Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/00068

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2024/04716 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 70,500,000 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас учирсан хохиролд 179,062,083 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Тавантолгой- Зүүнбаянгийн 416 км төмөр замын төсөл-ийн туслан гүйцэтгэгч *******-тай 8 цэгийн /3 цэгийн дөрвөлжин, 5 цэгийн дугуй/ ус зайлуулах хоолойн барилгын ажил хийж гүйцэтгэхээр 145,000,000 төгрөгийн өртөг бүхий Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Гэрээгээр 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 8 цэгийн хоолойн их бие, толгой, далавч хана, 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр чулуун бэхэлгээний ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Мөн захиалагч ******* нь ус зайлуулах хоолойн материал болох арматур, цемент бетон, бэхэлгээний чулуу, газар шорооны ажлаар бүрэн хангах, гүйцэтгэгч тал ажлын хөлс болон хэв хашмалыг гаргахаар тохиролцсон. Хоолойн ажлын хөлсний урьдчилгаа 30 хувь буюу 43,500,000 төгрөгийг хүлээн авсан.

1.2 *******-д 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 3 цэгийн дөрвөлжин хоолойн газар шорооны ажил болох элс хайрган суурийн ажил гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Үлдсэн 5 цэгийн дугуй хоолойн элс хайрган суурийн ажлыг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээлгэж өгсөн.

3 цэгийн дөрвөлжин хоолойн их бие, далавч хананы ажлыг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр эхэлж, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дуусгасан. Үлдсэн 5 цэгийн дугуй хоолойн ажлыг 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхэлж хийж гүйцэтгэж 06 дугаар сарын 15-ны өдөр гэхэд дугуй хоолойн суурь бетон, орох гарах амсарын шал, тулц бетоны цутгалтын ажлыг хийж 3 цэгийн хоолойн кольцо угсралтын ажил хийж гүйцэтгэсэн байсан. Мөн үлдсэн 2 цэгийн хоолойн толгой, далавч хана угсрах ажил болон, манаас бетон, наамал ус тусгаарлагч, түрхмэл ус тусгаарлагчийн ажлыг хийж гүйцэтгэсэн.

1.3 Хариуцагч нь гэрээгээр 3 цэгийн дөрвөлжин хоолойн их бие, далавч хананы ажил гүйцэтгэсний дараа нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 43,500,000 төгрөг шилжүүлэх байсан боловч 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, нийт 74,500,000 төгрөг төлсөн.

1.4 2021 оны 06 дугаар сарын дундуур захирал ******* нь ...танайхаас шалтгаалж ажил хойшилж удааширсан учраас манай компанийн 5 цэгийн дугуй хоолойн гүйцэтгэлээс нийт 170 орчим сая төгрөг хасагдсан. Тийм учраас танай үлдэгдэл гүйцэтгэл олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Захиалсан хугацаанд бетон нийлүүлэхгүй хүлээгдсэнээс болоод ажил удааширч байсан.

Иймд хариуцагч *******-аас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 70,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ******* нь 2019, 2020 онуудад чиглэлийн 416,6 км төмөр замын далан барьж гүйцэтгэх ажилд -тай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулан ажилласан. Бид гэрээгээр хүлээсэн ажил болох ус зайлуулах 3 цэгийн дөрвөлжин хоолой, 5 цэгийн дугуй хоолойн барилгын ажлыг хийлгэхээр *******тай 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр нэхэмжлэгч нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нийт 8 цэгийн хоолойн их бие, далавч хана, 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр чулуун бэхэлгээний ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон.

2.2 Ус зайлуулах хоолойн барилгын ажил гэрээний хугацаандаа хийгдэхгүй цаг алдаж байгаа талаар Ерөнхий гүйцэтгэгч аас удаа дараа сануулга өгч байсан ба улмаар *******ын хийж байсан ажлыг зогсоож, өөрсдөө хийхээр болсон.

2.3 Ажил гүйцэтгэх гэрээний дагуу *******т урьдчилгаа ба гүйцэтгэсэн ажлын хөлсөнд нийт 74,500,000 төгрөг шилжүүлсэн. Харин үлдэгдэл ажлын төлбөрт 77,560,710 төгрөгийг суутган авсан. Энэ гэрээний дүнгээс 3,060,710 төгрөгийн илүү зардал гарсан. Нэхэмжлэгч ажлаа бүрэн гүйцэтгээгүй тул бид төлбөрийг төлөхгүй. өөрсдөө ажлаа хийгээд төлбөрөө авсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 ******* нь 2019, 2020 онуудад чиглэлийн төмөр замын доод бүтэц далан, хоолой барих ажилд -иар толгойлуулсан консерциумын бүрэлдэхүүнд орж ажилласан. Захиалагчаар , ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, нь консерциумыг төлөөлж захиалагчтай гэрээ хийж, бусад компаниуд нь -тай туслан гүйцэтгэх ажлын гэрээ байгуулж ажилласан.

3.2 ******* нь -тай байгуулсан гэрээний дагуу Пк *******,*******,*******,*******,******* гэсэн 5 цэгт ус зайлуулах 5 дугуй хоолой хийж гүйцэтгүүлэхээр *******тай гэрээ байгуулсан. Гэтэл ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь хийгээгүйгээс 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ерөнхий гүйцэтгэгч уг ажлыг хийж гүйцэтгэж, төлбөрт 77,560,710 төгрөгийг суутган, манай компанийн ажлын гүйцэтгэлээс хасаж шилжүүлсэн.

3.3 *******ын хариуцлагагүй ажиллагаанаас шалтгаалж тус компани нь -тай байгуулсан гэрээний дагуу олох ёстой байсан 429,105,354 төгрөгийн орлогоос буцаан дүүргэлтийн ажлын 15,689,764.52 төгрөг, чулуу бэхэлгээний ажлын 85,811,609 00 төгрөг, 7781 дугаар цэргийн ангийн хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрт суутган авсан 77,560,710 төгрөг, нийт 179,062,083 төгрөгийн орлого олох боломжоо алдсан.

Иймд *******аас хохиролд 179,062,083 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 ******* нь 3 цэгийн дөрвөлжин хоолойн их бие, далавч хананы ажлыг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дуусгасан. Үлдсэн 5 цэгийн дугуй хоолойн суурь бетон, орох гарах амсрын шал, тулц бетоны цутгалтын ажлыг, 3 цэгийн хоолойн кольцо угсралтын ажлыг тус тус хийж гүйцэтгэсэн. Мөн үлдсэн 2 цэгийн хоолойн толгой, далавч хана угсрах ажил болон манаас бетон, наамал ус тусгаарлагч, түрхмэл ус тусгаарлагчийн ажлыг хийж гүйцэтгэсэн.

4.2 ******* нь захиалсан хугацаанд бетон нийлүүлэхгүй хүлээгдсэнээс болоод ажил удааширч байсан. Бетон зуурмагийг ******* нь Зэвсэгт хүчний 339 дугаар ангиас худалдан авч нийлүүлж байсан. Хэдий захиалагчийн буруугаас ажил удааширсан боловч гүйцэтгэгч *******ын зүгээс ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-иас 34,250,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 36,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******-ийн нэхэмжлэгч *******аас 179,062,083 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 510,450 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,053,260 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 329,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн.

6. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

6.1 ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь хийгээгүйгээс 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ын ажил хариуцаж байсан бригадын генерал ...Залга, хоолойг чинь хураалаа гэсэн мессеж явуулж, 3 хоногийн дараа Зэвсэгт хүчний 7781 дугаар цэргийн ангийг дээрх 5 хоолойн дутуу ажлуудыг дуусгахаар оруулсан. Нэхэмжлэгч *******ын дутуу хийсэн ажлуудыг Зэвсэгт хүчний 7781 дугаар цэргийн анги хийж гүйцэтгэсэн төлбөрт 77,560,710 төгрөгийг суутган тус компанийн ажлын гүйцэтгэлээс хасч шилжүүлсэн.

6.2 Анхан шатны шүүхээс гэрчийн мэдүүлэг авахдаа *******-ийн ажил хийсэн байршил цэгийн талаар буруу мэдүүлэг өгсөн байгааг анхаарч үзсэнгүй. Шийдвэрийн дүгнэлтийн 2.4-т ажлын байршлыг зөв тодорхойлсон. Гэвч манай компанид огт хамааралгүй байршлууд дээр шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Зэвсэгт хүчний 7781 дугаар ангийн өөр байршлууд дээр хийсэн ажлыг *******-ийн хийх ёстой ажил гэж андуурч дүгнэлт гаргасан. Дээрх байршил цэг манайд хамааралгүй. Зэвсэгт хүчний 7781 дугаар цэргийн ангийн хийж гүйцэтгэсэн ажлын байршил цэг нь *******ын хийх байсан байршлын дагуу л хийж гүйцэтгэснийг хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн дүгнэлтээс харагдаж байна. Түүнчлэн, газрын байршлыг тогтооход хэмжилтийн бага зэргийн зөрүү гарч өөрчлөгдөх тохиолдол байдаг. Байршил цэг бага зэрэг өөрчлөгдсөнөөр ажил хийгдээгүй гэж үзэхгүй.

*******ын хийгээгүй ажлыг гэрээний дагуух байршил цэгт Зэвсэгт хүчний 7781 дугаар цэргийн анги хийж гүйцэтгэснийг анхан шатны шүүх буруу ойлгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс гэрээний дагуу, нэхэмжлэгчийн ажлын хийж гүйцэтгэсэн байршил цэгт байгаа гэж өөрөө дүгнэсэн атлаа, байршил цэг өөр байх тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж ойлгомжгүй дүгнэлт хийсэн.

6.3 Анхан шатны шүүхээс 3 дөрвөлжин хоолойн их бие далавч хана угсралтын дараа төлөх 43,500,000 төгрөгөөс 12,500,000 төгрөг, 5 дугуй хоолойн их бие далавч хана хэв хашмал хуулсны дараа төлөх 21,750,000 төгрөг, нийт 34,250,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн. Гэтэл хэрхэн 12,500,000 төгрөг гэж дүгнэсэн нь тодорхойгүй.

6.4 Гэрээний дагуу 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 8 цэгийн хоолойн их бие, далавч хананы ажлыг 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр чулуун бэхэлгээний ажлыг бүрэн хийж дууссан байх ёстой байсан боловч нэхэмжлэгч ******* хугацаандаа хийж чадаагүй.

Иймд *******-д учруулсан 179,062,083 төгрөгийн хохирлыг ******* хариуцах ёстой тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн харьяаллыг өөрчилж *******-ийн одоо үйл ажиллагаа явуулж байгаа хаягаар буюу анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

7.1 Талууд 3 цэгт дөрвөлжин хоолой, 5 цэгт дугуй хоолой хийхээр тохиролцож, нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрийг авч, ажлыг хийж гүйцэтгэсэн. Хоолойн суурь гаргах, буцаан хүргэлт, чулуу асгах, урсгалын ажлуудыг хариуцагч хийхээр тохиролцсон.

7.2 Хариуцагч 5 цэгийн дугуй хоолойн ажлыг гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлж хийсэн. Бид хийж гүйцэтгэсэн ажлаа гэрэл зургаар баталгаажуулж, шүүхэд өгсөн. Гэрээнд заасан төлбөрийг хариуцагч бүрэн төлөөгүй. Ажлын зөвшөөрлийн хуудсаар хийж гүйцэтгэсэн ажлууд баталгаажсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 70,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас учирсан хохиролд 179,062,083 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. ******* болон ******* нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр АГГ-№04 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээгээр гүйцэтгэгч ******* нь чиглэлийн төмөр замын далангийн ажлын гүүр, хоолойн арматур, бетон, хэв хашмал тавих ажлыг тогтоосон стандарт, хийц чанарын шаардлагын дагуу 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 8 цэгийн хоолойн их бие, далавч ханыг, 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэхэд чулуун бэхэлгээн ажлыг бүрэн хийж гүйцэтгэх, захиалагч гэрээний төлбөрийг угсралтын дараа 3 дөрвөлжин хоолойн их бие далавч хана гүйцэтгэсний дараа 30 хувь буюу 43,500,000 төгрөг, 5 дугуй хоолойн их бие далавч хана хэв хашмал хуулсны дараа 15 хувь буюу 21,750,000 төгрөг, хүлээлгэн өгсний дараа 25 хувь буюу 36,250,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /1хх 61-64/

3.1 ******* нь гэрээний урьдчилгаа төлбөрт нийт төлбөрийн 30 хувь буюу 43,500,000 төгрөгийг *******т шилжүүлсэн талаар зохигч маргаагүй.

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

5. Гэрээний 6.1-д гүйцэтгэгч буюу нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэх 3 дөрвөлжин хоолойн их бие далавч хана хийж гүйцэтгэх ажлын байршлыг Пк257+443, Пк257+916, Пк258+180 цэгт гэж, 5 дугуй хоолойн их бие далавч хана хийж гүйцэтгэх ажлын байршлыг Пк235+080, Пк235+833, Пк236+440, Пк237+340, Пк238+400 цэгт гэж тус тус заасан байна.

5.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд мөн зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ.

5.2 Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэж өгсөн, мөн хариуцагч ******* нь тухайн ажлыг улсын комисст хүлээлгэн өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй. Энэ тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан гэрээний хувьд *******-ийг мэргэжлийн оролцогч гэж үзэх тул тэрээр нэхэмжлэгчийг гэрээнд заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй гэх татгалзлаа нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь ажлын үр дүнгийн талаар нэхэмжлэгчтэй тухай бүр баримт үйлдэж, ажлын гүйцэтгэлийг баталгаажуулах үүрэгтэй.

6. Зэвсэгт хүчний Жанжин штабын болон Зэвсэгт хүчний Төмөр замын 7781 дугаар ангийн хийж гүйцэтгэсэн ажлын бүртгэлд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хийж гүйцэтгэх Пк257+443, Пк257+916, Пк258+180, Пк235+080, Пк235+833, Пк236+440, Пк237+340, Пк238+400 цэгт байршилтай ажлын талаар тусгаагүй байна. /3хх 6-31, 53-149/ Өөрөөр хэлбэл, дээрх бүртгэлд Зэвсэгт хүчний Жанжин штабын болон Зэвсэгт хүчний Төмөр замын 7781 дугаар анги нь Пк 238+365, Пк252+528, Пк222+653, Пк190+169 цэгт тус тус байршилтай ажлыг хийж гүйцэтгэсэн талаар тусгасан байх тул анхан шатны шүүх Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Зэвсэгт хүчний Төмөр замын 7781 дугаар ангийн хийж гүйцэтгэсэн ажил нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан ажил гүйцэтгэх байршилтай тохирохгүй, энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцсэн байна. Иймд энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

6.1 Түүнчлэн, гэрээнд заасан ажил гүйцэтгэх цэгийн байршил өөрчлөгдсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй. Иймд хариуцагчийн ...*******ын дутуу хийсэн ажлуудыг Зэвсэгт хүчний 7781 дугаар цэргийн анги хийж гүйцэтгэсэн гэх гомдлыг хангахгүй.

7. Гэрээний 6.1-д 3 дөрвөлжин хоолойн их бие далавч хана угсралтын дараа төлөх 43,500,000 төгрөгөөс 3 ажилд хуваахад 14,500,000 төгрөг болж байна. Анхан шатны шүүх ...12,500,000 төгрөг гэж алдаатай тодорхойлсон байх боловч нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй тул хариуцагчийн давж заалдах гомдлоор түүний эрх зүйн байдлыг дордуулах боломжгүй.

7.1 Иймд анхан шатны шүүх 3 дөрвөлжин хоолойн их бие далавч хана угсралтын дараа төлөх 12,500,000 төгрөг, 5 дугуй хоолойн их бие далавч хана хэв хашмал хуулсны дараа төлөх 21,750,000 төгрөг, нийт 34,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 хэсэгт нийцсэн байна.

8. Хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгохдоо ...хариуцагч нь 179,062,083 төгрөгийн орлого зайлшгүй олох байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, мөн Зэвсэгт хүчний Төмөр замын 7781 дугаар ангийн ажлын журналд бичигдсэн ажил гүйцэтгэх байршил, цэг нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэнтэй ижил биш гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байх тул хохирол 179,062,083 төгрөг гаргуулах хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

9. Хэргийн харьяаллыг давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэхгүй бөгөөд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргах эрх нь нээлттэй байсан. Иймд хариуцагчийн хэргийн харьяаллыг өөрчлүүлэх талаар гаргасан гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2024/04716 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

М.БАЯСГАЛАН