Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

     Нэхэмжлэгч:  Б.Б,

   Хариуцагч: Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Рд холбогдох,

    “Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч Б.Ргийн 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 0014905 тоот шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймгийн Өндөрхангай сум дахь сум дундын ойн анги нь 2011 онд Увс аймгийн Засаг даргын А/149 тоот захирамжаар байгуулагдан Ханхөхий нурууны 7 сум хариуцан 3 орон тоотойгоор Байгаль хамгаалах тухай хууль, Ойн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаж байна. Ойн анги 2016 онд Ханхөхий нурууны УТХГН-аас Увс аймгийн ИТХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1017-р тогтоолын 7 дугаар хавсралтанд заасан Улаангом сумын хэрэгцээний болон түлшний 1850 м3 модыг Өндөрхангай, Цагаанхайрхан сумаас бэлтгэж нийлүүлэх шийдвэр гарсныг хэрэгжүүлэх, Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан заалтыг биелүүлэх зорилгоор Ханхөхий нурууны УТХГНЗ-аас зарласан ойн цэвэрлэгээний тендерт шалгарсан ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөлүүдэд манай ойн анги Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д заасны дагуу мод бэлтгэх талбай тусгайрлаж гэрээ байгуулсан юм.

     Уг байгууллагуудад ойн цэвэрлэгээ хийх талаар хууль эрх зүйн талаар сургалт хийх, тэдний санаа бодлыг сонсож ажлаа зөв зохион байгуулахаар 2016 оны 6 дугаар сарын 27-нд “Тусгай хамгаалалттай газар нутгийн ойн цэвэрлэгээ ба нөхөн сэргээлт” сэдэвт Ханхөхий нурууны УТХГНХЗ, сум дундын ойн анги, сумын удирдлага, цагдаагийн хэсэг, мэргэжлийн хяналтын байцаагч, байгаль хамгаалагч нарын уулзалт зөвлөгөөн, мөн 2016 оны 7 дугаар сарын 04-нд “Ханхөхий нурууны БЦГ-ын ойн арга хэмжээ” сэдэвт Цагаанхайрхан, Өндөрхангай, Баруунтуруун, Зүүнхангай сумдын ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөлүүдийн нэгдсэн семинар, зөвлөгөөн зохион байгуулж Улаангом суманд нийлүүлэх 1850 м3 модны эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг яаж хүндрэлгүй олгох талаар хууль эрх зүйд нийцүүлж шуурхай, чирэгдэлгүй, ойн нөхөрлөлүүдийн саналыг дэмжиж шийдвэр гаргасан юм.

      Цагаанхайрхан сумын 5-н ойн нөхөрлөлийн мод бэлтгэх Намшир, Уртжалга, Хэц халзан гэдэг газар нь Өндөрхангайн ойн ангиас 70-80 км, Улаангомоос 250-260 км, Өндөрхангайн 3-н нөхөрлөлийн мод бэлтгэх Билүү, Өгөөмөр гэдэг газар нь ойн ангиас 80-85 км, Улаангомоос 260-270-т оршдог тул Цагаанхайрханы нөхөрлөлийн модны гарал үүслийг Байгаль хамгаалагч Хуягаар бичүүлэх, Билүү, Өгөөмрөөс ачуулах 3-н нөхөрлөлийн модны гарал үүслийг Баруунтуруун байгаль хамгаалагч О.Шаар бичүүлэх, улсын байцаагч Б, П.А нараар хянуулаад яг ачих үедээ бичүүлэхээр ойн анги нь Ойн хуулийн 28.4, 34.1-д заасан эрхээ шилжүүлж ойн нөхөрлөлүүд, байцаагч, байгаль хамгаалагч нартайгаа тохиролцож, ойлголцоод шийдвэрт хүрсэн юм. Ингээд ойн нөхөрлөлүүд модны эрхийн бичгээ авсан үед нь гарал үүслийн гэрчилгээг Ойн тухай хуулийн 34.1-д зааснаар олгосон юм. Ойн анги нь зуны улиралд ажлын ачаалал ихтэй 7 сум хариуцан 240 га-д 30 агруй нөхөрлөлтэй харьцаж хуулиар хүлээсэн эрх үүргээ хэрэгжүүлэхэд 3 орон тоотой ажилладаг нь авто машин болгонд гарал үүсэл бичиж хүрч ажиллах боломжгүй байдаг. Өмнөх жилүүдэд ойн нөхөрлөлийн бэлтгэсэн мод газар хол, тээврийн зардал өндөртэй гээд борлогдохгүй ууландаа хураалттай үлддэг нь нөхөрлөлд ч, байгальд ч хохиролтой байдаг. Ингээд ойн цэвэрлэгээний ажлаа зохион байгуулж Улаангом сум руу мод ачигдаж байтал Аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч Б.Р нь модны гарал үүслийн гэрчилгээг хураан авч ойн ангийн дарга Б.Б надад Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.9-д зааснаар 1920000 төгрөгийн торгууль тавьсан байна.

