Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 181

 

П.Гантөмөрт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 1321 дүгээр шийтгэх тогтоолтой П.Гантөмөрт холбогдох 201525031008 дугаартай эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1973 онд төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, 2001 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

2002 онд Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, 2002 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 385 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 5 хоног хорих ялыг тэнсэж суллагдсан,

2004 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2004 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сар 1 хоног хорих ял шийтгүүлж, 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 262 дугаар шүүгчийн захирамжаар 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон өөрчилж эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр эдлээгүй үлдсэн 7 сар 28 хоног хорих ялыг тэнсэж суллагдсан,

2010 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жил хойшлуулсан,

2013 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2.808.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

2013 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жил хойшлуулсан,

2015 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ял шийтгүүлж байсан, Сувагт овогт Пүрэвийн Гантөмөр нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх П.Гантөмөрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 348 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жил хойшлуулсанаас үлдсэн хугацааг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч П.Гантөмөрт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж 1 сар баривчлах ял шийтгэж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч П.Гантөмөрийн насанд хүрээгүй хүүхэд Г.Тэгшжаргал, Г.Аззаяа, Г.Тэмүүлэн, Г.Ариунзаяа нарын асран хамгаалагчаар нөхөр Б.Орхонжаргал, хүү Г.Төгөлдөр нарыг тогтоож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтэд:  “... яллагдагч П.Гантөмөр нь 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн гутлын тасгаас эмэгтэй хүний гутал хулгайлж, 205.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ял шийтгүүлж, 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хугацаа дуусч суллагджээ.

П.Гантөмөр нь дээрх шийтгэх тогтоол гарахын өмнө 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Говь” ХК-ийн дэлгүүрээс 370.000 төгрөгийн үнэтэй ноолууран нөмрөг хулгайлсан үйлдэл илэрч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.3-т заасан нөхцөл байдал буюу яллагдагч П.Гантөмөрт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгох үндэслэл тогтоогдсон тул П.Гантөмөрт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 1321 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, түүнд холбогдох эрүүгийн 201525031008 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгахаар дүгнэлт бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл “... П.Гантөмөрт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.3-т заасан нөхцөл байдал тогтоогдсон тул 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын дүгнэлтийг дэмжиж байна” гэв.

Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийн дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 1321 дүгээр шийтгэх тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-д зааснаар П.Гантөмөрт 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 348 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилээр хойшлуулсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, П.Гантөмөрт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж 1 сар баривчлах ялаар шийтгэж, 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байна.

П.Гантөмөр нь дээрх шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2015 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Говь” ХК-ийн дэлгүүрээс 370.000 төгрөгийн үнэтэй цэнхэр өнгийн эмэгтэй ноолууран нөмрөг хулгайлсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдож, шүүхийн тогтоол гаргах үед мэдэгдээгүй байсан, өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.3-т заасан урьд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэснээс хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх нөхцөл байдал шинээр илэрсэн байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 1321 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П.Гантөмөрт холбогдох 201525031008 дугаартай хэргийг 201626030244 дугаартай хэрэгт нэгтгэн шалгуулахаар мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 362 дугаар зүйлийн 362.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 1321 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П.Гантөмөрт холбогдох 201626030244 дугаартай эрүүгийн хэргийг 201525031008 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэж мөрдөн байцаалт хийлгэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол П.Гантөмөрт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                            ДАРГАЛАГЧ

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                          Т.УРАНЦЭЦЭГ

                            ШҮҮГЧ                                                                                 Б.ЦОГТ