Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 203/МА2025/00001

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 08 өдөр Дугаар 203/МА2025/00001 Даланзадгад сум

 

 

 

******* ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа , шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 144/ШШ2024/00184 дугаар шийдвэртэй

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

******* ХХК-д холбогдох

Талуудын хооронд байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-г цуцлуулж, санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алданги нийт 5.028.921.501,26 төгрөг гаргуулах, түрээсийн зүйл болон барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гийн гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Б.*******, Д.*******, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Батбаяр, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хаан шоргоолж ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/018 дугаартай албан бичигтээ нүүрсний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд зориулж 40 чирэгч толгой, 84 чиргүүл, 40 холбогчийн хамтаар худалдан авахад 30,261,700 юаньтай тэнцэх хэмжээний иений санхүүжилт олгохыг хүсэж холбогдох баримтуудын хамт ******* ХХК-д ирүүлсэн.

Хүсэлтийн дагуу ******* ХХК нь санхүүгийн түрээс олгох боломжтой эсэх судалгааг холбогдох журмын дагуу хийж хүсэлт болон ******* ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын дагуу ******* ХХК болон Хаан шоргоолж ХХК-ийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ, холбогдох үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны гэрээнүүдийг байгуулсан.

Түрээслэгч Хаан шоргоолж ХХК нь 40 чирэгч толгой, 84 чиргүүл, 40 холбогчийг худалдан авахаар нийлүүлэгчдийг сонгож БНХАУ-ын Shaanxi heavy duty automobile import & export co.,LTD-тэй 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 188SQZ170028414 дугаартай худалдах, худалдан авах 3 талт гэрээ, Zhumadian cimc huajunvehicle co.,LTD-тэй 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр HJGMCK18035 дугаартай худалдах, худалдан авах 3 талт гэрээг тус тус байгуулан ******* ХХК-аас 30,261,700 иений санхүүжилтийг дээрх 2 компанийн данс руу шилжүүлж Хаан шоргоолж" ХХК нь 40 чирэгч толгой, 84 чиргүүл, 40 холбогчийг хүлээн авсан.

Хаан шоргоолж ХХК нь 2018 оны 12 дугаар сараас 2020 оны 03 дугаар сар хүртэл СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний хавсралт 2-т заагдсан санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийг хуваарьт хугацаанд нь хэвийн төлж байсан.

Хаан шоргоолж ХХК-аас ирүүлсэн хүсэлтүүдийн хүрээнд ******* ХХК нь цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж санхүүгийн хүндрэлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж эргэн төлөлтийн хуваарийг 3 удаа хойшлуулж түрээслэгчийн валютын ханшийн эрсдэлээс гаргах зорилгоор Санхүүгийн түрээсийн гэрээ-нд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан санхүүгийн түрээсийн үлдэгдэл төлбөрийг иенээс төгрөгт хөрвүүлж, эргэн төлөлтийг 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хойшлуулсан.

Гэтэл Хаан шоргоолж ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн санхүүгийн түрээсийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөх хуваарьтай байсан ч төлөлт хийгээгүй тул төлбөрийн зөрчил үүссэн. 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 2.6-д '"Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хуваарьт хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийн зөрчлийг арилгах хүртэл хугацаанд тооцон төлнө. гэж заасны дагуу алдангийн зөрчил үүссэн өдрөөс эхлэн тооцогдож эхэлсэн.

Төлбөрийн зөрчил үүссэн өдрөөс хойш 3 удаагийн эргэн төлөлтийг хийгээгүй бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлөлт хийгдэх үед алданги 1478975785.47 төгрөг, хуримтлагдсан хүү 617198881.21 төгрөг, төлөгдөөгүй үндсэн төлбөр 2957951570.94 төгрөгийн төлбөр хуримтлагдсан байсан.

СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.5-д "Түрээсийн төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд санхүүгийн түрээсийн төлбөрийг алданги, түрээсийн хүүгийн төлбөр. үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө" гэж заасны дагуу Хаан шоргоолж ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн төлбөрийг гэрээнд заасан дарааллын дагуу буюу алдангид суутган тооцсон.

Улмаар Хаан шоргоолж ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 6 удаагийн төлөлт хийж төлбөрийн зөрчил бүрэн арилсан. Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хуваарьт төлөлтөө хийгээгүй бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 12, 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хуваарьт төлөлтүүдийг бүрэн гүйцэтгээгүй ба 3 удаагийн дараалсан төлбөрийн зөрчил үүсгэсэн.

2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрийн зөрчил 1,585.589,390.91 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 86161109.06 төгрөг, хуримтлагдсан алданги 385743666.61 төгрөг буюу нийт зөрчлийн дүн 2057494166.58 төгрөг байхад зөрчлийг заасан хугацаанд арилгах талаар Хаан шоргоолж ХХК-д мэдэгдэхэд зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг ******* ХХК-д 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А-23/101 тоот албан бичгээр мэдэгдсэн.

Хаан шоргоолж ХХК нь төлбөрийн зөрчлийн талаар маргаж, хүлээн зөвшөөрөхгүй байх тул 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 10 дугаар зүйлийн 10.1-д Хэрэв талуудын хооронд маргаан гарвал талууд эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэх ба эвийн журмаар маргааныг шийдвэрлэж чадахгүйд хүрвэл Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ" гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах талаар манай талаас 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 03/89/23 тоот албан бичгээр мэдэгдсэн.

******* ХХК нь Хаан шоргоолж ХХК-тай байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 8 дугаар зүйлийн 8.4-д Түрээслэгч дараах нөхцөл үүссэн тохиолдолд өөрийн санаачилгаар гэрээг цуцлах эрхтэй. Үүнд: "8.4.4-д Түрээсийн төлбөр 3 удаа төлөөгүй ба түрээслүүлэгчээс хүргүүлсэн хуанлийн 14 хоногийн хугацаатай мэдэгдлийн хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд" гэж заасны дагуу гэрээг шүүхийн журмаар цуцлуулах, үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх эрх үүссэн.

Мөн Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-д нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар", Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Санхүүгийн түрээсийн гэрээг дуусгавар болгохдоо Иргэний хуулийн 294 дүгээр зүйл болон санхүүгийн түрээсийн гэрээг баримтална" гэж тус тус зааснаар гэрээг шүүхийн журмаар цуцлуулах үндэслэлтэй байна.

Тиймээс 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 3.1.12-т Түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болсон нь тогтоогдвол гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардах зэрэг болно" гэж зааснаар Хаан шоргоолж ХХК-ийн биелүүлээгүй гэрээний үүргийн гүйцэтгэл 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 5028921501,26 төгрөгийг түрээслэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.

Иймд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцлуулж, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар санхүүгийн түрээсийн төлөгдөөгүй үндсэн төлбөрийн зөрчил 3557557104,87 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 185577773,33 төгрөг, хуримтлагдсан алданги 1285786623,65 төгрөг, нийт 5028921501,26 төгрөгийг гаргуулах, төлбөрийг төлөөгүй тохиолдолд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн СТГ-18/16 дугаартай гэрээний зүйл болох түрээсийн зүйл 40 чирэгч толгой, 84 чиргүүл, 40 чиргүүлийн холбогчоор үүргийн гүйцэтгэл хангуулах, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Ди Би Эм линзинг ХХК, Хаан шоргоолж ХХК болон Арвин бэлчир ХХК хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр БГ-ХЭХ-ХШ2019/5 дугаар, БГ-ҮХХ-ХШ2019/09 дугаар, БГ-ҮХХ- ХШ2019/10 дугаар, БГ-ҮХХ-ХШ2019/11, БГ-ҮХХ-ХШ2019/2 дугаартай барьцааны гэрээнүүдэд заасан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

 

2. Хариуцагч Хаан шоргоолж ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* ХХК нь Ди Би Эм Лизинг ХХК-тай СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, нүүрсний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг 2018 онд эхлүүлсэн бөгөөд тус гэрээний дагуу 2018 оны 12 дугаар сараас эхлэн 2020 оны 03 дугаар сар хүртэл эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж байсан.

2020 оны 01 дүгээр сараас Ковид-19 вирус дэлгэрч өргөн цар хүрээг хамарсантай холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр БНХАУ нь Монгол Улсын хилийг хаасан.

Хил хаагдсантай холбоотойгоор нүүрс тээврийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж СТГ-18/16 гэрээний 9.1 дэх заалтад тусгасан давагдашгүй нөхцөл байдал үүссэн тухай 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А-20/36 дугаартай албан бичгээр албан ёсоор мэдэгдсэн.

Нэхэмжлэгчийн дурдсан Санхүүгийн түрээсийн гэрээ-нд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ нь Ковид-19 цар тахлаас өмнө үүссэн валютын ханшийн өсөлттэй холбоотой бөгөөд манай компанийн зүгээс 2019 оноос эхлэн албан хүсэлт тавьж байсан билээ. Учир нь Хаан шоргоолж ХХК-аас 2019 оны 07 дугаар сарын 08, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрүүдийн албан бичгүүдээр валютын ханшийн өсөлт, тулгараад буй санхүүгийн алдагдал болон эрсдэлийн талаар нөгөө талд мэдэгдэж байсан. Энэхүү валютыг төгрөгт шилжүүлэх үндсэн шалтгаан нь гэрээ байгуулж байх үеэс валютын ханш тогтмол өсөж байсан нь валютын ханшаас үүдэлтэй компани санхүүгийн алдагдалд ороод байсныг илтгэнэ.

Иргэний хуулийн 220 дугаар зүйлд заасан нөхцөл байдал өөрчлөгдсөн тул аль нэг талд илт ашиггүй, талуудын төсөөлж байсан гэрээний тэнцвэрт байдал алдагдах зэрэг үр дагавар үүсэж байсан тул валютын ханшийг төгрөгт шилжүүлэх хүсэлтийг удаа дараа тавьж байсны дагуу анхны хүсэлтээс хойш 20 сарын дараа хүсэлтийг хүлээн авч валютын ханшийг өөрчлөхөөр нэмэлт гэрээг байгуулсан болно.

Гэвч Ди Би Эм Лизинг ХХК-аас манай компанид ирүүлсэн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №03/74/23 тоот албан тоотод 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн албан бичгийг үндэслэн нэмэлт гэрээ байгуулсан гэж дурдсан боловч манай компанийн зүгээс 2019 оны 07 дугаар сараас хойш удаа дараа энэхүү хүсэлтийг илгээж байсан болно.

2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж санхүүгийн түрээсийн үлдэгдэл төлбөрийг иенээс төгрөгт хөрвүүлэхэд нийт зээлийн үлдэгдэл 9859838569.79 төгрөг болж, эргэн төлөлтийг 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хойшлуулах нөхцөлтэйгөөр нэмэлт гэрээг байгуулсан.

Гэвч мөн цар тахлаас шалтгаалсан хил гаалийн асуудлаас улбаатай нүүрс тээврийн сул зогсолтын асуудал хэвээр үргэлжилсэн бөгөөд хуваарьт төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн учраас манай компаниас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А-21/163 тоот албан бичгээр компани нь санхүүгийн хүндрэлтэй ажиллаж байгаа учраас эргэн төлөлтийн хуваарийг өөрчлүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байсан.

Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ди Би Эм Лизинг ХХК-аас №1-92 дугаартай ирүүлсэн нэхэмжлэхэд Хүүгийн төлбөр-12 сар гэх утгатай 700318671.01 төгрөгийг нэхэмжилсэн ба бид түүний дагуу 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэхийн дүнгээр шилжүүлсэн. Үүний дараа 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №1-44 дугаартай нэхэмжлэх ирүүлсний дагуу санхүүгийн түрээсийн зээл буюу үндсэн зээл 1408548367.11 төгрөг, зээлийн хүү 52810916.18 төгрөг, нийт 1530243086.99 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №1-50 тоот дугаартай нэхэмжлэхийн дагуу санхүүгийн түрээсийн төлбөр 1408548367.11 төгрөг, хүүгийн төлбөр 52810916.18 төгрөг, нийт 1461359283.29 төгрөгийг төлсөн.

Үүнээс хойш Ди Би Эм Лизинг ХХК-аас зээлийн төлбөрийн нэхэмжлэх огт ирэхгүй байсан учраас нэхэмжлэх ирүүлэхийг и-мэйлээр болон утсаар удаа дараа хүссэн боловч нэхэмжлэх ирүүлээгүй.

Бид гэрээний үүргээ биелүүлэхийн тулд 2022 оны 04 дүгээр сард 3080364437 төгрөг, 2022 оны 05 дугаар сард 2000000000 төгрөг, 2022 оны 06 дугаар сард 1500000000 төгрөг, 2022 оны 12 дугаар сард 570000000 төгрөгийг тус тус төлснөөр бид 2022 онд хүүгийн төлбөрт 515822362.03 төгрөг, үндсэн зээлд 9626144445.25 төгрөг, нийт 10141966807.28 төгрөгийг төлсөн байна.

******* ХХК, *******" ХХК нарын хооронд байгуулсан СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээний 9.1 дэх хэсэгт Гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйл /Тухайлбал: газар хөдлөлт, үер, мөндөр, аянга, гал түймэр, байгалийн бусад аюулт үзэгдэл, төрийн шийдвэр оролцоо, дайны байдал, үүссэн гэх мэт/-ийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас /алданги, торгууль/ чөлөөлөгдөх үндэслэл болно гэж заасан мөн Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэж заасан байдаг.

2020 онд дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсны улмаас Монгол Улсын засгийн газар, Улсын онцгой комиссоос гарсан удаа дараагийн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Улсын онцгой комиссын IV хурлын тэмдэглэлийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудаар нүүрс тээвэрлэлтийг 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл зогсоох, 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Улсын онцгой комиссын VII хурлын тэмдэглэлийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг онцгой нөхцөлд зохион байгуулах бэлтгэл ажлыг 2020 оны 03 дугаар сарын 15-ны дотор бүрэн хангаж арга хэмжээ авах, Засгийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар тогтоол, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дүгээр тогтоол, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 154 тоот тогтоолуудаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хугацааг сунгах шийдвэрүүд гарган, хатуу хөл хорионы дэглэмтэй 2022 оны 02 дугаар сарын 14 хүртэл байсан нь Хаан шоргоолж ХХК төдийгүй Монгол улс, дэлхийн эдийн засагт хүндээр тусч давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд бүрэн автсан нь тодорхой байна гэжээ.

 

3. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх:

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Хаан шоргоолж ХХК-д холбогдох талуудын хооронд байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-г цуцлуулж, санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алданги, хохиролд нийт 5028921501,26 төгрөг гаргуулах, түрээсийн зүйл болон барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25302557,51 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах гомдолдоо:

1.    144/ШШ2024/00184 дугаартай шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 3 дугаар зүйлд:

Анхан шатны шүүхээс хэргийг дүгнэхдээ зохигч этгээдүүдийн маргааны зүйл болох СТГ-18/16 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг хариуцагчаас нэхэмжлэгчид хандан 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А-21/365 дугаартай албан бичгээр хүргүүлсэн, үүний хариуд нэхэмжлэгчээс хариуцагчид хандан хүсэлтийг хүлээн авч судалж буй талаар, мөн уг хүсэлтийн дагуу гэрээний нэмэлт, өөрчлөлтийн нөхцөлийг тохирох, уг тохирсон нөхцөлөөр нэхэмжлэгч нь өөрийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хүсэлтийг хэлэлцүүлж, хариуцагчийн хэлцэл хийх хүсэл зоригийг зөвшөөрөх эсэх талаар шийдвэрлүүлэхээр ажиллаж буйг хариу цахим шуудангаар мэдээлсэн үйл баримтыг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2 дахь заалт болон мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийгдсэн буюу зохигч этгээдүүдийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан СТГ-18/16 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт орсон, зохигч этгээдүүд өөр өөрсдийн хэлцэл байгуулах хүсэл зоригийг хүлээн авч, зөвшөөрсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэсэн нь хэргийн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, үнэлээгүй байдлаар хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн.

Учир нь хариуцагчаас 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А-21/365 дугаартай албан бичгээр ирүүлсэн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу нэмэлт гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийллийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн авсан ч зөвшөөрсөн хариу өгөөгүй, зөвшөөрөөгүй тухай хариу өгсөн атал гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн.

Энэ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ." гэж заасны дагуу 2 талт гэрээний нэг талын хүсэл зоригоор хэлцэл байгуулагдахгүй, харин нөгөө тал уг хүсэл зоригийг хүлээн авч, хүлээн авсны дараа хариу зөвшөөрсөн утга бүхий хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр хэлцэл байгуулагдах талаар зохицуулжээ.

Мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж заасан нь талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийг зохицуулж өгсөн нь зохигч талуудын хүсэл зоригийн илэрхийлэл чөлөөтэй байдлаар, агуулгыг ойлгомжтой илэрхийлсний үндсэн дээр хүсэл зоригийн илэрхийллүүд давхцаж байж гагцхүү гэрээ байгуулах чөлөөт зарчмыг хангахаар байтал хариуцагчаас ирүүлсэн албан бичгээр тодорхойлсон хүсэл зоригийн илэрхийллийг нэхэмжлэгч талаас зөвшөөрөөгүй /2 дахь хавтаст хэргийн 160 дахь талд төлбөрийн зөрчил хэвээрээ байгааг мэдэгдэж байсан/, түүнчлэн уг хүсэл зоригийн илэрхийлэлд туссан агуулгыг тохиролцоогүй, тодорхой болгоогүй байхад хэлцэл байгуулагдсан байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэл тогтоогдож байна.

Мөн зохигч этгээдүүдийн хооронд байгуулсан СТГ-18/16 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.1, 313.2 дахь хэсэг, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан хэлбэр, агуулгыг хангаж хийсэн хэлцэл ба мөн уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал нь Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.11, 8.3 дахь хэсэгт СТГ-18/16 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт зааснаар баримтлан бичгээр буюу талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тэмдгээр баталгаажуулан, нотариатаар гэрчлүүлсний үндсэн дээр байгуулах ёстой байтал хариуцагчаас ирүүлсэн албан хүсэлтийг нэхэмжлэгчийн зүгээс судалж байна, ...төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна... гэх агуулгатай хариу цахим шуудан явуулсан байтал уг үйл баримтыг анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2 дахь заалтад хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан;'' гэж, мөн хуулийн 43.3 дахь хэсэгт Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ. гэж тус тус заасныг үндэслэн хариуцагч болон нэхэмжлэгчийн хооронд байгуулсан СТГ-18/16 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ хийгдсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэх судлаагүй, үнэлээгүй байдлаар хэргийг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч этгээдэд тухайн үед ажиллаж байсан ажилтнууд болох нягтлан бодогч Б., санхүүгийн түрээсийн мэргэжилтэн Б.*******, Б.******* нараас хариуцагчийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А-21/365 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлтэд хариу явуулсан цахим шуудангийн үйлдэлд нэхэмжлэгчийн албаны чиг үүргийн хувьд байгууллагаа төлөөлөх эрхтэй этгээдүүд байсан гэж, мөн тус этгээдүүдээс уг цахим шууданг нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч болох Н.*******ын цахим шууданд хүргүүлсэн нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар өөрийг нь төлөөлөх нөхцөл орчныг бүрдүүлсэн гэж тус тус анхан шатны шүүхээс ойлгож, дүгнэж байгаа нь мөн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, үнэлээгүй байдлаар хэргийг шийдвэрлэсэн байна.

Учир нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна., Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно.", 62.3-д Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ. гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл Н.*******оос нягтлан бодогч Б., санхүүгийн түрээсийн мэргэжилтэн Б.*******, Б.******* нарт санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай эрхийг компанийг төлөөлөх итгэмжлэлээр олгоогүй буюу судалж байна, ...төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна... гэх утга бүхий мэдээллийг хариуцагчид цахим шуудангаар илгээснийг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлцэл хийхийг зөвшөөрсөн гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй.

2.   144/ШШ2024/00184 дугаартай шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 4 дүгээр зүйлд:

Хариуцагчийн албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн авсан хэдий ч 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-нд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар нэхэмжлэгчийн зүгээс зөвшөөрөөгүй, зөвшөөрөөгүй талаар хариу өгсөн гэдэг нь дээр заасан үндэслэл бүхий тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн зүгээс СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.5-д "Түрээсийн төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд санхүүгийн түрээсийн төлбөрийг алданги, түрээсийн хүүгийн төлбөр, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө" гэж заасны дагуу Хаан шоргоолж" ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн шилжүүлсэн төлбөрүүдийг дараах байдлаар суутгасан. Үүнд:

- 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 700318674.46 төгрөгийн төлөлтийг бүхэлд нь алдангиас;

-     2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1530243086.99 төгрөгийн төлөлтөөс 1478975785.47 төгрөгийг алдангид, 51267301.52 төгрөгийг хүүгээс;

-      2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1461359283.29 төгрөгийн төлөлтөөс

340164430.66 төгрөгийг алдангид, 823557005.55 төгрөгийг хүүнд, 297637847.08 төгрөгийг үндсэн төлбөрөөс;

- 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 3080364,437.00 төгрөгийн төлөлтөөс 638102076.65 төгрөгийг алдангид, 77938485.34 төгрөгийг хүүнд, 2364323875.01 төгрөгийг үндсэн төлбөрөөс;

-      2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2000000000.00 төгрөгийн төлөлтөөс

134607239.11 төгрөгийг алдангид, 35200575.82 төгрөгийг хүүнд 1830192185.00 төгрөгийг үндсэн төлбөрөөс;

-     2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1500000000.00 төгрөгийн төлөлтөөс 35021230.22 төгрөгийг алдангид, 57500402.82 төгрөгийг хүүнд, 1407478366.96 төгрөгийг үндсэн төлбөрөөс;

-2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 570000000.00 төгрөгийн төлөлтөөс 12414518.45 төгрөгийг алдангид, 154936290.15 төгрөгийг хүүнд, 402649191,40 төгрөгийг үндсэн төлбөрөөс тус тус суутган тооцсон болно.

Дээрх тооцооллын дагуу хариуцагчаас төлсөн төлбөрийг суутган тооцсон нь үндэслэлтэй байх тул шүүхээс дээрх төлөлтүүдийг төлсөн нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 144/ШШ2024/00184 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 болон 2 дугаар заалтад нэмэлт, өөрчлөлт оруулан ******* ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-г цуцлуулж, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алданги, хохирол болох 4397231485.45 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 631690015.81 төгрөг, нийт 5028921501.26 төгрөгийг гаргуулах, түрээсийн зүйл болон барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Хаан шоргоолж ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш. давж заалдах гомдолд ирүүлсэн тайлбартаа:

Хаан шоргоолж ХХК-ийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А-21/365 дугаартай албан бичгээр санхүүгийн түрээсийн эргэн төлөлтийн хугацаа алдагдсанаас үүссэн алдангиас чөлөөлүүлэх, санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтөд өөрчлөлт оруулах бидний хүсэлтийг хүлээн авч хамтын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна хэмээн хүсэл зоригоо илэрхийлсний хариуд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ди Би Эм Лизинг ХХК-ийн санхүүгийн түрээсийн мэргэжилтэн Б.******* өөрийн ажлын цахим хаягаас Өдрийн мэнд, хавсралтаар шинэчилсэн эргэн төлөлтийн хуваарийн төслийг хүргүүлж байна. Холбогдох санал байвал эргэн холбогдоно уу., Оройн мэнд, хавсралтаар хуримтлагдсан хүүгийн төлбөрийн нэхэмжлэхийг хүргүүлж байна гэсэн цахим шууданг Хаан шоргоолж ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.ийн [email protected] гэх ажлын цахим хаяг руу илгээсэн байдаг.

Уг төсөлтэй танилцахад Санхүүгийн түрээсийн гэрээний хүүгийн төлбөрийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл нийт 10772166281.11 төгрөгийг төлж дуусгах тухай агуулга бүхий Санхүүгийн түрээсийн эргэн төлөлтийн хуваарь байсан. Харин хуримтлагдсан хүүгийн төлбөр гэж №1-92 дугаартай нэхэмжлэхийн хувьд 700318671.01 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дотор шилжүүлэхээр тусгасан байв.

Үүнийг бид даруй зөвшөөрч буйгаа илэрхийлж, уулзалт товлон уулзаж, мөн утсаар баталгаажуулж ярихад Ди Би Эм Лизинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.******* энэ хуваариар төлөхийн тулд хуримтлагдсан хүүгийн төлбөрөө эхлээд төлчих, бас болж өгвөл төлбөрийн хуваариа боломжоороо жаахан урагшлуулмаар байна, хурдан төлчихвөл хүү багасна шүү дээ гэж мэдэгдсэн.

Энэ дагуу манай компанийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 700318671.01 төгрөгийг төлсөн. Үүнээс үзвэл манай гаргасан хүсэлтийг нөгөө тал хүлээн зөвшөөрч, гэрээний шинэчилсэн эргэн төлөлтийн хуваарийг тодорхой болзол буюу хуримтлагдсан хүүг төлсөн нөхцөлд шинэчлэх санал гаргасныг манай тал хүлээн зөвшөөрч бодит үйлдлээр төлснөөр төлбөрийн хуваарь болон нийт хэмжээ нь шинэчлэгдсэн болно.

Энэ үйл баримтыг давхар баталгаажуулсан нотлох баримт хэрэгт цөөнгүй бий. Тухайлбал, Ди Би Эм Лизинг" ХХК-ийн нягтлан бодогч Б. өөрийн ажлын хаягаас 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн байдлаарх нэхэмжлэлийг хүргүүлж байна гэсэн цахим шууданг Хаан шоргоолж ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш., санхүүгийн менежер М., Ди Би Эм Лизинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.******* болон тус компанийн санхүүгийн түрээсийн мэргэжилтэн Б.******* нарын ажлын цахим хаяг руу тус тус илгээсэн байдаг.

Хавсралтад дурдсан №1-44 дугаартай тус нэхэмжлэхэд Санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр 1408548367.11 төгрөг, хүүгийн төлбөр 121694719.88 төгрөг, алданги 0.00 төгрөг гэсэн байв. Хэдийгээр шинэчилсэн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу эхний төлбөр 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хийгдэх ёстой байсан ч гүйцэтгэх захирал Б.*******ын болж өгвөл төлбөрийн хуваариа боломжоороо жаахан урагшлуулмаар байна, хурдан төлчихвөл хүү багасна шүү дээ" гэсэн хүсэлтийн дагуу харилцан ярилцсаны эцэст эхний төлөлтийг наашлуулж, баримт үлдээх зорилгоор нэхэмжлэгч талаас тус нэхэмжлэхийг илгээсний дагуу манай тал тэр даруй төлж, шинэчилсэн хуваарийг бодитоор хэрэгжүүлж эхэлсэн байдаг.

Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын 1 дүгээр хэсгийн эхэнд ...Нэхэмжлэгчийн зүгээс хүсэлтийг хүлээн авсан ч зөвшөөрсөн хариу өгөөгүй, зөвшөөрөөгүй тухай хариу өгсөн атал хэмээн илт худал зүйл бичжээ.

Тухайлбал, зөвшөөрсөн хариу өгөөгүйгээс гадна зөвшөөрөөгүй хариу өгсөн гэж дурдаж буй 2 дугаар хавтаст хэргийн 160 дахь талд байгаа Ди Би Эм Лизинг ХХК-ийн албан бичиг нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийнх бөгөөд тус хавтаст хэргийн 159 дэх талд байх Хаан шоргоолж ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн танай нэхэмжлэхийн дагуу бид төлбөрөө төлсөөр одоогоор үлдэгдэл 462377398.57 байна гэх албан бичгийн хариу болгож, ирүүлсэн юм.

Энэ нь гэрээ байгуулагдсанаас хойш Хаан шоргоолж ХХК-аас 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эхний төлөлтийг хийснээс хойш 10272285478.29 төгрөг буюу нэхэмжлэгчээс ирүүлсэн эргэн төлөлтийн шинэчилсэн хуваарь-т заасан нийт гэрээний үүргийн 95 гаруй хувийг биелүүлсний дараа гэнэтхэн тохиролцооноосоо үндэслэлгүйгээр буцаж, жилийн өмнө нэгэнт бодитоор хэрэгжсэн шинэчлэгдсэн төлбөрийн хуваарийн асуудлыг огт байгаагүй мэтээр авирлаж, танай өмнө шилжүүлсэн бүх төлбөрийг алдангид суутгасан хэмээн мэдэгдсэн байдаг юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь бичгээр байгуулж, тамга тэмдгээр баталгаажуулж, нотариатаар гэрчлүүлсний үндсэн дээр байгуулах ёстой хэмээн тайлбарлажээ.

Хэлцлийн хэлбэрийн шаардлага нь өөрийн үндэслэл буюу зорилготой бөгөөд тухайлсан хэлцлийн төрлөөс хамааран хууль болон талуудын гэрээгээр тогтоосон хэлцлийн хэлбэрийн шаардлага зөрчигдсөн бол түүнийг хүчин төгөлдөр гэж үзэх эсэх асуудал нь дээрх хэлцлийн хэлбэрийн шаардлагын зорилгоос хамаарч ялгамжтай байдлаар хэрэглэгддэг.

Хэлцлийн хэлбэрийн шаардлага нь нотлох, анхааруулах, мэдээлэх чиг үүрэг бүхий зорилгын хүрээнд хэлцлийн төрөл болон хэлцлийн талуудын онцлогоос хамаарч үйлчилдэг. Тухайлбал, хэрэглэгч болон мэргэжлийн бизнесийн байгууллагын хооронд байгуулагдсан гэрээ нь зайлшгүй бичгээр байгуулагдсан нөхцөлд л хүчинтэй гэж үздэг. Учир нь бизнесийн байгууллагын стандарт гэрээнд тусгагдсан эрх, үүргийг жирийн иргэнд сайтар тайлбарлаж, ойлгуулж, хэлцэл байгуулсан гэдгээ бизнесийн байгууллага нотлох үүрэгтэй байдаг.

Ийнхүү заавал гэрээ байгуулах бус өөр ямар нэгэн бичгэн нотолгоогоор энэ төрлийн гэрээ байгуулагдсаныг нотлох мөн л боломжгүй юм. Учир нь хуульд заасан хэлбэрээр түүнд зайлшгүй тусгах шаардлагатай мэдээллийг тусгасан гэрээ нь жирийн иргэнд нэг талаас мэдээлэл (мэдээлэх чиг үүрэг), нөгөөтээгүүр анхааруулга (анхааруулах чиг үүрэг) өгнө гэсэн хууль тогтоогчийн хүсэл зориг байдаг.

Харин 2 талын хэн аль нь мэргэжлийн бизнесийн байгууллага бөгөөд байгуулсан гэрээ, хэлцэл нь арилжааны (commercial) шинжтэй бол тухайлсан хатуу хэлцлийн хэлбэрийн шаардлага тавигддаггүй. Учир нь талууд өөрсдийн эрх, үүргийг хангалттай сайн илэрхийлж, хэлцэл хийх чадвартай гэж үзэх хуулийн таамаг үйлчилдэг бөгөөд энэ тохиолдолд гагцхүү хэлцэл хийсэн болохыг нотолсон (нотлох чиг үүрэг) байхад л хангалттай гэж үздэг.

