Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 187

 

Д.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, Б.Батцэрэн, Б.Цогт, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, иргэний хариуцагчийн төлөөлөгч Г.Пүрэвдорж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл, хохирогч Б.Ч-, Ц.Г- нарын өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл, хохирогч Г.Р-гийн өмгөөлөгч Б.Энхжаргал, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 26 дугаар магадлалтай, Д.С-д холбогдох 2023000670030 дугаартай хэргийг иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвдоржийн гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, банкны эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт *** байранд түр оршин суудаг гэх, ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Д-н С /РД:***/.

Д.С- нь Төрийн банкны Завхан аймгийн Дөрвөлжин сум дахь тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байх хугацаандаа:

2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэн С.Г-өөс “танай авсан зээлэн дээр нэмээд 10,300,000 төгрөгийн зээл авсан шүү” хэмээн албан тушаалын байдлаа ашиглаж түүний Төрийн банкнаас авсан малчны зээл дээр нэмж 10,300,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Ц.Г-өөс “манай тооцооны төв дээр шалгалт ирчхээд байна, мөнгө зээлээч, шалгалтын дараа буцаагаад өгье” хэмээн түүний дансыг нь ашиглан, албан тушаалын байдлаа ашиглаж 42,150,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Г.Р-гаас “мөнгө зээлээч, удахгүй буцааж өгнө” хэмээн албан тушаалын байдлаа ашиглаж түүний Төрийн банкнаас авсан малчны зээл дээр нэмж 15,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б.Ч-аас “манай тооцооны төв дээр шалгалт ирчхээд байна, мөнгө зээлээч, шалгалтын дараа буцаагаад өгье” хэмээн түүний дансыг нь ашиглан, албан тушаалын байдлаа ашиглаж 40,000,000 төгрөгийг шилжүүлэн тус тус авч нийт 107,450,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол бусдад учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Д.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Д.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 10,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан 10,500,000 /арван сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.5 дахь хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Төрийн банк ХХК-иас 45,272,048 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Г-т, 16,888,463 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Р-д тус тус олгуулж, хохирогч Б.Ч-д шүүгдэгчийн төлсөн 70,000 төгрөгийг, хохирогч С.Г-т шүүгдэгчийн төлсөн 60,000 төгрөгийг тус тус буцаан гаргуулж Төрийн банканд олгуулж,

Иргэний хариуцагч Төрийн банк нь хохирогч С.Г-ийн 10,300,000 төгрөгийн малчны зээл, хохирогч Б.Ч-ын 40,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлтэй холбоотой хохирол болон хохирогч Ц.Г-т төлсөн 45,272,048 төгрөг, хохирогч Г.Р-д төлсөн 16,888,463 төгрөгийг шүүгдэгч Д.С-гээс нэхэмжлэн гаргуулахыг дурдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Б.Ч-ын Төрийн банк дахь 170500044991 дугаартай хугацаатай хадгаламжийн дансны орлого, зарлагын гүйлгээг хязгаарласан прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож Б.Ч-ад өөрөө захиран зарцуулах эрхийг олгож шийдвэрлэсэн байна.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч Төрийн банк ХХК-ийн иргэний хариуцлагатай холбоотой гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвдорж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 13 дахь талын 3 дахь догол мөрөнд “Шүүгдэгч Д.С- нь Төрийн банкны Завхан аймгийн Дөрвөлжин сум дахь тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байхдаа буюу хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүргээ хэрэгжүүлэх явцдаа бусдад хохирол учруулсан байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг ажил олгогч байгууллага болох Төрийн банк эхний ээлжинд хариуцан хохирогч нарыг хохиролгүй болгох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хохирлыг нөхөн төлүүлэх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтод нийцнэ гэж шүүх дүгнэлээ” гэж үзсэн байдаг.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт “Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсэж болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2 дахь хэсэгт заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно.” хэмээн заасан бөгөөд тус хэрэгт хохирогчоор оролцож буй Б.Ч-, Ц.Г- нар нь илтэд болгоомжгүй хандсан болон хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсэж болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүй тул Иргэний хариуцагч буюу Төрийн банк ХХК нь дээрх Б.Ч-, Ц.Г- нарт учирсан хохирлыг хариуцан арилгах үүргээс чөлөөлөгдөх бөгөөд хохирлыг барагдуулах үндэслэлгүй юм.

Тухайлбал, 2 дугаар хавтаст хэргийн 196-203 дахь талд авагдсан Б.Ч-ын хохирогчийн мэдүүлгээс үзвэл шүүгдэгч Д.С- нь хохирогч Б.Ч-ад “манай банкин дээр шалгалт ирэх гээд байна та надад түр өөрийнхөө хадгаламжийг барьцаалаад зээл аваад өгөөч" гэж гуйн Б.Ч-ын гар утасны дугаарт очсон нууц кодыг Б.Ч-аас авч зээл авсан байдаг. Энэ нь Б.Ч- өөрийн дугаарт очсон нууц кодыг Д.С-д өгсөн нөхцөл байдлаас үзэхэд хохирогч нь өөрт хохирол учрахыг мэдэх бүрэн боломжтой байсан, өөрөө шүүгдэгч Д.С-тэй харилцан тохиролцсон гэдэг нь харагдаж байна.

Түүний дараагаар Төрийн банкны хянан шалгагч нь Б.Ч-тай очиж уулзахад Д.С-д мөнгө зээлсэн талаар үнэнээ хэлсэн байдаг. Энэ нь хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсэж болох хохирлоос урьдчилан сэргийлээгүй буюу тухайн үед Төрийн банкны хянан шалгагч очиж уулзах үед холбогдох байгууллагад хууль тогтоомжийн дагуу хандсан бол дээрх хохирлоос сэргийлэх боломжтой байсан.

Хохирогч Ц.Г-ийн мэдүүлэг 2 дугаар хавтаст хэргийн 204-212 дахь талд авагдсан бөгөөд тус мэдүүлгээс үзвэл Ц.Г- нь Д.С-гийн утасны дугаар руу өөрийн интернэт банкны нууц үг солих кодыг явуулсан байдаг. Энэ нь Ц.Г- өөрийн дугаарт очсон нууц үг солих кодыг Д.С-д өгсөн нь мөн адил шүүгдэгч Д.С-тэй харилцан тохиролцсон гэдэг нь харагдаж байна.

Төрийн банкны хянан шалгагч нь Ц.Г-тэй очиж уулзахад би өөрөө зээл авсан гэж хэлсэн байдаг. Энэ нь хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсэж болох хохирлоос урьдчилан сэргийлээгүй буюу тухайн үед Төрийн банкны хянан шалгагч очиж уулзах үед үнэнийг хэлж холбогдох байгууллагад хууль дүрмийн дагуу хандсан бол дээрх хохирлоос сэргийлэх боломжтой байсан.

Тухайн хэрэгт Иргэний хариуцагчаар оролцсон Төрийн банк ХХК нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь заалтын дагуу хохирогч Б.Ч-ын 40,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлтэй холбоотой хохирол болон хохирогч Ц.Г-т учирсан 45,272,048 төгрөгийн хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Иймд иргэний хариуцагч “Төрийн банк” ХХК-ийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалд “Төрийн банк” ХХК-д хамаарах хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Д.С-гээс гаргуулан өгч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хохирогч Б.Ч-, Ц.Г- нарын өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Энэ хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлж, хариуцлага алдсан Төрийн банкийг буруутай гэж үзэж байна. 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хохирогч С.Г- 4.000.000 төгрөг зээлсний дараа теллер нь түүний нэр дээр өөрийн дураар буюу ажлын байрны давуу талаа ашиглаж 10.300.000 төгрөг гаргаж авсан байсан. Энэ зарлагын баримт нь С.Г-ийн гарын үсэггүй байдаг. Гэтэл их дүнтэй гүйлгээний баримтыг тогтмол хянаж байх, ажлын байранд гэмт хэрэг зөрчлөөс сэргийлж хяналт тавих чиг үүргээ банк хэрэгжүүлээгүй. Өдөр тутмын гүйлгээний баримтын тулгалт, шалгалт, камерын хяналтаар 7 дугаар сард илрүүлэх боломжтой байсан. Д.С-гийн үйлдлийг 2019 оны 07 дугаар сард илрүүлээд теллерт зохих хариуцлагыг хүлээлгэсэн бол дараа дараагийн үйлдлийг хийх боломж нөхцөл бүрдэхгүй байсан. Үүн дээр банк ямар ч тайлбар өгөхгүй байгаа. Кассын үлдэгдэл тогтоосон хэмжээнээс хэд дахин их байсаар байхад тэр их мөнгө сумын тооцооны төвд бодитойгоор байгаа юм уу гэдэг дээр тулгалт хийгээгүй, гэнэтийн шалгалтаа зохих журмаар явуулаагүй, ингээд банкнаас 40-50 сая төгрөг бэлнээр гарах нөхцөл бүрдсэн. Дотоод журмаар ажилтан, харилцагч нартай санхүүгийн харилцаанд орохыг хориглогдог. Гэтэл энэ журмынхаа хэрэгжилтэд банк хяналт тавиагүй. Мөн хохирогч нар илт болгоомжгүй хандсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь хохирогч нар онлайн зээлийг өөрсдөө ашиглаж мэдэхгүй. Б.Ч-ын хувьд англи үсэг мэдэхгүй малчин хүн байгаа. Малчдын тухайд банк найдвартай гэсэн бодлоор харилцаж, хандаж байгаа болохоос биш Д.С-гийн үйлдлийг урьдчилж ухамсарлаж мэдсээр байгаад хохирсон зүйл байхгүй. Гомдолд Ц.Г-тэй төрийн банкны шалгагч очиж уулзах үед үнэнийг хэлж холбогдох байгууллагад хандсан бол хохирлоос сэргийлэх боломжтой байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шалгагч 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр очсон бөгөөд 02 дугаар сарын 11-ний үед хохирогч Б.Ч- Д.С- мөнгө авсан гэдгийг хэлсэн боловч өнөөдрийн хохиролд нөлөөлөөгүй. Иймд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогч Г.Р-гийн өмгөөлөгч Б.Энхжаргал хэлсэн саналдаа “Миний үйлчлүүлэгч 15.000.000 төгрөг авахаар банканд хандахад Төрийн банкнаас 30.000.000 төгрөг гарах боломжтой гэсэн лимитийг өгч, тэр дунд нь Д.С- гэдэг хүн 15.000.000 төгрөгийг Г.Р-д мэдэгдэлгүйгээр авсан байгаа. Сүүлд шалгалтаар ирсэн хүмүүс хуульд нийцээгүй буюу зөрчлийг мэдсээр байж таны нэр дээр зээл гарсан учир Д.С-гийн өмнөөс төлөх ёстой гэсэн байдлаар хандаж Г.Р-гаар шахаж төлүүлсэн учир иргэний хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт зааснаар хохирогч өөрөө санаатай, илтэд болгоомжгүй хандсан зүйл байхгүй. Д.С- нь Төрийн банкны ажилтан учраас давуу байдлаа ашиглаж “залилах” гэмт хэргийг үйлдсэн. Тэгэхээр иргэний хариуцагчийн яриад байгаа иргэд дундын зээлийн асуудал биш. Хохирлыг иргэний хариуцагч Төрийн банк барагдуулаад дараа нь Д.С-гээс нэхэмжлэх эрх нь нээлттэй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасныг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Д.С- нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байх явцдаа бусдад гэм хор учруулсан.  Төрийн банк ямар нэг байдлаар хохироогүй. Учир нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.С- нь Төрийн банкны Завхан аймгийн Дөрвөлжин сум дахь тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байх хугацаандаа 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр иргэн С.Г-, Р.Р, Ц.Г-, Б.Ч- нарыг “Албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдэж нийт 107,450,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдсон байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй болжээ. Ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар зааснаар Төрийн банк ХХК-ийг иргэний хариуцагчаар хохирогч нарт учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвдоржийн гаргасан гомдлыг үндэслэн Д.С-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.С- нь Төрийн банкны Завхан аймгийн Дөрвөлжин сум дахь тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байх хугацаандаа нэр бүхий 4 хохирогчийг албан тушаалын байдлаа ашиглан хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний буюу нийт 107,450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.С-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийг зөв зүйлчилжээ.

Учир нь хохирогч хууран мэхлэх болон итгэлийг нь эвдэж буй гэмт хэрэгтний үйлдэлд автаж, төөрөгдөлд орсны улмаас өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг сайн дураараа, ухамсарт хандлагаар гэмт хэрэгтэнд шилжүүлж өгөх нь залилах гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд хуурч мэхлэх, итгэл эвдэх замаар хөрөнгөө өөрөө өгөхөд хүргэж, түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар олж авах үйлдлийг багтаадаг ойлголт юм. Шүүгдэгч Д.С- нь дээрх үйлдлээ албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн нь хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх шинж болох ба шүүгдэгч банкны ажилтны хувьд банкны дотоод систем, данс, хохирогч нарын хувийн мэдээллийг ашиглан үйлдлээ хэрэгжүүлсэн байгааг үндэслэн Төрийн банкийг тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч буюу иргэний хариуцагчаар тогтоосон шийдвэр хуульд нийцсэн байна.

Мөн шүүх шүүгдэгч Д.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан төрөл хэмжээний буюу 10,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь хуульд нийцжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.5 дахь хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “Төрийн банк” ХХК-иас хохирлыг гаргуулан хохирогчдод олгож, улмаар дээрх хохирлыг шүүгдэгчээс нэхэмжлэн гаргуулахыг дурдаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй ба мөн зүйлийн 498.3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагчийг гэм хорын хариуцлагаас чөлөөлөх зохицуулалтыг хэрэглэх нөхцөл бүрдээгүй талаар хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй юм.

Тодруулбал, ажил олгогч буюу Төрийн банкны зүгээс их дүнтэй гүйлгээний баримтыг тогтмол хянаж байх, ажлын байранд гэмт хэрэг зөрчлөөс сэргийлж хяналт тавих чиг үүргээ банк хэрэгжүүлээгүй, өдөр тутмын гүйлгээний баримтын тулгалт, шалгалт, камерын хяналтаар шүүгдэгчийн хууль бус үйлдлийг эрт илрүүлэх боломжтой байсан боловч хяналт тавиагүйн улмаас энэхүү хэргийн хохирогч болон хохирлын хэмжээ ихсэх боломж нөхцөлийг бий болгосон байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвдоржийн “...шийтгэх тогтоол, магадлалын “Төрийн банк” ХХК-д хамаарах хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Д.С-гээс хохирлыг гаргуулан өгч шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 26 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвдоржийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ                                                С.БАТДЭЛГЭР

                                      ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                            Б.ЦОГТ

                                            Ч.ХОСБАЯР

                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН