Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2019/0683

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“У” ХК-ийн гомдолтой

зөрчлийн хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, В.Х, өмгөөлөгч Ж.Д, хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 128/ШШ2019/0552 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Х, Т.Г нарын давж заалдах гомдлоор, “У” ХК-ийн гомдолтой, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Н.Н холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. “У” ХК-ийн захирал С.С 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа:

“Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 0129046 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 128/ШШ2019/0552 дугаар шийдвэрээр:

“Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 2.19, Компанийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “У” ХК-ийн гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 0129046 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Гомдол гаргасан “У” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Х, Т.Г нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Н.Нямдаваагийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 0129046 дугаар шийтгэлийн хуудсын хууль зүйн үндэслэл нь Компанийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.6-д “...баримт бичгийг өөрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар буюу хувьцаа эзэмшигчдийн мэдэх, тэдний нэвтрэн орох боломж бүхий газар хадгалаагүй” гэсэн үндэслэл байсан.

1. “У” ХК нь бичиг баримтаа “өөрийн үйл ажиллагааг эрхлэн явуулах газар” хадгалж байгаа. “У” ХК зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг /компанийн дүрэм дээр бусад үйл ажиллагааг заасан боловч тэдгээр үйл ажиллагааг эрхэлдэггүй, үүнийг хариуцагч мэдэж байгаа бөгөөд хүлээн зөвшөөрсөн/ энэ үйл ажиллагаагаа гүйцэтгэх захирал, ахлах нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч гэсэн гурван орон тоотойгоор эрхлэн явуулдаг, эдгээр ажилчид нь “Н” цогцолбор дээр байрладаг гэдэг дээр хэргийн оролцогчид маргаагүй. Компанийн хэмжээнд 3 ажилтан байгаа, тэдгээр 3 ажилтан байрлаж байгаа буюу ерөнхий захиргаа нь байгаа газрыг тухайн компанийн үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байгаа газар гэж үзнэ. Энэ нь Компанийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Компанийн оршин байгаа газар, шуудангийн хаягийг түүний ерөнхий захиргаа байршин байгаа газраар тодорхойлно” гэж заасан байдаг.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Компанийн тухай хууль, болон 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг дурьдаж компанийн үүсгэн байгуулах баримт буюу компанийн дүрэмд компанийн хаяг өөрчлөлт оруулсныг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй үйл баримтууд тогтоогдож байх тул Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах “Н” цогцолборыг “У” ХК-ийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн. Ийнхүү дүгнэхдээ компанийн гэрчилгээ дүрэмд тусгагдсан хаягийг нотлох баримтын хүрээнд авч үзэж 2015 оноос хойш одоогийн үйл ажиллагаа явуулж оршин байгаа газрыг үгүйсгэн шийдвэрлэсэн байна.

Учир нь маргааны гол зүйл буюу шийтгэлийн үндэслэл нь Компанийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.6, Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 2.19 дэх хэсэгт зааснаас үзэхэд зөрчлийн хэргийн үйлдэл нь “компанийн бичиг баримтаа өөрийн үйл ажиллагаа явуулж байгаа газраа хадгалаагүй” эс үйлдэл байхад, анхан шатны шүүх “компани өөрчлөгдсөн хаягаа дүрэмдээ тусгаж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй” эс үйлдэлтэй холбож тайлбарласан нь үндэслэлгүй буюу дээрх 2 эс үйлдэл нь тусдаа бие даасан эс үйлдлүүд гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шийтгэл ногдуулсан үндэслэл болох Компанийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.6-д заасан үүргээ биелүүлсэн эсэхийг дүгнэхийн тулд “үйл ажиллагаа нь хаана явагдаж байна, ерөнхий захиргаа, ажилчид нь хаана байна” гэдэг нь чухал болохоос улсын бүртгэлд “хаана бүртгэгдсэн байна” гэдэг нь шийтгэлтэй хамаатай гэж үзэхгүй байна.

Анхан шатны шүүхийн дүгнэснээр “У” ХК нь өөрийн хаягийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна гэж үзвэл Санхүүгийн зохицуулах хороо шийтгэл оногдуулах үндэслэлдээ компани хаягийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй эс үйлдэлд шийтгэл ногдуулах байсан гэж үзэж байна.

2. Анхан шатны шүүх “хувьцаа эзэмшигчдийн мэдэх, тэдний нэвтрэн орох боломж бүхий газар болох нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн бөгөөд ийнхүү дүгнэхдээ “...“Н” цогцолборын гадна талд буюу 5 давхарт “У” ХК-ийн хаягийг байршуулаагүй” гэжээ. “У” ХК нь 2015 оноос хойш “Н” цогцолборт байрлан үйл ажиллагаагаа эрхлэн явуулахдаа уг цогцолборын гадна талд хаягаа байрлуулаагүй хэдий ч тус цогцолборын үүдэнд буюу цахилгаан шатны хажуу талын хаяг байршлын самбар болон цахилгаан шатны дотор талд хаягаа байршуулан мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж хувьцаа эзэмшигчдэд мэдэх боломжоор хангаж өгсөн байдаг.

Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх тэдгээр нотлох баримтуудыг огт үнэлээгүй.

Мөн хувьцаа эзэмшигчид нэвтрэн орох бүрэн боломжтой буюу нийт оффисыг хариуцсан угтах үйлчилгээ бүхий орчин үеийн шаардлага хангасан оффисын байранд байрлаж байгаа бөгөөд хувьцаа эзэмшигчдийг ирж уулзах тохиолдолд ямар нэгэн саадгүйгээр компанийн ажилчдыг дуудан уулзуулж, бичиг баримттай танилцах боломжоор хангаж өгдөг.

Гэтэл улсын байцаагч нь “нэвтрэн орох боломжгүй” гэх ямар ч нотлох баримт байхгүй, энэ талаар ямар нэгэн санал, гомдол гарч байгаагүй байхад шийтгэл оногдуулсан.

Мөн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “нэвтрэн орох боломжгүй” гэдгийг нотлох ямар ч баримт хэрэгт авагдаагүй, баримтаар нотлогдоогүй байхад ийнхүү дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 128/ШШ2019/0552 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Компанийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.6-д “Компани нь энэ хуулийн 97.1-д заасан баримт бичгийг өөрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар буюу хувьцаа эзэмшигчдийн мэдэх, тэдний нэвтрэх боломж бүхий газар хадгална” гэж, харин Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 2.19-д “Компанийн тухай хуульд заасныг зөрчиж компани хуульд заасан хадгалбал зохих баримт бичгийг өөрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар, эсхүл хувьцаа эзэмшигчдийн мэдэх, тэдний нэвтрэх боломж бүхий газарт хадгалах үүргээ биелүүлээгүй” бол хариуцлага хүлээлгэхээр тус тус зааснаас үзэхэд “буюу”, “эсхүл” гэсэн холбоосоор баримт бичиг хадгалах газрыг хоёрдмол утгатайгаар тайлбарласан гэж дүгнэхээр байна.

Тэр тусмаа маргаан бүхий актын үндэслэл болсон Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтад “эсхүл” гэсэн холбоос орсноор өөрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газраас гадна “хувьцаа эзэмшигчдийн мэдэх, тэдний нэвтрэх боломж бүхий газар”-т компанийн баримт бичгийг хадгалж болох утгыг илэрхийлжээ.

“У” ХК нь өөрийн дүрэмд зааснаас зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн үйл ажиллагаа явуулаг болохоо хүлээн зөвшөөрсөн, иймд энэ тохиолдолд хувьцаат компанийн оршин байгаа, өөрөөр хэлбэл удирдлагууд нь байрлаж үйл ажиллагаа явуулж байгаа газрыг “У” ХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа газар гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл компанийн оршин байгаа газар, мөн тухайн компанийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар гэдэг нь хууль зүйн хувьд өөр өөр утга агуулгатай болно.

Тухайлбал Компанийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн заалт нь компанийн ерөнхий захиргаа байршин байгаа газрыг оршин байгаа газраар нь тодорхойлох тухай зохицуулалт бөгөөд энэ нь тухайн компанийн үйл ажиллагаа эрхлэн явуулж буй газрыг бүрэн илэрхийлэхгүй.

Иймд хариуцагчаас хувьцаат компанийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа газрыг “У” гэж тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй.

Гэвч дээр дурдсанчилан хувьцаа эзэмшигчдийн мэдэх, түүнчлэн тэдний нэвтрэх боломж бүхий Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөнд байрлах “Н” цогцолборт “У” ХК-ийн хуульд заасан баримт бичгийг хадгалж буй нь зөрчилд тооцогдохгүй.

Хариуцагчаас “У”-т үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа учраас энэ дэлгүүрт баримт бичгийг хадгалах ёстой гэсэн агуулгаар зөрчлийн үйл баримтыг тодорхойлсон, түүнээс “Н” цогцолборт баримт бичиг хадгалж буйг хувьцаа эзэмшигч нар мэдэх мөн уг цогцолборт нэвтрэх боломжгүй гэдгийг баримтаар тогтоогоогүй, энэ талаар хувьцаа эзэмшигчдээс ямар нэгэн гомдол гаргаагүй болохыг ч хүлээн зөвшөөрсөн болно.

“У” ХК-иас “Н” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр түрээсийн гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд “Н” цогцолборт компанийн ерөнхий захиргаагаа байршуулан үйл ажиллагаа явуулж байгаа болох нь түрээсийн гэрээ, тус цогцолборын доторх болон лифтэнд байршуулсан хаягт “У ХК” гэж бичигдсэн байдлаар, мөн 7 дугаар давхарт байрлах архивт тус хувьцаат компанийн бичиг баримт хадгалагдаж байгаа болох нь шүүхийн үзлэгээр тогтоогджээ.

Мөн “У” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс 2015 оноос хойших жил бүрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлах хуралдуулах тогтоолд “Н” цогцолборын 5 давхарт байрлах гүйцэтгэх захирал болон ТУЗ-ын нарийн бичгийн даргаар дамжуулан тухайн хурлаар хэлэлцэх материал болон компанийн бичиг баримттай танилцах боломжтой болохыг мэдээлж байхаар тусгасан төдийгүй өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар хувьцаа эзэмшигчдэд мэдээлж байсан нь хэрэгт авагдсан нэр бүхий сонины зар, телевизийн тодорхойлолтуудаар нотлогдож байна.

Ийм нөхцөл байдалд “У” ХК-ийг хуульд заасан хадгалбал зохих баримт бичгийг “…хувьцаа эзэмшигчдийн мэдэх, тэдний нэвтрэх боломж бүхий газар”-т хадгалах үүргээ биелүүлээгүй гэж буруутгаж, улмаар 20.0 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь Компанийн тухай болон Зөрчлийн тухай хуульд нийцээгүй, хууль бус шийдвэр болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг үндэслэн болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 128/ШШ2019/0552 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 2.19, Компанийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасныг баримтлан “У” ХК-ийн Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Н.Н холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, улсын байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 0129046 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон, “У” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Х, Т.Г нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар “У” ХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН