Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 14

 

Ц.*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, иргэний нэхэмжлэгч Д.Мөнхзул, яллагдагч Ц.******* түүний өмгөөлөгч М.Мандалбаяр, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар шүүгчийн захирамжтай Ц.*******д холбогдох эрүүгийн 201621000246 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1989 онд Ховд аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, ******* ******* ******* ******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах “******* *******” үйлчилгээний төв дотор байрлах Хаан банкны АТМ буюу бэлэн мөнгөний машины тоног төхөөрөмжнөөс багаж хэрэгсэл хэрэглэж 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 10 дугаар сарын 07-нд шилжих шөнө Juniper нэртэй сүлжээний төхөөрөмж, лед гэрэл бууруулагч ламп, сүлжээ хөрвүүлэгч зэрэг эд зүйлсийг хулгайлж хохирогч Д.Гантуяад 1550000  /нэг сая таван зуун тавин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар шүүгчийн захирамжаар “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж” шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудын хүрээнд яллагдагч Ц.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутагт байрлах “******* *******” үйлчилгээний төв дотор байрлах Хаан банкны АТМ буюу бэлэн мөнгөний машины тоног төхөөрөмжөөс багаж хэрэгсэл хэрэглэж 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 10 дугаар сарын 07-нд шилжих шөнө Juniper нэртэй сүлжээний төхөөрөмж, лед гэрэл бууруулагч ламп, сүлжээ хөрвүүлэгч зэрэг эд зүйлсийг хулгайлж хохирогч Д.Гантуяад 1550000 /нэг сая таван зуун тавин мянган төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Яллагдагч Ц.*******д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж Ц.*******ыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж ял сонсгож байцаасан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар яллагдагч Ц.******* нь Хаан, Хас банкны АТМ буюу бэлэн мөнгөний машинаас онц их хэмжээний мөнгө авах байсан гэх санаа зорилготой байсан гэж дүгнэх нь эргэлзээтэй хавтаст хэрэгт хангалттай баримт байхгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар яллагдагч Ц.*******д ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ. Иймд яллагдагч Ц.*******ыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн, бусдын эд хөрөнгийг хулгайлж онц их хэмжээний хохирол учруулахыг завдсан гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. 

Мөн тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.4-д зааснаар хэргийн оролцогч нарт хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай 3 хоногийн дотор мэдэгдсүгэй гэсэн боловч байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч хохирогч нарт тогтоолыг танилцуулж гарын үсэг зуруулаагүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.4-т хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг сэжигтэн, яллагдагч, хохирогчид 3 хоногийн дотор мэдэгдэж, гомдол гаргах журмыг тайлбарлан өгнө гэж заасан ба уг хэргийн яллагдагч Ц.*******д тогтоолыг танилцуулж гарын үсэг зуруулсан байна. Харин Д.Мөнзул нь энэ хэргийн хохирогч биш иргэний нэхэмжлэгч учраас Д.Мөнхзулд тогтоолыг танилцуулах шаардлагагүй, иргэний нэхэмжлэгч Д.Мөнхзулд хавтаст хэргийн материалыг мөрдөн байцаалтын ажиллагааны явцад танилцуулсан, мөн шүүхийн шатанд иргэний нэхэмжлэгч Д.Мөнхзул нь хэргийн материалтай танилцаж анхан шатны шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдааны явцад иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоолд гомдолтой байгаа талаар дурдаагүй мөнгө нэхэмжилж байгаа талаараа хэлсээр байхад хэргийг тогтоол танилцуулаагүй гэх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй заалтаар нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж байгаа нь хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг чирэгдүүлсэн, хэрэг шийдвэрлэх хугацааг удаашруулсан, яллагдагч Ц.*******ы эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэхээр байна.

Мөрдөн байцаагч нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Хураан авах тогтоол үйлдэж холбогдогч Ц.*******аас Juniper нэртэй сүлжээний свич буюу сүлжээний төхөөрөмж, сүлжээ хөврүүлэгч төхөөрөмж зэргийг түүний эзэмшлээс хураан авсугай гэж тогтоон эд зүйлийг хураан авах тухай тэмдэглэл үйлдэн хураан авахдаа тэмдэглэлд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, 2016 оны 13 дугаар сарын 02-ны өдөр гэж зөрүүтэй бичсэн нь тухайн эд зүйлийг хэзээ хураан авсан нь тодорхойгүй байна. Эд зүйл хураан авахдаа холбогдогч Ц.*******ыг байлцуулаагүй өөрөөр хэлбэл тэмдэглэлд Ц.*******ыг байлцуулсан талаар дурдаагүй, түүний гарын үсэг зурагдаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-т заасныг зөрчсөн гэсэн нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолгүй, шүүгдэгчийн гэм бурууд нөлөөлөхгүй гэж үзэж байна.

Ц.*******ыг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр сэжигтнээр тооцсон тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145, 153 дугаар зүйлийн 145.2, 153.1-д заасан сэжигтнээр тооцсон, сэжигтнээр байцаасан тэмдэглэлд сэжигтний ямар үйлдэлд ямар зүйл ангиар ял сонсгоод байгаа нь ойлгомжгүй, хуулийн шаардлага хангаагүй, хуульд байхгүй зүйл ангиар сэжигтнээр тооцож сэжигтнээр байцаасныг зөвтгөх шаардлагатай гэсэн заалт нь өөрөө ойлгомжгүй Ц.*******ыг хулгайн болон бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээсэн гэх үйлдлүүдэд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон байцаасан болох нь мөрдөн байцаагчийн үйлдсэн тогтоолоор нотлогдож байхад сэжигтний ямар үйлдэлд ямар зүйл ангиар ял сонсгоод байгаа нь ойлгомжгүй, хуулийн шаардлага хангаагүй, хуульд байхгүй зүйл ангиар сэжигтнээр тооцож сэжигтнээр байцаасныг зөвтгөх шаардлагатай гэсэн нь ойлгомжгүй, хуулийн шаардлага хангаагүй, хуульд байхгүй зүйл ангиар сэжигтнээр тооцож сэжигтнээр байцаасныг зөвтгөх шаардлагатай гэсэн нь ойлгомжгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.3-т заасан хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангаагүй байна гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэдийд хаана, яаж үйлдсэн талаар эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд Хаан банкны бэлэн мөнгөний машины дээд хэсгийг эвдсэн байдалтай рам нь ханзарсан хаалт байлаа гэсэн, гэрч хохирогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоосон байхад дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрхэн яаж үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлийг бүхэлд нь уншиж дүгнэлгүйгээр тэмдэглэлийн нэгхэн хэсэгт бичигдсэн өөр утга агуулга бүхий үйл баримтыг яллагдагчаар татсан тогтоолтой шууд хамааруулж бичсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй, огт гэмт хэрэг гараагүй, ямар ч эд зүйл эвдэгдээгүй мэтээр шууд дүгнэж бичсэн нь ойлгомжгүй байна.

Хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлгээр Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мөнгөтэй болох зорилгоор шунахай сэдэлтээр жоотуу буюу тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгслийг хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн байхад энэ талаар яллах дүгнэлтэд тодорхой дурдаагүй мөртлөө шүүх  хуралдаанд улсын яллагч шүүгдэгчийг яллахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал болно гэж ялласан, мөн тухайн жоотуугаар Хаан, Хас банкны АТМ буюу бэлэн мөнгөний машинд эвдрэл учруулсныг мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоосон байхад энэ талаар яллах дүгнэлтэд огт дурдаагүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2-т заасныг зөрчсөн байна гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Ц.*******ы үйлдэл нь Хаан банкны АТМ буюу бэлэн мөнгөний машинаас сүлжээний төхөөрөмж хулгайлсан үйлдэл болохоос биш  Хаан банкны АТМ буюу бэлэн мөнгөний машиныг хулгайлсан үйлдэл биш, хулгай хийх явцдаа бэлэн мөнгөний машиныг эвдсэн үйлдлийг нь мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоосоор байхад яллагдагчийг ямар зүйл заалтаар яллагдагчаар татах, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь ойлгомжгүй, яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн баримтаас үзэхэд хэргийн талаар нотлогдвол зохих асуудлууд нотлогдоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүгчийн захирамжид заасан заалтууд нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолгүй, утга агуулгын хувьд ойлгомжгүй, нэг заалт нь нөгөө заалтаа үгүйсгэсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хэргийн оролцогч нарыг чирэгдүүлсэн, хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай 03 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч М.Мандалбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Ц.*******ы эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ашигтайгаар шийдэж өгнө үү гэв.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь:

            1. Шүүгчийн захирамжийн 1 дэх заалтаар: “ Яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай “ 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5/70 дугаартай тогтоол / хх-н 99 дүгээр хуудас/-оор Ц.*******д холбогдох хэргээс бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн, бусдын эд хөрөнгийг хулгайлж онц их хэмжээний хохирол учруулахыг завдсан гэх үйлдлүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгожээ.

            Энэ тогтоолын олсон хэсэгтээ “. . . мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Ц.******* нь хулгайн гэмт хэрэг үйлдэх явцдаа бусдын эд хөрөнгийг гэмтээсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Д.Гантуяа, Д.Мөнхзул нарын мэдүүлгүүд болон бусад баримтуудаар Ц.******* нь бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна “ гэж дүгнэсэн боловч тогтоох хэсэгтээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар “ бүхийл нотлох баримтыг цуглуулсан боловч яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй байна “ гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тогтоолын тогтоох хэсэг нь үндэслэл хэсэгтэйгээ зөрүүтэй, өөрөөр хэлбэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэсэн атлаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй байна гэж хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна гэжээ.

            Прокурор нь хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ дагуу 5/70 дугаартай тогтоолоор, эрүүгийн 201621000246 дугаартай хэргээс яллагдагч Ц.*******д холбогдох бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн, бусдын эд хөрөнгийг хулгайлж онц их хэмжээний хохирол учруулахыг завдсан гэх үйлдлүүдийг Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

            Харин шүүгчийн захирамжинд дурдсан прокурор нь “Яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай “ 5/70 дугаартай тогтоолыг гаргахдаа . . . тогтоолын тогтоох хэсэг нь үндэслэл хэсэгтэйгээ зөрүүтэй, өөрөөр хэлбэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэсэн атлаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй байна гэж хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна гэснийг буруутгах үндэсгүй боловч дээрх алдааг залруулах боломжгүй байна.

            Мөн шүүгчийн захирамжинд “ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.4-т зааснаар хэргийн оролцогч нарт хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай 3 хоногийн дотор мэдэгдэнэ “ гэсэн мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.5-д заасан эрхээр хангаагүй  байна гэжээ.

            Хэргийн баримтаас үзэхэд хохирогч нарт хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай танилцуулсан баримт байхгүй байгаа боловч хэргийн оролцогчид хэргийн матеиралтай танилцах үедээ ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна.

            Шүүгчийн захирамжийн 2 дахь заалтаар: Мөрдөн байцаагч нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “ Хураан авах тогтоол “ / хх-н 10 дугаар хуудас / үйлдэж, холбогдогч Ц.*******аас түүний хулгайлан авсан эд зүйлийг, Хураан авах тухай тэмдэглэл / хх-н11 дүгээр хуудас/ үйлдэн хураан авахдаа

            Тэмдэглэлд 2016 оны 10 сарын 07-ны өдөр, 2016 оны 13 сарын 02-ны өдөр гэж зөрүүтэй бичсэн нь тухайн эд зүйлийг хэзээ хураан авсан нь тодорхойгүй байна.

            Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 137.1, 140.3-т заалтуудыг тус тус зөрчсөн байх тул зөрчлийг арилгуулах шаардлагатай гэжээ. Уг тогтоолд техникийн шинжтэй алдаа гаргасан боловч хураан авах ажиллагаа нэгэнт явагдаж дууссан, дахин хураан авах ажиллагааг явуулах боломжгүйн  зэрэгцээ гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авсан тул хэн нэгэн этгээдийн эрх зөрчигдсөн гэж үзэх боломжгүй болно.

            Шүүгчийн захирамжийн 3 дахь заалтаар: Ц.*******ыг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “ Сэжигтнээр тооцсон тогтоол “ хх-н 38 дугаар хуудас /-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145, 153 дугаар зүйлийн 145.2, 153.1-д заасан хэрэгт сэжигтнээр тооцсон, сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх-н 39 дүгээр хуудас /-д сэжигтний ямар үйлдэлд ямар зүйл ангиар ял сонсгоод байгаа нь ойлгомжгүй, хуулийн шаардлага хангаагүй, хуульд байхгүй зүйл ангиар сэжигтнээр тооцож сэжигтнээр байцаасныг зөвтгөх шаардлагатай гэжээ. Ц.*******ыг сэжигтнээр тооцсон тогтоолд эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, заалтыг бичихдээ найруулга, техникийн шинжтэй алдаа гаргасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэдгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах үндэслэл болохгүй бөгөөд Ц.*******ыг сэжигтэнээр байцаасанаас хойш яллагдагчаар татан байцаалт авсан, дахин сэжигтэнээр тооцож байцаалт авах боломжгүй болсон байна.

            Шүүгчийн захирамжийн 4 дэх  заалтаар:. . .Хаан банкны АТМ машины сүлжээний свич,лед гэрэл бууруулагч ламп, сүлжээ хөрвүүлэгч төхөөрөмж зэрэг эд зүйл хулгайлагдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллагдагчаар татахдаа “ зэвсгийн чанартай зүйл хэрэглэж “  гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заагаагүй бүрэлдэхүүний шинжээр яллагдагчаар татаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.2-т заасныг зөрчсөн зөрчлийг арилгаагүй атлаа яллах дүгнэлтэд “ багаж хэрэгсэл хэрэглэж” гэж дүгнэсэн.

            Мөн хулгайлсан эд зүйлсийг яллах дүгнэлтэд “Juniper” нэртэй сүлжээний төхөөрөмж, сүлжээ хөрвүүлэгч “гэж бичсэн боловч яллагдагчаар татсан тогтоолд “сүлжээний свич, сүлжээ хөрвүүлэгч төхөөрөмж” гэж өөр өөр зүйлсийг хулгайлсан мэт зөрүүтэй бичигдсэн.

            Үүнээс гадна яллах дүгнэлтийг 2016 оны 12 сарын 28-ны өдөр үйлдсэн бөгөөд яллах дүгнэлтийн төгсгөлд он, сар, өдрийг “ 2016 оны 12 сарын 27 “ гэж зөрүүтэй бичсэн гэжээ.

            Шүүгчийн захирамжаар дээр бичсэн зөрчлүүд нь тогтоогдож байгаа бөгөөд үүнийг одоо засах боломжгүй ба дээрх алдаа зөрчлийг дахин гаргахгүй байх талаар цаашид анхааар ч ажиллах шаардлагатай байна.

Шүүгчийн захирамжийн 5 дахь заалтаар: . . . Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн нотлоогүй байна гэжээ.

            Ц.*******ы үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шийдвэрлэх боломжтой байна гэж үзсэн болно. Шүүгчийн захирамжийн 6 дахь заалтаар: . . .Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2-т заасныг зөрчсөн байна гэжээ.

            Ц.*******д холбогдох хэргийг прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

            Шүүгчийн захирамжийн 7 дахь заалтаар: . . . Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл тухайн АТМ нь ямар үнэтэй болохыг тогтоогоогүй байна гэжээ.

Мөрдөн байцаалтын шатанд уг АТМ-аас Juniper нэртэй сүлжээний төхөөрөмж, лед гэрэл бууруулагч ламп, сүлжээ хөрвүүлэгч зэрэг эд зүйл хулгайлж хохирогч Гантуяад 1550000 төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоосон байна. Харин уг АТМ өөрөө ямар үнэтэй болохыг тогтоогоогүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80.1.5 дахь шаардлагыг хангаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийн зүйлчлэлд ач холбогдолгүй байна. Хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэх боломжтой байсаар байтал нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй болжээ.

            Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр  хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

            1. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Хэргийг шүүхэд очтол Ц.*******г урьд батлан даалтад авсан таслан сэргийлэх арга хэмжээнд нь хэвээр байлгасугай.

            3.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлал нь нэн даруй заавал биелэгдэх бөгөөд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ТУЯА

                                   ШҮҮГЧИД                                     Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                         Б.ДАМБА