Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/02113

 

 

 

*********** ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/03766 дугаар шийдвэртэй,

*********** ХК-ийн нэхэмжлэлтэй,

*****************т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 120,170,416 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгор, Ж.Энхболд, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сүрэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *****************тай 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/КР/160205001 тоот кредит картын гэрээ байгуулан 10,000 ам.долларын эрхтэй кредит карт олгосон. Бэлэн бус гүйлгээний хүү нь сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэйгөөр олгосон. Зээлдэгч кредит картыг ашиглан 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүй хугацаа хэтрүүлсэн.

1.2. *********** ХК-ийн зүгээс эрх нэмэгдүүлсэн тухай гэрээ хүсэлт олдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн үндсэн төлбөр 10,005.63 ам.доллар, зээлийн хүүний төлбөр 20,523.09 ам.доллар, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 21,530.32 ам.доллар, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 2,344.12 ам.доллар, нийт 54,403.16 ам.доллар буюу 120,170,416 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний хийж байсан бизнес, арилжаатай холбоотойгоор уг картыг олгосон. Би иргэд, аж ахуй нэгжийн гар дээрээс алт худалдаж аваад Монгол банкинд тушаадаг бөгөөд тушаасан алтныхаа үнийг авахдаа урьд нь ******** ХК-аар дамжуулдаг байсан. Улмаар гэрээнд заасан данс эзэмшсэн хугацааны шалгуураар *********** ХК-аар гүйлгээгээ хийдэг болсон. Учир нь тухайн үед *********** ХК-ийн 1 дүгээр салбарын захирал, зээлийн эдийн засагч нь намайг дуудаад та алтны арилжаа хийдэг юм байна, найз нөхөд тань бас Худалдаа хөгжлийн банк болон бусад банкуудаар арилжаа хийдэг юм байна гэсэн. Миний хувьд харилцагчдыг *********** ХК дээр төвлөрүүлэх, татан оролцуулах үүрэгтэйгээр тухайн үеийн захирлуудтай нь аман гэрээг хийсэн. Түүний урамшуулалд зээлийн эрхтэй кредит карт ирсэн.

2.2. *********** ХК-аас надад Монгол банктай ойр, миний гүйлгээг саатуулахгүй, бэлэн мөнгөний зарлага гаргахад урьдчилан захиалга өгөхгүй байлгахаар надад давуу байдал өгсөн. Би хавтаст хэргийн 34-84 дүгээр талд ***********-нд гүйлгээ хийсэн өөрийнхөө дансны хуулгуудыг өгсөн байгаа.

2.3. Надад урамшуулал байдлаар энэ зээлийн эрхтэй картыг 2013 онд ***********тай 2 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. 2017 оноос хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн байна. Энэ картыг би 2017 оноос хойш ашиглаагүй, зээлийн эрхтэй карт байгаа. Би 10,000 ам.доллар дээр нэмж 10,000 ам.доллар авч хэрэглээгүй. Нэхэмжлэгч намайг 2017 онд гэрээний үүргээ зөрчсөн гэсэн атлаа тэр үедээ надад юу ч тайлбарлаагүй байж 2024 онд нэхэмжлэл гаргасан. Хугацаанаасаа хойш хүртэл дахиад хүү, торгууль тооцоод байдаг асуудлыг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *********** ХК-ийн хариуцагч *****************т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 120,170,416 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *********** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,354,522 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Банк нь зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд хариуцагчийн гар утсанд зурвас илгээх, утсаар ярих зэрэг шат дараатай арга хэмжээг авсан. Картын гэрээнд зааснаар хариуцагчийн дансанд орсон мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар 140 ам.доллар суутгасан бөгөөд хариуцагчаас ямар нэг гомдол, санал гаргаагүй учраас Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу хүү төлөх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.

