| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 182/2023/03665/И |
| Дугаар | 210/МА2025/00010 |
| Огноо | 2024-12-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/00010
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2024/04219 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 20,000,000 төгрөг гаргуулах,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 21,871,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь өөрийн эхнэр *******ын хүргэн дүү *******ийн санал болгосны дагуу *******д 35,000,000 төгрөгийг, нэг сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцож, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг өдрөө 35,000,000 төгрөгийг эхнэр *******ын Хаан банк ХК дахь ******* дугаарын данснаас *******д шилжүүлсэн. Зээлийн хүүгийн 5 хувийн хүүгээс 1 хувийг ******* авч, үлдэх 4 хувийн хүүг ******* рүү шилжүүлэхээр тохиролцсон.
1.2 *******гийн зээлийн гэрээний хугацаа дуусаж үлдэгдэл төлбөр төлөгдөхгүй байсан тул түүнтэй уулзахад ...зээлийг хугацаандаа төлөөд дууссан гэж өөрт байгаа баримтуудаа үзүүлсэн. ******* 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 30,000,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийг *******ийн данс руу шилжүүлсэн байсан. Гэтэл үүнийг нь ******* тохиролцсоны дагуу *******т шилжүүлээгүй. Иймд хариуцагчаас үлдэх 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 *******гээс ирсэн төлбөрүүдийг *******т бүрэн төлж дуусгасан. ын 20,000,000 төгрөгтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс зээлийн гэрээ өгөөгүй ба худалдах, худалдан авах гэрээ хийгээд буцаагаад шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
2.2 Хэрэгт авагдсан баримтаар даалгаврын гэрээ байгуулагдсан гэх баримтгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:
3.1 ******* дансаараа дамжуулан 34,500,000 төгрөгийг *******аас *******ын дансаар дамжуулж авсан. Улмаар 53,637,500 төгрөг *******гээс орж ирсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчид 88,000,000 төгрөг өгөх ёстой байтал 13,884,000 төгрөг өгсөн тул уг үнийн дүнгээр нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.
3.2 Мөн ******* *******аас 35,000,000 төгрөг зээлээд 15,000,000 төгрөгийг 1 сарын дараа буцаагаад авсан байхад бүх хүүг өгөх үндэслэлгүй. 15,000,000 төгрөгт оногдох хүү 7,987,500 төгрөгийг шаардах эрхтэй. Иймд *******аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 21,871,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:
4.1 Зээлдэгч ******* нэхэмжлэгчээс нийт 35,000,000 төгрөгийг зээлж, үндсэн зээл 35,000,000 төгрөг, хүү болон алдангид 18,907,772 төгрөг, нийт 53,907,772 төгрөгийг *******ийн данс руу шилжүүлсэн. Хариуцагч нь үүнээс үндсэн зээлд 15,000,000 төгрөг, хүүнд 10,126,000 төгрөг, нийт 25,126,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлж, үлдэх 28,781,772 төгрөгийг төлөөгүй. Гэхдээ нэхэмжлэгчийн зүгээс нэгэнт *******ийн дансаар дамжуулаад зээлийн төлөлтийг хийлгэж байсан, талууд тохиролцон даалгаврын гэрээ байгуулсан учраас тодорхой хэмжээний хүү ******* авч байхыг зөвшөөрсөн. Үүнийг үндэслэн нэхэмжлэгчийн зүгээс өнөөдөр төлөгдөөгүй байгаа 28,781,772 төгрөгөөс зөвхөн 20,000,000 төгрөгийг нэхэмжилсэн.
4.2 Нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр т 20,000,000 төгрөгийн зээлийг мөн эхнэр *******ынхаа данснаас шилжүүлж олгосон. Зээлийн хүү мөн хариуцагчийн дансаар дамжиж төлөгддөг байсан. Ингээд энэ зээлийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төлж дуусгасан. Хариуцагчийн зүгээс 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төлж дуусгаснаар уг зээлийг бүрэн төлөгдсөн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзээд ын зээлийн төлбөрийн баталгаа болгож шилжүүлсэн байсан хашаа байшин, газрыг нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр буцааж шилжүүлсэн. Олон төрлийн харилцааг хооронд нь хольж хутгаснаас өнөөдрийн эргэлзээтэй, асуудлууд үүсээд байгаа юм. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
5.1 Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 492 дугаар зүйлийн 493.6 дахь заасныг тус тус баримтлан хариуцагч *******өөс 20,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, хариуцагч *******ийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 21,871,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,310 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******өөс 257,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн.
6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1 ******* нь *******д 35,000,000 төгрөг зээлээд, гэрээ байгуулсны дараа *******өөс 1 сар гаруйн дараа 15,000,000 төгрөгийг буцаагаад авсан байна. Тэгэхээр нэхэмжлэгчээс шалтгаалан цаг хугацааны зөрүүтэй байдал үүссэн байхад хариуцагч буруутай мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг нэхэмжлэгчийн эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх үндэслэл тогтоогдохгүй, хариуцагчийн эд хөрөнгө үндэслэлгүйгээр нэмэгдсэн үйл баримт тогтоогдоогүй байна.
6.2 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ******* нь хамгийн анх нэхэмжлэл гаргахдаа 35,000,000 төгрөгийг *******ийн данс руу шилжүүлсэн гэж нэхэмжлэл гаргасан боловч 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулахдаа 35,000,000 төгрөгийг *******гийн данс руу шууд шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэхүү үйл баримтад талууд маргадаггүй. ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ******* *******т баримт үзүүлсэн талаар, мөн онд ******* нь *******гээс шаардаж байсан талаар нэхэмжлэлийн үндэслэл болгон тайлбарлаж байгаа хэдий ч 2021 оноос хойш *******өөс 20,000,000 төгрөг буцаан шилжүүлэхийг мэдэгдэж байсан талаар баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр баримт үзүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч ******* нь 2022 онд хамгийн сүүлийн гүйлгээг хийсэн байдаг. Нэхэмжлэгчийн тайлбар илт зөрүүтэй байгааг шүүх анхаарч үзээгүй байна. Хэрэгт авагдсан баримтыг тооцоолж үзвэл ******* нь *******аас 34,500,000 төгрөг зээлсэн, *******гээс 53,637,500 төгрөг орж ирсэн, буцаагаад *******т 88,000,000 төгрөг өгөх ёстой байтал 101,884,000 төгрөг өгч илүү 13,884,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч *******ийн 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх тайлбар нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 900,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 150,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 900,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 1,050,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн гэх гүйлгээний баримтуудаар нотлогдоно. Өөрөөр хэлбэл хариуцагчаас гаргаж өгсөн энэхүү төлбөрийн баримтыг *******гийн төлбөр биш болохыг нэхэмжлэгч эсэргүүцэж баримт гаргаж өгөөгүй, 20,000,000 төгрөгийг төлсөн болох нь санхүүгийн анхан шатны баримт болох дансны хуулгаар тогтоогдож байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
6.3 Мөн ******* нь *******аас 35,000,000 төгрөг зээлсэн боловч ******* нь нэг сар гаруйн дараа надаас *******гийн 15,000,000 төгрөгийг буцаагаад авсан. Иймээс ******* нь 35,000,000 төгрөгийн хүүнд 18,637,500 төгрөгийг бүгдийг авах ёсгүй байтал би бүгдийг нь өгч ******* үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна. Өөрийн 15,000,000 төгрөгт ногдох хүү болох 7,987,500 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хөрөнгө үндэслэлгүйгээр 21,871,500 төгрөгөөр нэмэгдсэн дансны хуулга хэрэгт авагдсан. Энэхүү 21,871,500 төгрөгийг ямар гэрээний үндсэн дээр яагаад ******* авах ёстой талаар нэхэмжлэгчээс нотлох баримт гаргаж мэтгэлцээгүй, нэхэмжлэгч татгалзлын үндэслэлээ нотлоогүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
7.1 Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв дүгнэсэн гэж үзэж байна. Дансны хуулгууд дээр тусгайлан, нэг бүрчлэн, он, сар, цаг хугацаатай нь ямар харилцаа байсан талаарх баримтыг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн. Хариуцагч тал нь нэхэмжлэгч анх нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа *******өөр дамжуулсан эсвэл өөр рүү нь шууд шилжүүлсэн гэх зөрүүтэй нэхэмжлэл гаргаж байгаа нь эргэлзээ төрүүлж байна гэж тайлбарлаж байна. Гэтэл нэхэмжлэгч нь анх ямар ч байдлаар нэхэмжлэлээ гаргасан байж болно. Учир нь нэхэмжлэгч нар нь орон нутагт байдаг хүмүүс тул ямар байдлаар нэхэмжлэлээ бичсэнийг бид хэлэх боломжгүй, гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүх нотлох баримтаар нэхэмжлэгчийн зүгээс ******* рүү шууд шилжүүлж, ******* нь бүх төлөлтийг *******ийн дансаар дамжуулан хийж байсан нь хангалттай нотлогдож байгаа.
7.2 Мөн хариуцагч тал илүү мөнгө өгсөн болох нь баримтаар тогтоогддог гэж тайлбарладаг. Гэтэл дансны нэгтгэлд хэдэн төрлийн, ямар зээлийн харилцаа байсан болох нь нэг бүрчлэн, зээл тус бүрээр тодорхой харагдана. Хариуцагч нь нэхэмжлэгч рүү зээлийн төлөлтийг хийхдээ гүйлгээний утгуудыг дандаа өөр өөр утгаар хийдэг байсан ба эхнэр шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч ******* гэдэг хүний данснаас өөр өөр утгатайгаар өөр өөр төлөлт хийгдэж байсан нь мөн нотлогддог. Хариуцагч тал нь *******гээс орж ирсэн мөнгийг төлсөн байхад түүнийг ын зээл гэж үзсэн гэж тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгчтэй зээлийн харилцаа үүсгэхээс өмнө хариуцагчаас зээл авсан нь нэхэмжлэгч болон түүний эхнэр *******ын данснаас 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 13 цаг 04 минутад нь өөрийн дансаар 20,000,000 төгрөгийг зээл гэх утгаар авч байгаа нь *******ын дансны хуулгаас харагдана.
7.3 Түүнчлэн, тухайн зээлийг авсны дараа 13 цаг 11 минутад аас ******* рүү 20,000,000 төгрөгийг зээл төлөв гэх утгаар буцаан шилжүүлсэн байдаг ба нэхэмжлэгч болон гэх хүний хооронд өөр нэг зээлийн харилцаа үүссэн байсан. 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн нь *******ийн данс руу 1,000,000 төгрөгийг хашаа байшингийн түрээс гэж хийснээс 640,000 төгрөгийг ******* ******* руу шилжүүлж байгаа гэх мэт маш олон төрлийн зээлийн харилцаа байсан бөгөөд өөрийн нэрээр зээл олгож байсан байдлаас болж зохигчдын хооронд ямар харилцаа үүссэн болохыг тодорхойлоход хэцүү болсон.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, хэргийг үнэн, зөв шийдвэрлэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шаардлагын үндэслэлээ ...нэхэмжлэгч нь *******д 35,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлүүлсэн. ******* нь зээлийн эргэн төлөлтийг хариуцагчид шилжүүлж, улмаар хариуцагч нь 1 хувийн хүүг өөрт суутган авч, үлдэх мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй байсан. Гэвч ******* нь үндсэн зээл 35,000,000 төгрөг, зээлийн хүү, алдангид 18,907,772 төгрөг, нийт 53,907,772 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн боловч хариуцагч нь уг үнийн дүнгээс 25,126,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй /2хх 206/ тул 20,000,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.
2.1 Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Хэлэлцэн тохиролцсоны дагуу *******гээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид бүрэн шилжүүлсэн. Үүнээс 13,884,000 төгрөг илүү төлсөн. Мөн ******* нь нэхэмжлэгчээс 35,000,000 төгрөг зээлээд 15,000,000 төгрөгийг 1 сарын дараа буцаагаад авсан байхад бүх хүүгийн төлбөрийг төлөх үндэслэлгүй. 15,000,000 төгрөгт ногдох хүү болох 7,987,500 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчээс буцаан шаардах эрхтэй. Иймд *******аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нийт 21,871,500 төгрөг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргасан.
2.2 Нэхэмжлэгч нь дээрх сөрөг шаардлагыг ...Нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр т 20,000,000 төгрөгийн зээлийг мөн эхнэр *******ынхаа данснаас шилжүүлж олгосон. Зээлийн хүү мөн хариуцагчийн дансаар дамжиж төлөгддөг байсан. Ингээд энэ зээлийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төлж дуусгасан. Хариуцагчийн зүгээс 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төлж дуусгаснаар уг зээлийг бүрэн төлөгдсөн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзээд ын зээлийн төлбөрийн баталгаа болгож шилжүүлсэн байсан хашаа байшин, газрыг нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр буцааж шилжүүлсэн. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үгүйсгэн маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна.
4.1 ******* нь *******тэй 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2249 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр ******* нь 35,000,000 төгрөгийг, нэг сарын 5 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай *******д зээлүүлэх, ******* нь хүүгийн төлбөрийг сар бүр төлөхөөр үндсэн төлбөрийг 2 тэнцүү хуваан 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 17,500,000 төгрөгийг, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 17,500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. /1хх 4/
4.2 Уг зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч *******ын авах ёстой зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч ******* нь хариуцагч *******д шилжүүлж, ******* нь тухайн зээлийн гэрээний хүү 5 хувийн 1 хувийн хүүтэй тэнцэх мөнгөн хөрөнгийг ажлын хөлс агуулгаар авч, үлдэх хэсгийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцсон. Уг тохиролцооны талаар зохигч маргаагүй.
5. Анхан шатны шүүх дээрх тохиролцооны дагуу ******* болон ******* нарын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэл муутай болсон байна.
5.1 Дээрх зүйлд зааснаар зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг. Талуудын маргаагүй үйл баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчийг бусадтай зээлийн гэрээ байгуулахад зуучилсан гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь, зуучлалын гэрээний зуучлагчид хөлс, шагнал төлөх журам нь үргэлжилсэн шинжийг агуулдаггүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь зээлийн гэрээний хүүгийн төлбөрийн тодорхой хувийг, тодорхой хугацаанд авч байхаар буюу цаг хугацааны хувьд хөлс, шагналыг үргэлжилсэн шинжтэй хүртэж байгаа нь зуучлалын гэрээний шинжийг үгүйсгэж байна.
5.2 Түүнчлэн, мөн хуулийн 412 дугаар зүйлийн 412.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээ байгуулахад зуучлахад зуучлалын гэрээний ерөнхий журам үйлчлэх бөгөөд мөн зүйлийн 412.2 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээнд зуучлах гэрээг бичгээр хийнэ. Хэрэгт авагдсан баримтаар талууд уг гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.
6. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.
6.1 Учир нь, даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ын *******гээс авах зээлийн төлбөрийг шилжүүлэх үүргийг хүлээсэн, харин *******ын *******гээс авах зээлийн төлбөрийн 1 хувийн хүүгийн төлбөрийг ******* авахаар харилцан тохиролцсон байна. Энэхүү үйл баримт, талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний шинжийг илүү агуулсан байна.
7. Нэхэмжлэгч болон ******* нарын байгуулсан гэх 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт *******гээс хариуцагчид нийт 53,907,772 төгрөг шилжүүлсэн талаар зохигч маргаагүй. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан Хаан банк ХК дахь *******ийн эзэмшлийн дугаартай дансны хуулгаар 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хооронд дээрх 53,907,772 төгрөгийг нэхэмжлэгчийн заасан этгээд болох ын Хаан банк ХК дахь ******* дугаар дансанд хариуцагч шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /1хх 172-207, 2хх 34-111/ Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх тул нэхэмжлэгч нь 20,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагчийн ...нэхэмжлэгчид мөнгөн хөрөнгийг бүрэн шилжүүлсэн гэх татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлтэй.
7.1 Түүнчлэн, нэхэмжлэгч нь шаардлага, үндэслэлээ дээрх зээлийн гэрээний хүрээнд тодорхойлсон. Шүүх шаардлага, үндэслэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэнэ. Хэрэгт авагдсан баримтаар Хаан банк ХК дахь ын эзэмшлийн ******* дугаар данснаас 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөгийг гэх гүйлгээний утгаар хариуцагчид шилжүүлсэн. /2хх 34/ Тухайн 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
8. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******т *******гээс авах зээлийн төлбөрт 21,871,500 төгрөгийг илүү шилжүүлсэн тул буцаан гаргуулна гэх сөрөг шаардлага гаргасан.
8.1 Хэрэгт авагдсан баримтаар *******гээс нэхэмжлэгч *******т төлөх ёстой төлбөрт илүү төлсөн гэх байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс ******* болон ******* нарын хооронд тохиролцсон гэрээний дагуу тухайн мөнгөн хөрөнгийг илүү шилжүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч нь нэхэмжлэгчээс 21,871,500 төгрөг шаардах эрхгүй. Анхан шатны шүүхийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэл үндэслэлтэй. Энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2024/04219 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул *******д холбогдох, 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын үндсэн нэхэмжлэлийг, *******т холбогдох, 21,871,500 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525,260 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
М.БАЯСГАЛАН