Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2017/0091/Э Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баттулга даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Шүрэнчимэг, Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа, Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар Хохирогч Б.Хашинчулуун, Шүүгдэгч Б.Дугар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт Их тугчин овогт Батаагийн Дугарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201609000666 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 43 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Нарантолгойн 2-39 тоотод оршин суудаг, урьд ял шиийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Их тугчин овогт Батаагийн Дугар РД:ОЕ73040318 Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Дугар нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 19:30 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах эрүүлжүүлэх баривчлах байранд зөрчил гаргагч Б.Хашинчулуунтай маргалдан улмаар 00-ын өрөөний үүдэнд түүний гарыг мушгиж /өчиж даран/ гарыг нь хугалан бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Б.Дугарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагаас шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад 19 цагт эргүүлийн мангирт хэсэгт согтуу хүн байна гэсэн дуудлага ирсний дагуу очтол Хашинчулуун, Зоригт нарыг хоорондоо маргалдсан гээд Хашинчулууныг гавалчихсан машинд суулгасан. Тэгэхээр нь би гавыг нь тайлаад суулгасан чинь хоорондоо маргалдаад байхаар нь салгаад суулгатал Хашинчулуун над руу дайрч намайг элдвээр доромжлоод байсан. Саатуулах байранд ирээд үүдэнд нь зогсож байтал тэр 2 хоорондоо маргалдаад байхаар нь би боль гэж хэлтэл Зоригоо нь наад Хашинчулуун чинь намайг дарамтлаад байна гэхээр нь би та хоёр хоёулаа хамт архи ууж маргалдчихаад яах гэж тэгж байдаг юм бэ? чи дуугуй бай гэж хэлтэл Зоригоо нь намайг олон жил эрүүлжүүлэхийн цагдаа хийсэн хар Дугар гэдэг нэртэй хүн гэж хэлтэл Хашинчулуун тэгвэл олон жил хүний бөгс ухсан нөхөр байна даа гэж хэлэхээр нь би тухайн үед бухимдаад 3 удаа өшиглөсөн. Би сахарын өвчтэй болохоор шээс хүрээд нойл орох гээд явтал Хашинчулуун араас дагаад Хашинчулууны араас Батзориг явж байсан. Би булан тойроод гараад иртэл Батзориг, Хашинчулуун нар маргалдаад зогсож байсан. Батзориг, Дугар ах дараагийн дуудлага гарах гээд байна энэ хүнийг хүлээлгэж өгөөч гэсэн. Гэтэл Хашинчулуун нь гараа хойноо барьсан байхаар нь би Хашинчулууны гараас нь угз таттал гараа цонхны тавцангийн ирмэгт цохиод гар гэмтчихлээ гээд доошоо суусан. Тэгэхээр нь эмчийг дуудаж үзүүлэхэд гар нь гэмтчихсэн байна эмнэлэг явж үзүүл гэхээр нь эмнэлэгт очиж үзүүлтэл гар нь хугарсан байна гэсэн. 2 хоногийн дараа ахлах мөрдөн байцаагч Баатар ирээд Хашинчулуун таныг миний гарыг гэмтээсэн гэж байна та очоод уулзаатах гэхээр нь очоод уулзтал бид 2 хоёулаа буруутай, надад гомдол саналгүй гэж хэлсэн. Би Б.Хашинчулууны эмчилгээнй зардалд 750.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50, 52-53/, Хохирогч Б.Хашинчулууны мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр найз Зоригттой 2 пиво уусан. Дараа нь бид хамт айлд очоод тэр айлын хүн согтуурхаад байхаар нь маргалдсан. Маргалдаж байх хугацаанд цагдаад дуудлага өгсөн байсан. Цагдаагийн эргүүлийн машин ирээд бид хоёрыг аваад явсан. Би тухайн үедээ өмнө нь хорих ял эдэлж байсан учир хугацаа нь дуусаагүй байхад намайг цагдаа дуудаж өглөө гээд уурлаад маргалдсан. Эргүүлийн машин бид хоёрыг микрт суулгасан. Бид хоёрыг маргалдаж байхад цагдаа боль гэж шаардлага тавьж байсан. Эрүүлжүүлэх байрны үүдээр ороход Дугар цагдаа намайг өшиглөсөн. Тэр үед огцом уур хүрээд янз янзын авир гаргаад бид хоёрын маргаан үүссэн. Булан эргээд Батзориг гэх цагдаа миний баруун талын захнаас татаад цонхны тийшээ угзарсан тэрийг тавиулах гээд ноцолдож байтал миний араас нэг гар орж ирээд гарнаас татсан эргээд хартал Дугар цагдаа зогсож байсан. Тэгээд миний гар эвгүй болсон байсан. Дугар цагдаагаас 750.000 төгрөг авсан. Одоо санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. Энэ хэргийн процессыг би өөрөөсөө болсон гэж бодож байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-34/, Гэрч Ц.Зоригтын мөрдөн байцаалтад өгсөн: “... Хашинчулуун бид 2 цагдаагийн газрын саатуулах байранд ирээд анкет бөглөөд байж байхад Дугар гэж цагдаа Хашинчулууныг хувцсаа тайл, харин Хашинчулуун хувцсаа тайлахгүй гээд хоорондоо маргалдаад байсан. Тэгсэн чинь Дугар гэж цагдаа Хашинчулууныг саатуулах байрны 00-ын өрөө тийш аваад явсан. Удаагүй байж байсан чинь Хашинчулуун “гар хугарчихлаа” гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36/, Гэрч О.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр залуу кармандаа гараа хийчихээд гараа авахгүй байхад нь Дугар ахлагч нөгөө залууг өшиглөөд 00-ын өрөөний чигт дагуулаад аваад явсан юм. ...Тэгээд удалгүй нөгөө залуу гар эвгүй болчихлоо гээд хүрч ирээд цагдаа нар нөгөө залууг буцаагаад аваад явсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37/, Гэрч Б.Чулуунсүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “...нэг залуу Дугар цагдаагийн өөдөөс янз бүрийн зүйл хэлж улмаар Дугар цагдаа уурлаж нөгөө залууг 2 удаа хөл хэсэг рүү нь өшиглөсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38/, Гэрч Х.Батзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Дугар эхэлж Хашинчулууныг түлхэж маргалдаж байгаад өөр рүүгээ татаж чангаахад нөгөөдөх нь эсэргүүцэх үед Дугар цагдаа Хашинчулуунд хандаж наашаа ир гээд өөрөө түрүүлээд урд нь гараад маргалдаад яваад байсан. ...Дугар цагдаа Хашинчулууны гарыг бариад цонхны тавцан руу дарах үед Хашинчулуун “гар” гээд доошоо суусан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41/, Гэрч Э.Наранибилэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Дугар, Батзориг нар Хашинчулуун гэх залууг дагуулаад цаашаа нойлын өрөө чигт явж байсан. Тэгээд удаагүй Хашинчулуун гэх залуу миний гарыг хугалчихлаа гээд орилсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42/, Гэрч Б.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...Хашинчулуун гэх залуу гар хугарчихлаа гээд орилоод байж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44/, Гэрч Д.Цэрэндуламын мөрдөн байцаалтад өгсөн: “...Цагдаагийн ахлах ахлагч Б.Дугар саатуулах байранд иргэдийг оруулж ирэхдээ Хашинчулуун гэх залуутай маргалдаж зууралдсаар орж ирсэн юм. ... Дугар цагдаа Хашинчулуун гэх залуугийн зүүн гуя руу нэг удаа өшиглөсөн. Тэр үед Хашинчулуун гэх залуу уурлаж Дугартай барьцалдаад авсан. ... Хашинчулуун гараа барьчихсан танай цагдаа миний гарыг хугалчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45/ Эрүүлжүүлэх, саатуулах байрны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 19/, Гэрч Х.Батзоригийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 101-103/, Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол, хураан авах тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 18, 20-21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны 1222 дугаартай “Б.Хашинчулууны биед зүүн гарын атгаал ясны битүү хугарал тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Б.Хашинчулууны биед учирсан дээрхи гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны 154 дугаартай “Шинжилгээнд авсан Б.Хашинчулууны цусны бүлэг нь BIII байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны 224 дугаартай “...Б.Хашинчулууны цусанд 0.6 промиль этилийн спирт илэрсэн болно. Б.Хашинчулуун нь хөнгөн зэргийн согтолттой болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 61/ болон хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Б.Дугар нь цагдаагийн албан үүргээ гүйцэтгэж байхдаа 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 19:30 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах эрүүлжүүлэх баривчлах байранд зөрчил гаргагч Б.Хашинчулуунтай маргалдан улмаар 00-ын өрөөний үүдэнд түүний гарыг нь хугалан бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Хашинчулууны мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Зоригт, О.Мөнхбат, Б.Чулуунсүх, Х.Батзориг, Э.Наранбилэг, Б.Ганболд, Д.Цэрэндулам нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд /хавтаст хэргийн 36-45/ дугаар хуудсуудад авагдсанаар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны 1222 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Дугарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирч байна. Иймд шүүгдэгч Б.Дугарыг хохирогч Б.Хашинчулууны гарыг хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Хохирогч Б.Хашинчулуун нь “...Дугар цагдаагаас 750.000 төгрөг авсан. Одоо санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүллийг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул Б.Дугарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Б.Дугарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Их тугчин овогт Батаагийн Дугарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар Б.Дугарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Б.Дугарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар Б.Дугарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Б.Дугарт хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай. 6.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан Б.Дугар нь тэнсэж хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг Б.Дугарт сануулсугай. 7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар Б.Дугарт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Хашинчулууны хугарсан гарны 1 ширхэг рентгэн зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Хашинчулуунд буцаан олгож, эрүүлжүүлэх баривчлах байрны камерын бичлэгтэй 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй. 9.Шүүгдэгч Б.Дугар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Дугарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П. БАТТУЛГА