Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0569/З |
Дугаар | 221/МА2019/0591 |
Огноо | 2019-11-14 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2019/0591
|
|
|
“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0500 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарын давж заалдах гомдлоор, “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
““Н” ХХК-д барагшун гадаад улсад экспортлох зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, ..... тн барагшуныг гадаад улсад экспортлох зөвшөөрөл олгохыг даалгах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0500 дугаар шийдвэрээр:
“Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасныг баримтлан “Н” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Н гаргасан 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 06/2874 дүгээр албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “Н” ХХК-ийн хориглосон тушаал гаргахаас өмнө бэлтгэсэн гэх ..... тн барагшунг гадаадад экспортлох зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Бид анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн “Зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 06/2874 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох, .......тн барагшун гадаад улсад гаргах зөвшөөрөл олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс өгсөн даалгаврын дагуу “Н” ХХК-ийн хадгалж буй барагшуны хэмжээг тогтооход ...... тн гэж тогтоогдсон тул гадаад улсад гаргах зөвшөөрөл олгохыг даалгах барагшуны хэмжээг ........ тн болгож өөрчилсөн. Ингээд бидний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага “2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн “Зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 06/2874 дүгээр шийдвэрийг хүчингүй болгох, ........ тн барагшун гадаад улсад гаргах зөвшөөрөл олгохыг даалгах” гэж тодорхойлсон.
Анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрээ танилцуулахдаа бидний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн “Зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 06/2874 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, ........ тн барагшун гадаад улсад гаргах зөвшөөрөл олгохыг даалгаж шийдвэрлэсэн болохоо шүүгч тайлбарласан.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул шүүхийн шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах” гэж заасныг Удирдлага болгосон. Мөн шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт ч “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж” гэж бичсэн байна. Шүүх хуралдааны бичлэгээс шүүхийн шийдвэрээ танилцуулсан хэсгийг сонсвол шүүгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, ......... тн барагшун гадаад улсад гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн тухай тайлбарласан.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д “Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно” гэж заасны дагуу шүүгч уншиж сонсгосон байдлаар буюу “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах” агуулгаар шүүхийн шийдвэр хүчинтэй болсон. Шүүгч шийдвэрээ танилцуулсны дараа бичгээр гаргах үед шийдвэрээ (...... тн хэмжээг ...... тн гэж) өөрчилсөн нь үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүх шүүх шийдвэрээ гаргаж, танилцуулах үед бидний нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, зарим хэсгийг ( тн) хангахаас татгалзах агуулгаар гаргаагүй, танилцуулаагүй байсан тул бид гадаад улсад гаргах зөвшөөрөл олгохыг даалгах барагшуны тоо хэмжээ “..... тн” бус “..... тн” болох үндэслэлтэй тухай тайлбарлах, гомдол гаргах шаардлагагүй билээ.
Бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-т “Анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлал, тогтоолд үг, үсэг, тооны зэрэг илэрхий алдаа байгаа бол тухайн шийдвэрийг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн залруулга хийж болно” гэж заасны дагуу шийдвэрт залруулга хийх тухай хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй болно.
Иймд шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт гадаад улсад гаргахыг даалгасан барагшуны тоо хэмжээг “.... тн” гэж танилцуулж, хүчинтэй болсон шүүхийн шийдвэрээс өөрөөр “....... тн” гэж бичсэнийг “...... тн” гэж шүүхийн шийдвэрийн хүчинтэй болсон агуулгаар өөрчилж өгнө үү” гэжээ.
Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Анхан шатны шүүхэд “Н” ХХК нь барагшун гадаад улсад экспортлох зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, ..... тн барагшууныг гадаад улсад гаргах зөвшөөрөл олгохыг даалгах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байсан ба “Барагшуныг түүхийгээр гадаадад гаргахыг түр хугацаагаар хориглох тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/86 дугаар тушаалыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Улсын дээд “шүүх хууль ёсны дагуу гарсан тушаал” гэж үзсэн учраас уг тушаалыг “хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж “...... тн барагшун гадаад улсад гаргахыг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байдаг.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж шийдвэр гаргаж ........ тн барагшуныг экспортлох зөвшөөрөл олгохыг яаманд даалгасан нь хууль тогтоомжийг илтэд зөрчсөн гэж үзэж дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
1.Шүүх нотлох баримтыг дутуу, буруу үнэлсэн тухайд:
Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-д “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг тус тус зөрчсөн байдаг.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс нэхэмжлэгч нь яг хэдэн тнн барагшунтай байсан, байгаа тухайд тодорхойгүй байдаг бөгөөд анх орон нутагтайгаа “.....тнн” барагшун түүж бэлтгэхээр гэрээ байгуулсан, мөн “.... тнн” гэж анх нэхэмжлэлдээ дурдаж байсан, сүүлд нь “.... тнн” болгож өөрчилсөн, мөн Баян-Өлгийн аймгийн Цагдаагийн газрын дэд дарга “....тнн” гэж Улсын мөрдөн байцаах газар “.... тнн” орчим байна гэдгийг тогтоосон.
Гэтэл шүүх Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын дарга нь “нарийн хэмжилт хийгээгүй, боломжгүй” гэж үзсэн байтал, дэд дарга нь “...... тнн” гэж үзсэн учраас үүнийг “гадаад улсад гаргах нь зүйтэй” гэж шийдсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй, буруу үнэлсэн гэдгийг харуулж байна.
“Н” ХХК-д барагшун гадаад улсад гаргах зөвшөөрлийг 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ГА-17034 дүгээр албан бичгээр олгосон. Үүнийг зөвшөөрч, мөн цагдаагийн газрын мөрдөн байцаах албаны дүгнэлтийг хүлээн зөвшөөрч ....тнн барагшунаа гадаад улсад гаргасан байдаг.
Цагдаагийн байгууллага нь босоо удирдлагатай байгууллага бөгөөд УМБА-ны дүгнэлтийг эс зөвшөөрч байгаа бол дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах эрх нь нэхэмжлэгчид байсан боловч энэ тухай нотлох баримт шүүхэд ирээгүй, аймгийн цагдаагийн газар нь дээд шатны байгууллагын гаргасан дүгнэлтийг үгүйсгэж байгааг шүүх мөн анхаараагүй. Тэр битгий хэл дарга, дэд дарга нь хоёр өөр утга бүхий бичиг ирүүлсэн байдаг.
Шүүхийн энэхүү шийдвэрээр яам .....тнн+.... тнн буюу нийт ..... тнн барагшун гадаад улсад гаргахаар болж байна.
2.Давж заалдах болон дээд шүүхийн шийдвэртэй зөрчилдсөн шийдвэр гаргасан тухайд:
“Барагшуныг түүхийгээр гадаадад гаргахыг түр хугацаагаар хориглох тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/86 дугаар тушаалыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүх хууль ёсны дагуу гарсан тушаал гэдгийг нотолж шийдвэр гаргасан байтал анхан шатны шүүх уг тушаалыг зөрчиж “яам шийдвэр гарга” гэдэг байдлаар асуудлыг шийдэж байгаа нь хууль бус юм.
3.Мөн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, маргаан бүхий акт, албан бичгүүдтэй холбоотой гомдлоо дээд шатны албан тушаалтан, байгууллагад гаргаж байгаагүй байдаг.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 500 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.
Хууль зүйн хувьд “Н” ХХК-ийн түүж бэлтгэсэн ...... тн барагшуныг экспортод гаргахаас татгалзах үндэслэл болсон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Барагшуныг түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай” А/86 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа, түүнчлэн дээрх тушаал гарахаас өмнө барагшуныг түүж бэлтгэн, гадаадад экспортлох хүсэлт ирүүлсэн компаниудын бэлтгэсэн барагшуны хэмжээг тогтоон, экспортод гаргах зөвшөөрөл олгох хэмжээ нь анх хүсэлт гаргасан нийт хэмжээний 50 хувиас ихгүй байхаар тогтоож, улмаар “Н” ХХК-д ............. тн барагшуныг экспортлох зөвшөөрөл олгосныг Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 495 дугаар тогтоолд “…гаргасан шийдвэрийн хүрээнд байна…” гэж дүгнэсэн;
мөн “…Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг дарга нэхэмжлэгчид ямар зориулалтаар ....... тн барагшун түүж олборлох зөвшөөрөл олгосон нь ойлгомжгүй…” гэж үзсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа энэ тохиолдолд “зөвхөн хориглосон шийдвэр гарахаас өмнө түүж бэлтгэсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн одоо агуулахад байгаа гэх барагшуны хэмжээгээр экспортод гаргах зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах үндэслэлгүй.
Монгол барагшуныг гадагш түүхий эд байдлаар экспортлохыг хориглосон шийдвэр гарахаас өмнө буюу 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд ...... тн барагшуныг түүж олборлох зөвшөөрөл олгосон Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/130 дугаар захирамж нь энэ тохиолдолд түүж бэлтгэсэн барагшуныг зайлшгүй экспортод гаргах үр дагаварт хүргэнэ гэж үзэхгүй.
Учир нь энэхүү захирамжаар “Н” ХХК-ийн хүсэлтээр тус сумын Уушигтын улаан ууланд элбэг тархсан амьтны гаралтай түүхий эд болох ..... тн барагшуныг түүж бэлтгэх л зөвшөөрөл олгосон, харин бодит байдалд уг зөвшөөрлийн хүрээнд ....... орчим тн-ыг түүсэн болохыг орон нутгийн цагдаагийн байгууллагаас тогтоосон хэмжээнд буюу ...... тн-ыг экспортлох зөвшөөрлийг хариуцагчаас олгосон, иймд анхны түүж бэлтгэх зөвшөөрөл олгосон хэмжээгээр нь экспортод гаргах зөвшөөрөл олгох үүрэгтэй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй.
Үндсэндээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны магадлалд “…олборлосны дараа экспортлох гэж байсан, олборлосон барагшуныг экспортод гаргахыг хориглосон шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх зөрчигдөхөд хүргэсэн гэж марган хориглосон шийдвэрийг хүчингүй болгуулахаар хандаж байгааг хүлээн авах боломжгүй…” болохыг нэгэнт дүгнэсэн, хориглосон шийдвэрийнхээ хүрээнд зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэн ........ тн барагшуныг хориглосон хугацаанд экспортод гаргахыг зөвшөөрсөн зэргээс үзэхэд дахин нэмж экспортод гаргах зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн тухайн үед чухам хэдий хэмжээний барагшун нэхэмжлэгчийн агуулахад хадгалагдаж байсан талаар:
-Баян-Өлгий аймгийн Аялал жуулчлалын газрын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 126 дугаар албан бичигт “…ажлын комисс газар дээр нь шалгаж үзэхэд тодорхой хэмжээний барагшун байгаа нь тогтоогдсон болно” гэж, харин 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 186 дугаар албан бичигт “тус компанийн Баянннуур сумын төвд “Ц” ХХК-ийн складад ...... тн, Өлгий сумын төвийн бөөний баазын складад ...... тн барагшун хадгалагдаж байгаа” гэж,
-тус аймаг дахь цагдаагийн газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 36/1752 дугаар албан бичигт “…Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас ирүүлсэн үүргийн дагуу аж ахуйн нэгжүүдийн агуулахад хадгалагдах буй барагшуны хэмжээг тогтоохдоо нарийн хэмжилт хийгээгүй талаар тусгасан болохыг тэмдэглээд, “Н” ХХК-ийн агуулахад буй барагшуны хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагад хандаж тогтоолгох”-ыг мэдэгдэж байсан атлаа үүнээс 1 сарын дараа буюу 7 дугаар сарын 27-ны өдрийн 36/1915 дугаар албан бичгээр “…Өлгий суманд байрлах бөөний бараа баазын агуулахад ....... кг барагшуун хадгалагдаж байсан…” гэх,
-түүнчлэн Баян-Өлгий аймгийн Аялал жуулчлалын газраас анхан шатны шүүхэд ирүүлсэн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 188 дугаар албан бичигт “…хуучин бөөний баазын 2 складад нийтдээ .......... тн барагшун хадгалагдаж байна” зэргээр бодитоор хадгалагдаж буй барагшуны хэмжээний талаар янз бүрээр тодорхойлж байгаагаас үзэхэд ч 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ....... тн-ыг гаргах зөвшөөрөл олгож, харин дахин экспортод гаргах зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хариуцагчийн эрх хэмжээнд хамаарна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0500 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/-т заасныг баримтлан “Н” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан “тус компанид барагшун экспортлох зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, ....... тн барагшуныг гадаад улсад экспортлох зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН