Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 143

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

            Улсын яллагч П.Нямцэцэг,

            Шүүгдэгч П.Гантөмөр, түүний өмгөөлөгч П.Батбүрэн нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сувагт овогт Пүрэвийн Гантөмөрт холбогдох 201525031008 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 15-нд хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1973 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, эмэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, эсгүүрчин мэргэжилтэй, одоо Баянгол дүүргийн нутаг дэвгэрт Урьхан нэртэй цайны газарт үйлчлэгч ажилтай гэх, ам бүл 5, 4 хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 12-5 тоотод оршин суух бүртгэлтэй, төрөөс авсан гавъяа шагналгүй,

            2001 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 94 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар,

            2002 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 219 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 5 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон,

            2004 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 337 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            2004 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 327 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 01 хоногийн хугацагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.3-т зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 10 жил 01 хоногийн хугацаагаар хорих ял дээр 2004 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 337 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 10 жил 6 сар 01 хоногийн хугацаагаар тогтоож, 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн “Хуулийн тэгшитгэлд хамруулах тухай” 262 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 гэснийг 145 дугаар зүйлийн 145.2 болгон зүйлчилж, эдлээгүй үлсэн 10 сар 17 хоногийн ялыг эдлүүлэхээр тогтоож, 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 389 дүгээр шүүгчийн захирамжаар 7 сар 28 хоногийн хорих ялыг тэнсэж сулласан,

            2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 337 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 147 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2.808.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

            2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 348 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, Сувагт овогт Пүрэвийн Гантөмөр (РД:ХВ73070804),

нь (яллах дүгнэлтэд тэмдэглсэнээр) 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 348 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан буюу ялтай байх хугацаандаа,

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын Их дэлгүүрийн 3 давхрын гутлын тасгаас 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Хогл” брэндийн эмэгтэй хүний 1 хос гутал хулгайлж 205.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говь” ХХК-ийн дэлгүүрээс 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ноолууран нөмрөг хулгайлж 370.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж, хулгайн гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ зөвшөөрч байна. Одоо ажил хийж байгаа. Энэ шүүх хурал миний сүүлчийн хурал байх болно. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

            П.Гантөмөрөөс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Би 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Бөмбөгөр худалдааны төв орж хүүхдүүддээ ойр зуурын юм авсан. Тэгээд би Бөмбөгөр худалдааны төвөөс гараад Улсын их дэлгүүр орсон. Тухайн үед ажлын цаг дуусчихсан байсан 18 цаг хавьцаа болж байсан. Тэгээд би дэлгүүр рүү ороод, 3 давхар руу буугаад гутлын лангууны ойр орчмоор явсан. Тухайн үед хүн ихтэй худалдагч нь харагдахгүй байсан. Гутлын лангуун дээр нь нэг хайрцаг нь онгорхой гутал харагдаж байхаар нь гутлыг аваад цүнхээрээ хаагаад доошоо буугаад дэлгүүрээс гарсан. Тэгээд би урт цагааны тэнд явж байгаад танихгүй хүнд үзүүлээд 45.000 төгрөгөөр зараад гэр рүүгээ харьсан. 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 14 цагийн орчим би ганцаараа явж байгаад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Говь ХХК-ийн хямдралын дэлгүүр рүү орж хувцас сонирхож явж байгаад өлгүүрт байсан цэнхэр өнгийн ноолууран нөмрөгийг өлгүүрээс аваад толинд биедээ үзчихээд буцаагаад өлгөх гэсэн чинь дохиолол нь сул унах гэж байхаар нь татчихсан чинь авагдсан. Тэгэхээр нь нөмрөгийг өлгүүрт өлгөчихөөд заалыг нэг тойроод өлгүүрт өлгөсөн дохиолол нь салсан цэнхэр өнгийн нөмрөгийг аваад цүнхэндээ хийгээд аваад гарсан. Харин дохиоллыг хаана тавьснаа санахгүй байна. Хямдралын дэлгүүрээс авсан нөмрөгөө Бөмбөгөр худалдааны төвийн орчим явж байсан эмэгтэйд 30,000 төгрөгөөр зарсан, тэр нөмрөг зарсан эмэгтэйг одоо харвал танихгүй гэжээ.

            Хохирогч байгууллагуудын төлөөлөгч нараас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

            1.Б.Түмэнжаргалаас:-Би 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гутлын тасаг дээрээ үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 18 цаг 40 минутын үед Hogl брэндийн 7101024 кодтой 38 размерийн эмэгтэй хүний 1 хос гутал хулгайд алдсан юм. Тэгээд би хамгаалагч Ц.Цэвэлмаа ахад мэдэгдэж 3 давхарын камерийн бичлэгийг нь шүүж үзэхэд П.Гантөмөр гэдэг хүн тавиур дээр байсан хайрцагтай гутлыг үзэж байгаад цаашаа яваад эргэж ирээд хайрцагнаас нь аваад цүнхэндээ нэг өрөөснийг нь хийгээд нөгөө өрөөснийг нь урд ширээнээс авч байгаа бичлэг байсан. Гантөмөр нь 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр цэнхэр өнгийн хагас ханцуйтай футболктой хажуу талдаа шаргал өнгийн цүнхтэй явж байгаа бичлэг байсан гэжээ.

            2.Н.Нарангэрэлээс:-2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай хямдралын дэлгүүрт зарж байсан хувцасны халааснаас хувцсанд зүүдэг дохиолол олдохоор нь манай хамгаалагч Цэнд-Аюуш хяналтын камерыг шүүж үзэхэд 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 40 орчим насны эмэгтэй хүн төв дэлгүүрээс 175.000 төгрөгний ноолууран өмд 3 ширхэгийг, хямдралын дэлгүүрээс 370.000 төгрөгний нөмрөгийг хулгайлан авч байгаа бичлэг байсан. Дээрх 40 орчим насны эмэгтэй нь төв дэлгүүрийн зааланд сагсан дотор зарж байсан цагаан шаргал өнгийн ноолууран 3 ширхэг өмдийг аваад хувцас солих өрөөнд орж хувцасны дохиоллыг салган буцаж сагсан дээр ирэн хувцасны дохиоллыг сагсан дээр байгаа зарж байгаа хувцасны доогуур нуугаад нөмрөгөөр хааж байгаад авсан өмднүүдээ цүнхэндээ хийгээд нөмрөгийг хувцасны тавиур дээр тавьж байсан. Харин хямдралын дэлгүүрт орж зарж байгаа бүтээгдэхүүн дундаас өлгүүрт байсан нөмрөгийн дохиоллыг салган цүнхэндээ хийгээд аваад гарч байсан гэжээ.

            Гэрчүүдээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

1.Б.Одзаяагаас:-Би Улсын их дэлгүүрт борлуулагч хийдэг юм. Түмэнжаргал бид 2 цуг ажилладаг юм. 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Түмэнжаргал Nogl брэндийн эмэгтэй хүний 1 хос гутал алдсан гэж байсан. Тэгээд тухайн үед 3 давхрын камерын бичлэгийг үзсэн чинь одоо цагдаад баригдаад шалгагдаж байгаа Гантөмөр гэдэг эмэгтэй хүний нүд хариулж байгаад гутлын тавиур дээрээс гутал аваад өвөр рүүгээ хийж байгаа камерын бичлэг байсан гэжээ.

2.Ц.Цэвэлмаагаас:-Намайг 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Улсын их дэлгүүрийн 2-3 давхарт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 17 цагийн орчимд 3 давхрын Жокс гутлын тасгийн борлуулагч Түмэнжаргал гэдэг охин ирээд 40 орчим настай цэнхэр өнгийн футболктой нээх өндөргүй ойролцоогоор 167 см өндөртэй эмэгтэй 1 хос гутал авчихлаа гэж хэлсэн. Тэгээд Түмэнжаргал бид хойноос нь хөөгөөд гүйцэлгүй алдчихсан юм. 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн үед үүрэг гүйцэтгэж байх хугацаанд борлуулагч Түмэнжаргал нь 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хулгай хийсэн эгч 3 давхарт явж байна гэж хэлсэн. Тэгээд дэлгүүрийн 3 давхрын баруун талын шатаар 3 давхраас 2 давхар руу бууж байхаар нь хулгай хийж байсан хүүхэнийг барьж аваад цагдаа дуудаж хүлээлгэн өгсөн гэжээ.

3.Э.Цэнд-Аюушаас:-2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай Говь ХК-ийн хямдралын барааны дэлгүүрт зарагдаж байсан ноолууран хувцасны дунд зарагдаж байгаа хувцсанд зүүдэг дохиолол олдохоор нь би хяналтын камер ухрааж шалгахад 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хямдралын дэлгүүрээс 40 орчим насны эмэгтэй хүн өлгүүрт зарж байсан ноолууран нөмрөгний дохиолол салган дохиоллыг эвхэж тавьсан хувцасны голоор хийж нөмрөгөө цүнхэндээ хийгээд гарч байсан бичлэг байсан. Тэр эмэгтэй хулгайлсан нөмрөгөө цүнхэндээ хийгээд дэлгүүрээс гарч байсан. Тэр эмэгтэй мөн Төв дэлгүүр рүү ороод зааланд сагсанд байсан ноолууран хувцас аваад хувцас солих өрөө рүү орж буцаж гарч ирээд тавиур дээр хувцас тавиад гарч байсан. Тэгээд нэг сарын дараа тэр эмэгтэй орж ирээд гараад явахад нь би алдчихсан. 10 хоногийн дараа дахин тэр эмэгтэй Төв дэлгүүр рүү орж ирээд заал нэг тойроод гараад явахад нь бид нар араас нь очиж тэр эмэгтэйтэй уулзаж шалгах зүйл байна гэдгийг нь хэлээд захирлын өрөө рүү дагуулж орсон гэжээ.

4.Ч.Сугаррагчаагаас:-2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай Говь ХК-ийн хямдралын барааны дэлгүүрт зарагдаж байсан ноолууран хувцасны дунд хувцсанд зүүдэг дохиолол олдохоор нь манай хамгаалалтын албаны Цэнд-Аюуш хяналтын камер ухрааж шалгахад 2015 оны 11 дугаар сарын 08-ны өдөр Хямдралын дэлгүүрээс 40 орчим насны эмэгтэй хүн өлгүүрт зарж байсан ноолууран нөмрөгний дохиолол салган дохиоллыг эвхэж тавьсан хувцасны голоор хийж нөмрөгөө цүнхэндээ хийгээд гарч байсан бичлэг байсан. Дахиад хяналтын камераа шүүж үзэхэд тухайн өдөр Төв дэлгүүрээс 3 ширхэг ноолууран өмд аван хувцас солих өрөө рүү ороод буцан гарч ирсэн бичлэг байсан. Тэгээд 2016 оны 01 дугаар сарын 23-ны өдөр би ажил дээрээ ажлаа хийж байхад 2015 оны 11 дугаар сарын 08-ны өдөр манай хямдралын дэлгүүрээс ноолууран нөмрөг хулгай хийж байсан 40 орчим насны эмэгтэй Төв дэлгүүрт ороод заалаар явж байгаад буцан гарч байхад би дээрхи эмэгтэйг хойноос нь дуудаад дагуулж захирлын өрөө рүү орсон гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч П.Гантөмөр нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Улсын Их дэлгүүрийн 3 давхрын гутлын тасгаас 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Хогл” брэндийн эмэгтэй хүний 1 хос гутал хулгайлж 205.000 төгрөгийн, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Говь ХХК-ийн дэлгүүрээс 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ноолууран нөмрөг хулгайлж 370.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Түмэнжаргалын “3 давхарын камерийн бичлэгийг нь шүүж үзэхэд П.Гантөмөр гэдэг хүн тавиур дээр байсан хайрцагтай гутлыг үзэж байгаад цаашаа яваад эргэж ирээд хайрцагнаас нь аваад цүнхэндээ нэг өрөөснийг нь хийгээд нөгөө өрөөснийг нь урд ширээнээс авч байгаа бичлэг байсан” гэх мэдүүлэг, хохирогч Н.Нарангэрэлийн “2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай хямдралын дэлгүүрт зарж байсан хувцасны халааснаас хувцсанд зүүдэг дохиолол олдохоор нь манай хамгаалагч Цэнд-Аюуш хяналтын камерыг шүүж үзэхэд 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 40 орчим насны эмэгтэй хүн хямдралын дэлгүүрт орж зарж байгаа бүтээгдэхүүн дундаас өлгүүрт байсан нөмрөгийн дохиоллыг салган цүнхэндээ хийгээд аваад гарч байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Одзаяагийн “2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Түмэнжаргал Nogl брэндийн эмэгтэй хүний 1 хос гутал алдсан гэж байсан. Тэгээд тухайн үед 3 давхрын камерын бичлэгийг үзсэн чинь одоо цагдаад баригдаад шалгагдаж байгаа Гантөмөр гэдэг эмэгтэй хүний нүд хариулж байгаад гутлын тавиур дээрээс гутал аваад өвөр лүүгээ хийж байгаа камерын бичлэг байсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.Цэвэлмаагийн “2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн үед үүрэг гүйцэтгэж байх хугацаанд борлуулагч Түмэнжаргал нь 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хулгай хийсэн эгч 3 давхарт явж байна гэж хэлсэн. Тэгээд дэлгүүрийн 3 давхрын баруун талын шатаар 3 давхраас 2 давхар руу бууж байхаар нь хулгай хийж байсан хүүхнийг барьж аваад цагдаа дуудаж хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Э.Цэнд-Аюушийн “Хямдралын дэлгүүрээс 40 орчим насны эмэгтэй хүн өлгүүрт зарж байсан ноолууран нөмрөгний дохиолол салган дохиоллыг эвхэж тавьсан хувцасны голоор хийж нөмрөгөө цүнхэндээ хийгээд гарч байсан бичлэг байсан. Тэр эмэгтэй хулгайлсан нөмрөгөө цүнхэндээ хийгээд дэлгүүрээс гарч байсан.” гэх мэдүүлэг, гэрч Ч.Сугаррагчаагийн “…хяналтын камераа шүүж үзэхэд тухайн өдөр Төв дэлгүүрээс 3 ширхэг ноолууран өмд аван хувцас солих өрөө рүү ороод буцан гарч ирсэн бичлэг байсан. Тэгээд 2016 оны 01 дугаар сарын 23-ны өдөр би ажил дээрээ ажлаа хийж байхад 2015 оны 11 дугаар сарын 08-ны өдөр манай хямдралын дэлгүүрээс ноолууран нөмрөг хулгай хийж байсан 40 орчим насны эмэгтэй Төв дэлгүүрт ороод заалаар явж байгаад буцан гарч байхад би дээрхи эмэгтэйг хойноос нь дуудаад дагуулж захирлын өрөө рүү орсон” гэх мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ (хх-ийн 36-38х), бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Сувагт овогт Пүрэвийн Гантөмөрийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хохирлын хэмжээг Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэх үед буюу 2015 онд мөрдөгдөж байсан хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тодорхойлсон болно.

Шүүгдэгч П.Гантөмөр нь 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-т зааснаар дээрх шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болгогдсон тул түүнийг 2015 онд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс бусдад учруулсан хохирлыг нөхөн төлжээ.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хор арилсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн тул түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч П.Гантөмөрийн нэр дээр ямар нэг хөрөнгө байгаа болох нь баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-т зааснаар шүүгдэгч Пүрэвийн Гантөмөрт 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Сувагт овогт Пүрэвийн Гантөмөрийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч П.Гантөмөрийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 (хоёр) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч П.Гантөмөрт оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч П.Гантөмөрийн цагдан хоригдсон 30 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч П.Гантөмөрт оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавих үүргийг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

9.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Гантөмөрт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