Зээлийн гэрээнд заасны дагуу банк зээлдэгчид мөнгөн хөрөнгийг хуульд заасны дагуу тогтоосон хугацаатайгаар олгосон, харин зээлдэгч нь гэрээгээр авч ашигласан мөнгөн хөрөнгөө тогтоосон хугацаанд тодорхой хүүтэйгээр буцааж төлөх үүргээ биелүүлээгүй. Гэтэл шүүх зөвхөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбар: Тухайн картыг *****************т 2017 онд өгч, 2018 онд хаагдсан бөгөөд ***************** нь төлбөр төлсөн тодорхой үйлдэл хийгээгүй байхад банкнаас автоматаар гүйлгээ хийчхээд хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Дансны хуулгаар 2022 онд Ковид-19 цар тахалтай холбоотой Монгол Улсын Засгийн газраас иргэдэд тодорхой хэмжээний мөнгө шилжүүлсэн шилжүүлэг харагддаг. Мөн давж заалдах гомдлыг итгэмжлэлийн хугацаа дууссан этгээд гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч *********** ХК нь хариуцагч *****************т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 10,005.63 ам.доллар, зээлийн хүүний төлбөр 20,523.09 ам.доллар, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 21,530.32 ам.доллар, зээлийн эрх хэтрүүлсний төлбөр 2,344.12 ам.доллар, нийт 54,403.16 ам.доллараас 19,769.82 ам.доллар хөнгөлж, 34,633.34 ам.доллар буюу 120,170,416 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. *********** ХК болон ***************** нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ********************* тоот зээлийн эрхтэй карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч 10,000 ам.долларын зээлжих эрхийг бэлнээр мөнгө авах тохиолдолд жилийн хүү 42 хувь, бэлэн бус гүйлгээ хийвэл жилийн хүү 24 хувь, зээлийн эрх хэтрүүлэх тохиолдолд нийт зээлийн эрхийн 10 хувь, зээл эргэн төлөх доод хэмжээ 15 хувь байхаар, карт ашиглах хугацааг 2 жил байхаар харилцан тохиролцсон, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

4. Учир нь *********** ХК болон ***************** нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ********************* тоот зээлийн эрхтэй карт эзэмшигчтэй байгуулах гэрээний 4.3-т Зээлийн эрх хаагдсан ч зээлээ төлөөгүй тохиолдолд энэхүү гэрээний 3-р зүйлд заасан хүү, нэмэгдүүлсэн хүү болон торгууль зээлийг бүрэн төлөх өдөр хүртэл бодогдоно гэж заасан байна.

Энэ нь зээлийн төлбөрийг дуусах хүртэлх хугацаанд талуудын зээлийн гэрээний эрх, үүргийн харилцаа үргэлжлэх буюу гэрээний хугацааг төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар талууд тохиролцсон гэж үзнэ.

4.1. Хариуцагч ***************** нь 2017 оноос хойш зээлийг ашиглаагүй, зээлийн эрхтэй карт байгаа талаараа хүлээн зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх агуулгатай тайлбар гаргасан тул гэрээний 2.1-д заасан үндсэн зээл, бэлэн бус гүйлгээгүй хүү, бэлэн мөнгөний хүүг төлөх үүргээ зөрчсөн гэж үзнэ.

4.2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан, үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан тул нэхэмжлэгч *********** ХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагч *****************аас шаардах эрхтэй.

4.3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 10,005.63 ам.доллар, зээлийн хүүний төлбөр 20,523.09 ам.доллар, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 21,530.32 ам.доллар, зээлийн эрх хэртрүүлсний төлбөр 2,344.12 ам.доллар, нийт 54,403.16 ам.доллараас 19,769.82 ам.долларыг хөнгөлж, 34,633.34 ам.доллар буюу 120,170,416.80 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тодорхойлжээ. /хх 94/

Талууд гэрээний 2.1-д зээлийн үндсэн хүүгийн талаар ...бэлэн бус гүйлгээгүй хүү 24 хувь, бэлэн мөнгөний хүү 42 хувь гэж тус тус тохиролцсон боловч нэхэмжлэгч *********** ХК-аас бэлэн бус болон бэлэн мөнгөний гүйлгээний хүүг хэрхэн тооцсон талаарх бичгийн баримт ирүүлээгүй байна.

4.4. Иймд бэлэн бус гүйлгээний хүү 24 хувь буюу 1 сарын 2 хувиар тооцож үзвэл 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүүд 4,800 ам.доллар, үүнээс хэтэрсэн хугацааны хүүд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд 13,400 ам.доллар, нийт 28,205.63 ам.долларыг хариуцагч ***************** нь төлөх үүрэгтэй байна.

4.5. Үүнээс нэхэмжлэгч байгууллагын хариуцагчийн данснаас 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр татан авсан 140 ам.долларыг хасч тооцвол, 28,065.63 ам.доллар буюу нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн Монголбанкнаас зарласан ханшаар тооцож /1 ам.доллар 3,469.79*28,065.63/ нийт 97,381,842 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *********** ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22,788,574.8 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь талуудын хооронд байгуулсан гэрээ болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцнэ.

Нэхэмжлэгч нь хуульд байхгүй эрх хэтрүүлсэн хүү гэж тооцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй. Учир нь талууд гэрээндээ зээлийн эрх хэтрүүлсэн гэж үзэх хэмжээг тодорхойлсноос хүүг тохиролцсон гэж дүгнэхгүй болно. Иймд нэхэмжлэгчийн зээлийн эрх хэтрүүлсэн 5.63 ам.доллар хүү тооцоогүй болно.

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/03766 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *****************аас 97,381,842 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *********** ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 22,788,574.8 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч *****************аас 644,859 төгрөгийг гаргуулж улсын орлогод үлдээсүгэй. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 758,803 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА