Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0493/З |
Дугаар | 221/МА2019/0652 |
Огноо | 2019-12-10 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2019/0652
|
|
|
“Ш” ХХК-ийн гомдолтой
зөрчлийн хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч, Н.Н, хариуцагч татварын улсын байцаагч Б.Н, О.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/Ш2019/0727 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, “Ш” ХХК-ийн гомдолтой, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Н, О.М нарт холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа:
“Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 252018051 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0727 дугаар шийдвэрээр:
“Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтыг баримтлан “Ш” ХХК-ийн гомдлыг шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 252018051 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “...мөн гомдол гаргагч “Ш” ХХК нь “М” ХХК, “Д” ХХК-тай бараа, материал худалдан авах гэрээ хийгээгүй, эрх зүйн харилцаа үүсгээгүй гэж үзэх боломжгүй. Учир нь хэрэгт дурдагдаж буй гэрээнүүдийг хуурамч, дүр үзүүлсэн, хүчин төгөлдөр бус гэж тогтоогоогүйн дээр тус компаниудын захирал Р.Б 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн “Бараа, материал худалдах, худалдан авах” 15/20 дугаар гэрээнд зурагдсан гарын үсэг эрүүгийн ........ дугаартай хэрэгт сэжигтнээр байцаалт авсан мэдүүлэгт Р.Б зурсан гарын үсэгтэй ижил байна” гэж дүгнэсэн нь зөвхөн нэг талыг барьж анхан шатны баримтуудыг үнэлсэн.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн.
Учир нь Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолоор дээрх компаниудын захирал Р.Б нь 2015-2016 онд 640 аж, ахуй нэгжид бараа борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын цахим шивэлт хийсэн болохыг тогтоосон. “Ш” ХХК-ийн худалдан авалт нь дээрх хугацаанд хамаарч байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас шалгалтанд хамруулах нэр ирүүлсний дагуу шалгаж шийтгэлийн хуудас бичигдсэн.
2. Мөн шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заасан. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д “төсвийн байгууллагын нэхэмжлэл”, 41.4-д “төсөвт төлөх албан татвар, хураамж, төлбөр, торгууль, хүү, алдангийг төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэл” чөлөөлөгдөх талаар заасан ба төсвийн байгууллага улсын тэмдэгтийн хураамжийг төлөх боломжгүй, энэ талаар төсөвт тусгагдаагүй болно.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 727 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон татварын улсын байцаагч Б.Н, О.М нараас “…удирдлагын зүгээс манай албаны барьж байсан бодлого гэвэл “Д” ХХК, “М” ХХК-иуд нь нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт хийдэг, хуурамч гүйлгээтэй газар тул эдгээрээс худалдан авалт хийсэн гэх бүх компанид хариуцлага ногдуулах ёстой гэж үзсэн, шалгалтад хамрагдсан бүх компаниудад энэхүү чиглэлийн дагуу шийтгэлийн хуудас бичиж байсан, татварын хяналт шалгалт ч ийм маягаар хийгдсэн, …тухайн үед өөрсдийнх нь баримтаар НӨАТ-тай бараа авч, түүнийгээ бусдад худалдан орлогод авсан, тэр хугацаандаа эргэж орсон зэргээс харахад энэ компанийн худалдан авалт бодитой байж магадгүй гэж бодож байсан, мөн худалдан авалтыг өөр компаниас авсан байж магадгүй гэдэг үндэслэлээр тодруулсан боловч нотолгоотой баримт гарч ирээгүй, ер нь хяналт шалгалтын үеэр энэхүү худалдан авалтыг бодитоор хийгдсэн гэдгийг үгүйсгээгүй, бидний хувьд тухайн баримтуудыг хуурамч, бодит эсэхийг тогтоох эрхгүй учраас эрүүгийн цагдаагийн газарт дүгнэлт бичиж өгсөн, “Д” ХХК, “М” ХХК-ийн тухайд ч нэхэмжлэгчид тухайн үнийн дүнгээр борлуулалт хийсэн гэдгээ тайлагнасан байсан, …гэвч худалдан авалтыг нотлох ямар ч баримт байсан тэдгээрийг бүхэлд нь хуурамч гэж үзнэ гэсэн удирдлагын чиг үүрэгтэйгээр шалгалт хийсэн…” гэх;
-мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “…төлбөрийг бэлнээр хийж байсан нь хуурамч гэж үзэх 1 шалтгаан болсон, өөрөөр хэлбэл бэлэн мөнгөний баримтуудыг хуурамчаар үйлдэх боломжтой…” гэх тайлбаруудаас тус тус үзэхэд татварын улсын байцаагчид “Ш” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтууд, түүгээр илэрхийлэгдэх нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалтыг бодитой бус гэдгийг нотлох баримтаар үгүйсгээгүй, зөвхөн удирдлагын өгсөн чиглэлээр зайлшгүй хий бичилттэй худалдан авалт хийсэн л байж таарна гэсэн “урьдчилсан дүгнэлт”-ээ бататгах зорилгоор хяналт шалгалтыг явуулжээ гэж дүгнэхээр байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцох”-оор, харин 14.5-д “албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасан.
Өөрөөр хэлбэл хариуцагчдаас “Ш” ХХК-ийн 2015-2016 онд “М” ХХК болон “Д” ХХК-иас нийтдээ ........ төгрөгийн барилгын материалыг нэмэгдсэн өртгийн албан татвартайгаар худалдан авч, улмаар нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн үнээр бусдад борлуулалт хийснийг нотлох санхүүгийн анхан шатны баримтууд болох падаан, Худалдах, худалдан авах гэрээ, бараа материалын зарлагын баримтууд, бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтууд, тооцоо нийлсэн акт, мөнгөн гүйлгээний тайлан, 2015, 2016 оны санхүүгийн тайлан баланс, кассын харилцах, авлага, өглөгийн тооцооны бүртгэл, бараа материалын сорилт, шинжилгээний дүн зэргийг зөвхөн Эрүүгийн цагдаагийн албанаас ирүүлсэн мэдээллээр үгүйсгэж, санхүүгийн эдгээр баримтууд бодитой эсэхэд огт дүгнэлт өгөөгүй нь “удирдлагаас өгсөн чиглэл”-ийн дагуу хяналт шалгалт хийсэн болохыг нотолж байна.
Гэтэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог ойлгохоор тодорхойлсон байхад хариуцагчдаас хэрэгт авагдсан баримтуудыг хуурамч гэж, “Ш” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн гэж буруутгасан ганц үндэслэл болох “удирдлагаас өгсөн чиглэл” гэдэг нь хуулиар тодорхойлсон анхан шатны баримтуудыг шууд үгүйсгэх буюу татварын хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн нотолгоо биш болно.
Иймд “Ш” ХХК-ийн дээрх худалдан авалтын бүрдүүлэлт хуулийн дагуу хийгдсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүйн дээр хариуцагчийн давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлаж буй “удирдлагаас өгсөн чиглэл” гэдгээр хэрэгт авагдсан баримтуудыг үгүйсгэх үндэслэлгүй.
Түүнчлэн “М” ХХК болон “Д” ХХК нь 2015-2016 онд огт бараа импортлоогүй биш, өөрөөр хэлбэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 228 дугаар дүгнэлтээр “М” ХХК ........ төгрөгийн, “Д” ХХК .........төгрөгийн бараа импортолсон болохыг тогтоосноос үзэхэд “Ш” ХХК-ийн эдгээр компаниас мөн онуудад нэмэгдсэн өртгийн албан татвартайгаар худалдан авсан бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг нотлох санхүүгийн анхан шатны баримтуудыг хуурамч гэж дүгнэх боломжгүй.
Харин хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын нэг үндэслэл болох улсын тэмдэгтийн хураамжийн тухайд гомдол хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж, гомдол гаргагчид олгох нь хуулийн шаардлага бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т заасан зохицуулалт нь төсөвт төлөх албан татвар, хураамж, төлбөр, торгууль, хүү, алдангийг төлүүлэх талаар “нэхэмжлэл” гаргах, эсхүл шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах тохиолдолд л тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тухай ойлголт болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0727 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН