Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч: Д.Ганчимэг,

Шүүгдэгч: Ц.О, Р.Б,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэвээн-Очирын О, Боржигон овогт Ринчинпүрэвийн Б нарт холбогдох 1929000610035 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Яллагдагч Ц.О, Р.Б нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 04-ний орой “Таван Толгой Шин” ХХК-аас Ц.Оод нүүрс тээвэр хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан 47-13 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккуммуляторыг завшиж, мөн “Их Говийн Жим” ХХК-ийн эзэмшлийн 66-26 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс 2 ширхэг аккуммуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,120,000 /нэг сая нэг зуун хорин мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Б мэдүүлэхдээ: “Өмнө нь бүх зүйлийг ярьсан, мэдүүлэг өгөхгүй.” гэв.

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 9 дүгээр хуудас/,

            Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

            “Таван Толгой Шин” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Хатанбаатарын:  “...Манай компанийн 47-13 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ц.О гэх хүн жолоодож яваад 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож цагдаад саатуулагдаж Хайрхан баг “Цагаанхад” гэх газар байрлах журмын хашаанд хийсэн. 2019 оны 03 дугаар сарын 04-ний үед цагдаагаас залгаад Ц.О гэх хүн танай компанийн машинаас аккумулятор хулгайлсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-н 17-19 дүгээр хуудас/,

            “Их Говийн Жим” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Төмөрболдын: “...Манай компанийн эзэмшлийн 66-26 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумулятор хулгайд алдагдсан” гэх мэдүүлэг /хх-н 24-26 дугаар хуудас/,

            Р.Бгийн гэрчээр өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 04-ний орой 19 цагийн үед “Цагаан хад” гэх газар байрлах журмын хашааны эвдэрхий хэсгээр ороод Ц.Оын унаж явсан 47-13 ӨМҮулсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторыг хулгайлж аваад зүүн талд нь зогсож байсан Нордбензны 2 ширхэг аккумуляторыг бас аваад журмын хашаанаас гараад Цагаан хадны зах дээр зарах гэж байгаад цагдаад баригдсан” гэх мэдүүлэг /хх-н 27-28 дугаар хуудас/,

            Э.Хатанбаатарын гэрчээр өгсөн: “...47-13 ӨМҮ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг Ц.О гэх хүн жолоодож явсан. Тэгээд Ц.О тухайн жолоодож явсан тээврийн хэрэгслийнхээ 2 ширхэг аккумуляторыг болон өөр автомашины 2 ширхэг аккумуляторыг хулгайлж авсан байсан” гэх мэдүүлэг /хх-н 30-31 дугаар хуудас/,

            Х.Батжаргалын гэрчээр өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ирэхэд миний жолоодож явсан 66-26 ӨМҮ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумулятор алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-н 32-33 дугаар хуудас/,

            Ц.Оын гэрчээр өгсөн: “...Р.Бгийн хамт 4 ширхэг  180А бүхий аккумулятор аваад журмын хашаанаас гараад “Цагаанхад” гэх газарт зарах гэж байгаад цагдаад баригдсан” гэх мэдүүлэг /хх-н 34-35 дугаар хуудас/,

            “Хөрөнгө-Эстимэйнт” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-н 38-41 дүгээр хуудас/,

            Яллагдагч Р.Бгийн: “...2019 оны 03 сарын 04-ний өглөө Цагаанхадны төвд явж байгаад Ц.Отой танилцсан. Бид 2 хамт 3 шил архи уучихаад орой харанхуй болсон үед Ц.Оын журамлуулсан машинаас аккумуляторыг нь авъя гэж тохироод журмын хашааны зүүн талд нурсан хэсгээр нь ороод Ц.Оын жолоодож байсан машинаас 2 аккумулятор тайлж аваад мөн хажууд нь байсан машинаас 2 аккумуляторыг нь би тайлж авсан. Нийт 4 аккумулятор аваад хашаанаас гараад засмал замруу зөөж байгаад такси таарахаар нь ачаад Цагаанхадны төврүү оруулж зарах гэж байгаад цагдаад баригдсан” гэх мэдүүлэг /хх-н 50-51 дүгээр хуудас/,

            Яллагдагч Ц.Оын: “...2019 оны 03 сарын 04-ний орой 19 цаг өнгөрч байх үед Цагаанхадны урд хэсэгт байдаг журмын хашааруу Р.Б бид 2 хамт очиж би өөрийн жолоодож байсан 47-13 ӨМҮ дугаартай машинаас 2 ширхэг аккумуляторыг тайлж авсан” гэх мэдүүлэг /хх-н 54-56 дугаар хуудас/,

Яллагдагч Р.Бгийн хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 59-60 дугаар хуудас/,

Яллагдагч Ц.Оын хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 63-66 дугаар хуудас/,

Р.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 67 дугаар хуудас/,

Ц.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 68 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

1.         Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд Р.Б,  Ц.О нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 04-ний орой “Таван Толгой Шин” ХХК-аас Ц.Оод нүүрс тээвэр хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан 47-13 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккуммуляторыг завшиж, “Их Говийн Жим” ХХК-ийн эзэмшлийн 66-26 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс 2 ширхэг аккуммуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,120,000 /нэг сая нэг зуун хорин мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүгдэгч Р.Б, Ц.О нарыг бүлэглэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч Р.Б,  Ц.О нар хохирол төлбөрт 1,120,000 төгрөг төлсөн, хохирогч “Таван Толгой Шин” ХХК, “Их Говийн Жим”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болох Э.Хатанбаатар, Г.Төмөрболд нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан, хохирлыг төлж барагдуулсан гэж үзлээ.

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэв.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч нарт тус бүрд нь оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан саналын хүрээнд буюу

- Шүүгдэгч Цэвээн-Очирын Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

- Шүүгдэгч Ринчинпүрэвийн Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл тус тус оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх, торгох ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй.

Мөн тус хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Р.Б,  Ц.О нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас баталсан ажлын байранд эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүрд нь оногдуулсан торгох ялыг 10 /арав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Р.Б,  Ц.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Цэвээн-Очирын Ц.Оыг бүлэглэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Боржигон овогт Ринчинпүрэвийн Р.Бг бүлэглэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Цэвээн-Очирын Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

- Шүүгдэгч Ринчинпүрэвийн Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О, Р.Б нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх, торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Р.Б,  Ц.О нарт оногдуулсан 240 /хоёр зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас баталсан ажлын байранд эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б,  Ц.О нарт тус бүрд нь оногдуулсан 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/-н сарын хугацаанд сар бүр 270,000 /хоёр зуун далан мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

6. Шүүгдэгч Ц.О, Р.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ц.О, Р.Б нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч “Таван Толгой Шин” ХХК, “Их Говийн Жим” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болох Э.Хатанбаатар, Г.Төмөрболд нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.О, Р.Б нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.О, Р.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН