Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0833/З |
Дугаар | 001/ХТ2024/0047 |
Огноо | 2024-04-29 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2024/0047
“З” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи,
уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Батбаатар
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: М.Батсуурь
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0901 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2024/0109 дүгээр магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ШХТ2024/0131 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.“З” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан “... ашигт малтмалын XV-****** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 841 дүгээр шийдвэрээр **** аймгийн ***** сумын **** нэртэй газарт орших 409.34 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийг “З” ХХК-д олгосон байх ба тусгай зөвшөөрөл эзэмшигчээс 6 дахь жилийн төлбөрөө 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлсөн тул тусгай зөвшөөрлийн хугацааг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 1 жилээр сунгажээ.
2.1.“З” ХХК-аас дээрх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр холбогдох баримтуудын хамт Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн, тус газраас “нэмэлт нотлох баримт ирүүлсэн тохиолдолд сунгуулах өргөдлийг бүртгэхээр болов” гэж тэмдэглэн, компаниас холбогдох баримтуудаа бүрдүүлэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 5/57 дугаар албан бичгээр дахин хандахад Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 8/409 дүгээр албан бичгээр тусгай зөвшөөрөл дуусгавар болсон талаар мэдэгджээ.
2.2.“З” ХХК-аас “... 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хүсэлтийг хүлээн авсан боловч шийдвэрлээгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг холбогдох баримтын хамт хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах, XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2022/0834 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “З” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хүсэлтийг хүлээн авсан боловч шийдвэрлээгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг холбогдох баримтын хамт хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгаж, нэхэмжлэлийн “XV-****** дүгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 132 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 178 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзжээ.
2.3.“З” ХХК-аас дээрх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 07/03 дугаар албан бичгээр “... хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах” хүсэлтийг мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст гаргажээ.
2.4.Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдийн 11/3582 дугаар албан бичгээр шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа агуулгатай хариу өгч, мөн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 11/3606 дугаар албан бичгээр ““З” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 07/03 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтэд холбогдуулан “... Кадастрын хэлтэс шүүхийн шийдвэрийг биелүүлж 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хүсэлтэд 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 11/3582 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн ...” гэх хариу өгсөн байна.
3.Нэхэмжлэгчээс “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 128/ШШ2022/0834 дүгээр шийдвэрээр ... дүгнээд байгаа нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхол бол тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлт байсан, шүүхийн шийдвэрт зааснаар манай компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг холбогдох баримтын хамт захиргааны байгууллага хүлээн авч, зохих ёсоор шийдвэрлэсэн бол энэхүү нэхэмжлэлийг гаргах шаардлагагүй, гэтэл төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гаргасан хүсэлт, шүүхийн шийдвэрт заасан хүсэлтийг холбогдох баримтын хамт хүлээн авч шийдвэрлэхийг даалгасан шийдвэрийг биелүүлээгүй, шийдвэрлэхээс татгалзсан, төрийн захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа оролцогчийн хуулиар олгосон эрхийг хэрэгжүүлэх боломж олгоогүй, нөхцөл байдлыг тогтоогоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй, ашигт малтмалын хайгуулын XV-****** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшигч компанийн хувьд хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаж байгаа бөгөөд төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзах үндэслэл байхгүй ...” гэж нэхэмжлэл гарган (агуулгаар нь товчлон тусгав) маргажээ.
4.Хариуцагчаас “... “З” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д дурдсан хуулийн хугацаанд ашигт малтмалын хайгуулын ХV-****** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөөгүй байна, ... шүүхийн шийдвэрийг кадастрын хэлтэс биелүүлж “З” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хүсэлтэд 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 11/3582 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлээд албан тоотоор хариу мэдэгдсэн байгаа, ямар нэгэн эс үйлдэхүй байхгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариу тайлбар (агуулгаар нь товчлон тусгав) гарган маргажээ.
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “З” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тус компанийн ашигт малтмалын хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тус компанийн хүсэлтийн дагуу тусгай зөвшөөрлийг сунгасан шийдвэрээ гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 901 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 22.1, 22.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 33 дугаар зүйлийн 33.1-д тус тус заасныг баримтлан “З” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан тус компанийн ашигт малтмалын хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн гомдлыг хангажээ.
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ШХТ2024/0131 дүгээр тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
8.Нэхэмжлэгч “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 109 дүгээр магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр эс зөвшөөрч дараах гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:
8.1.“... Давж заалдах шатны шүүхээс Ашигт малтмалын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Давахын шүүхээс “хавсарган ирүүлэх баримт бичгийг нэхэмжлэгч ирүүлээгүй” захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, ойлгомжгүй.
8.2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 834 дүгээр шийдвэрийг захиргааны байгууллага биелүүлэхгүй, санаатайгаар татгалзсан. Захиргааны байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т заасныг зөрчиж, шүүхийн шийдвэрээр дүгнэгдэж няцаагдсан асуудлыг иш татаад биелүүлэхээс татгалзсан хариуцагчийн үйл ажиллагааг зөвтгөж, нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.
8.3.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан зарим баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бодитойгоор үнэлээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.2, 22.1.3-т заасан өргөдөлд хавсаргах баримтаас Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнөөс бусад материалыг Ашигт малтмал, газрын тосны газар хүргүүлсэн байсан ба хайгуулын ажлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримтыг Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан шаардахгүй байгаа талаар хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан тул давж заалдах шатны шүүх энэ баримтыг нэр заан нэхэмжлэгч бүх баримтыг ирүүлээгүй тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
8.4.Хуулийн этгээдийн гаргасан өргөдөл хүсэлтийг холбогдох материалын хамт авч зохих журмын дагуу шийдвэрлэх үүрэг бүхий шийдвэрийг захиргааны байгууллага биелүүлэх талаар ямар ч ажиллагаа хийгээгүй. Захиргааны байгууллагын хууль бус үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдөж, тусгай зөвшөөрөл бүхий талбайд явуулсан хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгөөр их хэмжээний хохирол амсаж байна ...” гэжээ.
9.Хяналтын шатны шүүхээс магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
10.Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг захиргааны байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт тусгайлан зохицуулж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” талаар, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т “Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэсэн боловч шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчилж, нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй” талаар тус тус хуульчилсан.
11.Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг захиргааны байгууллага, албан тушаалтан заавал биелүүлснээр бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг бодит байдалд сэргээх үр дагаврыг үүсгэх, нөгөө талаас хууль хэрэгжүүлэгч аливаа захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчмуудад нийцэх учиртай.
12.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2022/0834 дүгээр шийдвэрээр ““З” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хүсэлтийг хүлээн авсан боловч шийдвэрлээгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг холбогдох баримтын хамт хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгаж, нэхэмжлэлийн “XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 132 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээн, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 178 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
13.Энэ хэргийн тухайд, нэхэмжлэгчээс дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулахаар 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 07/03 дугаар албан бичгээр “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах” хүсэлтийг хариуцагч захиргааны байгууллагад гаргасан нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нотлогдох бөгөөд энэ үйл баримттай талууд маргаагүй.
14.Хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдийн 11/3582 дугаар албан бичигт “... тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд буюу 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд сунгуулах өргөдлийг, түүнд хавсарган ирүүлэх баримт бичгийн хамт ирүүлээгүй, ... шүүхийн шийдвэрийг биелүүлж танай компаниас 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн Б/47 дугаартай албан бичигт үүгээр хариу өгөн хуулийн дагуу шийдвэрлэж байгааг уламжилъя” гэж;
14.1.Мөн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 11/3606 дугаар албан бичигт “... “танай компаниас 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 07/03 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлттэй танилцлаа, ... Кадастрын хэлтэс шүүхийн шийдвэрийг биелүүлж 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хүсэлтэд 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 11/3582 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн ...” гэж тус тус дурдан хариу өгөх боловч эдгээрийг нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар гаргасан хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу буюу Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн гэж үзэхгүй.
15.Өөрөөр хэлбэл, хариуцагч хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр дүгнэгдсэн “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүргүүлээгүй” баримтыг дахин дурдаж, дээрх албан бичгүүдээр хариу өгснөө шүүхийн шийдвэр биелүүлсэн гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ тохиолдолд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа захиргааны байгууллагын үйл ажиллагааг шийдвэрлэсэн өмнөх шүүхийн шийдвэр бодит байдалд биелэгдсэн гэж үзэхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
16.Тодруулбал, хариуцагч шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ хэрэгжүүлж шийдвэрийн биелэлтийг хангах ажиллагаа хийгээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйл ажиллагаа (эс үйлдэхүй) явуулснаар энэхүү маргаан үүсэж, энэ тохиолдолд шүүх хариуцагч байгууллагын “албан бичгээр хүсэлтэд хариу өгсөн” нөхцөл байдлыг “шүүхийн шийдвэрийг биелүүлсэн буюу хууль дээдлэх, хуульд үндэслэх, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр” гаргасан гэж дүгнэх боломжгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... захиргааны байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т заасныг зөрчиж, шүүхийн шийдвэрээр дүгнэгдэж няцаагдсан асуудлыг иш татаад биелүүлэхээс татгалзсан хариуцагчийн үйл ажиллагааг зөвтгөж, нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг холбогдох материалын хамт авч зохих журмын дагуу шийдвэрлэх үүрэг бүхий шийдвэрийг захиргааны байгууллага биелүүлэх талаар ямар ч ажиллагаа хийгээгүй” гэх хяналтын гомдол үндэслэлтэй байна.
17.Харин анхан шатны шүүх “... тус компанийн гаргасан хүсэлтийг хүлээн авч тусгай зөвшөөрлийг сунгахыг даалгаж шийдвэрлэх нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан хариуцагчийн эрх хэмжээнд халдсан гэж үзэхгүй ... ” гэж дүгнэн нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид шууд даалгаж шийдвэрлэсэн нь буруу. Учир нь хариуцагчаас хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хуульд заасан шаардлагыг хангасан баримтыг ирүүлсэн эсэх, түүний бүрдлээс хамааран хугацааг сунгах, эсхүл хугацааг сунгахаас татгалзах шийдвэр гаргах тул шүүхээс хариуцагч тухайн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлээгүй энэ тохиолдолд хугацааг сунгахыг даалгах боломжгүй, энэ хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүний олонх дүгнэв.
18.Давж заалдах шатны шүүх “... шүүхийн шийдвэрээр даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлд хамаарах ... хавсарган ирүүлэх баримт бичгийн хамт ирүүлээгүй ... гэсэн агуулгын тухайд захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн 834 дүгээр шийдвэрээр зөвхөн байгаль орчны төлөвлөгөө-г батлуулаагүй хугацаа хоцорсон нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарна гэж үзэж, хугацаандаа өгсөн хүсэлтийг шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасныг тогтоож, дээрх хүсэлтийг холбогдох баримтын хамт хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчид Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д заасан хавсаргах баримтыг бүрэн гаргаж өгөх эрхийг нээсэн ...” гэж хэт явцууруулан дүгнэсэн нь буруу болжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2024/0109 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0901 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “З” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “нэхэмжлэгчийн ашигт малтмалын XV-****** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанийн хүсэлтийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгасугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
Ц.ЦОГТ
Х.БАТСҮРЭН