| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 103/2022/00472/И |
| Дугаар | 210/МА2025/00031 |
| Огноо | 2024-12-27 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2025/00031
*******ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 103/ШШ2024/00488 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Харицагч ******, ******* ТӨХК-д тус тус холбогдох,
Гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд нийт 1,110,123,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ЭХЯны итгэмжлэгдсэн төлөөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, *******, хариуцагч ******* ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.А, өмгөөлөгч А.К, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргасан зөвлөмжийн дагуу агаарын бохирдлыг бууруулах ажлуудын нэг болох сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийг манай компани холбогдох байгууллагуудын шийдвэрээр ******* ТӨХК-ийг түшиглэн байгуулахаар болсон. Тухайн үед агаарын бохирдлыг бууруулахад төрийн баримталж байсан чиглэл нь өөрийн хөрөнгөөр сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг барих эдийн засаг, технологийн боломжтой хуулийн этгээдэд энэхүү боломжийг олгож байсан ба манай компанийн хувьд Оюуны өмчийн газраас олгосон №2240 тоот ашигтай загварын гэрчилгээ эзэмшигч болохын хувьд өөрийн гэсэн үндсэн технологи, тухайн үеийн төрөөс баримталж буй бодлогын хүрээнд ******* ТӨХК-ийг түшиглэн эрчим хүчний зуухыг хагас кокс, дулааны эрчим хүч хослон үйлдвэрлэдэг зуух болгон өөрчлөх, хагас кокс үйлдвэрлэх үйлдвэрийг өөрийн хөрөнгөөр барьж цаашид агаарын бохирдлыг буруулах чиглэлээр сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж харилцан ашигтай ажиллахаар тохиролцсон.
2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр №2016/05/01 хамтран ажиллах гэрээг ******* ТӨХК-тай байгуулан ажиллаж эхэлсэн ба талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу талууд эрх эдэлж, үүрэг хүлээн эрх зүйн харилцаанд оролцсон.
Гэвч 2018 онд улс төрийн шийдвэрээр бидний хамтын ажиллагааг дуусгавар болгох чиглэлийг тухайн үеийн Эрчим хүчний сайдаас хариуцагчид өгсөний дагуу гэрээг дуусгавар болгох тухайгаа манайд мэдэгдсэн.
Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу манай компаний оруулсан хөрөнгийг 2 талын ажлын хэсэг гарч эд хөрөнгийг хэрхэх талаар шийдвэр гараагүй. 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр манайд хамтарсан комисс байгуулах гэж буй тухайгаа албан бичгээр мэдэгдсэн. Манай зүгээс тухайн албан бичгийн хариуд хамтарсан комисст орох саналаа тухайн үед холбогдох эрх бүхий этгээдтэй утсаар холбогдож мэдэгдсэн. Гэвч тухайн комиссын зүгээс ямар нэгэн ажиллагаа явуулж манай компанийн оруулсан хөрөнгө оруулалтыг тодорхойлж буцаан олгох талаар шийдвэрлээгүй ба манай компаний эрхийг сэргээх ажиллагаа хийгээгүй өнөөдрийг хүрсэн.
Дээрх комисст манай төлөөллийг оруулаагүй хэрнээ 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Үйлдвэрийн ажлын байр чөлөөлөх тухай албан бичгийг ирүүлсэн бөгөөд энэхүү бичгээр өөрийн тоног төхөөрөмжүүдээ хураан авах тухай дурдсан байсан. Тухайн тоног төхөөрөмжийг манайх буцаан авсан ч үндсэн зориулалтын дагуу өөр байдлаар ашиглах боломжгүй бөгөөд зөвхөн ******* ТӨХК-ийн дулаан үйлдвэрлэх зууханд зориулж угсарч тоноглосон эд ангиуд байгаа бөгөөд төрөөс барьж буй чиглэлийн дагуу өөрсдийн нөөц боломжийг ашиглан төртэй хамтран ажиллаж, ашиг олох гэсэн зорилготой байсан ажиллагааг ийнхүү зогсоосноор бизнесийн байгууллагын хувь хөрөнгийг үнэгүйдүүлсэн шийдвэр гаргасан байдаг.
Талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлах үндэслэл нь дээд газрын шийдвэр гэж тайлбарласан боловч энэ нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу гэрээ цуцлах хүндэтгэн үзэх үндэслэл биш бөгөөд хууль болон гэрээгээр, гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нөхцөл байдал бий болоогүй байсан, Иргэний хуульд зааснаар 2 талын гэрээнд аль нэг тал гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд нөгөө тал учирсан хохирлоо шаардах эрхтэй байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хамтын зорилгоо хэрэгжүүлж харилцан ашигтай байх, ажиллах нөхцөлөөр хангах үүргээ зөрчсөн үйлдэл байх ба үүнээс шалтгаалан хамтран ажиллах боломжгүй болсон нь гэрээний үүргийн зөрчил гэж үзэхээр байна.
Иймд, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.1-т ...зохих ёсоор биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг бүрэн арилгах гэж заасны дагуу үйлдвэрийг барихад зарцуулсан 1,110,123,400 төгрөгийг гаргуулан авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
2. Хариуцагч ЭХЯны татгалзал, тайлбарын агуулга: ЭХЯнаас 2013 оны 01 дүгээр сарын 30-ны Б/295 дугаартай ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирагч ******* танаа гэсэн албан бичгийг дэд сайд ********ийн гарын үсэгтэйгээр явуулсан байсан. Монгол улсын яамны эрх зүйн хуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт "Сайдын түр эзгүйд түүний даалгаснаар байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн бичигт хариу өгч, гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үр дагаврыг өөрөө хариуцна гэж заасан байдаг. Тухайн үеийн дэд сайд нар төсөлт хөтөлбөрийг хариуцдаг боловч тухайн төсөл хөтөлбөртэй холбоотой цаашид авах арга хэмжээний санал болон гэрээ цуцлах мэдэгдэл, компанитай гэрээ хийх талаар Эрчим хүчний сайдаас албан бичиг явдаг, дэд сайдаас албан бичиг явдаггүй. Эрчим хүчний дэд сайд ******* нь ЭХЯыг төлөөлөх эрх бүхий субъект биш юм.
Уг гэрээг ЭХЯ хийгээгүй, гэрээний үндэслэх хэсэгт ЭХЯны дэд сайдын 2013 оны Б/295 тоот шийдвэр, мөн ******* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 13 тоот тогтоолыг удирдлага болгон энэхүү гэрээ байгуулж байна гэсэн байна. Энэ гэрээг 2 хуулийн этгээд хоорондоо байгуулж манай албан бичгийг үндэслэсэн боловч манайхтай ямар ч холбоогүй гэж үзэж байна. ЭХЯтай хамтран ажиллах гэрээг байгуулаагүй.
Гэрээний 4.3-т хагас кокс, шахмал түлшний үйлдвэрийг барьж ашиглахтай холбоотой асуудлыг тусгай гэрээгээр зохицуулна гэж заасны дагуу ******* ХХК, ******* ТӨХК нар тусгай гэрээгээ байгуулсан эсэх нь тодорхойгүй. Үнэхээр манай төрийн өмчит хувьцаат компаниудтай төсөл хөтөлбөрийн ажил хийж байгаа тохиолдолд cap бүр тайлангаа заавал тухайн компанидаа өгөх ёстой байдаг. Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна гэж заасан байдаг. ******* ТӨХК-ийн 2 зуухан дээр ******* ХХК төвлөрч ажлаа хийсэн, хамтран ажиллах гэрээ нь дуусгавар болбол аль нэг талд нь хөрөнгө үлдэнэ, нөгөө тал хөрөнгийг мөнгөн хэлбэрээр нэхэмжлэх эрх байхгүй. Тэгэхээр энэ хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Хариуцагч ******* ТӨХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Манай байгууллагын К4, К9 зуухнуудад зөвхөн хагас кокс болон дулааны эрчим хүч хослон үйлдвэрлэдэг болгон техникийн өөрчлөлт хийгдсэн, шахмал түлшний үйлдвэр гэж огт байгуулагдаагүй. Хамтран ажиллах гэрээний 4.3-д шахмал түлшний үйлдвэрийг барьж байгуулахтай холбоотой харилцааг тусгай гэрээгээр зохицуулна гэж заасан. Зөвхөн энэ хагас коксыг дулааны эрчим хүчний хамт хослон үйлдвэрлэхээр техникийн өөрчлөлт хийж туршилт хийгдсэн. 2013 оны 11 дүгээр сарын 18-23-ны өдрийн хооронд хийгдсэн туршилтаар К4, К9 зууханд хийсэн өөрчлөлтөөр дулааны эрчим хүч үйлдвэрлэх болон хагас кокс үйлдвэрлэх ажил хангалттай, техник технологийн хувьд тухайн горимоо хангаад явах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Ингээд 2013 онд Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар ороод энэ нь дэмжигдсэн. Гэтэл хавтаст хэрэгт өгсөн нотлох баримтууд 2014 болон түүнээс хойш өгсөн санхүүгийн баримтууд байна. Энэ баримтууд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөөгүй, мөн санхүүгийн тайланг хөндлөнгийн эрх бүхий этгээдээр баталгаажуулсан учир нотлох баримтын хувьд эргэлзээгүй үнэн зөв нотлох баримт гэж үзэж болохгүй юм.
******* ТӨХК, ******* ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ нь шахмал түлшний үйлдвэр барих, харилцан ашиг хүртэх хамтын ажиллагааны гэрээ биш тул ******* ХХК нь төсөл хэрэгжүүлэх явцад барьсан үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг ******* ТӨХК-иас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан гэрээнд нэг тал үүргээ зөрчсөн буюу ******* ТӨХК үүргээ зөрчсөн гэсэн тайлбар нь уг гэрээний 4.1-4.5 дахь заалтуудад тусгагдсан эрх үүргийг манай байгууллага нь огт зөрчөөгүй, гэрээний үүргээ биелүүлж явсан. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан эрх зүйн үндэслэл бүрдээгүй байхад ийм нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм.
Иймд, ******* ТӨХК-иас 1,110,123,400 төгрөгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч ЭХЯнаас нэхэмжлэгч ******* ХХК-д учруулсан хохиролд 1,104,674,125 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,449,275 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Багануур дулааны станц ТӨХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,-д зааснаар ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,708,576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭХЯнаас улсын тэмдэгтийн хураамж 5,681,321 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д оруулахаар шийдвэрлэжээ.
5. Хариуцагч ЭХЯны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ******** ТӨХК болон ******* ХХК Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас хальж гэрээнд оролцогчоор үүрэг хүлээж, эрх эдлээгүй ЭХЯыг нэхэмжлэгчид учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. ЭХЯ нь нэхэмжлэгч талд ямар нэгэн эдийн болон эдийн бус хохирол учруулсан үйлдэл гаргаагүй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн Иргэний хэрэг үүсгэх үндэслэл, 13 дугаар зүйлийн Хэргийн харьяалал, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн Нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа /оршин байгаа/ нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргах гэснийг тус тус зөрчсөн болох нь үйл баримтаар илэрхий байхад харьяалал зөрчиж шийдвэрлэсэн.
ЭХЯ нь ямар үйл баримтаар ******* ХХК-д хохирол учруулсан нь тодорхойгүй, ойлгомжгүй бөгөөд хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Шүүх хуралдааны үеэр шүүгч оролцогч талуудаас асуулт асуухдаа хэтэрхий нэг талыг барьж ЭХЯыг илтэд буруутгасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй ЭХЯны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Гэрээний оролцогч бус талаас хохирол гаргуулсан гэх гомдлын хувьд, шүүхээс ЭХЯны гэрээг цуцлах тухай мэдэгдлийг үндэслэж талуудын хооронд байгуулсан гэрээг дуусгавар болгосон нь хамтран ажиллах гэрээний нэг тал болох ******* ХХК-д хохирол учруулсан гэж үзсэн нь зөв. Хэргийн харьяаллын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасны дагуу олон оролцогчтой хэргийн хувьд нэхэмжлэгчийн сонгож авсан харьяаллын дагуу шийдвэрлэх ёстой. Уг асуудлаар хариуцагч ЭХЯны зүгээс тухайн хэргийг хаана шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргаагүй бол энэ асуудал нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байхад шүүх төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн гэж гомддог. Нэхэмжлэлийн шаардлага нь хэн хэнээс, юуг, хэрхэн ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа вэ гэх агуулгаар тодорхойлогддог. Уг хүрээнд ЭХЯ болон ******* ТӨХК-ийг хариуцагчаар тодорхойлж, үүний дагуу төлбөр гаргуулах шаардлага гаргасан нь татгалзсан гэх ойлголтыг үгүйсгэж байгаа хэлбэр. Шүүх хуралдааны үед хэт нэг талыг баримталсан гэх гомдол нь ойлгомжгүй буюу нотлогдохгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь дэгийн дагуу явагдсан. Хэт нэг талыг барьж, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй, тогтоох боломжгүй. Иймд хариуцагч ЭХЯны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй. ЭХЯ төсөл хөтөлбөрийг цааш нь үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Албан бичигт бүх зүйл тодорхой байгаа талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т заасан шударга ёсны зарчимд нийцсэн учраас шүүх хариуцагч ЭХЯнаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч ******* ТӨХК-ийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч ******* ТӨХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ТӨХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд нийт 1,110,123,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргасны дагуу шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн захирамжаар ЭХЯыг хамтран хариуцагчаар оролцуулжээ. /4-р хх-ийн 101-102-р тал/
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэх нөхцөл байдал нэхэмжлэлд тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах нь зохигч маргааны зүйлийн талаар мэтгэлцэх, улмаар шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой.
Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,110,123,400 төгрөгийг ямар үндэслэлээр, хариуцагч нарын алинаас нь ямар хувь хэмжээгээр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Хариуцагч ******* ТӨХК-иас дээрх мөнгөн хөрөнгийг гэрээний нэг тал үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол уу, эсхүл гэрээнээс татгалзсаны үр дагавар нэхэмжилж байгаа эсэх нь тодорхойгүй. Түүнчлэн гэрээний оролцогч биш этгээд болох ЭХЯнаас ямар үндэслэлээр 1,110,123,400 төгрөгийг нэхэмжилж байгааг нэхэмжлэгчийн тайлбараас тодорхойлох боломжгүй байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч 1,110,123,400 төгрөгийг хохирол гэх агуулгаар шаардсан боловч гэм хорын хохирол, эсхүл гэрээний бус хуулийн дагуу үүсэх үүрэг буюу үндэслэлгүй хөрөнгөжихийн аль болох нь тодорхойгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй, нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулах ажиллагааг хийгээгүй байна.
Шүүх, талуудын хооронд үүссэн маргаантай холбоотой нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж, талуудыг мэтгэлцүүлэн хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосны эцэст маргааныг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт нийцнэ.
4. Түүнчлэн, анхан шатны шүүх ******* ХХК-ийг 1,104,674,125 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болох нь баримтаар тогтоогдсон гэж дүгнэхдээ хэргийн аль баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасанд нийцээгүй. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүгч захирамж гарган шинжээч томилохоор зохицуулсан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас шинжээч томилж хичнээн хэмжээний хөрөнгө оруулсан болохоо тодорхойлуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байна. /4-р хх-ийн 74-75-р тал/
5. Хэдийгээр талууд давж заалдах гомдол гаргаагүй боловч нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч ******* ТӨХК-д холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан талаар бичгийн тайлбар, хүсэлт хэрэгт авагдаагүй. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлээр шаардаж буй мөнгөн дүнг ЭХЯнаас нэхэмжилнэ гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ТӨХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч нь иргэний хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн, хамгаалж байгаа этгээд юм. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа өмгөөлөгч мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлээс татгалзах нэхэмжлэгчийн эрхийг эдлэхгүй.
Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь хариуцагч ******* ТӨХК-д холбогдох шаардлагаасаа татгалзах хүсэл зориг байгаагүй гэж тайлбарлаж байна.
Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 103/ШШ2024/00488 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ЭХЯ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧ Т.БАДРАХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