Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2019/0651

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М”-ны

 “Ү”-ийн гомдолтой

зөрчлийн хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ж, хариуцагч татварын улсын байцаагч Н.А, Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0736 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч татварын улсын байцаагч Н.А, Б.С нарын давж заалдах гомдлоор, “М” “Ү”-ийн гомдолтой, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Аг, Б.С нарт холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. “М Ү”-ийн захирал Н.Э 2018 оны 6 дугаар сарын 3-ны өдөр шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа:

“Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “М Ү”-ийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, /.........0/ Нарны зам гудамж, .......... тоот хаягт байрлах .........дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй үйл хөдлөх эд хөрөнгөнд ногдуулсан ....... /.........../ төгрөг бүхий ............. дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0736 дугаар шийдвэрээр:

“Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2, 6.6 дугаар зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан “М Үйлдвэр үйлчилгээний төв”-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Н.А, Б.С нарын хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2018 оны 252018240 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч татварын улсын байцаагч Н.А, Б.С нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “...Хэрэгт нотлох баримтаар 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 252018240, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 252018240 дугаартай 2 шийтгэлийн хуудас авагдсан байх бөгөөд дугаар, утга агуулгын хувьд ижил боловч 2018 оны 05, 06 сар гэж зөрүүтэй бичигдсэн байна, Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар тогтоолд “...Татварын улсын байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 252018240 дүгээр шийтгэлийн хуудсаар ...нийт .......... төгрөгийн төлбөр ногдуулсан нь хуулийн үндэслэлтэй байна” ...хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт “...хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаад 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 252018240 дугаар шийтгэлийн хуудас бичсэн...” гэснийг дурдах нь зүйтэй байна” гэж дүгнэсэн нь утга агуулгын болоод хариуцлага оногдуулсан дүнгээр тооцооллын зөрүүгүй, зөвхөн огнооны бичилбэрийн алдааг Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг зөрчсөн мэтээр буруу хэрэглэн шийдвэрлэсэн.

Учир нь тус шийтгэлийн хуудас нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн зөрчлийн хэргийн бүртгэлд 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 25/0200237 дугаарт бүртгэгдэж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хянагдсан. Мөн холбогдох тооцооллын хавсралтууд, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, ЭШША-23 маягт, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл зэрэг баримтууд 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр үйлдэгдэж, татварын албаны хяналт шалгалтын “Ф” программд хийгдсэн тооцоолол хавсралтууд 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөр хийгдэж архивлагдсан байна. Татварын алба нь татвар төлөгчийн өмнөх 5 жилийн санхүүгийн анхан шатны баримтыг нөхөн шалгаж хариуцлага ногдуулдаг онцлогтой байгууллага юм.

2. Мөн шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заасан. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д “төсвийн байгууллагын нэхэмжлэл”, 41.4-т “төсөвт төлөх албан татвар, хураамж, төлбөр, торгууль, хүү, алдангийг төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэл” чөлөөлөгдөх талаар заасан ба төсвийн байгууллага улсын тэмдэгтийн хураамжийг төлөх боломжгүй, энэ талаар төсөвт тусгагдаагүй болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 736 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, шийтгэлийн хуудсыг хэвээр баталж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны гол үйл баримтад огт дүгнэлт хийлгүйгээр зөвхөн шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, огнооны хувьд зөрүүтэй гэх үндэслэлээр гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д заасан “шүүх нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөөгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэх нөхцөлийг бүрдүүлсэн байх тул хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Хариуцагч татварын улсын байцаагчдаас шийтгэлийн хуудсыг 2018 оны 6 дугаар сарын 29-ны өдөр гаргасан байх бөгөөд харин 5 дугаар сарын 29-ний өдрөөр огноолсон шийтгэлийн хуудас нь бичиглэлийн алдаатай гэдгийг тус тус хүлээн зөвшөөрдөг, түүнчлэн огнооны хувьд зөрүүтэй ч агуулга, дүнгийн хувьд ямар ч зөрүүгүй, адилхан байхад зөвхөн огноо зөрүүтэй шийтгэлийн хуудас хэрэгт авагдсан гэдгээр энэ талаарх хариуцагчийн тайлбар, шийтгэлийн хуудастай хамааралтай бусад нотлох баримтын огноог харгалзан үзэлгүйгээр үүнийг гомдлыг хангах 1 үндэслэлээ болгосон нь буруу.

Мөн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэгчээс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Нарны зам ......-т байрлах 2016 онд баригдаж ашиглалтад орсон “А” зочид буудлын барилгын үл хөдлөх эд хөрөнгийн татварын ногдлыг өөрсдийнх нь тайлбарласанчилан чухам хэдийд анх харьцаж байсан гэх Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст тайлагнасан болох, хэрэв тайлагнасан тохиолдолд Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст тайлагна гэсэн хариуг холбогдох татварын албанаас хэдийд өгсөн болох, мөн тухайн үед төлсөн гэх ....... сая төгрөг нь чухам аль үл хөдлөх эд хөрөнгийн татвар болох, 2016 оны үл хөдлөх эд хөрөнгийн тайланг татварын байгууллага хэзээ баталгаажуулсан болох, үнэхээр нэг жил /гомдол гаргагчийн хувьд 1.8 жил гэдэг/ гаруйн хугацаанд гаргасан тайланг татварын программд “шалгаж байна” гэсэн төлөвтэй байсан гэж үзвэл энэ нь ямар учиртай болох зэргийг тодруулж, холбогдох баримтыг цуглуулсны үндсэн дээр татварын ногдлыг Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст хугацаа хэтрүүлж тайлагнасанд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт өгөх байдлаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Тухайлбал гомдол гаргагчийн төлсөн гэх ........ сая төгрөгийн талаар Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар тогтоолд “…тус байгууллага нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст тус дүүргийн 2 дугаар хороо, ...., ...... мянгатад байршилтай 3 давхар барилгын /энэ нь одоогийн зочид буудлын барилгаас өөр/ үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараар 2017 оны эхэнд 13.1 сая төгрөгийн дутуу үлдэгдэлтэй, тайлант хугацаанд ......... төгрөгийн ногдолтой, мөн хугацаанд ........ сая төгрөг төлж, оны эцэст .......... төгрөгийн дутуу үлдэгдэлтэй байсан нь татварын албаны цахим мэдээллийн сангийн татвар тооцооллын жагсаалтаар нотлогдож байна…” гэж дүгнэснээс гадна энэ талаарх баримт хэргийн 81 дэх талд авагджээ.

Мөн гомдол гаргагчаас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст тайлагнахгүй Чингэлтэй дүүрэгт тайлагнасан нь буруу гэх байдлаар хариуцлага ногдуулсан тохиолдолд хүлээн зөвшөөрнө, харин хугацаандаа тайлагнаагүйгээс үүссэн торгууль, алданги нь нэхэмжлэгчийн бус татварын байгууллагын нэгдмэл биш байдлаас шалтгаалсан гэж маргаж байгаа энэ тохиолдолд дээрх баримтуудыг цуглуулсны үндсэн дээр дүгнэлт хийх нь зүйтэй.

Харин хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын нэг үндэслэл болох улсын тэмдэгтийн хураамжийн тухайд гомдол хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж, гомдол гаргагчид олгох нь хуулийн шаардлага бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т заасан зохицуулалт нь төсөвт төлөх албан татвар, хураамж, төлбөр, торгууль, хүү, алдангийг төлүүлэх талаар “нэхэмжлэл” гаргах, эсхүл шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах тохиолдолд л тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тухай ойлголт болно.

Иймд анхан шатны журмаар хэргийг дахин хянаж шийдвэрлэхдээ тэмдэгтийн хураамжийг хариуцагчдаар нөхөн төлүүлэх эсэх нь гомдлын шаардлага хангагдах эсэхээс шууд хамаарна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0736 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН