Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 23

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                    Б.Батзориг

Шүүгчид                             Ц.Амаржаргал

                                                                                      Д.Буянжаргал

  Оролцогчид:

                                 Прокурор                              Л.Энхтайван

                                  Хохирогч                            П.Мягмар

                                 Шүүгдэгч                            С.Сүхбат

                                  Шүүгдэгчийн өмгөөлөгч    Р.Атарцэцэг

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 01 дүгээр сарын       27-ны өдрийн 45 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1, 181.2.1, 181.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Цагаанчууд овогт Сэсээрийн Сүхбатад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201618000217 дугаартай, 148/2017/0017/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа валютын арилжаа эрхэлдэг, ам бүл 6, эхнэр болон 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 2 дугаар хэсгийн 2 дугаар байрны 17 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Цагаанчууд овогт Сэсээрийн Сүхбат /РД:МЮ-72081079/.

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Яллагдагч С.Сүхбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэр, Монгол улсын хилийн боомт орчимд байрлах Валют арилжааны цэгийн гадна бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн П.Мягмарт хүч хэрэглэн зодож нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан, мөн танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн

2.

 

иргэн Д.Отгондавааг эсэргүүцэн, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж нийгмийн хэв журмыг зөрчин танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх С.Сүхбатад холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 45 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2, 230.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.Гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинж, өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугүйн хэлбэрийг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй байна.

Хохирогч П.Мягмар, шүүгдэгч С.Сүхбат нарын хооронд тамхи нэхсэнээс үүдэлтэйгээр маргаан үүссэн болохыг П.Мягмар тууштай мэдүүлдэг бөгөөд тухайн үед хамт зогсож байсан хохирогч П.Отгондаваагийн мэдүүлгээр тогтоогдсон байхад зөвхөн шүүгдэгч С.Сүхбатын П.Мягмараас өр төлбөрөө төлөхийг шаардсанаас маргаан гарсан гэх мэдүүлгийг үндэслэн субъектив тал эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй, зүйлчлэлд эргэлзээ гарсан байж болох гэж үндэслэл муутай дүгнэлт шүүх хийсэн учир дутагдалтай байна.

Энэ гэмт хэргийн субъектив талын хувьд С.Сүхбатын үйлдэл нь шууд санаатай гэм буруугийн хэлбэртэй байх бөгөөд бусдыг үл хүндэтгэн гудамжинд бусадтай маргалдаж улмаар бусдыг басамжлан өөрийг нь цохих, түүний үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэн рүү дайрч, зодсон ба дээрх үйлдлээ удаан хугацаанд үргэлжлүүлсэн тухайн сэдэлтээр үйлдэгдсэн байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

 Хэрэгт Мягмарыг хохирогчоор тогтоосон боловч хэрхэн яаж хохирсныг тогтоож чадаагүй байна гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй байна.

П.Мягмарыг уг хэрэгт хохирогч тогтоосон бөгөөд П.Мягмарын хувьд С.Сүхбатад зодуулж бие эрхтэндээ гэмтэл авсан болох нь Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн “...П.Мягмарын биед шуунд зулгаралт, шүд бага зэргийн хөдөлсөн зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ...гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх 419 тоот дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд танхайрах гэмт хэрэг нь хохирогчид гэмтлийн зэрэг тогтоогдсон байхыг заавал шаардахгүй байхад шүүх гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн П.Мягмар нь гэмт хэргийн улмаар учирсан эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн, түүнийгээ нөхөн төлүүлэх буюу сэргээлгэх шаардлага тавьсан тул иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байхад дахин иргэний нэхэмжлэгчээр тогтоо гэсэн нь ойлгомжгүй байгаа бөгөөд уг хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг бүрэн тогтоосон, шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.

С.Сүхбат олон нийтийн газар ёс зүйгүй үйлдэл гаргаж танхайн гэмт хэрэг үйлдсэн. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Мөрдөн байцаалтад буцааж шалгах асуудал байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэх боломжтой  гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан

3.

тайлбартаа:

 

Анхан шатны шүүхийн С.Сүхбатад холбогдох эрүүгийн хэргийн субъектив санаа зорилгыг тодруулахаар буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй.

С.Сүхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар П.Мягмарыг хүч хэрэглэн зодож танхайрсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2 дахь хэсэгт зааснаар н.Отгондавааг хүч хэрэглэн зодож танхайрч түүнд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус яллах ялын дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Хэргийн материалтай өмгөөлөгчийн зүгээс уншиж танилцаад гэмт хэргийн сэдэлт, объектив талыг тогтоох шаардлагатай учир анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу мөрдөн байцаалтад буцаах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралд гэмт хэргийн талаарх видео бичлэгийг буулгасан сиди-г бүтнээр нь судлуулах саналыг улсын яллагч өөрөө гаргасан. Уг бичлэгийг үзэхэд танхайрсан үйлдлийг хохирогч болсон П.Мягмар гэх хүн үйлдсэн нь тодорхой харагддаг. П.Мягмар С.Сүхбатыг өрөөнөөс нь түлхэн гаргаж, оффис дотор нь орж маргаан үүсгэж, цонх руу нь чулуу шидэх, орилох зэрэг үйлдэл гаргасан нь бичлэгээс тодорхой харагддаг. П.Мягмарын шидсэн чулууг С.Сүхбатын хүүхэд цаашаа тавьсан. Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчим бий. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд хохирогч гэж хэн болохыг тодорхой заасан. 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр П.Мягмарт ямар хохирол учирсан, юугаараа хохирсон нь тогтоогдоогүй. н.Отгондаваа зодооныг салгах гэсэн үйлдэл гаргаагүй. Бичлэг дээр С.Сүхбат П.Мягмарыг зодсон зүйл харагддаггүй. Мөн уг зодоон С.Сүхбат П.Мягмараас тамхи нэхсэнээс болсон уу?, мөнгөтэй холбоотой юу? гэсэн байдлыг тогтоохын тулд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Хохирогч П.Мягмар давж заалдах шатны шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

7 дугаар сарын 11-ний өдөр С.Сүхбат хил дээр 2 хүнтэй архи уугаад согтуу сууж байсан. Надаас тамхи нэхэхээр нь би өгөхгүй гэсэн чинь намайг зодсон. Мөн С.Сүхбатын хүү нь цаанаас гүйж ирээд аавтайгаа нийлж намайг зодсон. Би чулуу шидсэн нь үнэн, гэхдээ сүүлд шидсэн. Энэ маргаан тамхи нэхсэнээс үүдэлтэй болохоос мөнгө төгрөгийн асуудал байхгүй. С.Сүхбат би шүүх, цагдааг мэдэж байна гэж хэлсэн гэв.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч С.Сүхбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэр, Монгол улсын хилийн боомт орчимд байрлах Валют арилжааны цэгийн гадна бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн П.Мягмарт хүч хэрэглэн зодож нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан, мөн танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэн Д.Отгондавааг эсэргүүцэн, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж нийгмийн хэв журмыг зөрчин танхайрсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1, 181.2.1, 181.2.2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх С.Сүхбатад холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд, 45 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Сэлэнгэ аймгийн Прокурорын

4.

 

газарт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг тогтоох, хэрэгт П.Мягмарыг хохирогчоор тогтоосон боловч хэрхэн яаж хохирсныг нарийвчлан тогтоож чадаагүй, 2 удаа шинжээчийн дүгнэлт гаргасан байгаа ч гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байх тул П.Мягмарыг хохирогчоор биш иргэний нэхэмжлэгчээр тотоох, дээрх үндэслэлээр мөн хуулийн 80.1.5, 80.1.6 дахь хэсгийн заалтуудыг хангаагүй гэж үзэж, эдгээр ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр хэргийг Прокуророор дамжуулан мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлгүй бөгөөд С.Сүхбатад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт …шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана… гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэх боломжтой байжээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дунын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 45 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2,  317 дугаар зүйлийн 317.1.2,  322 дугаар зүйлийн 322.1, 325  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дунын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 45 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол С.Сүхбатад урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурьдсугай.

 

                                        ДАРГАЛАГЧ               Б.БАТЗОРИГ

                                       ШҮҮГЧИД                   Ц.АМАРЖАРГАЛ

                                                                           Д.БУЯНЖАРГАЛ