Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 36

 

Н.Д-, Б.Т-, Ц.Х-  

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                           Ц.Амаржаргал

                                                          Б.Манлайбаатар

Оролцогчид:

Прокурор                                         А.Оргилбаяр

Ялтан                                               Б.Т-

Ялтны өмгөөлөгч                            Ц.Гэнэндулам

                                                          Б.Чинбаатар

                                                          Н.Баярмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч П.Баттулга нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтны өмгөөлөгч Ц.Гэнэндуламын давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэрэндоржийн Х-, Нацагдоржийн Дарханбат, Буянжаргалын Т- нарт холбогдох эрүүгийн 201609000395 тоот хэргийн дугаартай, 171/2017/0008/Э индекстэй хэргийг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ялтан нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 06-нд Дархан-Уул аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамтаар Дархан-Уул аймаг Дархан сумын 18 дугаар баг Карьерын задгайд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, урьд ял шийтгэлгүй, Бугадууд овогт Буянжаргалын Т- /Регистрийн дугаар: ТГ72100671/

2. Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 21-нд Дархан-Уул аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3 аав, дүүгийн хамтаар Дархан-Уул аймаг Дархан сумын 13 дугаар баг 27-24 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, урьд

-Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 1994 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн дугаар 77 тоот Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2-т зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/сарын хорих ялаар,

-Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 177 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1-т зааснаар 1 жилийн 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзах ялаар,

-Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 213 тоот Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-т зааснаар 2 жил хорих ялаар,

-Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 348 тоот Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар 2 жил хорих ялаар,

-Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 63 тоот Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3-д зааснаар 5 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Боржигин овогт Цэрэндоржийн Х- /Регистрийн дугаар: ТЗ76122112/

3. Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 15-нд Дархан-Уул аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, 3 дүүгийн хамтаар Дархан-Уул аймаг Дархан сумын 7 дугаар баг Түлээтийн 2-73 тоотод түр оршин суух, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Баянхангай гудамж 94 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, урьд:

-Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 -т зааснаар 1 жил хорих ялаар,

-Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар 116 тоот Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Бараг овгийн Нацагдоржийн Дарханбат /Регистрийн дугаар: ТИ81121572/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Т-, Ц.Х-, Н.Дарханбат нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн орчимд Дархан-Уул аймаг Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвийн “Манхан” дэлгүүрийн орчимд иргэн Л.Дэлгэрсайханыг боож унаган амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж бэлэн 305.000 төгрөг болон Нокиа-6110 загварын гар утас 1 ширхэг зэрэг нийт 390.000 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

-Бугадууд овогт Буянжаргалын Т-, Боржигин овогт Цэрэндоржийн Х-, Бараг овогт Нацагдоржийн Дарханбат нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч Б.Т-, Ц.Х-, Н.Дарханбат нар тус бүрт ногдох хөрөнгөнөөс тус тус 50,000 төгрөгийг хурааж, Б.Т-, Ц.Х-, Н.Дарханбат нарыг 3 жил 04 сар 10 хоног хорих ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Б.Т-, Ц.Х-, Н.Дарханбат нарт оногдуулсан 3 жил 04 сар 10 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Б.Т-, Ц.Х-, Н.Дарханбат нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжпүүлэхээр... тус тус заажээ.

Ялтны өмгөөлөгч Ц.Гэнэндулам давж заалдах шатны шүүхэд бичсэн гомдолдоо:

“...Б.Т- нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах үе шатнаас өмгөөлөгчөөр авах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн дагуу миний бие өмгөөлөгчөөр оролцож байна.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь судлан үзэлгүй хэргийг шийлдвэрлэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд тухайн үед байсан гэрч н.Лхагвасүрэн мэдүүлэгтээ “хэн, хэн ямар үйлдэл гаргасан талаар сайн мэдэхгүй байна, Л.Дэлгэрсайханыг дээрэмдсэн 3 залуугийн хэн, хэн нь Л.Дэлгэрсайханы ямар эд зүйлийг авсан талаар санахгүй байна” гэж хэлсэн.

Хавтаст хэргийн 25 дугаар хуудас Б.Т-ыг гэрчээр байцаасан тэмдэглэлд “бид хоёр ноцолдон маргалдаад зууралцахад тэр залуу намайг 2-3 удаа газар авч шидэхэд миний толгой бага зэрэг шалбарч цус бага зэрэг гарсан” гэж хэлсэн. Уг гэрчээр өгсөн мэдүүлэг нь яллагдагчаар өгсөн мэдүүлгээс зөрөөгүй.

Мөн ялтан Ц.Х- хавтаст хэргийн 59 дүгээр хуудсанд өгсөн мэдүүлэгтээ “Нохой Даагий мэдэж байгаа, тухайн үед Б.Т- мэдэхгүй харин үйлчилгээн дээр үлдсэн. Намайг мөнгө авсныг мэдэхгүй байх” гэж хэлсэн.