     Мод бэлтгэх эрхийн бичгээ авсан ойн нөхөрлөлүүд Ойн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5-д зааснаар ойн ангийн гарал үүслийн гэрчилгээ авсан, ойн анги нь Ойн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар гарл үүслийн гэрчилгээ олгосон нь:

     -Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд алс холоос мод авах 1 м3-ийн өөрийн өртгийг багасгах, тээвэрлэх үед ажлыг шуурхай зохион байгуулах зорилго тавьсан юм. Уг үйлдэл нь

    1. Ханхөхий  УТХГНЗ-ны удирдлага, хуулийн мэргэжилтнүүд, улсын байцаагчид, ойн ангийн удирдлага, мэргэжилтнүүд, сумын улсын байцаагч, байгаль хамгаалагч, ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөлүүдийн хамтын шийдвэр байсан.

    2. Ойн нөхөрлөлүүд гарал үүслийн гэрчилгээг буруу ашигласан зүйл гаргаагүй,  хэрэг зөрчилд холбогдоогүй.

       3. Байгаль орчинд сөрөг нөлөөгүй, экологийн хохирол үүсээгүй.

      4. Хэн нэгэн иргэн, байгууллагад эдийн засгийн хохирол учраагүй, гомдол гаргаагүй.

      5. Аль нэг ойн нөхөрлөлд  давуу эрх олгож ашиг сонирхлын зөрчил гаргасан зүйл байхгүй, адил тэгш жигд олгогдсон.

   6. Өндөрхангай сум дундын ойн анги нь 2012 оны Засгийн газрын 255 дугаар тогтоолоор Цагаанхайрхан, Малчин, Хяргас, Наранбулаг, Баруунтуруун, Зүүнхангай, Өндөрхангай зэрэг 7-н сумын сум дундын ойн анги бөгөөд Цагаанхайрхан сум нь манай ойн ангид хамаарагддаг тул ойн ангийн шийдвэрээр тус сумын байгаль хамгаалагчид гарал үүслийн гэрчилгээ бичиж өгөх эрхийг олгосон юм.

     Би улсын байцаагч Ринагийн торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 207 тоот тушаалын 13-д гомдол гаргах хэсэгт зааснаар улсын ахлах байцаагч, Увс аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга, мэргэжлийн хяналтын төв байгууллагад шат дараалан өргөдөл гомдол гаргасан боловч дээрх байгууллагууд бүгд анхны шийдвэрийг баталгаажуулсан хариу өгссөн. Иймд Увс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргалаа.

      1. Улсын байцаагч Б.Р Ойн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 34 дүгээр зүйлийн 34.1 д заасан ойн ангийн эрх үүргээ хэрэгжүүлэх, ойн нөхөрлөлийн эрх үүрэг, Ойн тухай хуулийн 22.1.5, 2013.09.02-ны өдрийн БОХНС-ын А-244 тоот тушаалын ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх журмын 3.1.5-д заасан гарал үүслийн гэрчилгээг ойн ангиас авсан байна гэсэн заалтыг үгүйсгэсэн.

     2. Ойн ангид хяналт шалгалт хийхдээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт батлах” тухай 207 дугаар тушаалын 6.2-д “хууль дээдлэх”, 6.3-д “хүний эрх, нэр төрийг хүндэтгэн байгууллагын нэр төрийг эрхэмлэн, үйлчлүүлэгчийг хүндэтгэн”, 6.4-д “зөв боловсон харьцан”, 9.7-д заасан хяналт шалгалтын удирдамж байхгүй, үзүүлээгүй, 10.2-д заасан хяналт шалгалтаар эхлээгүй, дээрэнгүй хандаж шууд торгож акт тавьсан.

      3. Гарал үүслийн гэрчилгээг буруу олгосон гээд Ойн тухай хуулийн ямар зүйл заалтаар буруутгаад байгаа нь 001185 дугаартай шалгалт хийсэн тэмдэглэл, 0014905 дугаартай шийтгэврийн хуудсанд харагдахгүй, мэдэгдэхгүй байсан ба Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016.10.10-ны өдрийн 265 тоот албан бичгээр Ойн тухай хуулийн 34.3, 34.4, БОНХС-ийн 2013.05.15-ны өдрийн А-153 тоот журмын 4.3, 4.4, 4.9, 4.10, 5.4-д заасан заалт зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд хууль журмыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь би өөрөө гарал үүслийн гэрчилгээ бичээгүй, байгаль хамгаалагчаар бичүүлэхээр шийдвэр гарсан ч Рина үнэт цаасыг хураан авч явсан.

     4 . Надад арга хэмжээ авахдаа Ойн тухай хуулийн 47.2.9-д зааснаар 1920000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан нь 8 сая төгрөгийн цалингийн зээлтэй төрийн албан хаагчийн бүтэн жилийн цалингаар төлөхөөр байна. БОНХС-ийн А-153 тоот журмыг зөрчсөн гэж 4.3, 4.4, 4.9, 4.10, 6.4-д зааснаар арга хэмжээ авахдаа уг журмын 7.1-д заасан хариуцлага тооцох арга хэмжээг хэрэглэлгүй хамгийн өндөр мөнгөн дүнг олгосон нь хүн чанар ёс зүйгүй хандсан

      5. Мэргэжлийн хяналт, шалгалтын ерөнхий шаардлага, стандартын 13-д гомдол гаргах хэсэгт заасан шалгуулагч /иргэн байгууллага/ хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд улсын байцаагч, шалгалт хийсэн байгууллага, мэргэжлийн хяналтын төв байгууллагад шат дараатай өргөдөл гаргаж сүүлчийн хариу ирээгүй байхад шүүгчийн захирамж гаргуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлсэнд мөн гомдолтой байна.

     Дээрх 5 үндэслэлээр гомдол гаргаж байгааг шалгаж улсын байцаагч Б.Ргийн 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 0014905 тоот шийтгэврийн хуудсыг хүчингүй болгон миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

     Хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагч Б.Р шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Басан овогтой Рина миний бие Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу, МХЕГ-ын даргын баталсан 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/39 тоот урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд Цагаанхайрхан, Зүүнхангай, Өндөрхангай сумдад ойн аж ахуйн арга хэмжээний үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”, “Ойн тухай хууль” болон холбогдох дүрэм журмын хэрэгжилтэнд хяналт шалгалт хийсэн. Цагаанхайрхан сумын ойн цэвэрлэгээний ажил гүйцэтгэсэн Үргэлж ахих ХХК, Шинэчлэл ХХК, Чин хөгжил нөхөрлөл зэрэг аж ахуй нэгжид хяналт шалгалт хийхэд мод модон материалын гарал үүслийн гэрчилгээний үнэт цаасыг Өндөрхангай сум дахь сум дундын ойн ангийн дарга Б.Б нь нийт 15 ширхэг гарал үүслийн гэрчилгээг гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байдалтайгаар олгосон зөрчил илэрсэн. Дээрх зөрчил нь үнэт цаасыг хуулийн дагуу олгоогүйгээс гадна аж ахуй нэгж байгууллагуудад хяналтгүй мод тээвэрлэх боломжийг бүрдүүлсэн байсан. Монгол Улсын Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтад аймаг нийслэлийн ИТХ-аас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно гэж заасны дагуу ойн ангийн дарга Б.Б нь Өндөрхангай суманд мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг олгох заалттай ба Цагаанхайрхан, Баруунтуруун, Зүүнхангай зэрэг сумдын эрхийн бичгийг сумын эрх бүхий албан тушаалтан буюу байгаль хамгаалагч нар хуулийн дагуу олгох эрхтэй. Ойн ангийн даргаБ.Б нь харъяа сумдын байгаль хамгаалагчид гарал үүслийн гэрчилгээг сери дугаараар нь хүлээлгэн өгч, тус байгаль хамгаалагч нь мод бэлтгэх эрхийн бичиг болон өөр аймаг сум руу тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээг модны төрөл, хэмжээ, эрхийн бичиг зэргийг хянаж үзээд гарал үүслийн гэрчилгээг олгох журамтай байхад, өөрөө дур мэдэн аж ахуйн нэгж, байгууллагад эрхийн бичгийг шууд хяналтгүй олон ширхэгээр нь гарын үсэг зурж, тамга дарж олгосон байсан. Гарал үүслийн гэрчилгээ нь мод модон материалыг өөр аймаг сумын нутаг руу тээвэрлэхэд дагалдах, тус сумаас бэлтгэснийг илтгэх үнэт цаас бөгөөд иргэн аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэх эрхийн бичиг авч бэлтгэсэн модоо эрх бүхий албан тушаалтанд хянуулсны үндсэн дээр гарал үүслийн гэрчилгээнд бичилт хийлгэж баталгаажуулж авах журамтай.

     1.Ойн ангийн дарга Б.Б нь Монгол Улсын Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 34.4 дэх заалт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А-153 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журмын 4.3, 4.4, 4.9, 4.10, 6.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн тул Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.9 дэх заалтыг үндэслэж захиргааны арга хэмжээ ногдуулсан.

     2.Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэхээр тангараг өргөсөн төрийн албан хаагч, Ойн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн удирдах албан тушаалтан байж “миний гаргасан зөрчилд хохирогч байхгүй, эдийн засгийн болон экологийн хохирол үүсээгүй, нөхөрлөлүүд гарал үүслийн гэрчилгээг буруу зүйлд ашиглаагүй, гомдол гаргаагүй гэж тайлбар хийсэн нь төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдэл гэж бодож байна.

      3.Хяналт шалгалт хийхдээ 01/39 тоот удирдамж үзүүлж, уншиж танилцуулсан.

    4.Хяналт шалгалт хийхэд Б.Б намайг чи хууль мэдэхгүй байна, би зөв олгосон чи хууль мэдэхгүй учраас БОНХЯ-ны холбогдох албан тушаалтан руу ярьж чамд асууж өгье, яамнаас надад ийм чиглэл өгсөн гэж хэлээд ярьсан боловч тэр хүн нь “Батням аа чиний буруу чи хуулийн дагуу ажил, юу яриад байгаа юм бэ битгий худал яриад бай бид чамд тийм чиглэл өгөөгүй хариуцлагаа хүлээ” гэж хариуг нь өгсөн энэ үед аймгийн БОАЖГ-ын ойн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Энхтуяа, ойн ангийн ажилтан А.Төртогтох нар хамт байсан.

      5.Б.Б нь нэхэмжлэлдээ Б.Р миний биеийг ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хууль дээдлээгүй, хүний эрх, нэр төрийг хүндэтгэн байгууллагын нэр төрийг эрхэмлэн, үйлчлүүлэгчийг хүндэтгээгүй, зөв боловсон харьцаагүй, хяналт шалгалтын удирдамж үзүүлээгүй, дээрэнгүй хандаж, шууд торгосон, хүн чанар ёс зүйгүй хандсан зэрэг маш олон зүйлээр гүтгэсэн, худал зүйл бичсэн байгаа тул хяналт шалгалты үед хамт байсан аймгийн БОАЖГазрын ойн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Энхтуяа, ойн ангийн инженер А.Төртогтох, МХГ-ын Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Ц.Баттулга нараас гэрчийн мэдүүлэг авч дээрх зүйлсийн үнэн зөвийг тодруулж өгнө үү.” гэжээ.

     Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Манай Өндөрхангай сумын Сум дундын Ойн анги нь мод, модон материалд гарал үүслийн гэрчилгээ олгох, ойн цэвэрлэгээ хийхэд эрх олгох ажиллагаа буюу Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг. Энэ 2016 оны аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 1017 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар 1850 м/куб мод бэлтгэж тээвэрлэх чиглэл авсан. Энэ үүргээ хэрэгжүүлэх явцад гарал үүслийн гэрчилгээ олгох үед буруу олгосон гэх үндэслэлээр шийтгэвэр авагдсан. Олгох эрх нь сум дундын Ойн ангид байгаа. Эрх бүхий албан тушаалтан бол Ойн анги байх бөгөөд 2012 оны 255 тоот тогтоолоор Цагаанхайрхан сумыг Өндархангай сумын Ойн ангид хариуцуулсан. Тийм учраас Цагаанхайрхан сумыг би Ойн ангитай гэж үзэж байгаа. Манай Ойн анги нь 3 ажилтантай машин болгонд гарал үүсэл бичээд суух боломжгүй. Зуны улиралд ажлын ачаалал ихтэй байдаг. Цагаанхайрхан сумаас Улаангом руу мод бэлтгэж ачуулах нөхөрлөлийн гарал үүслийг чирэгдэлгүй бичиж, тээвэрлүүлэхийн тулд тухайн бүсээс шууд тээвэрлэх зохион байгуулалт хийгдсэн. Өмнө аймгийн Байгаль орчны газраас сумдууд руу дамжуулж гарал үүсэлт олгодог байсныг буруу гэж үзээд сум дундын Ойн ангиар дамжуулж олгодог болсон. Тухайн асуудлыг бид ойролцоох сумуудын байгаль хамгаалагч нарыг дуудаж ирүүлээд сургалт семинар зохион байгуулж, нэгдсэн зөвлөгөөн хийж байгаад шийдвэрлэсэн. Ингэхдээ Баруунтуруун суманд гарал үүсэл бичих эрхийг Шаалууд, Цагаанхайрхан суманд бичих эрхийг Хуягаад өгөөд улмаар нөхөрлөлд олгосон. Ойн тухай хуулийн 22.1.5-д мод бэлтгэх эрх авсан аж ахуй нэгж, нөхөрлөл нь тухайн сум дундын Ойн ангиас гарал үүслийн гэрчилгээ авсан байна гэж заасан. 2013 оны ойн цэвэрлэгээ хийх талаарх Байгаль орчны яамнаас сайдын 244 тоот тогтоол дээр эрх авсан аж ахуй нэгж Ойн ангиас гарал үүсэл авахаар заасан. Ингэхдээ гарал үүслийн гэрчилгээг бичүүлээд өөрсдөө Ойн ангид авч ирж өгөх ажил зохион байгуулсан. Гарал үүсэл гэдэг бол олгох , мод бэлтгэн тээвэрлэх эрхтэй аж ахуй нэгж иргэн, Ойн ангиас авсан байна гэсэн заалтыг ойлгож ажил хийгдсэн гэж үзэж байгаа. Би гарал үүслийн гэрчилгээг бүрэн бичээд байгаль хамгаалагчид шилжүүлэх ёстой. Хэрэв бичээгүй ямар нэгэн хохирол учруулаагүй бол болно. Телевизээр ярьсан нь үнэн байгаа. Тэр нь буруу байна. Би өөрөө тамга дарж гарын үсэг зурсан. Харин бичих эрхийг байгаль хамгаалагчид тушаалаар даалгасан” гэжээ.

     Хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Р шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манай урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамж, Ерөнхий газраас ирсэн заавар гэж байгаа. Түүний дагуу удирамжийг хаанаас олгох заавар байгаа. Бусад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг газрын даргаар батлуулаад явдаг. Дарга маань ажлаа аваад нэг сар болсон ажил мэдэхгүй байж мэдэх юм. Би даргад бүрэлдэхүүнээ даргад танилцуулаад томилолт авдаг. Ерөнхйи газраас ирсэн журмын дагуу 2016 оны 9 дүгээр сараас дагаж мөрдөхөөр заасан. Энэ Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлд гэм буруутай этгээд зөрчлийн шинж чанартай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. 47.1, 47.2 гэдэг бол ижил утгатай гэж үзсэн. Таны гаргасан зөрчилд таарсан заалт байсан учраас тэр зүйлээр танд арга хэмжээ авсан. Би Төрийн албаны тухай хуулиар арга хэмжээ авах эрх бүхий албан тушаалтан биш. Би Байгаль орчны хяналтын улсын байцаагч учраас холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авсан. Тухайн аж ахуй нэгж бол цэвэрлэгээ хийх гээд эрхийн бичгээ авч очсон. Харин өөр аймаг руу очоод зарах бол гарал үүслийн бичгээ харуулаад явах ёстой. Аймаг руу мод зөөдөг аж ахуй нэгж гэж байхгүй. Түүнийг Б.Б өөрөө батлаад өөрөө гарал үүсэл олгоод явж байгаа. Бид хэрэглээний мод гээд аваад явж байгаа хүмүүсийг гарал үүсэлгүй гээд нэг сая гаруй төгрөгөөр торгосон. Энэ бол Б.Бын үүсгэсэн нөхцөл байдал учраас өөрөө хариуцлага хүлээх ёстой. Түүнчлэн та хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд санаачлага гаргаж ажиллаж байх ёстой болохоос энд маргаад зогсож байх үйлдэл биш юм. Бид танд удирдамжаа танилцуулсан. Таны өрөөнд Төртогтох гэх хүн зогсож байсан. Өөрөө мэдэж байгаа байх. Мөн Ерөнхий газарт та өөрөө гомдол гаргасан. Бид Ерөнхий газраас эрх авдаг Улсын байцаагч 14 хоног тутам тайлангаа явуулж байдаг хүмүүс юм. Та аж ахуй нэгжид эрх олгохыг хүсэж байсан бол тамга дарахгүй олгож болох байсан.  Нэр төрд халдсан гэдэг зүйл хэлээд байгаа таны гаргасан 14 гарал үүслийг хурааж аваад учир шалтгааныг нь дурдаад тараасан газарт нь албан тоотоор шилжүүлсэн. Нэр дурдсан асуудал байхгүй. Би Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.9-д нэмэлт өөрчлөлт орсон гэдэг дээр ижил албан тушаалтан гэж байгаа тул нэгийг нь сонгож авсан. Нэмэлтээр орж ирсэн заалт нь уг үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан арга хэмжээ авна гэж байгаа. Тэр нь зөрчлийн тухай хууль гарсантай холбоотой байх. Тэр хууль одоо хэрэгжээгүй байгаа. Би Ж, Ц нараас яагаад тайлбар авахуулсан бэ гэхээр гарал үүслийн гэрчилгээ олдохгүй байгаа учраас Б.Бд хандсан гэж хэлсэн. Гарал үүслийн гэрчилгээ олдохгүй байгаа нөхцөл байдлыг Б.Б өөрөө бий болгосон байх гэж үзэж байгаа. Байгаль хамгаалагч, цагдаа байнга ууланд байх боломжгүй. Жилд 1-2 удаа хяналт шалгалт хийдэг. Аж ахуй нэгж бол олон хоногоор цэвэрлэгээний ажил хийдэг. Яагаад олдохгүй байх нөхцлийг бүрдүүлсэн бэ гэдэг асуудал. Эрх бүхий албан тушаалтан гээд хаалтанд байхад яагаад зөвхөн Ойн ангиар дамждаг гэдэг байдлаар хуулийг буруу тайлбарлаж байна. Түүнийг би илт хууль зөрчсөн эс үйлдэхүй гэж үзэж байгаа. Хуульд олгоно гэдгийг тайлбарлаад байгаа гэтэл яаж олгох бэ, ямар тохиолдолд олгох бэ гэдгийг та өөрөө сайн мэдэж байгаа байх. Тийм учраас Ойн тухай хуулийн 47.2.9 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ авсан.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч  Б.Б нь тус шүүхэд “Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Ргийн 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 0014905 тоот шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

      Нэхэмжлэгч Б.Б нь аймгийн МХГ-ын улсын байцаагчийн шийтгэвэртэй холбоотой маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр улсын ахлах байцаагч, аймгийн МХГ-ын дарга, мэргэжлийн хяналтын төв байгууллагад шат дараалан гомдол гаргасан байгаа ба тус  гомдлын  хариуг  аймгийн МХГ-ын дарга 2016 оны 10 дугаар сарын 10, 12 дугаар сарын 02-ны өдрүүдийн 265, 326 тоот албан бичгүүдээр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн, 9/70 тоот албан бичгээр тус тус өгсөн байна. Мөн тэрээр дээд шатны байгууллага албан тушаалтны албан бичгээр өгсөн хариуг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ ирүүлсэн тул захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

      Түүнчлэн түүний гомдлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад буюу 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2638 дугаар захирамж гарч Увс аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 0014905 дугаартай шийтгэврийн биелэлтийг баталгаажуулжсан ба энэхүү захирамж нь нэхэмжлэлд дурдсан үйл баримт болон уг захиргааны үйл ажиллагаатай холбогдолгүй байсан учир Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй гэж үзсэн. 

       Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч  нарын тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

      Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Р нь Өндөрхангай сум дахь сум дундын ойн ангийн даргаар ажиллаж байсан Б.Бд 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр “Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 34.4, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын А-153 дугаар тушаалаар батлагдсан журмын 4.3, 4.4, 4.9, 4.10 заалтуудыг зөрчин мод модон материалын гарал үүслийн гэрчилгээг урьдчилан үндэслэлгүйгээр ойн цэвэрлэгээ хийсэн аж ахуйн нэгж, байгууллагад олгосон” гэж үзээд Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.9-д заасныг баримтлан 1920000 төгрөгөөр торгож, захиргааны шийтгэл ногдуулсан байна.

      Нэхэмжлэгч Б.Б нь энэхүү шийтгэврийг Ойн тухай хууль, журмыг буруу хэрэглэсэн, Ойн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг хэрэглээгүй гэх зэрэг үндэслэлүүдээр эс зөвшөөрч маргасан байна.

     2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын А/08 тушаалаар Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх, түүнийг зохицуулах журам”-ыг хавсралтаар баталж, уг журмыг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж ажиллахыг аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар үүрэг болгосон ба улмаар 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 01/39 тушаалаар хяналт шалгалтын удирдамжийг баталжээ.

     Энэхүү удирдамжийн хүрээнд аймгийн МХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Р Цагаанхайрхан, Зүүнхангай, Өндөрхангай сумдад ойн аж ахуйн арга хэмжээний үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль болон холбогдох журмын хэрэгжилтийн талаар  хяналт шалгалт хийсэн байна.

       Хяналт шалгалтаар Өндөрхангай сум дахь сум дундын ойн ангийн дарга Б.Б    Цагаанхайрхан сумын нутаг дэвсгэрт ойн цэвэрлэгээний ажил гүйцэтгэсэн “Үргэлж ахих” ХХК, Шинэчлэл ХХК болон Чин хөгжил нөхөрлөлд 15 ширхэг гарал үүслийн гэрчилгээг гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байдалтайгаар олгосон зөрчил илэрсэн ба Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.4-д заасан эрхийн хүрээнд улсын байцаагч холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын захирал болон удирдах албан тушаалтанаас тайлбар, тодорхойлолт гаргуулан, олгогдсон гарал үүслийн гэрчилгээг хураан авч уг зөрчлийг баталгаажуулж баримтжуулжээ. 

      Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 28.4-д “энэ хуулийн 32.2-т “ аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийг бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно”, ”ойн анги / байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/ арчилгаа, цэвэрлэгээний журмаар бэлтгэх модонд эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” мөн 34.4, 34.5-д “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно”, ”энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ түүнийг олгох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж тус тус заажээ.

      2013 оны 05 дугаар сарын 15–ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 4.3, 4.4, 4.6, 4.9, 4.10-д “Гарал үүслийн гэрчилгээг эрхийн бичгийг үндэслэн тээврийн хэрэгсэл тус бүрээр Ойн тухай хуулийн 34.4-д заасны дагуу олгоно”, “Тээвэрлэгч чиргүүл ашиглаж байгаа тохиололд гарал үүслийн гэрчилгээг нийт тээвэрлэгдэх модны хэмжээгээр бичнэ”, “Мод, модон материалыг тээвэрлэх зайнаас хамаарч гарал үүслийн гэрчилгээний хүчинтэй байх хугацааг тогтооно. Тогтоохдоо Монгол Улсын батлагдсан авто замын сүлжээний километрээр тооцон 300 км тутамд хоногийн 24 цагаар тооцон хүрэх цэг хүртэл цаг, минутыг тавьж өгнө”, “Гарал үүслийн гэрчилгээнд мод, модон материалын нэр төрөл, тоо хэмжээг цэвэр гаргацтай, засваргүй бичнэ”, Гарал үүслийн гэрчилгээг урьдчилан болон нөхөн олгохыг хориглоно” гэж тус тус заасан байна.

       Дээрх хууль болон журмын гарал үүслийн гэрчилгээ олгох тухай зохицуулалтуудаас харахад гарал үүслийн гэрчилгээг ойн анги /сумын ЗДТГ-ын эрх бүхий албан тушаалтан,  байгаль хамгаалагч/ нь ойгоос мод, түлээ бэлтгэх эрхийн бичигтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгох эрхтэй байгаа ба тухайн мод, түлээг өөр аймаг, сум, хот суурин руу хооронд тээвэрлэх үед нь гэрчилгээг тухайн мод бэлтгэсэн байгууллагын нэр хаяг, мод, модон материалын нэр төрөл, тоо хэмжээ, худалдан авсан аж ахуйн нэгж байгууллагын нэр, хаяг, хүргэх газрын нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, тээвэрлэсэн он сар өдөр, хүчинтэй байх хугацааг нь тодорхойлон цэвэр гаргацтай, засваргүй бичиж олгохоор хуульчлан журамласан байна.

       Б.Б нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Үргэлж ахих” ХХК, “Шинэчлэл” ХХК, “Чин хөгжил” нөхөрлөл зэрэг аж ахуйн нэгж, байгууллагад 15 ширхэг гарал үүслийн гэрчилгээг бичилт хийхгүйгээр зөвхөн гарын үсэг зурж, тамгаа дарж урьдчилан олгосон нь нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбар, гарал үүслийн гэрчилгээ олгосон гар баримт, хураан авсан гарал үүслийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

      Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.12-д зааснаар хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулах, мөн Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д зааснаар ойн тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол захиргааны шийтгэл ногдуулах эрхтэй байна.

     Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд Б.Быг Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 34.4 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзээд Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлий 47.2.9-д заасан “аж ахуйн нэгж, байгууллагад гарал үүслийн гэрчилгээг урьдчилан үндэслэлгүй олгосон, зохих бичилтийг дутуу хийсэн” гэдэг үндэслэлээр торгож, захиргааны шийтгэл ногдуулсан байна. Улсын байцаагч Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийг /гарал үүслийн гэрчилгээнд хамааралгүй зохицуулалтыг/ буруу сонгож хэрэглэсэн байгаа  боловч Ойн тухай хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн зүйл байхгүй байна. Ойн ангийн дарга  Б.Б нь  хуульд заасан эрхийн хүрээнд гарал үүслийн гэрчилгээг аж ахуйн нэгж байгууллагад олгосон байгаа боловч түүнийг олгохдоо холбогдох хууль тогтоомжийг баримтлаагүй буруутай байна. Шүүх улсын байцаагчийг  тухайн зөрчилд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн  гэж дүгнэлээ.

     Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04 өдрийн хуулиар өөрчлөн найруулахаар заасан байгаа бөгөөд үүнийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заажээ. /Ligalinfo.сайт Ойн тухай хууль/ Үүнээс үндэслэн нэхэмжлэгч Ойн тухай хуулийн нэмэлт өөрлөлтийг 2016 оны 09 дүгээр 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн гэж үзсэн байна.

       2015 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль нь 2016 оны 03 дугаар 01-ний өдрийн Төрийн мэдээлэл сэтгүүлийн 08 дугаарт нийтлэгдсэн байгаа бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлд энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөхөөр заасан байна.

     2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Зөрчлийн тухай хууль / Шинэчилсэн найруулга /-ийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр өөрчлөлт оржээ. Ойн тухай хуульд Зөрчлийн тухай хуулийг баталсантай холбогдож нэмэлт өөрчлөлт орсон байгаа бөгөөд энэхүү нэмэлт өөрчлөлт хуулийн хүчин төгөлдөр болоогүй байна. Иймээс улсын байцаагчийг Ойн тухай нэмэлт өөрчлөлтийг хэрэглээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

     Мөн түүнчлэн нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлдээ дурдсан “Б.Р ажил үүргээ гүйцэтгэж байхдаа “хүний эрх, нэр төрийг эрхэмлэн, үйлчлүүлэгчийг хүндэтгээгүй, зөв боловсон харьцаагүй, хяналт шалгалтын удирдамж үзүүлээгүй, дээрэнгүй хандаж торгосон, хүн чанар ёс зүйгүй хандсан” гэх үндэслэлнь  улсын байцаагчийн ёс зүйтэй холбоотой асуудлууд байгаа бөгөөд энэ нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл биш юм.

      Улсын байцаагч хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулахдаа хуульд заасан журам болон улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөнтэй холбоотой гомдлыг  Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.18-д зааснаар хяналт шалгалтын байгууллагын эрх бүхий албан тушаалтан буюу мэргэжлийн төв байгууллагын дэргэдэх Ёс зүйн хороонд хандан гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

      Маргаан бүхий захиргааны акт нь хууль тогтоомжид нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч Б.Бын “Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Ргийн 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 0014905 тоот шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

     Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулаад нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.2, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.12, Ойн тухай хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 34.4, 34.5, дөчин долдугаар зүйлийн 47.2, 47.2.9-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бын “Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч Б.Ргийн 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 0014905 тоот шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн  47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ОЮУНГЭРЭЛ