Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2024/0053

 

 

О.Н, Д.О,

Л.О, Л.О.ц нарын нэхэмжлэлтэй,

Шүүхийн ерөнхий зөвлөлд

холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:                П.Соёл-Эрдэнэ

            Шүүгчид:                                 Д.Батбаатар

                                                               М.Батсуурь

    Х.Батсүрэн                                  

           Илтгэгч: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга:          Л.Содномдорж

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0904 дүгээр шийдвэр

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2024/0115 дугаар магадлалтай

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дугаар сарын 16-ны өдрийн 001/ШХТ2024/0133 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч Л.О.ц-ийн гомдлоор, нэхэмжлэгч Л.О, Л.О.ц, нэхэмжлэгч О.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Д.О (цахимаар), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дагуу нэхэмжлэгч нарыг өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг дутуу тооцож, зөрүүг олгохгүй байгаа хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, шүүгчээр ажиллаж байсан бидэнд нэг удаагийн тэтгэмжийн зөрүүд О.Н-д 70,200,000 төгрөг, Л.О-д 77,074,740 төгрөг, Л.О.ц-т 75,180,000 төгрөг, Д.Од 77,074,740 төгрөгийг тус тус гаргуулж олгохыг хариуцагчид даалгуулах”.

2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч О.Н Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр, Л.О Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр, Л.О.ц Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Д.О Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр тус тус ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээр, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гарган шийдвэрлүүлсэн. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-т зааснаар өндөр насны тэтгэвэрт гарах насны болзол хангасан гэж үзэн шүүгчийн албан тушаалаас өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөх үед төрөөс олгож буй 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгохдоо тооцож буй цалинг шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээгээр тооцон бидний харилцах данс уруу тус тус шилжүүлснийг буруу гэж үзэн зөрүүг тооцон гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2.2.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА/01138 дугаар магадлалаар Шүүхийн ерөнхий зөвлөл буюу захиргааны байгууллагад холбогдуулан нийтийн эрх зүйн хэм хэмжээ болох Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг үндэслэн маргасныг хэргийн харьяалал зөрчсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.3.Иймд харьяаллын дагуу төрийн албан хаагчийн эдэлбэл зохих эрхийг эдлүүлээгүй гэж үзэн дараах шаардлагыг гаргаж байна. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдсөн Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. сарын дундаж цалин гэдэг нь албан тушаалын цалин, нэмэгдлийн хамт авч байсан цалин хөлс хамаарах болно. Өмнө мөрдөгдөж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.хуульд заасан нас, болзлын дагуу өндөр насны тэтгэвэрт гарсан шүүгчид сүүлийн нэг жилийн цалингийн дунджаар тооцон 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгоно гэж хуульчилсан бөгөөд энэ заалт 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмэгдэн, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсон. Энэ тохиолдолд шүүгчид олгох 36 сарын тэтгэмжийг Төрийн албаны тухай хуулийн заалтыг баримтлан албан тушаалын цалингаар тооцон олгож байсан. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1. үндсэн цалин-аас, Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9. авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр гэж хуульчилсан нь хууль зүйн хувьд өөр ойлголт бөгөөд шүүгч нарын хувьд тусгайлан зохицуулсан хууль болох Шүүхийн тухай хуулийн зохих заалтаар зохицуулагдах учиртай.

2.4.Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 4 дүгээр бүлэг 4.4. Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж, нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй гэж заасан. Энэ нь төрийн албан хаагч нарын тухайлан зохицуулсан хуульд өөрөөр тусгасан тохиолдолд гарч болох бөгөөд, энэ тохиолдолд шийдвэрлэх зохицуулалт болно. Монгол Улсын шүүхийн тухай хуульд 36 сарын тэтгэмжийг өөрөөр тогтоосон гэж үзэж буй үндэслэл нь бусад төрийн албан хаагч нарын тухайд 36 сарын тэтгэмжийг тухайлсан хуульд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д зааснаар хэрэглээний хувьд өөрөөр тогтоосон.

2.5.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9. Шүүгчийг өөр өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцон нэг удаагийн тэтгэмж олгоно, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэх бөгөөд 46.3-т зааснаар Улсын Их Хурлаас баталснаар цалинг авч байсан бөгөөд ажиллаж байсан шүүгчийн тухайд дан ганц албан тушаалын цалин авч байсан шүүгч байх боломжгүй. Учир нь шүүгчийн тангараг өргөснөөр бүрэн эрхээ хэрэгжүүлж буй шүүгч нь шүүгчээр хэдэн жил ажилласан эсэхээс үл хамааран албан ажлын онцгой нөхцөлийн 40 хувийн нэмэгдлийг шууд авч, төрийн албанд хэдэн жил ажилласнаас хамааран төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг зохих хувиар авч байгаа бөгөөд энэ бүгд шүүгчийн авч байсан сарын цалин болно. Мөн өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль, цалингийн шатлалаар шүүгчээр ажилласан 5 жил тутамд 2 хувийн нэмэгдэл өсгөн тооцож цалинг олгож байсан үед зарим шүүгчийн тухайд эхний 5 жилд зөвхөн албан тушаалын цалин авч байсан. Шүүхийн тухай хууль нь төрийн гурван засаглалын нэг болох шүүх засаглалыг хэрэгжүүлэгч байгууллагын болон түүнд хамааран ажиллаж буй албан тушаалтны эрх ашиг, нийгмийн болон эдийн засгийн баталгааг хангах, хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон тусгайлсан хууль болно.

2.6.Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-т зааснаар шүүгчийн эрхийг зөрчсөн үйлдлээс сэргийлэх байгууллагын хувьд шүүгчийн нийгмийн болон эдийн засгийн баталгааг зөвөөр тогтоож, ашигтай байдлаар хуульд зааснаар тайлбарлаж, хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй.” гэж маргав.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар: “... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн сарын дундаж цалин гэдэг нь тухайн шүүгчийн албан тушаалын цалин тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажилласан байхад нэхэмжлэгч нар хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгоно гэж шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.” гэжээ.

4.Хэргийн нөхцөл байдал:

4.1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 67,  2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 165, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 126, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 103 дугаар тушаалуудаар шүүгчээр ажиллаж байсан О.Н, Д.О, Л.О, Л.О.ц нарт тус тус өндөр насны тэтгэвэрт гарч буйтай нь холбогдуулан нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн байна. 

4.2.Нэхэмжлэгч О.Н, Д.О, Л.О, Л.О.ц нараас тус тус “... тэтгэмжийн хэмжээг дутуу тооцсон, дутуу олгосон тэтгэмжийг нөхөн гаргуулах” агуулгатай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, Л.О, Л.О.ц нараас тэтгэмжийн зөрүүд тус бүр 63,180,000 төгрөг, О.Н-ээс 63,598,608 төгрөг, Д.О нь 77,074,740 төгрөг тус тус нэхэмжилсэн, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2023/01072 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Л.О-д 63,180,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2023/00541 дүгээр шийдвэрээр Л.О.ц-т 63,180,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2023/00797 дугаар шийдвэрээр:    О.Н-д 63,598,608 төгрөг,  Д.О-д 63,180,000 төгрөг тус тус Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулж олгуулахаар шийдвэрлэжээ.

4.3.Хариуцагчаас дээрх шүүхийн шийдвэрүүдийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 210/МА2023/01090, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2023/00636, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2023/01138 дугаар магадлалуудаар  “хэргийн харьяалал зөрчсөн” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн дээрх шийдвэрүүдийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, уг магадлалууд хуулийн хүчин төгөлдөр болжээ.

4.4.Үүний дараа нэхэмжлэгч О.Н, Л.О, Л.О.ц, Д.О нараас нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, Засгийн газрын 2019 оны Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 4.4-т зааснаар тэтгэмжийн зөрүүг олгохыг даалгуулах, О.Н-д зөрүү 70,200,000 төгрөг, Л.О, Л.О.ц, Д.О нарт зөрүү тус бүр 63.180.000 төгрөг гаргуулах” нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа: “...өндөр насны тэтгэвэр тогтоолгосон шүүгч О.Н, Л.О, Л.О.ц, Д.О нарт тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгох, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, Засгийн газрын 2019 оны Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 4.4-т зааснаар бидэнд учирсан хохирол болох тэтгэмжийн зөрүүд О.Н-д 70,200,000 төгрөг, Л.О, Л.О.ц, Д.О нарт тус бүр 63,180,000 төгрөг гаргуулж, олгохыг даалгах” гэж өөрчилсөн.

4.5.Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дагуу нэхэмжлэгч нарыг өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг дутуу тооцож, зөрүүг олгохгүй байгаа хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, шүүгчээр ажиллаж байсан бидэнд нэг удаагийн тэтгэмжийн зөрүүд О.Н-д 70,200,000 төгрөг, Л.О-д 77,074,740 төгрөг, Л.О.ц-т 75,180,000 төгрөг, Д.О-д 77,074,740 төгрөгийг тус тус гаргуулж олгохыг хариуцагчид даалгуулах” гэж нэмэгдүүлэн өөрчилжээ.

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр:

5.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0904 дүгээр шийдвэрээр “өндөр насны тэтгэвэрт  гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг дутуу тооцож, зөрүүг олгохгүй байгаа хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэг удаагийн тэтгэмжийн зөрүүд О.Н-д 70,200,000 төгрөг, Л.О-д 77.074.740 төгрөг, Л.О.ц-т 45,934,000 төгрөг, Д.О-д 77,074,740 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтүүдийг хийсэн байна.

5.2. ... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэсний “авч байсан сарын дундаж цалингийн хэмжээ” гэдгийг үзэхдээ тухайн шүүгчийн гар дээр авч байсан нэмэгдэлтэй цалин буюу Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /хүчингүй болсон/-ийн 23 дугаар зүйлийн 23.2. тухайн шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэж байна, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46.2. Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж зааснаар нэмэгдлүүд тооцогдох цалин байна, харин нэхэмжлэгч нарт нэг удаагийн тэтгэмжид зөвхөн албан тушаалын цалингийн хэмжээгээр тооцож өгсөн нь авч байсан сарын дундаж хэмжээнд хүрэхгүй, болон гэдэг холбоос үгийн утгыг алдагдуулж орхигдуулсан, авч байсан сарын дунджийг олох шаардлагатай. ...

5.3.Шүүх, нэхэмжлэгч нарт нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг олгохоос татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус гэж шийдвэрлэсний, нэхэмжлэгч нарыг нэг удаагийн тэтгэмжийн зөрүү авах эрхтэй гэж үзсэний үр дагаврыг шийдвэрлэж, даалгах шаардлагыг хангахдаа юуны түрүүнд хэргийн оролцогчдын маргаагүй хэсэгт дүгнэлт өгөхгүйгээр, нэхэмжлэгч, хариуцагч талын хэн аль нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасныг энэ маргаанд тайлбарлан хэрэглэх талаар буюу нарийвчилсан зохицуулалт гэдгийг тодотгосныг тэмдэглээд, нэхэмжлэгч нар нь шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс өмнөх 36 сард нэхэмжлэгч тус бүртээ ямар хэмжээний цалин авч байсан түүнийг энэхүү Үндэслэх хэсгийн 10-д хүснэгтэлж гаргасны дагуу үйл баримтаар тогтоогдсон гэж үзэж, түүний дунджийг гаргаснаар зөрүү нь тодорхойлогдох ёстой, ийнхүү үзэх нь хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр үндэслэл бүхий бодит байдалд нийцсэн, хуульд үндэслэх захиргааны үйл ажиллагааны зарчмыг хангаж гарах, нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол хангагдах үндэслэл болно гэж дүгнэв.

5.4.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47.9. Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасныг бүрэн эрхийн хүрээнд хариуцагч захиргааны байгууллага хэрэгжүүлэхдээ өөрт олгосон эрх хэмжээг буруу тайлбарлан захиргааны акт гаргасан нь маргаан гарах үндэслэл болсон, даалгах шаардлагыг хангахдаа нэхэмжлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр үйл баримтаар тогтоогдсон 36 сарын хэмжээгээр тооцоолон хангаж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч нарыг өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг дутуу тооцож, зөрүүг олгохгүй байгаа хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэг удаагийн тэтгэмжийн зөрүүд шүүгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч О.Н-д 70,236,000 /далан сая хоёр зуун гучин зургаан мянга/ төгрөг, шүүгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч Л.О-д 78,600,000 /далан найман сая зургаан зуун мянга/ төгрөг, шүүгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч Д.О-д 75,069,000 /далан таван сая жаран есөн мянга/ төгрөг, шүүгчээр ажиллаж байсан нэхэмжлэгч Л.О.ц-т 45,934,000 /дөчин таван сая есөн зуун гучин дөрөв/ төгрөгийг тус тус шүүхийн төсвөөс гаргаж олгохыг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгажээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал:

6.1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.О.ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн:

6.2.“... Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д “...албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг төрийн албаны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно” гэж заасан бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай” 04 дүгээр тогтоолоор шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн, шүүгчийн төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг олгохоор тус тус тогтоосон байна.

6.3. ... Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх ба Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 20 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлүүдэд зааснаар “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ.” гэж заасан тул шүүгч нарт нэг удаа олгох тэтгэмжийг бодох сарын дундаж цалингийн хэмжээг эдгээр хуультай нийцүүлэн цалингийн бүтэц, бүрдлийг цогцоор нь тооцох хууль зүйн үндэслэлтэй.

6.4. ... Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч нарын шүүгчээр ажилласан болон чөлөөлөгдсөн хугацаа өөр, өөр тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарын шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс өмнөх сүүлийн 36 сарын хугацаанд авч байсан цалингийн тооцооллыг гаргахдаа тухайн шүүгчийн гар дээр авч байсан нэмэгдэлтэй цалин буюу Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /хүчингүй болсон/-ийн 23 дугаар зүйлийн 23.2-т “тухайн шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэж байна”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэх хуулийн зохицуулалтын дагуу тухай бүр авч байсан цалин, нэмэгдлээс тооцож зөрүүг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. 

6.5. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Шүүгчид нэмэгдэл олгох журам батлах тухай” 04 дүгээр тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн ба уг тогтоолоор батлагдсан нэмэгдэл болох шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн, төрийн албан хаасан хугацааны нэмэгдлийг тогтоол хэрэгжиж эхлэхээс өмнөх хугацаанд хамруулан тооцох үндэслэлгүй” гэжээ.

7.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

7.1.Нэхэмжлэгч Л.О.ц 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан 2 хувийн өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр тооцож байгаа бол 2019 оны нэмэгдлийн хэмжээ/1,233,390-1,312,058/, 2022.01.01-ний өдрөөс 2022.04.30 өдөр хүртэл онцгой нөхцөлийн нэмэгдэл 1,080,00, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 675,000 төгрөг байгаа нь тухайн үед авч байсан 2019 оны цалингийн карт болон шүүхүүдийн хэмжээнд нэг мөр жишиг тогтож хэрэгжүүлдэг нийтэд илэрхий үйл баримт.

7.2. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны нэмэгдэлд зөвхөн 1,080,000 төгрөгийн нэмэгдлийг бичиж, төрийн алба хаасан хугацааны 675,000 төгрөгийн нэмэгдлийг орхигдуулж техникийн алдаа гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлж хууль ёсны ашиг сонирхол бүрэн хангагдаагүй миний эрх зүйн байдлыг дордуулж байна.

7.3. Иймд хэргийг бүхэлд нь хянаж Л.О.ц надад холбогдох хэсгийн тэтгэмжийн зөрүүд Шүүхийн тухай хуульд зааснаар сарын дундаж цалин “онцгой нөхцөлийн 675,000 төгрөг, төрийн алба хаасан хугацааны 1,080,000 төгрөгийн нэмэгдэл хэсгүүдийн нийлбэр 1,755,000 төгрөгийн дунджаас 36 сараар тооцож 63.180.000 төгрөгийн зөрүүг олгохоор хариуцагчид даалгаж шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.

7.4. Нэхэмжлэгч Л.О.ц 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан нэмэлт тайлбартаа “...Нэхэмжлэгч Л.О.ц би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-д зааснаар гомдол гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 904 дүгээр шийдвэрээр миний хууль ёсны ашиг сонирхол бүрэн хангагдаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан.

7.5. Тус шийдвэрийн 15-р талд 9.3-д “... Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023.10.03-ны өдрийн 796 дугаар албан бичгээр Л.О.ц-ийн 2019 оны цалингийн карт тус шүүхэд байхгүй тул гаргаж өгөх боломжгүй гэсэн ба харин 2020, 2021, 2022 оны цалин хөлсний дэлгэрэнгүй мэдээллийг гаргуулан авсан гэж дүгнэсэн атал миний 2019 оны цалинг хүснэгтлэн шийдвэрт тусгасан байдаг. Ингэж бичихдээ нэмэгдлийг буруу бичсэн, мөн 2020 оны 4,5,6 сарын үндсэн цалинг 2,550,000 гэж цалингийн картнаас зөрүүтэй бичсэн зэрэг зөрчлүүдээс болж гаргасан ноцтой зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

7.6.Хэрэв 2019 оны цалингийн карт хэрэгт хамааралтай ач холбогдолтой байсан бол нотлох баримт цуглуулах үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй байна. Иймд нэг удаагийн тэтгэмжийн зөрүүд дутуу тооцсон 17,246,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ШХТ2024/0133 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

9.Нэхэмжлэгч Л.О.ц хяналтын журмаар гомдол гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Должиндэмидэд 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр цахимаар танилцуулсан байна. Хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж хариуцагчаас аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

10.Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

11.Нэхэмжлэгч нараас Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “... нэг удаагийн тэтгэмжийг дутуу тооцож, зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тэтгэмжийн зөрүүд О.Н-д 70,200,000 төгрөг, Л.Од 77,074,740 төгрөг, Л.О.ц-т 75,180,000 төгрөг, Д.Од 77,074,740 төгрөгийг тус тус гаргуулж олгохыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан; нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндсэн агуулга нь өөрт учирсан хохирлоо тодорхой мөнгөн дүнгээр илэрхийлж хариуцагчаас гаргуулахаар шаардсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурдагдсан хохирлын мөнгөн дүнгийн талаар хариуцагчаас тайлбар, нотлох баримт гаргуулаагүй хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх уг алдааг залруулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

12.Нэг. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасан, уг зохицуулалтын “авч байсан сарын цалин” гэх ойлголтыг мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасан “албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдэл” агуулгаар ойлгох талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр тогтоолд тодорхой заасан, тэтгэмж тооцох цалингийн бүрэлдэхүүний талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтүүдийг буруутгахгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар эсэргүүцэл үндэслэлгүй.

13.Хоёр. Монгол Улсын шүүхийн тухай хуулиар нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг “сарын дундаж цалингийн хэмжээ”-г 36-д үржүүлж гаргахаар тодорхойлсон, хоёр буюу түүнээс дээш тоон хэмжээс байгаа тохиолдолд тэдгээрийн “дундаж” хэмээх ойлголт тодорхойлогддог ерөнхий зарчмын хүрээнд “сарын дундаж цалин” гэх агуулгыг “шүүгчийн хамгийн сүүлд авч байсан сарын цалингийн хэмжээ” гэж шүүх тайлбарлан хэрэглэх боломжгүй, энэ талаарх хяналтын журмаар гомдол гаргагч Л.О.цийн тайлбар, гомдлын үндэслэлийг хүлээж авахгүй. 

14.Монгол Улсын шүүхийн тухай хуульд шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг “сарын дундаж цалин”-гийн хэмжээг 36 сараар үржүүлж тооцохоор нарийвчлан заасан, харин “сарын дундаж цалин”-г тооцохдоо хэдэн сарын цалингаас “дундаж” хэмжээг тооцох талаар тусгайлан заагаагүй байна.

15.Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “өндөр насны тэтгэвэрт гарч буй төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох”-той холбоотой харилцааг зохицуулсан, үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар тогтоолоор батлагдсан  "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам" нь энэ тохиолдолд төсөөтэй харилцааг зохицуулсан хэм хэмжээ болох бөгөөд уг журмын 2.1-д төрийн албан хаагчийг  өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо сүүлийн 3 жилийн цалингийн дунджаар  “сарын дундаж цалин”-г тооцохоор тогтоосныг энэ тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ.

16.Гурав. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай (2012) хууль /2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй хүчингүй болсонд тооцсон/-ийн 23 дугаар зүйлийн 23.2-т “тухайн шүүгчийн цалингийн хэмжээ шүүгчээр ажилласан тав дахь жилээс эхлэн жил бүр өмнөх оныхоос хоёр хувиар нэмэгдэж байна” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж өөр өөрөөр зохицуулснаар, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх болон түүний дараах цаг хугацаанд шүүгчийн цалин нь тоо хэмжээний хувьд ялгаатай, нэмэгдэл цалингийн бүрэлдэхүүн, түүнийг тооцох арга аргачлал нь өөр өөр болсон байна.

17.Үүнээс үүдэн нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг тооцох “цалингийн дундаж” нь өндөр насны тэтгэвэрт гарсан шүүгч тус бүрд өөр байгаагаас тооцоололд зөрүү үүссэн, нэхэмжлэгч нараас Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасныг үндэслэж, “авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгохдоо хэмжээг дутуу тооцсон” гэж тэдгээрт олгосон тэтгэмжийн мөнгөн дүнг тус тус эс зөвшөөрч хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хохирол нэхэмжилж маргасан, хохиролд нэхэмжилж буй мөнгөн дүнгийн хэмжээ үндэслэлтэй эсэх нь нэхэмжлэгч нарын “авч байсан сарын дундаж цалингийн хэмжээ”-нээс шууд хамааралтай, тэтгэмж тооцох “сарын дундаж цалингийн хэмжээ” нь тухайн шүүгчийн сүүлийн 36 сард авсан “албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдэл” нийлбэр дүнг 36-д хувааж тодорхойлогдохоор байна.

 18.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч нараас анх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тусдаа хандаж тэтгэмжийн зөрүүд Л.О, Л.О.ц нар тус бүр 63,180,000 төгрөг, О.Н 63,598,608 төгрөг, Д.О 77,074,740 төгрөг нэхэмжилж маргасныг иргэний хэргийн шүүх үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс “хэргийн харьяалал зөрчсөн” үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нараас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж дээрхтэй ижил нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон мөнгөн дүнг нэмэгдүүлж “тэтгэмжийн зөрүүд О.Н-д 70,200,000 төгрөг, Л.О-д 77,074,740 төгрөг, Л.О.ц-т 75,180,000 төгрөг, Д.О-д 77,074,740 төгрөгийг тус тус гаргуулах”-аар өөрчилсөн байна.

19.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...тухайн шүүхийн Тамгын газрын ахлах нягтлан бодогчоос тооцооллыг манай Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлдэг. Түүнд үндэслэж Санхүү хөрөнгө оруулалтын газраас шалгадаг ..., анхан шатны шүүх дээр нэхэмжлэгч нарын цалингийн дундаж хэмжээтэй холбоотой баримтыг манайхаас аваагүй, шалгасан зүйл байхгүй” гэх тайлбар гаргажээ.

20.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 21 дүгээр зүйлийн 21.2.1-д “/хариуцагч/ шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн талаар бичгээр тайлбар гаргах, шаардсан нотлох баримтыг гаргаж өгөх /үүрэгтэй/” гэж тус тус заасан, шүүх нэхэмжлэгч нарын “цалингийн дундаж хэмжээ”-ний талаар хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тайлбар авч, нотлох баримт гаргуулаагүй, өөрөө тооцож зөрүү үүсгэсэн нь буруу байна. 

21.Иймд, нэхэмжлэгч Л.О.ц-ийн хяналтын журмаар гаргасан “... анхан шатны шүүх ... нотлох баримт цуглуулах үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй, ...  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023.10.03-ны өдрийн 796 дугаар албан бичгээр Л.О.ц-ийн 2019 оны цалингийн карт тус шүүхэд байхгүй тул гаргаж өгөх боломжгүй гэсэн ба харин 2020, 2021, 2022 оны цалин хөлсний дэлгэрэнгүй мэдээллийг гаргуулан авсан гэж дүгнэсэн атал миний 2019 оны цалинг хүснэгтлэн шийдвэрт тусгасан байдаг. Ингэж бичихдээ нэмэгдлийг буруу бичсэн, мөн 2020 оны 4,5,6 сарын үндсэн цалинг 2,550,000 гэж цалингийн картнаас зөрүүтэй бичсэн зэрэг зөрчлүүдээс болж гаргасан ноцтой зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэх гомдол үндэслэлтэй, бусад нэхэмжлэгч нараас хяналтын журмаар гомдол гаргаагүй хэдий ч шүүх хэргийг шийдвэрлэхэд шууд нөлөөлөх нотлох баримтуудыг дутуу цуглуулснаас нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангагдаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно.

22.Иймд, хяналтын шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0904 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2024/0115 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.О.ц улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.СОЁЛ-ЭРДЭНЭ 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                 Д.БАТБААТАР

                                                                                      М.БАТСУУРЬ          

   Х.БАТСҮРЭН