Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2024/0042

 

 

Ж.С-ийн нэхэмжлэлтэй,

Боловсрол, шинжлэх ухааны сайдад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:    Ц.Цогт

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа    

Шүүгчид:                      Г.Банзрагч                             

                                         Д.Батбаатар

Илтгэгч шүүгч:          Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0918 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2024/0097 дугаар магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ШХТ2024/0116 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж, Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Д.О нарыг оролцуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Иргэн Ж.С-оос Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдуулан “Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” Б/72 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхшаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Боловсролын сайдын 1992 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн “Орос хэл дээр сургалт явуулдаг дунд сургууль байгуулах тухай” 314 дүгээр тушаалаар Орос сургуульд суралцаж байсан Монгол суралцагчдыг Орос хэл дээр суралцах хэвийн нөхцөлийг хангах зорилгоор Боловсролын яамны харьяанд Орос хэл дээр сургалт явуулдаг ерөнхий боловсролын дунд сургуулийг Улаанбаатар хотод байгуулах нь зүйтэй гэж үзжээ.

2.1.Боловсролын сайдын 1992 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн “Захирал томилох тухай” 355 дугаар тушаалаар Монгол-Оросын хамтын дунд сургуулийн захирлаар Ж.С-г томилон ажиллуулсан байна.

2.2.Монгол-Оросын хамтарсан сургуулийн Удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “Монгол-Оросын хамтарсан сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагааны талаар нийгмийн сүлжээ, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдээд буй мэдээлэлд дүн шинжилгээ хийж, бодит байдлыг нотлох баримтын хүрээнд шалган тогтоож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулжээ.

2.3.Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.5, Монгол-Оросын хамтарсан сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийсэн тайлан, дүгнэлтийг үндэслэн “Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.С-г үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.

3.Нэхэмжлэгчээс “...Монгол-Оросын хамтарсан сургууль нь Монгол Улс болон Оросын холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 1992 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан бөгөөд хоёр улсын Боловсролын асуудал хариуцсан яамдын хооронд байгуулсан “Улаанбаатар хот дахь Монгол-Оросын сургуулийн тухай” гэрээний Тавдугаар зүйлд заасны дагуу тус сургуулийн үйл ажиллагаа буюу захирлыг чөлөөлөхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд дээрх баримт бичгүүдийг удирдлага болгохоор байна, гэтэл захирлыг чөлөөлөхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд баримтлах баримт бичгүүдийг удирдлага болгоогүй, сургуулийн Удирдах зөвлөлөөс ажлаас чөлөөлөх санал гаргаагүй байхад тушаал гарсан, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд тэнцэхгүй болсон гэсэн нь огт үндэслэлгүй, мэргэжил ур чадвараа дээшлүүлж, сайжруулах талаар мэдэгдсэн зүйлгүй, маргаан бүхий тушаалын үндэслэлд дурдсан тайлан, дүгнэлт гэх баримт бичиг байхгүй,  Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасныг үндэслэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6-д тус тус заасан зарчимд нийцэхгүй шийдвэр гаргасан, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасны дагуу мэдэгдлийг хүргүүлээгүй ...” гэж;

4.Хариуцагчаас “... Орос-Монголын хамтарсан дунд сургуулийн дүрмийн 1.4 дэх хэсэгт сургууль нь Монгол Улсын Шинжлэх ухаан боловсролын яамны дунд боловсролын асуудал эрхэлсэн нэгжийн ерөнхий удирдлага дор ажиллахаар заасан, тус сургуулийн дүрмийн 1.11 дэх хэсэгт Сургуулийн удирдлагыг Монгол Улсын шинжлэх ухаан, боловсролын яамнаас томилогдсон захирал хэрэгжүүлнэ, 6.2 дахь хэсэгт Монгол-Оросын хамтарсан дунд сургуулийн удирдлагыг Монгол Улсын Шинжлэх ухаан, боловсролын яам хариуцан хэрэгжүүлнэ, 6.3 дахь хэсэгт Сургуулийн шууд удирдлагыг Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас томилогдсон захирал хэрэгжүүлнэ гэж заасан, тус сургуулийн захирал нь дүрэмд заасны дагуу үйл ажиллагааг явуулах ёстой байсан, мөн сургуулийн Удирдах зөвлөлийг дүрэмд заасны дагуу байгуулсан гэхдээ сургуулийн Удирдах зөвлөлийн үйл ажиллагаа Орос-Монголын сургууль байгуулах тухай 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хэлэлцээрт нийцсэн, хэлэлцээрийн дагуу явагдах ёстой, тэгэхээр Удирдах зөвлөлийн саналыг үндэслэн томилж чөлөөлөх нь уг дүрэм, хэлэлцээрт нийцэхгүй байгаа учраас Орос-Монголын хамтарсан дунд сургуулийн дүрмийн 6.3 дахь хэсэгт Сургуулийн шууд удирдлагыг Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас томилогдсон захирал хэрэгжүүлнэ гэж заасныг үндэслэн томилж, чөлөөлсөн, томилох чиг үүрэг байгаа учраас чөлөөлөх чиг үүрэг хамт байх ёстой, Орос-Монголын хамтарсан дунд сургуулийн Удирдах зөвлөлөөс санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт, үнэлгээ хийх ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн эцэг эх, багш нарын төлөөллөөс бүрдсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан ажлын хэсэг тус сургуулийн үйл ажиллагаа, санхүүгийн болон бусад баримтад бичигт хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн, ажлын хэсгийн дүгнэлтээр өнгөрсөн 12 жилийн хугацаанд суралцагчдаас сургалтын төлбөрийг 5 арилжааны банкнуудад хадгалуулж, 3 тэрбум 30 сая төгрөгийн хүүгийн орлого, зарлагыг Удирдах зөвлөлийн шийдвэр гаргуулаагүй, захирал Ж.С нь өөрийн нөхөр болох их дээд сургуульд багшилж байсан ерөнхий боловсролын сургуульд багшлах эрхгүй Н.Л-ийг гэрээт багшаар томилон 2020 оны 9 дүгээр сараас 2022 оны 1 дүгээр сар хүртэл ажиллуулж сард 4,160,000 төгрөгийн цалин хөлс олгосон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн, мөн сургуулийн 1 дүгээр ангийн суралцагчдын өдөр өнжүүлэхийн байрыг нээлттэй сонгон шалгаруулалттай явуулаагүй, өөрийн төрсөн дүүгийн эзэмшлийн “Э” ХХК-д тухайн үеийн зах зээлийн үнээс хямдаар түрээсийн гэрээ байгуулан ашиглуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн гэж үзсэн, Орос-Монголын хамтарсан сургуулийн дүрмийн холбогдох заалт болон сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийсэн тайлан, дүгнэлтийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй” гэж тус тус тайлбарлан маргажээ.

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Боловсролын тухай хууль /2002 оны/-ийн 2 дугаар зүйлийн 2.2, 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ж.С-ийн  Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0918 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ШХТ2024/0116 дугаар тогтоолоор “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

8.Хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Д.О нараас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 97 дугаар магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасныг баримтлан дараах гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:

8.1.Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийг нотлох баримт хангалттай бүрдүүлээгүй гэж үзэн эрүүгийн болон захиргааны хэргийг хольж анхан шатны шүүх рүү буцаан шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний ач холбогдлыг алдагдуулсан.

8.2.Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ “...Авлигатай тэмцэх газарт Ж.С-д холбогдох хэрэг үүссэн эсэх, үүссэн бол ямар шатандаа явж байгаа талаарх хэрэгт авагдаагүй байна” гэж үзэж эрүүгийн болон захиргааны хэргийг хольж хутгасан нь ойлгомжгүй. Маргаж байгаа асуудал нь захиргааны хэрэгт хамаарч байгаа атал эрүүгийн хэрэгт хамааруулж байгаа нь тус хэргийн харьяаллыг үл анзаарч хууль зөрчиж байна.

8.3.Нэхэмжлэгч Монгол-Оросын хамтарсан сургуулийг удирдахдаа Орос-Монголын хамтарсан сургуулийн дүрмийн 1.4, 6.3, 7.1-д заасныг тус тус баримтлан Боловсрол, шинжлэх ухааны яамны өмнө сургуулийн сургалтын ажлыг хариуцан ажиллах үүрэгтэй байсан, тус үүргээ хэрэгжүүлэхдээ дээр дурдсан ашиг сонирхлын зөрчил үүсгэж ажил олгогч буюу Боловсрол, шинжлэх ухааны сайдын итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан тул 2022 оны Б/72 дугаар тушаалаар түүнийг Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тус хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн бөгөөд хэрэгт хамаарах нотлох баримтыг бүрэн цуглуулж, дүгнэлт хийсний дагуу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 97 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

9.Нэхэмжлэгч талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

10.Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь буруу байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

11.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж тус тус заасан.

12.Энэ хэргийн тухайд, маргааны үйл баримтад холбогдуулан анхан шатны шүүхээс цуглуулсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байхад давж заалдах шатны шүүх нотолгооны өөр эх сурвалжийг зааж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь буруу, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...  анхан шатны шүүх рүү буцаан шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний ач холбогдлыг алдагдуулсан” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

13.Тодруулбал, давж заалдах шатны шүүх “... Авлигатай тэмцэх газраас ямар баримтуудыг хурааж авсан, ... Ж.С-д холбогдох хэрэг үүссэн эсэх, үүссэн бол ямар шатандаа явж байгаа ...” талаарх баримтууд хэрэгт авагдаагүй гэж дурдах боловч эдгээр баримтууд нь маргаан бүхий Б/72 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлд хамаарахгүй.

14.Мөн маргаан бүхий 2022 оны Б/72 дугаар тушаалд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.5, Орос-Монголын хамтарсан сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийсэн тайлан, дүгнэлтийг үндэслэсэн, уг тайлан, дүгнэлт хэрэгт авагдсан бөгөөд шүүхээс хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон уг тушаалын эрх зүйн үндэслэлд дүгнэлт өгч, хэрэгт цугларсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

15.Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар болон давж заалдах гомдлын үндэслэл тус бүрт эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “::: анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэх хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2024/0097 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.ЦОГТ

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Д.МӨНХТУЯА

             ШҮҮГЧИД                                                             Г.БАНЗРАГЧ

                                                                                                            Д.БАТБААТАР

                                                                                                            Х.БАТСҮРЭН