Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 35

 

Б.Д-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                           Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар

Оролцогчид:

Прокурор                                          Д.Энхтуяа

Ялтан                                               Б.Д-

Ялтны өмгөөлөгч                            Ж.Эрдэнэбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баттулга даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-гийн Д-т холбогдох эрүүгийн 201609000666 тоот хэргийн дугаартай, 171/2017/0091/Э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ялтны биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 44 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Нарантолгойн 2-39 тоотод оршин суудаг, урьд ял шиийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Их тугчин овогт Б-гийн Д- /РД:ОЕ73040318/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Д- нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 19:30 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах эрүүлжүүлэх баривчлах байранд зөрчил гаргагч Б.Хашинчулуунтай маргалдан улмаар 00-ын өрөөний үүдэнд түүний гарыг мушгиж /өчиж даран/ гарыг нь хугалан бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

-Шүүгдэгч Их тугчин овогт Б-гийн Д-ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар Б.Д-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Б.Д-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар Б.Д-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Д-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр... тус тус заажээ.

Ялтны өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүхэд бичсэн гомдолдоо:

“...Хавтаст хэргийн материалд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Хашинчулууны өгсөн мэдүүлэгт “...би гараа хойш нь таттал цонхны тавцангийн ирмэгт цохиод гараа гэмтээсэн юм” гэсэн мэдүүлгээс үзэхэд Б.Д- нь түүний гарыг санаатай гэмтээсэн гэх үйлдэл тогтоогдохгүй байгаа бөгөөд үндэслэл бүхий эргэлзээ төрж байна.

Дээрх байдлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буццааж өгнө үү” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Хохирогч нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, танхайрсан учраас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Б.Д- нь хуулийн дагуу л ажилласан” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд улсын яллагч Д.Энхтуяа гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Б.Д- хэлэхдээ “намайг элдэв янзаар хэллээ” гэж байгаа боловч тухайн үйлдлийг зохицуулах боломж байхад хохирогчийн гарыг хугалах гэсэн санаа зорилгогүй байсан боловч шууд бус санаатай үйлдэл хийгдсэн учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Б.Хашинчулуунд захиргааны арга хэмжээ авагдсан” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Д-ыг эрүүлжүүлэх баривчлах байранд зөрчил гаргагч Б.Хашинчулуунтай маргалдан улмаар 00-ын өрөөний үүдэнд түүний гарыг мушгиж /өчиж даран/ гарыг нь хугалан бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Б.Д-ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн 74 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас хохирогч Б.Хашинчулуун нь архи ууж согтуурсан үедээ олон нийтийн газар бусадтай зодолдож иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үндэслэлээр саатуулах байранд хүргэгдэх явцдаа цагдаа Б.Д-ыг “Эрүүлжүүлэх байранд 20 жил гарсан Хар Д- байна. 20 жил эрүүлжүүлэх дээр хүний бөгс ухсан пизда ш дээ” гэх зэргээр хэл амаар доромжилж, тавьсан шаардлагыг нь эсэргүүцсэн  байхад хохирогчийн энэхүү зүй бус үйлдэлд холбогдох шалгалтыг хийгээгүй орхигдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан “Хэргийг тал бүрээс нь бодит байдлаар шалгаж тогтоох” зарчим алдагдсан байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Иймд иргэн Б.Хашинчулууны цагдаагийн албан хаагчийг доромжилсон, тавьсан шаардлагыг эсэргүүцсэн үйлдлүүд нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж тогтоолгохоор хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэж байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 317.1.2, 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1.4, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,   Б.Д-т холбогдох эрүүгийн 201609000666 тоот хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2.Хэргийг прокурорт очтол Б.Д-т оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэхүү магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                         Я.ТУУЛ

                                           ШҮҮГЧИД                                         Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                     Б.МАНЛАЙБААТАР