Мөн ялтан Н.Дарханбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Энэ залуу Б.Т-той маргалдаж байхад Ц.Х- явъя гээд булан эргээд явахаар нь араас нь дагаж явсан. Ц.Х- бид хоёр гүйж байхдаа мөнгө хувааж авсан, бид хоёр мөнгөө нарийн тоолж үзээгүй” гэж хэлдэг.

Мөн Ц.Х- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “үл таних хүнтэй Б.Т- дэлгүүрийн гадаа маргалдаад байж байсан чинь нөгөө хүн нь Б.Т-ыг газар унагахад Б.Т-ын толгойноос цус гарахаар нь би нөгөө залууг араас нь боож аваад унагаахад нэг залуугийн гарнаас мөнгө унахаар нь би мөнгийг нь аваад Даагийтай хамт Күен баарны зүг шууд яваад өгсөн” гэж хэлдэг.

Хохирогч болон Б.Т- нарын маргааныг харж байсан гэх гэрч н.Лхагвасүрэн нь согтуу байсан, мөн хохирогчтой хэн нь ямар байдлаар ямар үйлдлээр мөнгө авсан, зодсон цохьсон асуудлыг тодорхой мэдүүлж чадаагүй гэж үзэж байна. Б.Т-ыг бүлэглэн дээрэм үйлдсэн гэмт хэрэгт оролцсон гэхэд эргэлзээ төрж байна. Энэ нь гэрч н.Уртнасангийн мэдүүлгээр хохирогч Л.Дэлгэрсайханы эхнэр дээр очоод “мөнгө, утсыг маань авсан гэж ажил дээр нь очсон бөгөөд тухайн үед Б.Т-оос нэхээд байгаа мөнгө болон утсын хараагүй, мөн нөгөө талаар 5-6 хоногийн дараа Б.Т-ыг сүүгээ зараад зогсож байхад чамайг мөнгө авсан гэх 2 хүнээ олж өг гэж цагдаад өгсөн шүү” гэж хэлж байснаас үзэхэд Б.Т- нь бусадтай бүлэглэн дээрмийн гэмт хэргийг үйлдлээрээ хамтарч оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тухайн үйлдэл болж Ц.Х-, Н.Дарханбат нар мөнгийг авч явж байхад Б.Т- мэдэхгүй, мэдэх боломжгүй байсан гэж дүгнэхээр байна. Хэрвээ Б.Т- нь мөнгө авах үйлдэлд хамтран оролцох талаар урьдчилан ярилцсан болон үйлдлээрээ оролцсон бол тухайн үед хохирогчоос салаад явж Ц.Х-, Н.Дарханбаттай уулзаж мөнгөө авах байсан.

Гэтэл цагдаад гомдол гарснаас хойш цагдаагийн байгууллага дээр дээрх хоёр нөхөртэй уулзсан гэж мэдүүлсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт зааснаар Б.Т-ын үйлдлийн хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын сэдэлт санаа зорилго нь дээрмийн гэмт үйлдлийн санаа зорилгыг агуулаагүй гэж үзэж байна. Гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. Б.Т-ын хувьд хохирол төлбөр болох 370.000 төгрөгийн хохирлыг сайн дураараа өөрөө төлж барагдуулсан. Зүйлчлэлийг өөрчлөн оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасныг журамлан хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Ц.Гэнэндулам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэв.

Ялтан Б.Т- давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Дээрэмдэх санаа зорилгогүй байсан. Би дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй. Эхнэр нь мөнгийг нь авчирч өг гэхээр нь гайхсан, би мөнгийг аваагүй. Би мөнгийг нь олж өгөх гээд Ц.Х-ын гэрийг нь хайгаад олоогүй. Би хэдэн төгрөг авсныг ч мэдээгүй” гэв.

Ялтны өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Анхан шатны шүүх гэрч Л.Дэлгэрсайхан, Б.Шинэхүү, Б.Уртнасан нарын мэдүүлгийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Л.Дэлгэрсайхан зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Б.Уртнасан мэдүүлэгтээ зодоон болсон байдлыг харах боломжгүй байсан гэдэг” гэв.

Ялтны өмгөөлөгч Б.Чинбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Ц.Х- нь гомдол гаргаагүй. Өмгөөлөгч Ц.Гэнэндуламын давж заалдах гомдлыг дэмжиж байна” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд улсын яллагч А.Оргилбаяр гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, ялтнуудын хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Т-, Ц.Х-, Н.Дарханбат нарыг иргэн Л.Дэлгэрсайханыг боож унаган амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж бэлэн 305.000 төгрөг болон Нокиа-6110 загварын гар утас 1 ширхэг зэрэг нийт 390.000 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан Б.Т-, Ц.Х-, Н.Дарханбат нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Т-, Ц.Х-, Н.Дарханбат нарыг 3 жил 04 сар 10 хоног хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд дээрмийн гэмт хэрэгт яллагдагч Б.Т- хохирогчийг боож унагаад амь насанд нь аюултай байдлаар довтолсон гэж дүгнэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад:

Хохирогч Л.Дэлгэрсайхан “...Зүс таних Т- нэртэй залуу ирээд үгийн зөрүүгүй миний урдаас цамцаар минь хоолой боосон. Хоолойгоо тавиулах гээд ноцолдож байхад нохой Даагий ирээд баруун өмдний халаасад байсан гар утсыг маань авсан” /хх-ийн 14 хуудас/,

Гэрч Б.Энхцэцэг “...Уртнасангийн нөхөр Дэлгэрсайхан, сүү зардаг Т-той өмсөж явсан цамц билүү подволкоор гар гараараа барьцалдаад зогсож байхад нь би “болиоч ээ” гээд салгасан” /хх-ийн 23 хуудас/,

Гэрч П.Уртнасан  “...Энхцэцэг нөхөр чинь  хүнтэй маргалдаад гэж хэлэхэд нь хархад Дэлгэрсайхан 1 хүнтэй маргалдаж байсан. Хажууд нь байсан 2 хүний нэг нь араас нь боож унагаагаад яваад өгсөн” /хх-ийн 16 хуудас/,

Гэрч Б.Шинэхүү “...Манхан дэлгүүрийн урд үл таних 3 залуу нэг залуу дээрэмдээд байх шиг байсан. 3 залуугийн нэг нь дээрэмдэж байгаа залуугийн араас боож унагаасан” /хх-ийн 21 хуудас/,

Гэрч Чеченее буюу Б.Лхагвасүрэн “...Үл таних 3 залуу гэнэт гарч ирээд Дэлгэрсайханы тал талаас нь барьж аваад газар унагаагаад карма хотыг нь хоромхон зуур нэгжээд эд зүйлүүдийг нь аваад явсан.”  /хх-ийн 19 хуудас/,

Сэжигтэн Ц.Х- “...Би тэр залууг боож унагаасан. Мөнгийг нь авахад Даагий Т- 2 оролцоогүй." /хх-ийн 60 хуудас/,

Сэжигтэн Н.Дарханбат “...Дэлгэрсайхан хамт явсан залуутайгаа /Чеченээ буюу Лхагвасүрэн/ архи авах авахгүй талаар маргалдаад гартаа барьсан мөнгөө булаацалдаад маргаж байгаад Дэлгэрсайхан арагшаа саваад унасан. Унахдаа зүүн халаасанд нь байсан мөнгө нь асгараад газар унахаар нь Х- бид 2 түүж аваад зугтаасан” /хх-ийн 70 хуудас/  ,

Яллагдагч Б.Т- “...Дэлгэрсайхан гэх залуу үл таних залуутай хоорондоо зодолдоод байхаар нь Би очоод боль гэсэн чинь Чамд ямар хамаатай юм гээд надтай зууралдаж байгаад 2 удаа намайг тонгороод шидсэн. Тэгсэн чинь Х- араас ирээд тэр залууг татаж унагаагаад яваад өгсөн” /хх-ийн 68 хуудас/ гэх мэдүүлгүүдээс хохирогчийг хэн боож унагаасан, хохирогчийн эд зүйлийг авахад ялтан Б.Т-, Н.Дарханбат, Ц.Х- нар ямар байдлаар оролцсоныг хангалттай нотолж тогтоогоогүй байна.

Өөрөөр хэлбэл: Хэрэг учралыг харсан гэх гэрч Б.Энхцэцэг, Б.Лхагвасүрэн, П.Уртнасан, Б.Шинэхүү нар “...3 залуугийн нэг нь Л.Дэлгэрсайханыг боож унагаасан” гэсэн мэдүүлгүүдийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн боловч хохирогч Л.Дэлгэрсайхан “...зүс таних Б.Т- нэртэй залуу ирээд үгийн зөрүүгүй миний урдаас цамцаар минь хоолой боосон” гэсэн, ялтан Ц.Х- “...Би тэр залууг боож унагаасан” гэсэн харилцан зөрүүтэй мэдүүлгүүд мөрдөн байцаалтын шатанд өгсөн байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаагаар хохирогч Л.Дэлгэрсайханы хүзүүг хэн боож унагаасныг баттай сайн тогтоож чадаагүй, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүдийн зөрүүг гаргаж хуульд заасан ажиллагаануудыг хийгээгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн 66 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 317.1.2, 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1.4, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,   Б.Т-, Ц.Х-, Н.Д- нарт холбогдох эрүүгийн 201609000395 тоот хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2.Хэргийг прокурорт очтол Б.Т-, Ц.Х-, Н.Д- нарт урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэхүү магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

                                            ДАРГАЛАГЧ                                          Я.ТУУЛ

                                                ШҮҮГЧИД                                          Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                           Б.МАНЛАЙБААТАР