Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2022/0310/з |
Дугаар | 001/ХТ2024/0043 |
Огноо | 2024-04-22 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2024/0043
З.Б-ийн нэхэмжлэлтэй,
газрын даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Шүүгчид: Г.Банзрагч
Х.Батсүрэн
Ц.Цогт
Илтгэгч: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2023/0823 дугаар шийдвэр
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2024/0046 дугаар магадлалтай
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 001/ШХТ2024/0088 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: “Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дугаартай “З.Б-ийг шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоолгон хүчингүй болгуулж, эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн, томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах”
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
2.1.“З.Б миний бие Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар тус газрын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар жинхлэн томилогдож, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн, төрийн захиргааны албан хаагч, Т3-7 зэрэглэлийн 2 дугаар шатлалаар цалинжиж байсан. Улмаар Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дүгээр “Шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалаар 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлж, Ховд аймгийн мал эмнэлгийн газарт шилжүүлэн уг тушаалыг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/1068 дугаар албан бичгээр Ховд аймгийн мал эмнэлгийн газрын дарга Д.Б-д хүргүүлсэн.
2.2.Ховд аймгийн мал эмнэлгийн газрын дарга Мал эмнэлгийн ерөнхий газарт 3.Б-ийг ажилд томилох боломжгүй гэсэн хариу өгөөгүй харин ажилд томилно хүлээж бай гэсэн атлаа намайг ажилд томилохгүй бүтэн 6 сар амаар ажилд томилно хүлээж бай гэж хүлээлгэсэн тул миний бие 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн мал эмнэлгийн газарт бичгээр өргөдөл гаргасан. Гэтэл Ховд аймгийн мал эмнэлгийн газраас миний өргөдлийн хариуг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 112 дугаартай “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” албан бичиг ирүүлж ... томилон ажиллуулах боломжгүй болох талаар мэдэгдсэн.
2.3.Миний бие Төрийн албаны зөвлөлд 2021 онд 04 дүгээр сарын 31-ний өдөр гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөл 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 01/1259 дугаартай “Гомдлын хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “...дээрх асуудлаар шүүхийн байгууллагад хандах эрхтэй болохыг танд зөвлөе” гэсэн хариу ирүүлсэн тул миний бие Ховд аймгийн мал эмнэлгийн газрын даргын ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор Ховд аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхээр шийдвэрлүүлж үргэлжлүүлсний дагуу Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дүгээр 3.Б-ийг шилжүүлэн ажиллуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахаар ажлаас үндэслэлгүй халагдсан гэх үндэслэлээр тасралтгүй шүүхээр маргаж байна. ...” гэжээ.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар: “... Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.3, 8.3.2, 8.3.5, 8.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаас хуулиар олгогдсон эрхийн хүрээнд уг шийдвэрийг гаргасан. З.Б-ийг өөрийнх хүсэлтийн дагуу Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжүүлсэн, Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг Дуут сум дахь мал эмнэлгийн тасгийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд 6 сарын туршилтын хугацаагаар томилсон боловч өөрөө энэ ажилд ажиллаагүй. Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргад холбогдох маргаан 3 шатны шүүхээр шийдвэрлэгдэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байдаг. ... З.Б нь маргаан бүхий захиргааны актын талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байхад түүнийг үндэслэлгүйгээр сэргээсэн нь хууль бус юм” гэх зэргээр маргажээ.
4.Хэргийн нөхцөл байдал:
4.1. Нэхэмжлэгч З.Б нь Мал эмнэлгийн ерөнхий газрын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн маргаан бүхий Б/69 дүгээр тушаалаар түүнийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон ажил, албан тушаалаас нь чөлөөлж, Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжүүлж, мөн газрын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/1068 тоот албан бичгээр дээрх тушаалыг Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт хүргүүлж, нэхэмжлэгчийг ажлын байраар хангахыг үүрэг болгосон байна.
4.2.Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг Дуут сум дахь мал эмнэлгийн тасгийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд 6 сарын туршилтын хугацаагаар томилсон байна. Тухайн албан тушаалд нэхэмжлэгч ажиллаагүй, түүнд цалин хөлс олгогдоогүй, энэ талаар талууд маргаагүй байна.
4.3. Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 112 дугаар “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “... Ховд аймгийн мал эмнэлгийн газрын Захиргаа санхүүгийн албаны даргын албан тушаалд Төрийн албаны зөвлөл, Аудитын байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу сул орон тоог зарлаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг авч ажиллуулах тул таныг тухайн албан тушаалд томилон ажиллуулах боломжгүй болохыг үүгээр мэдэгдье” гэх хариуг З.Б-д хүргүүлсэн.
4.4. Үүнийг эс зөвшөөрч З.Б-ээс 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дүгээр “З.Б-ийг шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалыг биелүүлж тохирох албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ... даалгах” нэхэмжлэл гаргаж, маргасан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 89 дүгээр магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээжээ. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ... тогтоолоор нэхэмжлэгчийн гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна.
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр:
5.1.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг баримтлан Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дүгээр тушаалыг дахин шинэ акт гарах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлыг сайтар судалж дахин шинэ акт гаргахыг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 2 (хоёр) сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцохоор шийдвэрлэсэн, ингэхдээ дараах агуулгатай дүгнэлтүүдийг хийсэн байна.
5.2.”... Нэхэмжлэгч нь хариуцагчтай шилжин ажиллах талаар харилцан тохиролцсон, энэ талаар маргадаггүй хэдий ч энэ нь дан ганц тэдгээрийн хооронд хийгдэх харилцаа биш. ... Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгчийн бичгээр гаргасан хүсэлтийг аваагүй, шилжин очих Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргатай зөвшилцөөгүй, түүнийг ямар ажил, албан тушаалд шилжүүлж байгаа нь тодорхойгүй.
5.3. ... Хэдийгээр Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг Дуут сум дахь мал эмнэлгийн тасгийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд 6 сарын туршилтын хугацаагаар томилсон хэдий ч нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд ажиллаагүй болохыг дурдах нь зүйтэй.
5.4. Маргаан бүхий тушаалыг нэхэмжлэгч нь тухайн цаг хугацаанаас нь мэдсэн, хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийг шууд буруутгаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй.
5.5.Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжин ажиллах хүсэл зориг байгаа эсэх, байгаа бол төрийн албаны ямар ангилал, зэрэглэлд хамаарах албан тушаалд томилогдохыг хүсэж байгаа эсэх, тухайн албан тушаал нь Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт сул байгаа эсэх, мөн түүнийг ажиллуулах боломжтой эсэх талаар бичгээр ирүүлсэн саналыг зайлшгүй авах шаардлагатай, дээрх нөхцөл байдлыг тогтоох нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байх тул маргаан бүхий захиргааны актыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй” гэжээ.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал:
6.1. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 57 дугаар зүйлийн 57.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 823 дугаар шийдвэрийн 1, 2, 3 дахь заалтыг нэгтгэн, 1. “Нэхэмжлэгч З.Б-ээс Мал эмнэлгийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 4 дэх заалтын дугаарыг “2”, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэхдээ, дараах дүгнэлтийг хийсэн:
6.2.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд дээрх хуульд заасан төрийн албан хаагчийг төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулах урьдач нөхцөлүүд хангагдаагүй байна.
6.3.Төрийн албаны тухай хууль болон журамд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах зорилго, зохицуулалтаас үзвэл нэгдүгээрт ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг өөртэй нь зөвшилцөн, хоёрдугаарт, тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар шилжүүлэн ажиллуулж болох бөгөөд ингэхдээ хоёр байгууллагын удирдлагууд харилцан тохиролцсон байхыг шаардана.
6.4.Гэтэл нэхэмжлэгчийн шилжин очих Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргатай зөвшилцөөгүй, албан ажлын зайлшгүй шаардлага тогтоогдоогүй, мөн нэг албан тушаалд 10 ба түүнээс дээш жил ажилласан байх хуулийн урьдчилсан нөхцөл бүрдээгүй байхад хариуцагч Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга нь маргаан бүхий тушаалыг гаргаж, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын хоёр дахь хэсгийн 2.1-д тус тус заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
6.5. ... Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах...” нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж /байхад/ ... анхан шатны шүүхээс “ ...нэхэмжлэгч нь Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжин ажиллах хүсэл зориг байгаа эсэх, байгаа бол төрийн ямар ангилал зэрэглэлд хамаарах албан тушаалд томилогдохыг хүсэж байгаа эсэх, тухайн албан тушаал нь Ховд аймгийн мал эмнэлгийн газарт сул байгаа эсэх, мөн түүнийг ажиллуулах боломжтой эсэх талаар бичгээр ирүүлсэн саналыг зайлшгүй авах шаардлагатай, дээрх нөхцөл байдлыг тогтоох нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн” гэж дүгнэн маргаан бүхий захиргааны актыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
6.6. ... Нэгэнт маргаан бүхий акт хууль бус болох нь тогтоогдож, шүүх хүчингүй болгохоор шийдвэрлэж байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчид 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш З.Б-ийг урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацааны цалин хөлсийг хуульд заасан журмын дагуу тооцож олгуулахаар шийдвэрлэлээ” гэжээ.
