Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 28

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн даргалан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Н.А нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Увс нуур, Тэсийн голын сав газрын захиргааны даргад холбогдох,

           Гуравдагч этгээд: Иргэн Т.Л

        “Увс нуур Тэсийн голын сав газрын захиргааны дарга Д.Тын ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож Н.Аыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилохыг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Н.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.А нь төрийн албаны шалгалт өгч шалгаран, тангараг өргөж 2013 оны 12 сард “Увс нуур Тэс голын сав газрын захиргаа”-нд “Газарзүй мэдээллийн систем хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд томилогдон ажиллаж ирсэн билээ. Ажиллаж байх хугацаандаа байгууллагын дотоод журам, хууль дүрмийн дагуу ажиллаж хамт олондоо нэр хүндтэй, элдэв зөрчил гаргалгүй ажил үүргээ биелүүлж байсан бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр мэргэжил дээшлүүлэх магистрын сургалтанд хамрагдахаар хүсэлт гарган цалингүй 2 жилийн хугацаатай чөлөө авч ажлаас түр чөлөөлөгдсөн. Ингээд 2 жилийн хугацаа дуусаж 2016 оны 7 сард ажилдаа буцан орохоор ирсэн боловч өнөөдрийг хүртэл намайг ажилд томилж тушаал гаргахгүй хохироож байна. Миний бие энэ тухай асуудлаар 2016 оны 10 сард дээд шатны байгууллага болох БОАЖЯ-нд гомдол өргөдөл гаргасан боловч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн тул шүүхэд хандаж байна. Иймд Увс нуур Тэсийн голын сав газрын захиргааны дарга Д.Тын ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус байгааг тогтоож Н.А намайг урьд эрхэлж байсан “Газарзүй мэдээллийн системийн мэргэжилтэн”-ий албан тушаалд эгүүлэн томилохыг даалгаж өгнө үү” гэжээ.

        Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.А нь Увс нуур-Тэс голын сав газрын захиргаанд Газарзүйн мэдээллийн систем хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2014 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Улаанбаатар хотод мэргэжлийн зэрэг дээшлүүлэх, магистрт суралцахаар 2 жилийн хугацаагаар төрийн албанаас түр чөлөө авахаар хүсэлт гаргасныг хамт олны хурлаар хэлэлцсэн болно. Түүний хүсэлтийг хамт олны хурлаар хэлэлцэн дэмжиж улмаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2 дахь заалтыг үндэслэн сав газрын захиргааны даргын 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б-11 тоот тушаалаар түр чөлөө олгосон. Гэтэл БОНХАЖСайдын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А-96 тоот тушаал гарч “Увс нуур-Тэс голын сав газрын захиргааны бүтэц, орон тоо, дүрэм батлах тухай БОНХСайдын 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А-217 тоот тушаалыг хүчингүй болгож Увс нуур-Тэс голын сав газрын захиргааг татан буулгаж Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааг шинээр байгуулж бүтэц, орон тоо, дүрмийг баталсан. Сайдын А-96 тоот тушаалаар СГЗ-ны бүтэц, орон тоог батлахдаа Усны нөөц, ус ашиглалтыг зохицуулах албыг татан буулгаж Усны нөөц, ус ашиглалтыг зохицуулах нэгж байгуулж Газарзүйн мэдээллийн систем хариуцсан мэргэжилтний орон тоо байхгүй болсон. Иймд Н.Аыг томилон ажиллах боломжгүй гэсэн тайлбарыг хүргүүлж байна” гэжээ.

     Гуравдагч этгээд Т.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Т.Л нь Увс нуур-Тэс голын сав газрын захиргааны даргын 2014 оны 08-р сарын 29-ний Б-21 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээгээр /ТҮ-7-5/ Газарзүйн мэдээллийн системийн түр ажилтангаар томилогдон ажилласан билээ. Увс нуур-Тэс голын сав газрын захиргааны даргын 2015 оны 01-р сарын 05-ны Б-02 тоот тушаалаар ТЗ-5 ангилалд шилжин мөн түр ажилтангаар томилогдсон. Байгууллагын бүтэц өөрчлөлт орж сав газар татан буугдан шинээр байгуулагдсантай холбоотой Увс нуур Тэсийн голын сав газрын захиргааны 2015 оны 03 сарын 31-ний Б-05 тоот тушаалаар Газар зүйн мэдээлэл, усны мэдээллийн дэд сан хариуцсан ажилтангаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Миний зүгээс урьд нь ажиллаж байсан Н.Аын ажлыг буцаж хүлээлгэж өгөхөд татгалзах зүйлгүй гэдгийг Н.А болон аав Нямсамбууд нь хэлж байсан гэжээ.

        Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би 2013 онд Увс нуур Тэс голын сав газрын захиргаа байгуулахад анх ажилд орж байсан. Ингэхдээ ТҮ-7.1 гэрээ байгуулж ажиллаж байсан. Дараа нь газар зүйн мэдээллийн систем гэсэн мэргэжилтнээр төрийн албаны шалгалт зарлагдсанаар орж нэгээр тэнцсэн. Тэгээд төрийн албан хаагчийн тангараг өргөж 2013 оны 12 сард тушаал гарч ТЗ-5.1-аар цалинжиж ажиллаж эхэлсэн. Ажилд ороод нэг жилийн дараа төрийн албан хаагчийн эрх, үүргийн хүрээнд суралцахаар 8 сарын 20-нд хүсэлт гаргаад 2 жилийн чөлөө аваад суралцахаар явсан. Байгууллагын хамт олны хурлаар хэлэлцэж бүгд зөвшөөрч 2 жилийн чөлөө аваад 8 сарын 20-нд ажилдаа орох үүрэг даалгавар аваад явсан. 2016 оны 07 дугаар сарын эхээр би аймагт ирээд даргадаа ажилдаа оръё гэж хүсэлт тавихад “чиний оронд ажиллаж байсан хүн амралтаа авсан байгаа учраас эзгүйд нь ямар нэгэн тушаал, шийдвэр гаргах боломжгүй. Амралтын хугацаа дуусахаар ир” гэж хэлсэн. Тэгэхэд би “Т.Л ахын амралтын хугацаа 09 дүгээр сард дуусах юм байна. Миний ажилд орох хугацаа 08 дугаар сарын 20-нд байгаа учраас зөрчилдөөн үүсэж байна” гэж хэлэхэд дарга “тухайн үед асуудлыг шийдвэрлэж болох байх” гэж тайлбарласан. Т.Л ахын амралтын хугацаа дуусаж би даргатай дахин уулзсан. Дарга намайг ажилд эгүүлэн томилох боломжгүй. Чиний ажлын байр буюу газар зүйн мэдээллийн системийн мэргэжилтэн гэсэн орон тоо байхгүй болсон гэж надад хэлсэн. Тэгээд би Ө.Нарантуяа өмгөөлөгчтэй уулзаж зөвлөгөө авсан. Өмгөөлөгч тушаал шийдвэрээ аваад ир гэхэд тушаал шийдвэр байхгүй талаараа хэлсэн. Би 2016 оны 10 дугаар сарын сүүлээр хот руу явж шат шатны байгууллагад хандсан. Хотод байх хугацаандаа дахин өөр өмгөөлөгчтэй уулзаж зөвлөгөө авч шүүхэд хандсан. Намайг ажлаас чөлөөлсөн ямар ч тушаал, шийдвэр байхгүй байхад миний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна. Шүүх хуралдаан хойшлох болсон шалтгаан нь шүүхийн буруутай үйл ажиллагаанаас болж 2, 3 удаа хойшилж өнөөдөр шүүх бүрэлдэхүүнтэй хэрэг хянан хэлэлцэж байна. Би нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Ажилгүй байсан хугацаан дахь цалингаа гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтрээ нөхөж бичүүлэх хүсэлтэй байна” гэжээ.

      Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Ө.Нарантуяа миний бие нэхэмжлэгч Н.Аад хууль зүйн туслалцаа үзүүлж оролцож байна. Миний үйлчлүүлэгч Н.Ад 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Увс нуур Тэсийн голын сав газрын захиргааны даргад холбогдох “Увс нуур Тэсийн голын сав газрын захиргааны дарга Д.Тын ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Н.Аыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилохыг даалгасан” нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгчийн хувьд төрийн албаны шалгалт өгч тус байгууллагад газар зүйн мэргэжилтэнээр ажилд орсон байгаа. Ажиллаж байхдаа байгууллагын дотоод журам, холбогдох салбар хууль, мөн бусад хуулийг зөрчихгүйгээр ажлаа хийж байсан. Ингээд ажиллаж байхдаа төрийн албаны тухай хуулинд зааснаар сурч боловсрох хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн байгаа. Байгууллагын 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Увс нуур Тэсийн голын сав газрын захиргааны хамт олны хурлаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хэлэлцэж 2 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгож хугацаандаа ажилдаа ирээрэй гэж сануулан ажлаас түр чөлөөлсөн. 2016 оны 07 дугаар сарын 20-нд ажилдаа орохоор Н.А очсон. Цалингүй чөлөө авсан учраас Н.Аын ажлын орон тоон дээр сул орон тоо гарсан учраас уг сул орон тоог нөхөх үүднээс шинээр ажилтан авсан. Н.А чөлөөний хугацаа дуусахаас өмнө ажилдаа орох тухай хүсэлтээ илэрхийлэхэд түүний ажлын байран дээр ажиллаж байсан Т.Л ээлжийн амралтаа авчихсан байсан. Т.Л төрийн байгууллагад олон жил ажилласан учраас хуулинд заасан амралтын хугацаа сар гаруй амарсан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лгийн амралтын хугацаа дууссаны дараа ирэхийг хүсэж явуулсан байгаа. Энэ талаар хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн тайлбарт мөн дурьдсан байсан.  Энэ нь 2016 оны 11 сарын 11-ний өдрийн тайлбарт байдаг. Уг тайлбарт сайдын А/96 тоот тушаалаар бүтэц орон тоо батлахдаа усны нөөц ашиглалтыг зохицуулах албыг татан буулгаж усны нөөц ус ашиглалтыг зохицуулах нэгж болгон өөрчлөгдсөн. Иймд таны орон тоо байхгүй байна. Түүнээс гадна чөлөөний хугацаа 8 сарын 20-ны өдөр дууссан тул 9 сарын 21-ний өдөр ажилдаа орох тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэсэн тайлбарыг өгсөн байгаа. Ингээд 1 сард дахин тайлбар өгөхдөө урьдны тайлбараас эрс өөр тайлбар өгсөн байгаа. Н.Аын ажлын байран дээр сул орон тоо гарсан учраас Төрийн албаны тухай хуулинд зааснаар Төрийн албаны зөвлөлд санал явуулаад нөөцөөс хүн авсан гэсэн тайлбар өгсөн байгаа. Ингээд 3 сард тайлбар өгөхдөө би Н.Аыг бичгээр хүсэлт гарга гэж хэлсэн. Гэтэл Н.А бичгээр хүсэлт гаргаагүй учраас ажилд эгүүлэн тогтоох боломжгүй байсан гэсэн байгаа. Удаа дараа өөр өөр тайлбар өгөөд байгаа нь миний үйлчлүүлэгч болон миний хувьд Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчөөд байгаа байдал харагдаж байна. Иймд хэргийн оролцогчийн хувьд шүүхэд хүсэлт гаргаж зарим нэг баримтыг шинээр гаргаж өгөхийг шаардсан. Захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг өөрөө цуглуулдаг үүрэгтэй цуглуулахдаа ач холбогдол бүхий баримтыг цуглуулж аваагүй гэж үзэж байна. Шүүх зарим хүсэлтийг хүлээж авч шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх хүлээж аваад хэрэгт нотлох баримтаар цуглуулж авахдаа хууль зөрчсөн. Шүүх үйлчилгээний байгууллага байхад илт зөрчил гаргасан нь миний үйлчлүүлэгч болон мэргэжлийн хуульч хүний хувьд эвлэрэх зөрчил биш байсан. Н.А төрийн жинхэнэ албан хаагч. Төрийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч байгууллагынхаа даргад итгэх ёстой. Төрийн алба мэргэшсэн тогтвортой байна гэсэн онцгой зарчмууд байдаг. Төрийн захиргааны байгууллагын удирдлага Төрийн албаны тухай хуулиа барьж ажиллах ёстой. Гэтэл төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэлд бүртгүүлээгүй. Хуулинд зааснаар сурч боловсорсны төлөө хэн ч биш болгоод гудамжинд хаясан. Иймэрхүү байдлаас болж миний үйлчлүүлэгч маш их бухимдсан. Шүүн таслах ажиллагаанд итгэх итгэл алдагдсан. Захиргааны маргаан үүссэнээр шүүх байгууллагын нэр төр унах хэмжээний ойлголт бий болсон нь харамсалтай санагдаж байна. Чөлөө авсан хугацаанаас өмнө тухайн албан хаагч ирсэн бол сул орон тоон дээр ажиллаж байгаа Лг дуудаж уулзан тодорхой хэмжээний захиргааны акт гаргах байсан. Өөрөөр хэлбэл ажилд нь томилох эсхүл зөрчил гаргасан бол уг зөрчлийн улмаас ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох ёстой байсан. Н.А цаашид гадаадад тэтгэлгээр сурах сонирхолтой байгаа болохоор нийгмийн даатгалаа сайн дураар төлж байгаа. Эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гэж үзээд шүүх гуравдагч этгээдээр Т.Лийг татсан. Т.Лгийн хувьд Н.А ажилдаа орчихвол би ажлаасаа чөлөөлөгдөхөд бэлэн байна гэж агуулгатай тайлбарыг ирүүлсэн байдаг. Сул орон тоо гарснаар хуулинд зааснаар нөөцөд бүртгэлтэй иргэнээс шалгаруулж авалгүй хууль бусаар Т.Лийг авсан. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар сул орон тоог нөхөх зохицуулалтыг зөрчсөн. Мөн сул орон тоо гарсан тохиолдолд заавал олон нийтэд мэдээлэх үүрэг бий. Гэтэл тус байгууллага олон нийтэд мэдээлэхгүйгээр төрийн албаны нөөцөд байгаагүй албан хаагчийг авсан. Хариуцагч тайлбартаа гуравдагч этгээд Т.Лий ээлжийн амралтын хугацааг худал мэдүүлсэн байсан. Би Н.Ааас таны байгууллагын дотоод журамд сул орон тооны талаар тусгасан эсэхийг асуухад байхгүй манай байгууллагын үүдний самбар дээр байдаг гэж байсан. Ингээд би хэргийн материалаас харахад байгууллагын дотоод журмын 2.8, 2.9 гэсэн заалтан дээр сул орон тоон дээр нөөцөөс авна гэсэн зохицуулалт байсан. Гэтэл Н.А ийм зүйл байгаагүй талаар хэлсэн учраас шүүхэд тус байгууллагын дотоод журмыг эх хувиар нь гаргаж өгөх талаар хүсэлт гаргасан. Энэ байгууллагын дотоод журам 2013 онд батлагдсан байгаа. Шинэ албан хаагч орж ирэхээр дотоод журмаа засаад байдаг зүйл биш. Хэн нэгэнд нийцүүлээд дотоод журмаа засаад байж болохгүй юмаа. Аливаа байгууллагын дотоод журам нь байгууллагын ажилтан албан хаагчын эрх ашгийг хөндөхгүй, ач холбогдол бүхий бусад салбар хуулиудад заасан хөдөлмөрийн зохицуулалтаар хөдөлмөрийн дотоод журам мөрдөж явдаг. Гэтэл санаатайгаар нэмэлт өөрчлөлт оруулж байгаа нь учир дутагдалтай юмаа” гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхэлж Увс нуур Тэсийн голын сав газрын захиргааны даргаар ажиллаж эхэлсэн. Тухайн үед манай байгууллага шинээр байгуулагдсан байгууллага байсан учраас мэргэжилтэнгүүд төрийн захиргааны албан хаагч байх ёстой. Төрийн албаны салбар зөвлөлд сонгон шалгаруулалт явуулах захиалга өгөхөд сонгон шалгаруулалтыг 10, 11 сар хүртэл явуулах боломжгүй гэсэн хариу өгсөн. Ингээд 2013 оны 09 дүгээр сарын 01-нээс эхлэн мэргэжилтнүүдээ аймгийн төрийн албаны салбар зөвлөлтэй зөвшилцөж төрийн үйлчилгээний албан тушаалтны ангиллаар ажиллуулж эхэлсэн. Н.А тухайн үед сургуулиа төгссөн мэргэжлийн хүн ажилгүй байсан учраас дуудаж уулзан чиний мэргэжлийн ажил байна ажиллах уу гэхэд тэгье гэсэн. Сонгон шалгаруулалт зарлах хүртэл ТҮ ангиллаар ажиллах юм байна гээд тушаал гаргаж ажилд авсан. Тэгээд төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтаа намар зарласан. Ингээд манай мэргэжилтэнгүүд уг шалгалтанд орж Н.А тэнцэн ТЗ ангилалд шилжүүлж томилсон. Ажилд ороод 1 жилийн дараа буюу 2014 оны 08 дугаар сард хамт олны хурал дээр 2 жилийн хугацаатай Монгол Улсын Их сургуульд магистрт сурна гэсэн хүсэлтээ гаргасан. Тухайн хүсэлтийг нь хүлээн авч Засгийн газрын 326 дугаар тогтоолыг үндэслэж төрийн албанаас түр чөлөөлсөн. Н.Аыг чөлөө авснаар сул орон тоо гарсан учраас төрийн албаны нөөцөд байдаг, төрийн албанд олон жил ажилласан газар зүйч мэргэжилтэй Т.Лг ТҮ-ээр цалинжуулж гэрээ байгуулж ажилд авсан. 2014 оны 12 сарын 30-нд асуудал гарч эхэлсэн. Манай байгууллага сайдын тушаалаар 8 орон тоотой байгууллага байхаар батлагдсан байсан. Төсөв хэмнэх үүднээс 2015 оны шинэчлэгдсэн бүтэц орон тоо 6 орон тоотой болж батлагдсан. Тэгээд ахлах мэргэжилтэн Батнасан, сургалт олон нийт хариуцсан мэргэжилтэн Тамир нартай зөвшилцөж ажлаас чөлөөлсөн. Гэтэл 2015 оны 02 дугаар сарын 26-нд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А/96 тоот тушаал гарч Увс нуур, Тэс голын сав газрын захиргааг татан буулгасан. Ингээд Увс нуур, Тэсийн голын сав газрын захиргаа гэсэн нэртэйгээр тус байгууллагын бүтэц орон тоог бүрэн шинэчилж 7 орон тоотой болгосон байгаа. 2 сарын 26-ны тушаал 3 сарын 20-ны үеэр захиргаанд ирснээр хуралдсан. Мэргэжилтнүүдийн ажлын байрны чиг үүрэг өөр болсон. 2015 оны 03 дугаар сарын 31-нд Увс нуур, Тэсийн голын сав газрын захиргааны даргын тушаалаар сайдын тушаал гарсантай холбогдуулан ажилтнуудаа чөлөөлөөд дахин тушаал гаргаж ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсээс шинээр батлагдсан орон тоонд мэргэжил нь тохирох хүмүүсийг сонгон авч томилсон. Нуурын эко системийн үнэлгээ, судалгаа, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн гэсэн нэг орон тоо сул гарсан. Тухайн орон тоон дээр төрийн албаны зөвлөлд хандаад сонгон шалгаруулалт зарласан байгаа. 2014 оны сүүлээр төрийн захиргааны байгууллагууд төрийн албан зөвлөлд төрийн албан хаагчийн шилжилт хөдөлгөөний тайлан гэж өгсөн. Уг тайлангаар чөлөө авсан, ажлаас чөлөөлөгдсөн хүнийхээ талаар тайлангаа өгсөн. Тухайн үед төрийн албаны зөвлөл Т.Лг Газрын албанд ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, нөөцөд байгаа гэж хэлж санал болгосон. 2015 оны 01 дүгээр сараас Т.Л ТЗ-ийн ангиллаар ажиллаж байгаад сүүлд бүтэц орон тоо шинэчлэгдэхэд Увс нуур, Тэсийн голын сав газрын захиргааны газар зүйн мэдээлэл, усны мэдээллийн дэд сан хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. 2016 оны 07 дугаар сарын эхээр Н.А ирж уулзаж ажилдаа орно гэж хэлсэн. Тэгээд бодит нөхцөл байдлыг Н.Ад тайлбарлан хэлсэн. Бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт орсон чөлөө авсан хугацаандаа ямар ч байсан хүрээд ир гэж хэлсэн. Манай яамны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Батжаргалаас албан бичиг ирсэн. Уг албан бичигт боловсон хүчинтэй холбоотой хүмүүсийг чөлөөлөх, ажилд авах асуудлууд дээр манай газартай зөвшилцөж асуудал шийдэх талаар дурьдсан байсан. Түүний дагуу Н.Атай холбоотой нөхцөл байдлыг танилцуулж албан бичиг явуулсан. Түүний дагуу Н.А хариу өгсөн байсан. Н.А 8 сарын 20-нд ирээд уулзсан бол асуудлыг тухайн үед шийдэх л байсан байх. Тухайн үед би амарсан ч утас нээлттэй Улаангомд л байсан. Л ч мөн адил Улаангомд байсан. Тухайн үед Н.А Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаагүй Солонгос улсад байсан юм байна лээ. Ингээд 9 сарын 21-нд надтай ирж уулзсан. Мөн Төрийн захиргаа удирдлагын газрын даргын албан бичигт дурьдсанаар Н.А газарзүйн мэдээллийн системийн магистрын сургалтад хамрагдаж ирнэ гэсэн зорилгоо хэрэгжүүлээгүй байна гэсэн байсан. Өөрөөр хэлбэл чөлөө авсан үндсэн зорилгоо хэрэгжүүлээгүй байсан тухай бичсэн байсан. Тухайн үед Н.Атай уулзаж ярилцахад би магистраа хамгаалаагүй ажилдаа орчхоод сарын дараа дахиад жилийн чөлөө авмаар байна гэдэг асуудал ярьсан. Миний зүгээс төрийн алба тогтвортой байх ёстой дахин жилийн чөлөө өгч чадахгүй гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний өгсөн тайлбаруудыг нэг нэгийгээ үгүйсгэсэн байна гэж байна. Тийм зүйл байхгүй тайлбарлаж өгсөн зүйл л байгаа. Мөн байгууллагын дотоод журам өөрчилсөн зүйл байхгүй. Н.А байгууллагын дотоод журам гээд хэрэгт хавсаргаж өгсөн байсан. Ямар ч тамга тэмдэггүй албан бус зүйл байсан. Манай байгууллагын дотоод бичиг баримт тэгээд явж байгааг ойлгохгүй байна хуурамч гэж үзэж байна. Н.А тэгвэл ажлаас чөлөөлсөн тушаал гаргаад өг гэж байсан. Төрийн албанаас түр чөлөөлөгдөөд явсан нөхцөлд тэр хүнийг төрийн албанаас бүр мөсөн чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Сул орон тооны талаар журам дээр тодорхой тайлбарласан байсан. Сул орон тоо гараад сул орон тоог нөхсөн тохиолдолд түр чөлөөлөгдсөн этгээд эргэж ирээд ажилдаа орно гэхэд тухайн хүнийг чөлөөлж ажилд нь томилох үндэслэлгүй гэж заасан байгаа. Харин тухайн байгууллагад мэргэжлийн чиг үүрэгтэй нь ойролцоо чиг үүрэг бүхий орон тоо сул байгаа тохиолдолд тухайн этгээд ажиллахыг зөвшөөрч байгаа тохиолдолд уг ажлын байран дээр нь томилж болох заалт байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Н.А нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэн Ц.Нд Увс нуур, Тэсийн голын сав газрын захиргааны даргад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ЗХШХШТухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-28.2.8-д заасан эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох бүрэн эрхийг итгэмжлэлээр олгосон байна. Үүний дагуу иргэн Ц.Н нь тус шүүхэд хандан “Увс нуур Тэсийн голын сав газрын захиргааны даргын ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,Н.Аыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэгч Н.А нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө биечлэн оролцох болсноор анхан шатны шүүх хуралдаан дээр “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилт хийхийг даалгуулах”-ыг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж нэмэгдүүлсэн болно.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг “Н.А нь чөлөөний хугацаандаа өргөдөл хүсэлтээ гаргаагүй, хугацаа хэтрүүлсэн, чөлөө авсан зорилгоо биелүүлээгүй, байгууллагын бүтэц орон тоо өөрчлөгдсөн” гэсэн гурван үндэслэлээр эс зөвшөөрч тайлбараа гаргасан байна.

        Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

        Нэг. “Увс нуур Тэсийн голын сав газрын захиргааны даргын ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож Н.Аыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

        Нэхэмжлэгч Н.Ад нь Увс нуур Тэс голын сав газрын захиргааны даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаартай тушаалаар томилогдон ажиллаж байгаад МУИС-ийн газарзүй геологийн сургуулийн байгаль орчныг зайнаас тандан судлал ба газарзүй мэдээллийн системийн ангийн магистрын сургалтанд суралцах болсон шалтгаанаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-д заасан үндэслэлээр 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Увс нуур-Тэс голын сав газрын захиргааны Газарзүйн мэдээллийн системийн мэргэжилтний үүрэгт ажлаас түр чөлөөлөгджээ.

      Эрх бүхий этгээдээс Н.Аыг дээрх үндэслэлээр 2 жилийн хугацаатай чөлөө олгож, төрийн албанаас түр чөлөөлсөн нь мөн өдрийн Б-19 дугаартай тушаалаар тогтоогдож байна.

        Нэхэмжлэгчийн “...чөлөөтэй байсан 2 жилийн хугацаа дуусаж 2016 оны 7 дугаар сард ажилдаа буцан орохоор ирсэн боловч өнөөдрийг хүртэл маргаан бүхий орон тоонд эгүүлэн томилохоос хууль бусаар татгалзсан” гэх маргааны талаар хариуцагч тайлбарлахдаа “...Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-д зааснаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн төрийн албан хаагч нь уг хуулийн 23.5-д зааснаар төрийн албаны нөөцөд байгаад тооцогдоно. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2009.06.04-ны өдрийн 99-р тогтоолоор батлагдсан Төрийн албаны нөөц бүрдүүлэх журмын 2.2-д нөөцийн сангийн бүрэлдэхүүн хэсэгт 3 сараас дээш хугацааны сургалтанд хамрагдахаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийг нөөцөд байгаад тооцно гэжээ. Н.А нь төрийн албанаас түр чөлөөлөгдсөн өдөр буюу 2014 оны 08.20-ны өдрөөс эхлэн төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн байна. Дээрх журмын 3.2-д нөөцөд байгаа иргэний нөөцөөс хасах тохиолдол гэдэгт нөөцийн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацааг 2 жил гэж заасан байна. Н.Аын төрийн албаны нөөцөд байх хугацаа нь 2016 оны 08 дугаар сарын 20-нд дууссан бөгөөд ажилд орох хүсэлтээ 2017 оны 09 дүгээр сарын 21-нд гаргасан нь хугацаа хоцорсон хэрэг болжээ” гэжээ.

        Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-д зааснаар гурван сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдэх болсон тохиолдол нь хуулийн 23.3-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар төрийн албанаас түр чөлөөлөх үндэслэл болдог байна.

         Хуулийн энэхүү зохицуулалтын агуулгаас үзэхэд төрийн албан хаагч нь хуульд заасан тодорхой хугацаанд албан тушаалын ажил үүргээ хийхгүйгээр төрийн албанаас түр чөлөөлөгдөж, чөлөөлөгдсөн үндэслэл шалтгаан арилсны дараа уг албан тушаалд эргэж ажиллах эрхтэй гэж ойлгогдож байна.

       Төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх ойлголтууд нь эрх зүйн үр дагаврын хувьд ялгаатай бөгөөд хууль тогтоогчоос дээрх зохицуулалтуудыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.4, 24 дүгээр зүйлийн 24.1 дүгээр зүйлээр тус тус тусгайлан зохицуулж өгсөн байна. 

        Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д: “...энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэж заажээ. Уг зохицуулалтыг мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-д зааснаас үзэхэд нөөцийн сан нь төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц, төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц гэсэн дэд бүтэцтэй байхаар заагджээ. Журмын 2.2-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийг 2.2.1-д заасан Төрийн албаны тухай хуулийн 23.3-т заасан үндэслэлээр захиргааны санаачлагаар түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц, 2.2.2-2.2.4-т заасан ...төрийн албанаас чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц бүрдүүлдэг байна. Нөөцийн бүртгэлийн хүчинтэй байх хугацааг зохицуулсан журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т ...энэхүү журмын 2.2.1-д заасан Төрийн албаны тухай хуулийн 23.3-т заасан үндэслэлээр захиргааны санаачлагаар түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл хүчинтэй байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй гэж заасан.

         Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь заалт нь төрийн жинхэнэ албан хаагч түр чөлөөлөгдсөн албан тушаалд эргэж томилогдохыг үгүйсгэсэн заалт биш бөгөөд энэ нь түр чөлөөлөгдсөн хугацаанд нөөцөд байгаад тооцохоор төрийн албан хаагчийн эрхийг хамгаалсан зохицуулалт юм.

        Мөн Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын 5 дугаар зүйлийн 5.1-д: “Томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан тушаалын  сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасныг үндэслэн нөөцийн  сангаас тухайн сул орон тоог нөхөх тухай захиалгаа энэхүү журмын 1.4-т заасан харъяаллын дагуу Төрийн албаны зөвлөл буюу аймаг, нийслэл дэх салбар зөвлөлд ирүүлнэ. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д заасны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлсэн байна” гэжээ. Үүнээс үзэхэд томилох эрх бүхий албан тушаалтан болох Увс нуур, Тэсийн голын сав газрын захиргааны дарга ньН.Аын ажлын байранд сул орон тоо гарсан талаар Увс аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд захиалгаа хүргүүлээгүй нь Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 35 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

      Н.Аыг чөлөөний хугацаа дуусмагц ажилдаа эргэн орохыг 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэлээр үүрэг болгосон нь тухайн ажлын байрыг хадгалах үүргийг томилох эрх бүхий албан тушаалтан харилцан хүлээсэн гэж үзэхээр байна. Энэ нь мөн төрийн албаны зөвлөлд сул орон тоог нөхөх тухай захиалгаа хүргүүлээгүй, Т.Л ТҮ-ээр цалинжуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулж түр ажилд авсан зэргээс харагдаж байна.

      Дээр дурдсан журмын зохицуулалтаас үзэхэд хариуцагчийн “2014 оны 08.20-ны өдрөөс эхлэн Н.А төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн, ... нөөцийн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацааг 2 жил гэж заасан” гэх тайлбар үндэслэлгүй байна.

        Нэхэмжлэгч Н.А шүүх хуралдаан дээр 2016 оны 07 дугаар сарын эхээр би аймагт ирээд даргадаа ажилдаа оръё гэж хүсэлт тавихад “чиний оронд ажиллаж байсан хүн амралтаа авсан байгаа учраас эзгүйд нь ямар нэгэн тушаал, шийдвэр гаргах боломжгүй. Амралтын хугацаа дуусахаар ир” гэж хэлсэн. Тэгэхэд би “Т.Л ахын амралтын хугацаа 09 дүгээр сард дуусах юм байна. Миний ажилд орох хугацаа 08 дугаар сарын 20-нд байгаа учраас зөрчилдөөн үүсэж байна” гэж хэлэхэд дарга “тухайн үед асуудлыг шийдвэрлэж болох байх гэж хэлсэн” гэх тайлбарыг гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...2016 оны 07 дугаар сарын эхээр Н.А ирж уулзаж ажилдаа орно гэж хэлсэн” гэж түүний тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ажилдаа эргэж орох асуудлаар амаар хандсаныг түүний хувьд ажилд орох хүсэл зоригоо илэрхийлээгүй буюу хүсэлт гаргаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

        Иймд нэхэмжлэгч Н.А Увс нуур Тэсийн голын сав газрын захиргааны даргын 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-д заасан үндэслэлээр 2 жилийн хугацаатай чөлөө авч Увс нуур-Тэс голын сав газрын захиргааны Газарзүйн мэдээллийн системийн мэргэжилтний үүрэгт ажлаас түр чөлөөлөгдөж уг хугацаа дуусахаас өмнө буюу 2016 оны 7 дугаар сард ажилдаа орох тухай амаар хүсэлт гаргасан нь түүнийг чөлөөний хугацаагаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Н.А ажилд ороод 1 жилийн дараа буюу 2014 оны 08 дугаар сард хамт олны хурал дээр 2 жилийн хугацаатай МУИС-ийн магистрт сурна гэсэн хүсэлтээ гаргасан. Хүсэлтийг хүлээн авч чөлөө олгосон” гэжээ. Нэхэмжлэгч Н.А МУИС-ийн газарзүй геологийн сургуулийн байгаль орчныг зайнаас тандан судлал ба газарзүй мэдээллийн системийн ангийн магистрийн сургалтанд суралцсан нь нэхэмжлэгчийн тайлбар, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 05/2248 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байна. Иймээс чөлөө авсан үндсэн зорилгоо биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

       Хариуцагч шүүхэд “....Газарзүйн мэдээллийн систем хариуцсан мэргэжилтний орон тоо байхгүй болсон” гэсэн тайлбарыг ирүүлсэн боловч шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн ажлын байрны чиг үүрэг нь нэмэгдэж, “Газар зүйн мэдээлэл, усны мэдээллийн дэд сан хариуцсан мэргэжилтэн” нэртэй болсныг болон уг ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа болохыг хүлээн зөвшөөрчээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү тайлбар үнэн зөв болох нь БОНХАЖСайдын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А-96 тоот тушаалаар тогтоогдож байна.

       Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас түр чөлөөлж байгаа тохиолдолд төрийн алба тогтвортой байх зарчим, төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцлийг хангахдаа төрийн жинхэнэ албыг эрхлэх шаардлага хангасан хүнээр эрх бүхий этгээд нь Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар тухайн албан хаагчийн ажил үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр зохицуулсан байна.

      Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу Засгийн газрын 2011 оны 62 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2.2-т заасан эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөөтэй байгаа албан хаагчийг “эзгүй албан хаагч” гэж үзэх бөгөөд мөн журмын 4 дүээр зүйлийн 4.2.2 “эзгүй байгаа... гүйцэтгэх албан тушаалтны албан үүргийг...тор орлон гүйцэтгүүлнэ “гэж тус тус заажээ. Журмаас үзэхэд эзгүй байгаа төрийн албан хаагчийн албан тушаалын чиг үүргийг хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн иргэдээс сонгон авч хугацаа заан орлон гүйцэтгүүлэхээр зохицуулсан байна.

       Иймээс нэхэмжлэгч Н.Аын “Увс нуур Тэсийн голын сав газрын захиргааны даргын ажилд эгүүлэн томилохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, Н.Аыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилохыг даалгах” тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

        Хоёр. “Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

      Нэхэмжлэгч маргаан бүхий орон тоонд түүнийг уг албан ташаалаас түр чөлөөлсөн үндэслэл арилсны дараа эргэж ажиллах эрхтэй буюу  томилох эрх бүхий албан тушаалтны хувьд томилох үүрэгтэй гэж шүүх дүгнэсэн ба томилох эрх бүхий этгээд болох Увс нуур, Тэсийн голын сав газрын захиргааны даргын нэхэмжлэгчийг хууль бусаар урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохоос татгалзсан буруутай үйл ажиллагааны улмаас түүний төрийн жинхэнэ албанд ажиллах, төрөөс цалин хөлс авах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтрийн бичилт хийлгэх эрхүүд тус тус зөрчигдсөн байна.

        Шүүх “Увс нуур, Тэсийн голын сав газрын захиргааны даргын ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдуулж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн захиргааны чөлөө дууссан өдрөөс хойш буюу 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны цалинг ажлын байрны тодорхойлолтонд заасан ангилал шатлалын дагуу тооцож, уг цалинтай тэнцэх олговрыг Увс нуур, Тэсийн голын сав газрын захиргаанаас гаргаж нэхэмжлэгчид олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж дэвтэрт нөхөн бичилт хийхийг Увс нуур, Тэсийн голын сав газрын захиргаанд даалгаж шийдвэрлэлээ.

     Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулах нь зүйтэй гэж үзлээ.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.4, 106.3.7, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 21 дүгээр зүйлийн 21.2, 23 дугаар зүйлийн 23.3.2-д заасныг баримтлан иргэн Н.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс нуур, Тэсийн голын сав газрын захиргааны даргын ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус газрын Газар зүй мэдээлэл, усны дэд сан хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.

      2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Аын захиргааны чөлөө дууссан өдрөөс хойш буюу 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинг ажлын байрны тодорхойлолтонд заасан ангилал шатлалын дагуу тооцож цалинтай тэнцэх олговрыг Н.Аад олгохыг, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж дэвтэрт нөхөн бичилт хийхийг Увс нуур, Тэсийн голын сав газрын захиргаанд даалгасугай.

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс нуур, Тэсийн голын сав газрын захиргаанаас 70200 төгрөг  гаргуулж нэхэмжлэгч Н.Аад олгосугай.

       4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

          

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  У.БАДАМСҮРЭН

                       ШҮҮГЧ                                   Д.АЛТАНЦЭЦЭГ

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ОЮУНГЭРЭЛ