Энэ тухай Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11-д бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно хэмээн заасан байдаг. Мөн санхүүгийн түрээсийн гэрээг нотариатаар гэрчлүүлэх шаардлага аль ч хуулиар тавиагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд нэг талын цахим шуудангаар хүргүүлсэн хангалттай тодорхой (төлбөрийн хуваарь, төлбөрийн нийт дүн) бичгэн санал, уг саналын дагуу алдангиас чөлөөлсөн болох тухай нэхэмжлэхийг нөгөө тал бодит үйлдлээр хүсэл зоригоо илэрхийлж, төлөх байдлаар хүлээн зөвшөөрснөөс хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан болно.

Мөн гомдолд Хаан шоргоолж ХХК-ийн гаргасан 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хүсэлтийн хариуг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэт илт худал зүйл бичжээ. Энэ хариуг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эргэн төлөлтийн шинэчилсэн хуваарь-ийг толилуулахын сацуу хуримтлагдсан хүүгийн төлбөрийн нэхэмжлэхийг илгээж хариу өгсөн байдгийг дээр дурдсан болно.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгчийн хэлж буй шиг уг асуудлыг төлөөлөн удирдах зөвлөл хэлэлцэн шийдвэрлэх хууль зүйн болон бодит ямар ч боломжгүй юм. Учир нь уг асуудлыг Лизингийн хороо шийддэг бөгөөд тус хорооны дарга нь албан тушаалын чиг үүргийн дагуу нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал өөрөө байдаг. Үүнийг 1 дүгээр хавтаст хэргийн 21 дэх талд байх Ди Би Эм Лизинг ХХК-ийн Хаан шоргоолж ХХК-ийн эргэн төлөлтийг хойшлуулах тухай 2020/06-01 дугаартай Ди Би Эм Лизинг ХХК-ийн лизингийн хорооны тогтоолоос тодорхой харагдана.

Үүнээс гадна хүсэл зоригийн илэрхийлэл нь дотоод болон гадаад илэрхийллээс бүрдэх бөгөөд цаг хугацааны хувьд хамгийн сүүлд ямар гадаад илэрхийлэл нөгөө талд хүрсэн нь тухайн санал гаргасан талын хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлахад шийдвэрлэх ач холбогдолтой байдаг.

Талууд байнга уулзаж, утсаар холбогдсоны эцэст дээр дурдсан №1-44 дугаартай нэхэмжлэхийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр илгээж, манай компани нэхэмжлэхийн дагуу төлснөөр талуудын хооронд бодит үйлдлээр санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтийг хуваарь, нийт дүнг ямар нэгэн маргаангүйгээр эцэслэн шинэчилсэн болно.

Дээрх нэр дурдсан Ди Би Эм Лизинг ХХК-ийн ажилтнууд нь өөрсдийн албаны чиг үүргийн дагуу компанийн хүсэл зоригийг өөрсдийн ажлын цахим шуудангаар албан ёсоор илэрхийлж, ийнхүү илэрхийлэхдээ компанийн гүйцэтгэх захирал Б.Цэдэнсодномд тэр даруйд нь давхар мэдэгдэж байсан буюу 4 удаа ийм байдлаар цахим шуудангаар нэхэмжлэх илгээж байхад гүйцэтгэх захирлын зүгээс ямар нэгэн залруулах үйлдэл хийгээгүй тул Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасны дагуу санхүүгийн түрээсийн мэргэжилтэн Б.*******, Б.*******, нягтлан бодогч Б. нар нь компанийг төлөөлсөн гэж үзэх нь бүрэн үндэслэлтэй юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь зөвхөн талуудын байгуулсан СТГ - 18/16 гэрээний 6.5-д заасны дагуу Хаан шоргоолж ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг дуустал шилжүүлсэн бүх мөнгийг алдангид суутгасан нь үндэслэлтэй байсан гэх тайлбараас өөр ямар нэгэн үндэслэл дурдаагүй байна.

Энэхүү тайлбарын өмнөх хэсгүүдэд дурдсанчлан алданги тооцохгүй болохоо бичмэл нэхэмжлэх болон эргэн төлөлтийн шинэчилсэн хуваарь-ийн дагуу нэхэмжлэгч нь хангалттай тодорхой илэрхийлж, түүний дагуу төлбөрийг төлж дуусгасан тул тус гэрээний 6.5-д заасан зохицуулалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл огт бүрдээгүй болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь зөвхөн улсын тэмдэгтийн хураамжийг асуудлыг хөндсөн байх бөгөөд нэхэмжлэл нь дээр дурдсанчлан бүхэлдээ үндэслэлгүй тул түүний гомдолд дурдсанаар шийдвэрлэх ямар ч боломжгүй билээ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 8 дугаар зүйл, Иргэний хуулийн 312 дугаар зүйл болон гомдол дээр бичиж өгсөн хуулийн үндэслэлүүдээр энэ гэрээг өөрчлөх гэж байгаа бол талууд хүсэл зоригоо бичгээр цаасан дээр буулгаад хоёр талын эрх бүхий этгээд нь баталгаажуулж тэмдгээ дараад нотариатаар орж байж гэрээ байгуулагдсанд тооцно гэж Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээг талуудын чөлөөт байдал дээр хангагдах ийм зохицуулалтаар гарах ёстой. Гэтэл ийм үйл баримт байхгүй. Гэрээ байгуулагдсанд тооцогдох ямар ч үндэслэл байхгүй байхад анхан шатны шүүх тухайн цахим мэйлээр хүсэлтийг судалж байна гэдгийг үндэслээд талуудын хоорондын гэрээнд өөрчлөлт оруулсан байна. Үүний дагуу хариуцагч төлбөрөө бүрэн төлсөн гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь хуулийг буруу тайлбарлаад нотлох баримтыг шинжлэн судлаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан процессын алдааг гаргасан асуудлууд байна. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Гэрээний хугацаа дууссан болохоор бид нар анхан шатны шүүх дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, цуцлах шаардлагаасаа татгалзсан гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хаан шоргоолж ХХК-ийн хувьд коронагийн үед сул зогсолттой хүнд үеийг даваад арай гэж нөхцөл байдал дээрдээд эхэлмэгц нэн түрүүнд энэ санхүүгийн түрээсийн гэрээнийхээ үүргийг биелүүлье гээд олон удаагийн гүйлгээнүүдийг хийж, ёс зүйгээ баримталж, хүчин чармайлт гаргаж ажиллаж байсан нь сая ярьсан нотлох баримтуудаар баталгаажна.

Хаан шоргоолж ХХК нь төлөлтөө сайн гүйцэтгээд дуусчихсаны дараа гэнэт алданги ярьж гарч ирж байгаа нь үнэхээр ёс зүйгүй асуудал гэж хариуцагчийн зүгээс харж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Батбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бидний зүгээс гагцхүү хэлцэл хийгдсэн болохоор нотолж л чадаж байх юм бол хэлцлээр бодит үйлдлээр хүсэл зоригоо илэрхийлээд байгуулах бүрэн боломжтой. Үүнийг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11, 42.8-д тов тодорхой заасан байдаг. Үүний хүрээнд зээлийн эргэн төлөлтийн хуваарь шинэчлэгдсэн. Нэхэмжлэгч талаас явуулсан шинэчилсэн эргэн төлөлтийн хувиас 70 гаруй сая төгрөгийг илүү төлсөн. Үүний хүрээнд бид нар сөрөг нэхэмжлэл гаргах эсэх, хариуцагч байгууллагын удирдлагуудын жич шийдвэрлэх асуудал гэж үзэж байна. Эдгээр үндэслэлүүдийг харах юм бол нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүрэн үгүйсгэгдэнэ гэж үзэж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Ди би эм Лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хаан шоргоолж ХХК-д холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Хаан шоргоолж ХХК-д холбогдуулан 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцлуулж, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар санхүүгийн түрээсийн төлөгдөөгүй үндсэн төлбөрийн зөрчил 3557557104,87 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 185577773,33 төгрөг, хуримтлагдсан алданги 1285786623,65 төгрөг, нийт 5028921501,26 төгрөгийг гаргуулах, төлбөрийг төлөөгүй тохиолдолд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн СТГ-18/16 дугаартай гэрээний зүйл болох түрээсийн зүйл 40 чирэгч толгой, 84 чиргүүл, 40 чиргүүлийн холбогчоор үүргийн гүйцэтгэл хангуулах, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон ******* ХХК, Хаан шоргоолж ХХК болон Арвин бэлчир ХХК хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр БГ-ХЭХ-ХШ2019/5 дугаар, БГ-ҮХХ-ХШ2019/09 дугаар, БГ-ҮХХ- ХШ2019/10 дугаар, БГ-ҮХХ-ХШ2019/11, БГ-ҮХХ-ХШ2019/2 дугаартай барьцааны гэрээнүүдэд заасан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.

 

Хариуцагч Хаан шоргоолж ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэхийн дүнгээр 700318671.01 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр санхүүгийн түрээсийн зээл буюу үндсэн зээл 1408548367.11 төгрөг, зээлийн хүү 52810916.18 төгрөг, нийт 1530243086.99 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №1-50 тоот дугаартай нэхэмжлэхийн дагуу санхүүгийн түрээсийн төлбөр 1408548367.11 төгрөг, хүүгийн төлбөр 52810916.18 төгрөг, нийт 1461359283.29 төгрөг, 2022 оны 04 дүгээр сард 3080364437 төгрөг, 2022 оны 05 дугаар сард 2000000000 төгрөг, 2022 оны 06 дугаар сард 1500000000 төгрөг, 2022 оны 12 дугаар сард 570000000 төгрөгийг тус тус төлсөн. Талууд алданги төлөхгүй байх талаар харилцан тохиролцсон тул алдангийг төлөхгүй, эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн тул манайх гэрээний үүргээ биелүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх зохигчийн хооронд санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхийн шийдвэрт ******* ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-г цуцлуулж, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алданги, хохирол болох 4 397 231 485,45 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 631 690 015,81 төгрөг, нийт 5 028 921 501,26 төгрөгийг гаргуулах, түрээсийн зүйл болон барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах өөрчлөлтийг оруулах агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан ба давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал ...нэхэмжлэгчээс хариуцагчийн гаргасан хүсэлт буюу хүсэл зоригийг зөвшөөрсөн нэг ч үг үсэгтэй хариу нотлох баримт байхгүй байхад шүүх хүсэл зоригийг нь хүлээж аваад судалж байгааг нь хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн гэж хуулийг буруу тайлбарласан гэж гомдлоо дэмжиж тайлбар гаргасан.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Хаан шоргоолж ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-гээр 30261700,00 юаньтай тэнцэх хэмжээний иенийг жилийн 8,5 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатайгаар,

 

Мөн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн СТГ-18/16-01 дугаартай гэрээгээр 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ,

 

Мөн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн СТГ-18/16-02 дугаартай гэрээнд 2.1.1.Үндсэн гэрээний 02 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг Санхүүгийн түрээсийн нийт хэмжээ 491823848,64 иен ба санхүүгийн түрээсийн үлдэгдэл төлбөр 368867885,14 иен буюу 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Монгол банкны ханшаар хөрвүүлж тооцсон 9859838569,79 төгрөг болон түүнээс хүүгийн төлбөрийг цаашид энэхүү гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төгрөгөөр төлөхөөр талууд харилцан тохиролцож, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн БГ-ХЭХ-ХШ2019/05, БГ-ҮХХ-ХШ2019/09, БГ-ҮХХ- ХШ2019/10 дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн БГ-ҮХХ-ХШ2019/11, БГ- ҮХХ-ХШ2019/12 дугаартай барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулсан байна.

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

 

Талуудын хооронд байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 2.6-д Алданги: Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг зөрчлийг арилгах хүртэл хугацаанд тооцон төлнө гэж, СТГ 18/16 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 20121 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн № СТГ-18/16-02 дугаартай гэрээний хавсралт 01-д 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл түрээсийн хүүгийн төлбөрт 1177453818,03 төгрөг, түрээсийн үндсэн төлбөрт 9859838569,79 төгрөг, нийт 11037292387,82 төгрөгийг төлөхөөр, мөн барьцааны гэрээнүүдэд үүргийн гүйцэтгэлийг төлж дуусгаагүй тохиолдолд барьцааны хөрөнгүүдээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг талууд харилцан тохиролцон бичгээр гэрээг байгуулсан ба дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулна., 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт Барьцааны гэрээг бичгээр байгуулна., 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр байгуулна. гэж тус тус заасантай нийцсэн, талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

 

2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 2.6-д Алданги: Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг зөрчлийг арилгах хүртэл хугацаанд тооцон төлнө, 6.5-д Түрээсийн төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд санхүүгийн түрээсийн төлбөрийг алданги, түрээсийн хүүгийн төлбөр, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө., 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн БГ-ХЭХ-ХШ2019/05, БГ-ҮХХ-ХШ2019/09, БГ-ҮХХ- ХШ2019/10, БГ-ҮХХ-ХШ2019/11, БГ- ҮХХ-ХШ2019/12 дугаартай барьцааны гэрээнүүдэд санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг барьцааны гэрээнд заасан хөрөнгүүдээр хангуулахаар талууд харилцан тохиролцсон гэж тус тус зааснаар нэхэмжлэгч тал нь хариуцагчаас алданги, түрээсийн хүүгийн төлбөр, түрээсийн үндсэн төлбөр, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг тус тус шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгчээс хариуцагч руу санхүүгийн түрээсийн эргэн төлөлтийн хуваарь, алданги 0.00 гэх №1-92, №1-44, №1-50, №1-75 нэхэмжлэхүүд явуулсан байгааг хариуцагчийн нэхэмжлэгчид 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүргүүлсэн А-21/365 дугаартай ...санхүүгийн түрээсийн эргэн төлөлтийн хугацаа алдагдсанаас үүссэн алдангиас чөлөөлүүлэх, санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтөд өөрчлөлт оруулах... гэх утгатай албан бичгээр илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэлд и-мэйлээр ирүүлж буй хариу илэрхийлэл, и-мэйлийг нөгөө тал хүлээн авсан үйлдлийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т зааснаар, мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн ирүүлсэн и-мэйл, нэхэмжлэхийн дагуу гэрээний төлбөрийг төлж, биелүүлсэн үйлдлийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар бодит үйлдлээр хийгдсэн хэлцэл гэж тус тус дүгнэлээ. гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй.

 

Хариуцагч нь талууд харилцан тохиролцож алдангийг төлөхөөс чөлөөлсөн, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт дахин өөрчлөлт оруулсан ба энэ хуваарийн дагуу үүргийн гүйцэтгэлийг бүрэн төлж дууссан тул нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч талуудын хооронд байгуулсан гэрээний алдангийн заалтыг өөрчилсөн, хүчингүй болгосон, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг дахин өөрчилсөн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаарх үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй тул хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч талын нэхэмжлэл болон тайлбаруудыг харьцуулан дүгнэхэд хариуцагчийн нийт төлсөн үнийн дүнгээс 3339603955,02 төгрөгийг алдангид суутгаж авсан гэж байгаа боловч гэрээнд заасан алдангийг үндсэн төлбөрийн нийт дүнгээс эсвэл эргэн төлөлтийн хуваарьт заасан дүнгээс хэрхэн суутгасан, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг хэрхэн тодорхойлон хугацаа хэтэрсэн хэд хоногт хэрхэн яаж тооцсон талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул алдангид 3339603955,02 төгрөгийг суутгаж тооцсон гэх тайлбар үндэслэлгүй.

Хавтас хэрэгт авагдсан банк хоорондын шилжүүлэг болон төлбөрийн баримтуудыг нэгтгэн дүгнэхэд хариуцагч нь 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр зээлийн хүүгийн төлбөрт 1016793323,49 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2021 оны зээлийн хүүгийн төлбөрт 700318671,01 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зээлийн төлбөрт 1530243086,99 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн төлбөрт 1144554437 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн төлбөрт 1935810000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зээлийн төлбөрт 2000000000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зээлийн төлбөрт 1500000000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 570000000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид шилжүүлсэн байх ба зээлийн хүүгийн төлбөрт 1717111994,5 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 8680607523,99 нийт 10397719518,4 төгрөгийг төлсөн болох нь нотлогдон тогтоогдсон байна. /1 дүгээр хавтас хэргийн 175, 177, 179, 183, 185, 186, 187, 188 дахь талууд/

Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт нийт төлбөл зохих төлбөрийн хэмжээг 11037292387,82 төгрөг гэснээс нийт төлсөн 10397719518,4 төгрөгийг хасч тооцоход 639572869,4 төгрөгийн үндсэн зээлийн төлбөр, хүүний төлбөрийг хариуцагч дутуу төлсөн байх ба 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үлдэгдэл үүргийг 639572869,4 төгрөгөөр тооцож гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алданги 319786434,7 төгрөг гэж тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас 959359304.1 төгрөгийг хангаж, 4069562197.16 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээгээр хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний хугацааг 60 сар буюу 5 жилийн хугацаатай гэж тохирсон боловч нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн СТГ-18/16-02 дугаартай гэрээний хавсралт 1-д талууд гэрээний хугацааг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байхаар тусгаснаас дүгнэхэд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний хугацаа дууссан байх тул дээрх гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Хаан шоргоолж ХХК-аас 959359304.1 төгрөгийг гаргуулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн тул барьцааны гэрээнүүдэд заасан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

 

Иймд шийдвэрт дээрх үндэслэлүүдээр зохих өөрчлөлтийг оруулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25302577.51 төгрөгийг шүүгчийн захирамжаар ******* ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 144/ШШ2024/00184 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 гэсний дараа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 гэж, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Хаан шоргоолж ХХК-д холбогдох талуудын хооронд байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-г цуцлуулж, санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алданги, хохиролд нийт 5028921501,26 төгрөг гаргуулах, түрээсийн зүйл болон барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гэснийг санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр 639572869,4 төгрөг, алданги 319786434,7 төгрөг, нийт 959359304.1 төгрөгийг Хаан шоргоолж ХХК-аас гаргуулан ******* ХХК-д олгож, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн БГ-ХЭХ-ХШ2019/05, БГ-ҮХХ-ХШ2019/09, БГ-ҮХХ-ХШ2019/10, БГ-ҮХХ-ХШ2019/11, БГ- ҮХХ-ХШ2019/12 дугаартай барьцааны гэрээнүүдэд заасан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 4069562197.16 төгрөгийг болон ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Хаан шоргоолж ХХК-д холбогдох талуудын хооронд байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-г цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, гэж, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар гэсний дараа хариуцагч Хаан шоргоолж ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 4954747 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25302577.51 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА

 

ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР

 

Х.ГЭРЭЛМАА