Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2024/0057

 

 “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Сангийн сайд, Сангийн яамны

худалдан авах ажиллагааны улсын байцаагчид

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

                            Даргалагч, шүүгч:               Г.Банзрагч

                            Танхимын тэргүүн:             Д.Мөнхтуяа

                          Шүүгчид:                               Д.Батбаатар

                              М.Батсуурь

                             Илтгэгч шүүгч:                     П.Соёл-Эрдэнэ

                             Нарийн бичгийн дарга:       У.Оюунзаяа

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2023/0981 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2024/147 дугаар магадлалтай,

Хэргийн оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, С.А, Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А нарыг оролцуулан,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 148 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гэсэн үндэслэлээр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар дүгнэлт болон Сангийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 180 дугаар тушаалын “Н” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах;

2.Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгч “Н” ХХК нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 250 ортой цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендер шалгаруулалтад оролцсон, хариуцагчаас “Улсын комиссын актад аймгийн Онцгой байдлын байцаагчийн гарын үсгийг хуурамчаар зурсан, борлуулалтын орлого тайлагнаагүй, татвар төлөөгүй, түрээслэгчийн гарын үсэг хуурамчаар зурсан буюу хуурамч материал ирүүлж тендерт оролцсон” гэж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэжээ.

3.Нэхэмжлэгч хуулийн этгээдээс “... улсын байцаагч хяналт шалгалт хийх хугацаа хэтрүүлсэн, 1 асуудлаар 2 удаагийн өргөдлийг хүлээн авч, 2 өөр дүгнэлт гаргасан, нэг зөрчилд 2 удаа дүгнэлт гаргах боломжгүй, байцаагчийн гарын үсгийг хуурамчаар зурсанд нэхэмжлэгч хамаагүй, 2021 оны давахын магадлал нь улсын байцаагчийн тушаал гарахаас 3 сарын өмнө эцэслэн шийдвэрлэгдсэн байсан тул шинэ нөхцөл байдал гэж үзэхгүй, давахаас хуурамч баримт бичиг ирүүлсэн гэж дүгнэсэн болохоос илтэд хуурамч гэж дүгнээгүй гэж,

4.Хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагчаас “... илт хуурамч мэдээлэл ирүүлсэн учраас 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй, хяналт шалгалтын удирдамж гарсан тул хууль зөрчөөгүй, аймгийн Засаг даргаас татгалзсан албан бичиг ирүүлсэн учир улсын байцаагчийг буруутгах боломжгүй” гэж,

5.Хариуцагч Сангийн сайдаас “... улсын байцаагчийн дүгнэлтээр хуурамч баримт бичиг ирүүлсэн гэдгийг дүгнэж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд оруулсан санал ирүүлснээр бүртгэлд бүртгэсэн, хуулийн хугацаа хэтрээгүй гэж тус тус маргажээ.

6.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

6.1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 355 дугаар магадлалаар нэхэмжлэгч компани хуурамч материал бүрдүүлэн тендерт оролцсоныг дүгнэсэн бөгөөд энэ нь Төрийн болон орон өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” гэж заасан, илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэнд хамаарах юм.

6.2.тендерт оролцогч өөрийн хүргүүлсэн тендерийн үнэн зөвийг захиалагчийн өмнө хариуцахаар байна.

7.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан. Үүнд:

7.1.улсын байцаагч 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дүгнэлт гаргахдаа шүүхийн шийдвэр гарсан талаар судалж, нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийгээгүй, улсын байцаагч ... санал гаргах эрхээ хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас ... эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах хугацаа нь шийдвэр гарснаас хойш 3 жил байна гэсэн хуулийн зохицуулалтын хэрэглэх боломжгүйд хүрсэн байхад уг нөхцөл байдал тогтоогдсон хугацаанаас хойш 2 жилийн дараа дахин дүгнэлт гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжтой.

7.2.355 дугаар магадлал нь өмнөх дүгнэлт гарахаас өмнө хүчин төгөлдөр болсон байхад үнэлээгүй атлаа 1 жил 8 сарын дараа ахин үнэлж дүгнэсэн гаргасан нь ... хууль бус.

8.Хариуцагч Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б, Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, Т.Э нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

8.1.Магадлалд 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.1.6 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, эдгээр нөхцөлүүд нь өөр нөхцөлүүдийг тогтоосон асуудлыг зохицуулсан бөгөөд улсын байцаагчийн 10-р дүгнэлтэд “сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагааны оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” талаар дүгнэлт хийгээгүй байхад энэхүү хуулийн зохицуулалтын дагуу дүгнэлт гаргасан мэт тайлбарлах нь үндэслэлгүй.

8.2.Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмын 2.5-д “Иргэн, хуулийн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах хугацаа нь энэ тухай төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш 3 жил байна” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүйд хүрсэн байхад уг нөхцөл байдал тогтоогдсон хугацаанаас хойш 2 жилийн дараа ийнхүү дахин дүгнэлт гаргасан нь “Н” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжтой” гэх дүгнэлт нь аль хуулийн ямар зохицуулалтыг үндэслэн дээрх дүгнэлтийг гаргасан тодорхой бус үндэслэл бүхий биш байна.

8.3.Улсын байцаагч нь хяналт шалгалтыг зөвхөн ерөнхий байцаагчийн баталсан удирдамжгүйгээр дагуу хийх боломжгүй. Гэтэл улсын ерөнхий байцаагчийн удирдамж гараагүй байхад хяналт шалгалтын ажиллагаа эхлээгүй гэж буруутгах нь хууль зүйн үндэслэлгүй.

8.4.Төрийн албан хаагч буюу төрийн байгууллагаас ирүүлж буй мэдээллийг үнэн зөв гэж хүлээн авсан улсын байцаагчийг буруутгах боломжгүй тул тухайн хуулийн дээрх заалтад тусгасан улсын байцаагчийн эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэх нь өрөөсгөл буюу буруу дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

9.Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр гаргасан тайлбартаа: “...давж заалдах шатны шүүхээс хэргийг тал бүрээс нь шинжлэн судалж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

10.Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

11.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараах нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ”, 14.1.6-д “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, нэхэмжлэгч хуулийн этгээдийн тендерт ирүүлсэн “ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлага” нотлох баримт болох улсын комиссын акт, экскаватор түрээслэх гэрээ нь зөрчилтэй, тэтгэвэрт гарсан улсын байцаагчийн гарын үсгийг болон гэрээний түрээслэгчийн гарын үсгийг өөр этгээд зурсан, худал мэдээлэл бүхий баримт ирүүлснээс тендерт оролцох ерөнхий нөхцөл хангахгүй болсон байна.

12.Тодруулбал, нэхэмжлэгч хуулийн этгээд нь Өлгий сумын 250 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын тендер шалгаруулалт оролцохдоо хуурамч гарын үсэг бүхий улсын комиссын акт, түрээсийн гэрээ ирүүлсэн зөрчил гаргасан болох нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн б/140 дугаар Прокурорын хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд “...улсын байцаагчийн гарын үсгийг хуурамчаар зурсан, дээрх үйл баримтад холбогдуулан О.Б-д яллагдагчаар татах санал ирсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан”, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 89 дүгээр Прокурорын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолд “...“Н” ХХК-ийн инженер Б.Н нь тендер шалгаруулалтын баримт бичиг буюу түрээсийн гэрээнд Х.И-гийн гарын үсгийг зурж, хуурамч баримт үйлдсэн болох нь тогтоогдсон” гэснээр тус тус тогтоогджээ.

13.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дугаар зүйлийн 521.3-д “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм болон тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална” гэж зааснаар Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолоор Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмыг баталсан, уг журмын 2.1-д “тендерт оролцогч сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, ... илт худал худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон ... нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно” гэж заасанд агуулгын тайлбар хийхэд, илт худал мэдээлэл бүхий баримт ирүүлсэн хугацааг тооцохдоо Үнэлгээний хорооноос баримт бичгийг хянан үзсэн үеэс буюу захиргааны байгууллага илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг мэдсэн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаагаар тооцоход 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дотор тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах санал гаргах байна.

14.Энэ тохиолдолд улсын байцаагч уг саналаа 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гаргасан нь хугацаандаа буюу 3 жилийн хугацаанд багтаж байх тул хариуцагчийг хууль зөрчсөн гэж үзэхгүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын “улсын байцаагчийн санал гаргах, хяналт шалгалт хийх хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх тайлбар үндэслэлгүй.

15.Гэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “тендерийн хуулийн 14.1.6-д 3 жилийн хугацаа заагаагүй, харин бусад зөрчилд 3 жилийн хугацаа заасан, илт худал мэдээлэл ирүүлэх нь тусгайлсан зохицуулалттай тул хугацааны хязгаарлалт байхгүй” гэх агуулгатай гомдлыг хүлээн авах үндэслэлгүй буюу Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмын 2.1, 2.5-д зааснаар илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэлд хамруулах хугацаа нь 3 жил байхаар зохицуулсан, нэгэнт тусгайлсан журмаар 3 жилийн хугацаа тогтоосон байх тул хөөн хэлэлцэх хугацааны хязгаарлалтгүй гэж үзэхгүй.

16.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар худалдан авах ажиллагаа нь ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимтай, энэхүү хэргийн тухайд нэхэмжлэгч хууль зөрчиж, худал мэдээлэл бүхий баримт тендерт ирүүлсэн тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн “тендерт оролцогч өөрийн хүргүүлсэн тендерийн үнэн зөвийг захиалагчийн өмнө хариуцахаар байна” гэх дүгнэлт зөв болжээ.

17.Харин давж заалдах шатны шүүхээс “улсын байцаагч 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дүгнэлт гаргахдаа шүүхийн шийдвэр гарсан талаар судалж, нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийгээгүй, улсын байцаагч ... санал гаргах эрхээ хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас ... эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах ... хуулийн зохицуулалтын хэрэглэх боломжгүйд хүрсэн” гэж дүгнэсэн нь буруу байна.

18.Учир нь хуулийн 521 дугаар зүйлийн 521.2-д “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 521.2.1-д “энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах” гэж заасан эрхийн хүрээнд хугацаандаа санал гаргасан буюу өмнө нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр санал гаргахдаа тухайн асуудлаар шүүхийн шийдвэр гарсан байгааг судлаагүйгээс үндэслэл бүхий санал гаргаж чадаагүй, уг алдаагаа засч, хуулийн хугацаанд дахин санал гаргасан нь зөрчилгүй, улсын байцаагчийн эрх хэмжээний хүрээнд гэж үзэв.

19.Иймээс улсын байцаагчийн саналыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

20.Энэ тохиолдолд, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ” гэж зааснаар улсын байцаагчийн санал нь эрх зүйн үр дагавартай, тухайн асуудлаар эцсийн шийдвэр болж байх тул захиргааны актын шинжийг бүрэн агуулсан байна.

21.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ” гэж, Засгийн газрын 2019 оны Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл хөтлөх журмын 2.4-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ” гэж заасан, улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар санал гарснаас хойш 3 сарын дараа Сангийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 180 дугаар тушаал гарсан байгаа нь хугацаа хэтэрсэн, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчжээ.

22.Тодруулбал, Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл хөтлөх журмын 2.5-д “иргэн хуулийн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах хугацаа нь энэ тухай төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш 3 жил байна” гэж зааснаар Сангийн сайдын тушаал гарсан өдрөөс эхлэн 3 жилийн хугацаа тооцох үр дагавартай, энэ тохиолдолд 2023 оны 07 дугаар сарын 12-ноос эхлэн 3 жилийн хугацааг тоолох боломжтой, гэтэл 2023 оны 09 дүгээр сарын 13-аас эхлэн хугацаа тоолох нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна.

23.Иймд, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангахгүй орхиж, Сангийн сайдын тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй, хуульд нийцүүлэн хугацааны өөрчлөлт оруулж, дахин бүртгэл хөтлөх байдлаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2023/0981 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2024/147 дугаар магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 6  дугаар зүйлийн 6.1, 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Сангийн сайдын 2023 оны 09 дүгээр 13-ны өдрийн 180 дугаар тушаалын “Н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилсүгэй.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.БАНЗРАГЧ

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Д.МӨНХТУЯА

                              ШҮҮГЧИД                                                           Д.БАТБААТАР

                                  М.БАТСУУРЬ

                                  П.СОЁЛ-ЭРДЭНЭ