Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 173

 

Б.Ш-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн, нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, хохирогчийн өмгөөлөгч М.Энхзаяа, Г.Чингис, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаар магадлалтай, Б.Ш-д холбогдох 2216000760086 дугаартай хэргийг хохирогчийн өмгөөлөгч М.Энхзаяа, Г.Чингис нарын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй гэх, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, *** оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Б-н Ш- /РД:***/.

Б.Ш- нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутаг “Талын худаг” гэх нэртэй газарт Б.Ө-тэй малын бэлчээрээс болж маргалдан улмаар Чех улсад үйлдвэрлэгдсэн С2-600 загварын буугаар зүүн хөлийн тавхай тус газарт нь буудаж, хөлийн сарвуунд буудагдсан шарх, зүүн хөлийн сарвууны гадна хэсэг, зүүн хөлийн сарвууны ул хэсэгт шарх, зүүн хөлийн сарвууны 4, 5 дугаар хуруу ташуу хугарал” буюу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ш-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-од 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

хохирогч Б.Ө-ийн нэхэмжилсэн 8,351,191 төгрөгийн нэхэмжлэлээс 3,760,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч хохиролд 6,983,967 төгрөг төлсөн болохыг дурдаж, эмчилгээ сувилгаатай холбоотой зайлшгүй гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогч Б.Ө-ийн эрхийг нээлтэй үлдээж,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримаар хураагдсан гол төмрийн А-8340, замгийн 340 дугаартай “С2-600” загварын галт зэвсгийг Цагдаагийн байгууллагад шилжүүлж, 2 ширхэг хонгиог устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Ө-, түүний өмгөөлөгч Г.Чингис нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч М.Энхзаяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “…Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам буюу хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан тусгай журмыг зөрчиж яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт өөрөө гаргах байтал яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн хэргийг хялбаршуулан шийдвэрлэсэн нь дээрх журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Хохирогчийн өмгөөлөгч нь нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлтийг удаа дараа гаргаад байгаа нь уг эрүүгийн хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл бүхий хэрэг биш байгаа нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээр хохирогчийн зүгээс гэмт хэргийн хүрээнд гаргасан хүсэлт, гомдлоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.15 дахь заалтад дурдагдсан асуудлыг шийдвэрлэх шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах тухай хүсэлт гаргах хохирогчийн эрх зөрчигдсөн гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гол гэрчээс мөрдөгч мэдүүлэг аваагүй байхад хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үл харгалзан хэргийг хялбаршуулах журмаар хянан шийдвэрлэснээр хохирогч Б.Ө-ийн эрх ашиг зөрчигдөж байна.

Мөн шүүгдэгч галт зэвсэг хууль бусаар олж авсан, хадгалсан байхад Эрүүгийн хууль болон энэ хуулийн зүйл хэсэг заалтыг зөв хэрэглэсэн эсэхийг тал бүрээс нь нарийвчлан бодит байдлаар хянаж үнэлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянаж өгнө үү” гэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Г.Чингис гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “…1. Яллагдагч Б.Ш- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлгүүдийг 2022.02.20-ны өдөр гэрчээр өгсөн “...Болдоо гэх залуугийн гадаа мод буулгасан... Би машинаа асаагаад 2 км орчим явахад ардаас Ө- Болдоогийн хүүгийн хамт мотоциклтой ирэхээр нь би айгаад зугтаасан. Араас хөөгөөд ирэхээр нь машин дотроос би буудлаа шүү гээд тэнгэр лүү 2 удаа, Ө- рүү нэг удаа буудсан...” /1 хх-ийн 138-140/ гэх, мөн 2022.05.13-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Ө-тэй маргалдсаны дараа гэрийнхээ зүг явж байхад 5-10 минутын дараа Ө- араас хөөгөөд ирсэн...”/1 хх-ийн 220-221/ гэж мэдүүлсэн боловч Ц.С-н 2022.02.28-ны өдөр гэрчээр өгсөн “...Ш- машинаа асаагаад хөдлөхдөө “Чи чаддаг юм бол тал дээр гараад ир гэж хэлэхэд Ө- юу гэнээ гээд машин руу ойртохоор нь мал ирж байна гэж Ө-эд хэлэхэд Ш- нь хөдлөөд явсан. Мал ирэхээр ишиг, хургаа нийлүүлсэн. Манай хүү Өс-, Ө- 2 Ө-ийн мотоциклийг гэрээс авчрахаар яваад мотоциклийг нь чирээд ирсэн. Тэгээд бид 3 гэр лүүгээ орох гэж байтал манай үхрийг хүн хөөгөөд байна оччихоод ирье гээд Ө-ын араар суугаад явсан. Үхэр байгаа зүгт харахад цагаан машин байсан...” /1 хх-ийн 142-143/ гэх мэдүүлэг.

Хохирогч Ө-ийн хохирогчоор өгсөн “...Ш-ын Са- эгч машинд нь суулгаж өгөхөд Ш- машинаа эргүүлж ирээд Алнаа чамайг чаддаг юм бол тал руу гараад ир гээд орилж байгаад явсан. Тэгээд би 30 гаруй хурга, ишиг байсныг нь малд тавьж өгчхөөд гэрээсээ урагшаа 3 орчим км зайд манай нэг мотоцикл унтарчихсан байсан тэрийг асааж авчрахаар явсан. Тэгэхэд Ш- нь гэртээ оччихсон харагдаж байсан. Мотоциклийг асаах гээд нэлээн оролдоод асахгүй байхаар нь чирээд ирсэн. Гэтэл бэлчээрт байсан үхэр дээр машин оччихсон хөөгөөд байсан. Тэгэхээр нь би Ө-ын араар суугаад үхрийн наанаас нь дөхөж явтал буу дуугарсан. Тэгэхээр гайхаад шууд зогссон. Гэтэл Ш- бид хоёрын зогсож байсан газар давхиж ирээд цонхоо доошлуулаад чамайг ална гээд шууд буудсан. Тэгээд би тэр дороо унасан. Ш- бууж ирээд дахиад буугаа над руу чиглүүлсэн. Гэтэл надтай хамт явж байсан Ө- нь Ш-ын бууг салгах гэтэл чи цаашаа байгаарай чамайг ч гэсэн ална шүү гээд ойртуулаагүй. Тэгээд намайг чи буруу хүнтэйгээ орооцолдлоо доо надтай орооцолдоогүй байсан бол амьд явах байлаа гэж хэлээд буугаараа ар нуруу руу нэг удаа, нүүр лүү нэг удаа цохичхоод явсан. /1 хх-ийн 133-135/ гэх мэдүүлгүүдийг харьцуулаад дүгнэхэд яллагдагч Ш- нь гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээ санаатайгаар худал мэдүүлсэн, тодруулбал гэмт хэрэг гарсан цаг хугацаа, шалтгаант нөхцөлийг илт мушгин гуйвуулж бодит байдлыг нуун дарагдуулж өөрт ашигттай болгож мэдүүлсэн нь гэрч С- болон хохирогч Б.Ө- нарыг өгсөн мэдүүлгүүдээр няцаагдаж худал болох нь тогтоогдож байна.

2. Хохирогч Б.Ө-, яллагдагч Б.Ш-, гэрч Ц.С- нарын мэдүүлгээс үзвэл яллагдагч Б.Ш- нь ялимгүй зүйлээр шалтаглаж Б.Ө-ийн амь насыг хөнөөх зорилгоор гэрээсээ галт зэвсэг авч хохирогчийг ална гэсэн зорилгоо биелүүлэхээр маргааны зүйл болсон үхрүүдийг илдэж хөөн Б.Ө-ийн анхаарлыг татаж өөрт ойртуулан эхлээд буудаж зогсоогоод өөрт учрах саадыг арилгаж амь насыг хөнөөх довтолгоог санаатай хийсэн. Бууг дахин сумлаж Б.Ө- рүү тулгаж буудах гэхэд тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас буюу гэрч Ө-ын салгах гэсэн санаа зорилгын үйлдлийн улмаас гэмт хэрэг төгсөөгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан нь тогтоогдож байх тул тус зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш-ыг шалгалгүй зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг прокурорт шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1.3-т “гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэр” нотолбол зохих байдлыг бүрэн шалгаагүй орхигдуулсан байна.

Мөн энэ хүсэлтийг Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлан зөвлөх А.Оргилбаярт 2022.05.30-ны өдрийн 99 тоот албан бичгээр прокурорын газрын govialtai@рrokuror.mn гэх албан ёсны хаягаар хүргүүлсэн боловч тус хүсэлтийг хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар ямар нэгэн эрх зүйн акт гаргаж хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нарт мэдэгдээгүйгээс гадна тус хүсэлтийг хэргийн материалд хавсаргаагүй байна. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хүсэлт гаргасан боловч тус хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр зөвхөн улсын яллагчийн үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хэлэлцсэн нь шүүгдэгчид ял завших, ногдуулсан ял хөнгөдөх боломжийг олгож, хэргийг тал бүрээс нь эргэлзээгүйгээр шийдвэрлэх зарчмыг алдагдуулсан.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Ш-ыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн яцад илтэд өмгөөлж “...шүүгдэгч нь хохирогчийн амь насыг хохироолгүй үлдээсэн нь хохирогч өнөөдөр шүүх хуралдаанд оролцож байгаа нь шүүгдэгч Б.Ш-ын гавьяа мэтээр тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэл болон бичлэгт хадгалагдсан болно.

3. Яллагдагч Б.Ш-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан галт зэвсгийг 2022.03.15-ны өдрийн 8 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...гол төмрийн дугаар А8340, замгийн дугаар-340, Чех улсад үйлдвэрлэсэн СZ 600 загварын галт зэвсэг болох тогтоогдлоо /1 хх-ийн 197-200/ гэсэн боловч яллагдагч Б.Ш-ын нэр дээр галт зэвсгийн гэрчилгээ гэх /1 хх-ийн 244/ баримт хавтаст хэрэгт авагдсан боловч тухайн гэрчилгээ дээр ямар нэртэй, ямар загварын галт зэвсгийг хэрхэн эзэмших талаар бичигдээгүй байх тул тус галт зэвсгийн гэрчилгээ нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гол төмрийн дугаар А8340, замгийн дугаар 340, Чех улсад үйлдвэрлэсэн СZ 600 загварын галт зэвсгийн гэрчилгээ мөн эсэхийг тогтоох боломжгүй баримт байх тул галт зэвсгийн гэрчилгээ болон эзэмшигчийг дахин тодруулах шаардлагатай байна. Дээрх галт зэвсгийн эзэмшигчийг тодруулснаар яллагдагч Б.Ш-ын үйлдэл давхар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байгаа эсэхэд дүгнэлт өгөхөд эрх зүйн ач холбогдолтой байна.

Анхан шатны шүүхийн 2022.06.27-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдалд нийцээгүй байхад давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн нь тус хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шийдвэрт нөлөөлж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй байна. Иймд хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокурор шүүгдэгч Б.Ш-од холбогдох хэргийн зүйлчлэлийн хувьд алдаа гаргаж хэргийг хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлсэн байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийн талаар Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж зөрүүтэй хэрэглэсэн алдааг зөвтгөлгүй шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч Б.Ш- нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутаг “Талын худаг” гэх нэртэй газарт Б.Ө-тэй малын бэлчээрээс болж маргалдан улмаар Чех улсад үйлдвэрлэгдсэн СZ-600 загварын буугаар зүүн хөлийн тавхай тус газарт нь буудаж хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхийн тулд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгох нь зүйтэй. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах дүгнэлттэй холбогдуулан анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж хэргийн зүйлчлэлийг зөвтгөх нь зүйтэй. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хохирогчийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн өмгөөлөгч М.Энхзаяа, Г.Чингис нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Ш-од холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Ш- нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутаг “Талын худаг” гэх нэртэй газарт хохирогч Б.Ө-тэй малын бэлчээрээс болж маргалдан түүнийг буудаж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Б.Ш-од холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, тэдгээр нотлох баримтын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсарт тулгуурлан үнэлж, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй тогтоожээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Б.Ш- нь Б.Ө-ийн зүүн хөлийн тавхай тус газарт нь буудаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон буюу “үхэр бууцнаас нь хөөсөн” гэх шалтгаанаар хэрүүл маргаан анхлан өдүүлж, шүүгдэгчийн бие махбодод халдсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас улбаатай нөхцөл байдлын хүрээнд шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдсэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Ш-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа прокурорын гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд Б.Ш- яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтээ амаар гаргасныг мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлд тусгагдаж, дараа нь шүүгдэгчийн өмгөөлөгч уг хүсэлтийг баталгаажуулж бичгээр илэрхийлснийг прокурор хүлээн авч шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан “...хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй, хэргийн зүйлчлэл буруу, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрсөн тул шийдвэрүүдийг хянаж өгнө үү” гэсэн ижил агуулгатай гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч М.Энхзаяа, Г.Чингис нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                         ШҮҮГЧ                                                        С.БАТДЭЛГЭР

                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН