Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2024/0058

 

 

“А х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Татварын ерөнхий газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:   М.Батсуурь

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа  

Шүүгчид:                     Д.Батбаатар

                                        Х.Батсүрэн                   

Илтгэгч шүүгч:         Г.Банзрагч                                  

Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа                  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар  сарын 08-ны өдрийн 128/ШШ2023/0953 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2024/0155 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, өмгөөлөгч Т.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ц.Т, Я.А нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ШХТ2024/0147 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч “А х” ХХК нь Татварын ерөнхий газарт холбогдуулан “ТAIS нэгдсэн системийг нэвтрүүлэхдээ төлбөл зохих 58,700,440,154.76 төгрөгийн татварын өр дээр АМНАТ-ийн 22,382,701,431.10 төгрөгийг нэмэгдүүлж бүртгэсэн Татварын ерөнхий газрын үйлдлийг илт хууль бус актад тооцуулах, TAIS системд бүртгэгдсэн дээрх дүнг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Тооцоо нийлсэн акт”-ын дагуу шинэчлэн бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.“А х” ХХК-аас Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ийн 3 дахь заалт, 2011 оны 193 дугаар тогтоолын 2.4-ийн 4 дэх заалт ба 2013 оны 131 дүгээр тогтоолын 3 дахь заалтын 2-ын “төмрийн баяжмал”-д холбогдох хэсэг, 2013 оны 131 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “төмөр”-т холбогдох хэсгийг тус тус хүчингүйд тооцуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээр хуулийн хүчин төгөлдөр болсон.

2.2.Мөн компаниас “Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 210020529 дүгээр актыг хүчингүй болгуулах”-аар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 930 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, улсын байцаагч нарын актыг хүчингүй болгож шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 125 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

2.3.Татварын ерөнхий газар нь “А х” ХХК-ийн 2009-2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тооцооллыг борлуулалтын гэрээний үнээр шинэчлэн тооцож, санхүүгийн тайлангуудыг дахин хүлээн авч, баталгаажуулаад 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, тус компанийн 2009-2014 онуудад төлбөл зохих ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн үлдэгдлийг 4,414,915,589.26 төгрөгөөр тогтоосон.

2.4.Гэвч 2019 онд ТAIS системийг нэвтрүүлэх үеэр тус компанийн төлөх Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 22,382,701,431.10 төгрөгөөр бүртгэгдсэнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан.  

3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

3.1.“... Татварын ерөнхий газар нь “А х” ХХК-ийн 2009-2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тооцооллыг борлуулалтын гэрээний үнэлгээгээр шинэчлэн тооцсон. Ингэхдээ дээрх онуудад хамаарах санхүүгийн тайлангуудыг дахин хүлээн авч, баталгаажуулаад үүний дагуу 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, шүүхийн шийдвэр биелэгдсэн. 2019 онд Татварын ерөнхий газраас Татварын удирдлагын нэгдсэн систем TAIS-ыг шинээр нэвтрүүлж, цахим шилжилт хийсэн бөгөөд бид 2019 оны 3 дугаар сард улирлын тайлангаа цахимаар илгээхээр анх удаа TAIS-д нэвтэрсэн. Энэ үеэр манай компанийн 2009-2014 онуудад төлбөл зохих ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн үлдэгдэл 4,414,915,589.26 төгрөг нь 22,382,701,431.10 төгрөгөөр нэмэгдэж бүртгэгдсэн байхыг олж мэдсэн, энэ талаар бидэнд огт мэдэгдээгүй.

3.2.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн дагуу Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудын зарим хэсгийг анх гарсан цагаас хойш хүчингүйд тооцож, нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчигдөхөөс өмнөх байдалд буцаан сэргээсэн шүүхийн шийдвэрийг Татварын ерөнхий газар 2017 онд биелүүлсэн. Гэвч 2019 онд ТAIS системийг нэвтрүүлэх үеэр Татварын ерөнхий газраас 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2569/с дүгээр шүүхийн шийдвэр нь Улсын дээд шүүхийн тогтоол гарснаар буюу 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөр хуулийн хүчин төгөлдөр болсон тул Засгийн газрын хэм хэмжээний акт хүчин төгөлдөр үйлчилсэн хугацаанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг жишиг үнээр тооцсон тайлангуудыг буцаан сэргээх нь зөв гэж дүгнэсэн.

3.3.Энэ нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, татварын байцаагчдаас баталгаажуулсан тайлангууд, тэдгээрийг үндэслэн үйлдсэн тооцоо нийлсэн актыг хүчээр үгүйсгэж, 2009-2014 онд төлбөл зохих ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг урьдчилан мэдэгдэлгүйгээр, хууль зүйн үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.12-т заасныг тус тус ноцтой зөрчсөн. Шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг хожим гуйвуулж, төлбөл зохих ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дүнг цахим системд үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн бүртгэсэн тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү ...” гэжээ.

4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:

  4.1.“... Шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2009-2014 оны хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татвар төлөгч “А х” ХХК гарган тайлагнаж, татварын албанд хүргүүлсэн, энэхүү татвар төлөгчийн тайлагнасан төлбөрийн дүнг татварын албанаас үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн, өсгөж бүртгэсэн зүйл байхгүй. Тухайн онуудад татвар төлөгчийн өөрийн тайлагнасан дүн хэмжээгээр татварын бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн. Мөн нэхэмжлэгчээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дүнг хуульд заасан үндэслэлгүйгээр өсгөж бүртгэсэн үйлдлийг илт хууль бус актад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасантай нийцэхгүй.

   4.2.Тодруулбал, уг компанийн тайлагнасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх талаар татварын албанаас аливаа нэг акт гаргаагүй, түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан шаардлагуудыг зөрчсөн үйлдэл гаргаагүй. Татварын албаны зүгээс уг компанид 2009-2014 оны хугацаанд нэмж ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр байхгүй. 2009-2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг хуульд заасан хугацаанд хууль тогтоомжийн шаардлага хангуулан хүлээн авсан байдаг бөгөөд уг тайланг дахин баталгаажуулах ойлголт байхгүй. Улсын дээд шүүхээс “А х” ХХК болон Монгол Улсын Засгийн газар хоорондын тогтоолуудтай, мөн тус компанид холбогдуулан тогтоосон татварын улсын байцаагчийн акттай холбогдох иргэн, захиргааны хэргийн маргааныг тус тус эцэслэн шийдвэрлэсэн.

4.3.Дээрх 2 шүүхийн маргаанд татвар төлөгч “А х” ХХК-ийн 2009-2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар тайлагнасан төлбөртэй холбогдох маргааныг хэлэлцээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэсэн маргаанд уг асуудлаар хэлэлцээгүй үйл баримтыг хамруулан хугацааны хувьд урагш буцаан ямар ч үндэслэлгүйгээр тайланг засварлах эрх түүнчлэн эрх зүйн зохицуулалт татварын алба болон татвар төлөгчид байхгүй. Татварыг хүчингүй болгох, өөрчлөх харилцаа нь зөвхөн хуулийн үндсэн дээр хийгдэх бөгөөд энэ нь Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасантай нийцнэ” гэжээ

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар  сарын 08-ны өдрийн 128/ШШ2023/0953 дугаар шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалт, 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.1.26 дахь заалт, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг тус тус баримтлан “А х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын TAIS нэгдсэн системийг нэвтрүүлэхдээ нэхэмжлэгч “А х” ХХК-ийн төлбөл зохих 58,700,440,154.76 төгрөгийн татварын өр дээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 22,382,701,431.10 төгрөгийг нэмэгдүүлж бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, тус компанийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 22,382,701,431.10 төгрөгөөр бууруулж TAIS нэгдсэн системд бүртгэхийг Татварын ерөнхий газарт даалгаж” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд: 

5.1.“... Татварын ерөнхий газрын үйл ажиллагаандаа хэрэглэдэг, эрхлэн хөтөлдөг TAIS системийн татвар төлөгчийн төлбөл зохих буюу ногдуулсан төлбөр, татварын хэмжээг бүртгэсэн бүртгэл нь татвар ногдуулалт, төлөлт, хураалтад хяналт тавих, татварын албаны үйл ажиллагааны ил тод байдлыг хангах хууль зүйн үр дагавар үүсгэсэн буюу татварын албанаас үүсгэсэн, цуглуулсан, хүлээн авсан, боловсруулсан, хадгалсан өгөгдөл, мэдээллийг хадгалсан захиргааны үйл ажиллагаа мөн байх учир Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт мөн.

5.2.Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоол гарсан ... Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын 2.4 дэх заалт ба 2013 оны 131 дүгээр тогтоолын 3 дахь заалтын 2-ын төмрийн баяжмалд холбогдох хэсэг, 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ийн 3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 131 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “төмөр”-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгохоос өмнө (дээрх шүүхийн шийдвэрээр) уг журам хүчинтэй байсан гэх үндэслэлээр уг тогтоолоор баталсан аргачлал, журмын дагуу ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох ёстой гэх үйл баримт Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8 дахь заалтыг зөрчсөн болохыг шүүх тогтоосон байхад уг тогтоолуудыг баримтлан төлбөр тогтоох нь хууль дээдлэх ёсны зарчимд нийцэхгүй, хууль бус байна ... эдгээр заалтыг баримтлах ёстой гэж үзсэн буюу “А х” ХХК-ийн төлбөл зохих АМНАТ-ийг 22,382,701,431.10 төгрөгөөр нэмэгдүүлж TAIS нэгдсэн системд бүртгэсэн, хууль бус захиргааны хэм хэмжээний актыг үндэслэн төлбөр төлөхийг шаардсан үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан  захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй буюу захиргааны илт хууль бус актын шинжийг агуулсан.

5.3... Татварын байцаагчаас нөхөн ногдуулалтын акт гараагүй тохиолдолд зөвхөн татвар төлөгчийн тайлагнасан тайланд туссан дүнгээр төлбөрийг зохих төсөвт нь төлөх хуулийн зохицуулалт үйлчилж байх тул татвар төлөгчийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үндэслэл нь тооцоо нийлсэн акт бус, түүний гаргаж өгсөн тайланд тусгасан үнийн дүн юм. Иймд нэхэмжлэгчийн 2009-2014 оны тайлант хугацаанд гаргаж өгсөн тайланг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Татварын ерөнхий газрын TAIS системд зөвтгөж, 22,382,701,431.10 төгрөгөөр багасгаж бүртгэхийг Татварын ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэгчийн эрхийг сэргээн эдлүүлэх нь зүйтэй ...” гэх зэргээр дүгнэжээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2024/0155 дугаар магадлалаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны гэж дүгнэн хэвээр үлдээсэн.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Х.А нар хяналтын журмаар  гаргасан гомдолдоо: “... Шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна.

7.1.Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа “TAIS нэгдсэн системийг нэвтрүүлэхдээ төлбөл зохих 58,700,440,154.76 төгрөгийн татварын өр дээр АМНАТ-ийн 22,382,701,431.10 төгрөгийг нэмэгдүүлж бүртгэсэн Татварын ерөнхий газрын үйлдлийг илт хууль бус актад тооцуулах” гэж тодорхойлсон байдаг. Магадлалд “... Дээрхээс нэгтгэн дүгнэхэд “А х” ХХК-ийн 2009-2014 онд төлбөл зохих ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хүчингүй болсон хэм хэмжээний актыг үндэслэн TAIS системд 22,382,701,431.10 төгрөгөөр үндэслэлгүйгээр нэмэгдүүлж бүртгэсэн хариуцагчийн үйл ажиллагаа буюу захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй буюу захиргааны актын илт хууль бус шинжийг агуулсан байна” гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

7.2.Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан нь захиргааны актыг гаргахдаа ямар ч хуулийн үндэслэлгүй эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр гаргаж, эрхэд халдсан, энэ нь хэн ч харсан илэрхий тодорхой алдаатай байх тохиолдлыг ойлгодог. Уг маргаан бүхий асуудал нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан төлбөр төлөгчийн борлуулалтын үнэлгээг нь мөн хуулийн 47.2.1-д заасныг үндэслэж 47.3.3-т заасан хувь хэмжээгээр ногдуулж татвар төлөгч нь 47.11-д заасны дагуу тайлангаа заасан хугацаанд тайлагнах үүргийг хуульчилж өгсөн. Захиргааны хэм хэмжээний акт нь хууль бус, тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан шаардлага болон 61-65 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн бол түүнийг хүчингүй болгох, эсхүл мөн хуулийн 67 дугаар зүйлийг зөрчсөн бол, хүчин төгөлдөр бусад тооцох боломжтой байдаг.

7.3.Харин “илт хууль бусыг тогтоох” нь зөвхөн нэг удаагийн захиргааны актад л хамааралтай. Өөрөөр хэлбэл, захиргааны хэм хэмжээний актыг хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр илт хууль бусад тооцохгүй, харин хүчингүй болгодог бөгөөд энэ тохиолдолд эрх зүйн зүйлчлэл нь тухайн цаг хугацаанаас хойш үйлчлэх тул хүчин төгөлдөр хэм хэмжээний актыг үндэслэн гарсан захиргааны актыг тухайн “үндэслэл болгосон хэм хэмжээний акт нь хүчингүй болсон” гэсэн үндэслэлээр сүүлд нь хүчингүй болгох боломжгүй. Магадлалд дурдсан хэм хэмжээний актыг хүчингүй болгосон иргэний хэргийн шүүхийн шийдвэр нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Улсын дээд шүүхийн 546 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр болсон. Мөн маргаан бүхий захиргааны акт гэх TAIS систем нь нэхэмжлэгчийн тайлагнаснаар тайлангийн ногдол үүсдэг. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

8.Нэхэмжлэгч тал “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбар өгч мэтгэлцэв.

ХЯНАВАЛ:

9.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүрэн тодруулаагүйгээс нотлох ажиллагааг хангалттай хэрэгжүүлээгүй, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

10.Нэхэмжлэгч “А х” ХХК-аас Татварын ерөнхий газарт холбогдуулан “ТAIS нэгдсэн системийг нэвтрүүлэхдээ төлбөл зохих 58,700,440,154.76 төгрөгийн татварын өр дээр АМНАТ-ийн 22,382,701,431.10 төгрөгийг нэмэгдүүлж бүртгэсэн Татварын ерөнхий газрын үйлдлийг илт хууль бус актад тооцуулах, TAIS системд бүртгэгдсэн дээрх дүнг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Тооцоо нийлсэн акт”-ын дагуу шинэчлэн бүртгэхийг даалгах” гэсэн хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

11.Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын 2.4 дэх заалт, 2013 оны 131 дүгээр тогтоолын 3 дахь заалтын 2-ын “төмрийн баяжмал”-д холбогдох хэсэг, 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ийн 3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 131 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “төмөр”-т холбогдох хэсгийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоолоор хүчингүй болгосон, мөн шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 125 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн 2015 оны 210020529 дүгээр акттай холбогдох маргааныг эцэслэн шийдвэрлэсэн, гэтэл нэхэмжлэгчийн 2009-2014 онд төлбөл зохих ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актыг үндэслэн TAIS системд 22,382,701,431.10 төгрөгөөр үндэслэлгүйгээр нэмэгдүүлж бүртгэсэн үйл ажиллагаа буюу захиргааны акт нь илт хууль бус ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ татвар тодорхойлох болон ногдуулах ажиллагааны ялгаа, үр дагаврыг анхаараагүй, нэхэмжлэлийн шаардлага тус бүрт холбогдох үйл баримтыг бүрэн тодруулаагүй байна.

12.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь Монгол Улсын татварын бүрэлдэхүүн болохынхоо хувьд тухайн харилцаанд Ашигт малтмалын тухай хуулиас гадна Татварын ерөнхий хуулийн нийтлэг зохицуулалт үйлчилнэ. Татварын ерөнхий хуулийн (2008 оны хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 2019 оны хуулийн 28 дугаар зүйлийн 28.1) дагуу татвар төлөгч өөрөө татвараа тайлагнаснаар татвар тодорхойлох болон ногдуулах ажиллагааг хамтад нь гүйцэтгэдэг. Тайланг хүлээн авсан татварын байгууллага татвар төлөгч татвараа хуулийн хугацаанд үнэн зөв тайлагнасан эсэхийг шалгах ба шаардлага хангасан бол баталгаажуулах, харин шаардлага хангаагүй буюу буруу, эсхүл бүрэн бус гэж үзвэл залруулах үүрэг хүлээлгэнэ. Татвар төлөгч залруулгыг эс зөвшөөрвөл тайлбар ирүүлэх үүрэгтэй ба тайлбар ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тайлбарыг татварын байгууллага үндэслэлгүй гэж үзвэл тухайн тайлангийн хугацаанд хамаарах татвар ногдуулалт, төлөлтэй холбоотой асуудалд татварын хяналт шалгалт хийх үндэслэл болно (2008 оны хуулийн 46 дугаар зүйл, 2019 оны хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-30.8). Иймд нэг бол татвар төлөгч татварын тайланг тушааснаар буюу татварын байгууллага тайланг баталгаажуулснаар, эсхүл татварын хяналт шалгалтын явцад нөхөн ногдуулалтын акт гарснаар татвар ногдох үр дагавар үүснэ.

13.Дээр дурдсан Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 125 дугаар тогтоолоор шийдвэрлэгдсэн татварын улсын байцаагчийн 2015 оны 210020529 дүгээр акт нь татварын хяналт шалгалтын үндсэн дээр гарсан нөхөн ногдуулалтын акт бөгөөд тус актыг шүүхээс “хүчингүй болсон хэм хэмжээний актыг хэрэглэж гарсан тул хууль бус” гэж дүгнэн хүчингүй болгосон. Ийнхүү шүүхийн шийдвэрээр татварын актыг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийг татвар төлөх үүргээс чөлөөлсөн хэрэг биш, харин шүүхийн шийдвэрийн үр дагаварт нэг бол татварын байгууллага дахин акт гаргана (алдаагаа засаж), эсхүл татвар төлөгч татварын тайлангаараа үүсгэсэн төлбөрийг төлнө.

14.Энэхүү маргааны тухайд, маргаан бүхий TAIS системд бүртгэгдсэн 22,382,701,431.10 төгрөг нь татвар төлөгчийн өөрийнх нь тайлагнасан татварын тайлангаар үүссэн төлбөр мөн эсэхийг шалгаж тогтоох нь ач холбогдолтой байна. Учир нь, хариуцагчаас “энэ нь нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан татварын тайланд тусгагдсан мөнгөн дүн бөгөөд татварын цахим систем өөрчлөгдөх үед татвар төлөгчид өөрт нь харагддаг болсноос бус татварын байгууллагаас өөрчилсөн, нэмсэн зүйл байхгүй, ямар нэгэн нөхөн ногдуулалтын акт гаргаагүй” гэж, харин нэхэмжлэгчээс “анх татварын тайлан гаргах үед татварын байцаагч эс зөвшөөрч, гараараа зассан дүн” гэж маргаж байх тул энэ талаарх холбогдох баримтыг цуглуулж, дүгнэлт өгөх шаардлагатай. Тухайлбал, 1 дэх хавтаст хэргийн 183 дугаар хуудас дахь татвар төлөгчийн тооцоолол гэх баримтын “татварт тайлагнасан” гэсэн хэсэг нь нэхэмжлэгчийн зөвшөөрсөн буюу татварын байцаагчийн баталгаажуулсан тайлан мөн эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй.

15.Түүнчлэн “TAIS системд бүртгэгдсэн дээрх дүнг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Тооцоо нийлсэн акт”-ын дагуу шинэчлэн бүртгэхийг даалгах” шаардлагын үндэслэлийг хоёр шатны шүүх бүрэн тодруулаагүй байна. Тухайлбал, уг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхийн тулд шүүх “тооцоо нийлсэн акт”-ын эрх зүйн үндэслэлд дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай. Үүний тулд мөн 1 дэх хавтаст хэргийн 183 дугаар хуудас дахь “дахин тайлагнасан” гэсэн хүснэгтийн эрх зүйн үндэслэлийг тодруулах, өөрөөр хэлбэл татварын актыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийн дагуу татвар төлөгч анх гаргасан тайлангаа өөрчилж дахин тайлан гаргах боломжтой эсэхийг шалгаж, дүгнэх нь зүйтэй. 

16.Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 2.8-д “Ийнхүү дээрх иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэлийг хангаснаас үзвэл “А х” ХХК-ийн боловсруулсан төмрийн баяжмалыг гэрээний үнийн дүнгээр төлөх эрхтэй байсан гэдгийг тогтоож шийдвэрлэсэн гэж үзнэ” гэсэн алдаатай дүгнэлт хийснийг дурдаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу нэхэмжлэгч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэгтэй бөгөөд гагцхүү тухайн төлбөрийн хэмжээг тооцох үнийг тогтоосон Монгол Улсын Засгийн газрын тогтоол хууль зөрчсөний улмаас шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон, уг хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актыг хэрэглэж захиргааны акт гаргасан нь хууль дээдлэх ёс, хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр татварын байцаагчийн актыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь “нэхэмжлэгч төмрийн баяжмалыг гэрээний үнийн дүнгээр төлөх эрхтэй байсан” гэх дүгнэлтэд шууд хүргэхгүй.

17.Учир нь, хариуцагч татварын байгууллага Монгол Улсын Засгийн газраас дахин/шинээр баталсан хүчин төгөлдөр үйлчилж буй тогтоолыг хэрэглэх, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан аль нэг үндэслэлээр “борлуулалтын үнэлгээ”-г тооцож дахин акт гаргах эрхтэй. Ийм ч учир Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 125 дугаар тогтоолын Хянавал хэсэгт “Монгол Улсын Засгийн газар шүүхийн шийдвэрийн дагуу хуулийн зөрчлийг арилган Ашигт малтмалын тухай хуулийн дагуу шинээр тогтоол гаргасан бол хариуцагч нөхөн татвар ногдуулах эрхтэй” талаар дурдсан байна. Татварын байгууллага нь татварын хөөн хэлэлцэх хугацаанд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж буй хэм хэмжээг хэрэглэн дахин акт гаргах эрхтэй байдаг.

18.Иймд дээр дурдсан үйл баримтыг бүрэн тодруулалгүйгээр хяналтын шатны шүүх маргааныг хууль хэрэглээний хувьд эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.      

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар  сарын 08-ны өдрийн 128/ШШ2023/0953 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2024/0155 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.БАТСУУРЬ

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Д.МӨНХТУЯА   

                              ШҮҮГЧИД                                                          Д.БАТБААТАР

                                                                                                          Х.БАТСҮРЭН

                                                                                                          Г.БАНЗРАГЧ