

Тэгээд би Говь боловсрол төв ТББ-тай 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр БНХАУ-д тэтгэлгээр суралцуулах гэрээ байгуулан гэрээний урьдчилгаанд 500 ам долларыг баримт бичгийн хамт хүлээлгэн өгсөн. Тус гэрээнд БНХАУ-ын Далиан хотод Бизнес удирдлагын чиглэлээр, сургалтын тэтгэлгээр,магистрийн хөтөлбөрт суралцуулах нөхцлөөр гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас 10 хоногийн дараа буюу 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Говь боловсрол төвөөс дээрх нөхцлөөр суралцуулах боломжгүй, Нанжин хотод, олон улсын худалдааны мэргэжлээр, тэтгэлгийн нөхцөл өөр байхаар суралцуулах тухай мэдэгдсэн. Миний бие дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрөөгүй тул гэрээний 1.2 дах заалтыг биелүүлээгүй хэмээн үзэж 500 ам долларын буцаан авах хүсэлтийг гаргасан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд 500 ам доллар буюу буюу 971 195 төгрөгийг  гаргуулан өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд гэрч Д.Амартүвшингийн мэдүүлгийг сонсов.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Ц.Долгормаа нь Говь боловсрол төв ТББ-д холбогдуулан 500 ам доллар буюу 971 195 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн нэг хувийг 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гардан авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна./хх-ийн 13-р хуудас/

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч дээрх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн ИХШХШТХ-ийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй, шүүх хуралдааны товыг мэдэж гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй байх тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно./хх-ийн 28-р хуудас/

Нэхэмжлэгч Ц.Долгормаа нь Говь боловсрол төв ТББ-тай 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр “БНХАУ-д тэтгэлгээр суралцуулах гэрээ” байгуулан гэрээний урьдчилгаанд 500 ам долларыг хүлээлгэн өгчээ. /хх-ийн 2-4, 9-р хуудас/

Гэрээ байгуулснаас хойш 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Говь боловсрол төв ТББ-нь БНХАУ-ын Далиан хотод Бизнесийн удирдлагын мэргэжлээр, тэтгэлгээр суралцуулах боломжгүй харин БНХАУ-ын Нанжин хотод олон улсын худалдааны чиглэлээр, тэтгэлгийг тохиролцсоны дагуу суралцуулах боломжтой гэж мэдэгдсэн тул Ц.Долгормаа гэрээнээс татгалзсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Говь боловсрол төвд гаргаж байсан өргөдөл, тус төвд ирсэн хариу, гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 2-4,6, 23,24-р хуудас/

Иймд Говь боловсрол төв ТББ-аас 500 ам доллар буюу 971 195 төгрөгийг гаргуулан Ц.Долгормаад олгох үндэстэй.

Хариуцагч Говь боловсрол төв ТББ-нь Б.Мөнхсоёл, Г.Нацагдорж нарт итгэмжлэл олгосон болно./хх-ийн 11,18-р хуудас/ 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ НЬ:

            1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан Говь боловсрол төв ТББ /РД:1013467/-аас 500 ам доллар буюу 971 195 төгрөгийг гаргуулан Ц.Долгормаад олгосугай.

            2.Иргэнйи хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 28550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                     

ДАРГАЛАГЧ                              Ч.ИЧИНХОРЛОО