7.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
7.1.“... Нэхэмжлэгч З.Б нь Мал эмнэлгийн ерөнхий газрын хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр буюу тус газрын хууль эрх зүйн асуудлыг дангаар хариуцаж байсан. Хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 6 дугаар хавсралтаар баталсан ба албан тушаалын тодорхойлолтын гол зорилгод хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, захиргааны акт, гэрээ, баримт бичгийн эрх зүйн үндэслэлийг хянах, мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангах гэж тодорхойлжээ.
7.2.Өөрөөр хэлбэл, байгууллагын эрх бүх албан тушаалтнуудад хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх, даргын тушаал, шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянах үүрэгтэй албан тушаалтан нь эцсийн үр дагаврыг даргын өмнө хариуцахаар хуульчилсан буюу энэхүү эрхэлсэн ажил, үүргийнхээ хүрээнд Б/69 дүгээр тушаалын хууль, эрх зүйн үндэслэлийг хянаж, гарсан үр дагаврыг хариуцах үүрэгтэй.
7.3.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйл, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр тогтоолын дагуу шилжүүлэн ажиллуулахад ямар нөхцөлд шилжүүлдэг, ямар баримт бичиг үйлддэг, шилжин ажиллах хүсэлтээ гаргах, хоёр байгууллагын хооронд албан бичгээр харилцах зэргийг маш сайн мэдэж байх үүрэгтэй.
7.4.Нэхэмжлэгч З.Б нь эхнэр Ховд аймагт эмнэлэг байгуулсан, эхнэр дээрээ очно, Ховд руу шилжмээр байна гэх түүний хүсэл зоригийн дагуу холбогдох тушаал гарсан. Энэхүү өөрийнхөө (хувийн) ашиг сонирхлыг нэгт тавьж, өөртөө давуу байдал олгож, төрийн албаны тухай хууль тогтоомжийг санаатайгаар зөрчиж, эрхэлж буй ажил албан тушаалаа ашиглаж, тушаалаа өөрөө боловсруулсан гэж байгууллагын зүгээс үзэж байна.
7.5.Тухайн тушаал ажлын байраар хангах агуулгаар гарсан буюу З.Б-ийг Ховд аймгийн Дуут суманд улсын байцаагчаар томилж, тушаалын хэрэгжилт хангагдсан байдаг. З.Б нь тус ажлын байранд ажиллаагүй бөгөөд өөрт ашигтай байдлаар санаатайгаар зориуд нэхэмжлэлээ байнга өөрчилж, гэртээ байж байгаад өндөр цалин хөлсийг сул авна гэсэн хүсэл зорилгын үүднээс өөрийн боловсруулсан тушаалын хүрээнд маргасан.
7.6.Шүүхээс З.Б-ийн Төрийн албаны тухай хууль, тогтоомж, төрийн албан хаагчийн ёс зүйг ноцтой зөрчиж, өөртөө давуу байдал олгон албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ санаатайгаар зөрчиж, хууль зүйн туслалцаа үзүүлэх, хуульд нийцсэн тушаал, шийдвэр гаргах зарчмуудыг зөрчиж, өөрт ашигтай тушаал гаргуулсан үйл баримт (бодит нөхцөл байдал)-ыг үнэн зөвөөр үнэлж дүгнээгүй, тухайн тушаалыг баталсан эрх бүхий албан тушаалтан, байгууллагын даргаас холбогдох гэрчийн мэдүүлэг авах, холбогдох баримт цуглуулах ажиллагааг хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Хэргийг шийдвэрлэхдээ З.Б-ийн тухайн тушаалыг гаргахад оролцсон оролцоо, түүний хүсэл зориг, захиргааны актын хөөн хэлэлцэх хугацаа, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтууд зэрэгт тал бүрээс нь бодитойгоор үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэх учиртай.
7.7.Мөн З.Б нь маргаан бүхий захиргааны актын талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байхад түүнийг үндэслэлгүйгээр сэргээсэн нь хууль бус юм. Хэрэгт З.Б-ийн боловсруулсан тушаалын дагуу түүнд учирсан хохирол болох цалин хөлсийг түүнд олгуулах нь үндэслэлгүй.
7.8.Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг хоёр өөрөөр дүгнэн хэргийг шийдвэрлэж, шүүх хууль хэрэглээний зөрүү гаргасан, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2024/0046 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү” гэжээ.
8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 001/ШХТ2024/0088 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э-д 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр цахимаар танилцуулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А-д мөн өдөр мэдэгдсэн байна. Хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
10.Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
11. Нэг. Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дүгээр тушаалаар тус газарт Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан З.Б-ийг Ховд аймаг дахь Мал эмнэлгийн газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн, хариуцагчаас уг шийдвэрийг гаргах үндэслэл нь З.Б-ийн өөрийнх нь хүсэлт байсан гэж тайлбарладаг, нэхэмжлэгч уг үйл баримтыг үгүйсгээгүй байна.
12.Нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтээр өөр байгууллагад томилсон энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэсэн зохицуулалтын бүх урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардахгүй.
13.Нөгөө талаар нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гарсан Б/69 дүгээр тушаалтай тухайн үед маргаагүй, хүлээн зөвшөөрснөөр маргаан бүхий акт хүчин төгөлдөр болсон байна. Иймд энэ талаарх анхан шатны шүүхийн “... маргаан бүхий тушаалыг нэхэмжлэгч нь тухайн цаг хугацаанаас нь мэдсэн, хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийг шууд буруутгаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй” гэх дүгнэлт зөв, энэ үндэслэлээр Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дүгээр “З.Б-ийг шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй.
14.Нэхэмжлэгч З.Б-ээс 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргад холбогдуулан “Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дүгээр “З.Б-ийг шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалыг биелүүлж тохирох албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ... даалгах” нэхэмжлэл гаргаж маргасан, энэ нь Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дүгээр тушаалтай “анхнаасаа маргасан” гэж дүгнэх үндэслэл болохгүй, нэхэмжлэгч тухайн үед Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт ажилд томилуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан байхад давж заалдах шатны шүүх уг асуудлаар “... Б/69 дүгээр тушаалтай тасралтгүй маргасан” гэх агуулгатай буруу дүгнэлт хийжээ.
15. Хоёр. Хэргийн үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч З.Б нь өөрийн хүсэлтээр Ховд аймаг дахь Мал эмнэлэгийн газарт шилжин ажиллахаар очсон боловч түүнийг ижил түвшний ажил албан тушаалд Ховд аймгийн Мал эмнэлэгийн газар томилоогүй, тэрээр төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд энэ тохиолдолд төрийн албанаас халагдаагүй, чөлөөлөгдөөгүй байна.
16.Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” баталгааг төрийн албан хаагч эдлэхээр заасан, З.Б нь уг баталгаагаар хангагдах эрхтэй, нэгэнт Ховд аймгийн Мал эмнэлгийн газар нь шилжүүлэн томилсон төрийн албан хаагчийг ажлаар хангаагүй тул хариуцагч Мал эмнэлгийн ерөнхий газар нь З.Б-ийг ажил албан тушаалд нь буцаан томилох үүрэгтэй гэж үзнэ.
17.Иймд шүүх дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн үзэж, З.Б-ийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эргүүлэн томилохыг хариуцагч Мал эмнэлгийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв гэж үзэв.
18. Гурав. Нэгэнт Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дүгээр тушаалыг хууль бус гэсэн үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэгч З.Б-ийн “ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй.
19.Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дүгээр тушаалыг “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргасан, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааснаар тэрбээр 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, даалгах шаардлагыг дахин гаргасан байна.
20.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчаа өөрөө тодорхойлно, иймд нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлсноос шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бараг 2 жил үргэлжилсэнд хариуцагчийг бүрэн буруутгах үндэслэлгүй юм.
21.Нэхэмжлэгч З.Б-ээс 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Мал эмнэлэгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дугаартай тушаалыг “хууль бус захиргааны акт болохыг тогтоолгон хүчингүй болгуулж, эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн, томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, энэ шаардлагын хүрээнд шүүх хэргийг хэлэлцэн шийдвэрлэж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг нэгтгэн, З.Б-ийн хохирсон гэх буюу ажилгүй байсан хугацааны олговрыг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс хариуцагч түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь буцаан томилох хүртэлх хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
22.Маргаан бүхий актыг хүчингүй болгоогүй нь нэхэмжлэгчийг эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн энэхүү шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд саад болохгүй, хариуцагчаас нэхэмжлэгчийг томилсон шийдвэр гаргаснаар шилжүүлэн томилсон тушаалын эрх зүйн үйлчлэл дуусгавар болох учиртайг дурдаж байна.
23.Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2023/0823 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2024/0046 дугаар магадлалын 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч З.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, З.Б-ийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эргүүлэн томилохыг болон 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ажилд буцаан томилох хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулан, мөн хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч Мал эмнэлгийн ерөнхий газрын даргад даалгаж, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дүгээр “З.Б-ийг шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Х.БАТСҮРЭН
Ц.ЦОГТ